Мэдээ :
Хуанли
Мэдээ, мэдээлэл » Цаг үеийн мэдээ
ИННОВАЦИЙН ШИЛДЭГ ТӨСӨЛ, БҮТЭЭЛ ШАЛГАРУУЛАХ “ХУУЛЬ САХИУЛАХУЙН ИННОВАЦИ-2019" УРАЛДААН ЗАРЛАЖ БАЙНА
Инновацийн шилдэг төсөл шалгаруулах “Хууль сахиулахуйн инноваци-2019” уралдааныг 2019 оны хоёрдугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны зургадугаар сарын 01-ний хооронд хоёр үе шаттай зохион байгуулахаар зарлаж байна.
Нэг. Уралдааны зорилго:
Хууль сахиулах, аюулгүй байдлыг хангах салбарын тулгамдсан асуудлыг тодорхойлох, шинэ мэдлэгийг бий болгох, үйл ажиллагаанд нэвтрүүлэх, судлаачдын бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, салбарын инновацийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулахад оршино.
Хоёр. Хамрах хүрээ:
Уралдаанд ХЗДХЯ-ны харьяа агентлаг, байгууллага, гадаад, дотоодын их, дээд сургуулийн профессор багш, сонсогч, суралцагч, эрдэм шинжилгээний байгууллагын эрдэмтэн, судлаач болон иргэд /цаашид оролцогч гэх/ дангаар болон багаар оролцож болно.
Гурав. Төсөлд тавигдах шаардлага:
3.1. Удирдамжид заасан нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно.
а/ “Инновацийн төсөл” гэдгийг шинэ буюу шинэчилсэн бүтээгдэхүүн, үйл ажиллагааг бий болгох, хэрэглээнд нэвтрүүлэхээр төлөвлөсөн баримт бичиг гэж;
б/ “Инновацийн бүтээл” гэдгийг дээр дурдсан инновацийн төслийг хэрэгжүүлэх зорилгоор хийж гүйцэтгэсэн туршилт, зохион бүтээлтийн үр дүн гэж ойлгоно.
3.2. Төсөл нь бүтээгдэхүүний, процессийн, маркетингийн, зохион байгуулалтын инноваци болон эдгээр төрлүүдийг хамарсан цогц инновацийн төсөл байж болно.
Төсөл нь дараах шаардлагыг хангасан байна.
а/ Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хангах, хууль сахиулах салбарын тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн;
б/ Шинэ буюу шинэчилсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгоход чиглэсэн;
в/ Эдийн засгийн үр ашигтай;
г/ Судалгаа боловсруулалтын ажлын үр дүнд тулгуурласан;
д/ Төсөл боловсруулах техникийн шалгуурыг хангасан байх (Засгийн газрын 2014 оны 301 дүгээр тогтоолоор баталсан “Шинжлэх ухаан, технологийн төсөл хэрэгжүүлэх журам”-ын гуравдугаар зүйлийн 3.2-т заасан ерөнхий шаардлагыг баримтлах);
Дөрөв. Уралдааны зохион байгуулалт:
4.1.Оролцогч төслийг рdf форматаар бэлтгэн хоёрдугаар сарын 01-ний өдрөөс гуравдугаар сарын 05-ны өдрийн хооронд ХСИС-ийн Хууль сахиулахуйн инновацийн төвд uyanga_аlt@уаhоо.соm цахим хаягаар ирүүлнэ. Төслийг дугтуйлан “Хууль сахиулахуйн инноваци-2019” уралдаанд гэж хаяглан ирүүлж болно.
4.2.Ирүүлсэн төсөлд үнэлгээ өгөх таван гишүүний бүрэлдэхүүнтэй шинжээчдийн багийг Их сургуулийн Шинжлэх ухаан, технологийн зөвлөл /цаашид “Зөвлөл” гэх/-ийн даргын шийдвэрээр томилно.
4.3.Шинжээчдийн багийн бүрэлдэхүүнд бусад их сургууль, хүрээлэн, практик байгууллагын эрдэмтэн, судлаач, мэргэжилтнийг оролцуулж болно.
4.4. Төслийн шалгаруулалт хоёр үе шаттай зохион байгуулагдана.
4.4.1 Нэгдүгээр шатны шалгаруулалт 2019 оны гуравдугаар сарын 06-ны өдрөөс гуравдугаар сарын 15-ны өдрийг дуустал:
а/ Хууль сахиулахуйн инновацийн төвөөс уралдаанд ирүүлсэн нийт төслийг шинжээчдийн багт үнэлгээний хуудасны хамт хүлээлгэж өгнө.
б/ Шинжээчдийн баг төслийг долоо хоногийн дотор судлан, удирдамжийн хоёрдугаар хавсралтад заасан шалгуур үзүүлэлт тус бүрээр 1-3 хүртэл оноо өгч үнэлнэ.
в/ Шинжээчдийн багийн гишүүд төслийн талаар тодруулах, зохион бүтээсэн загварыг биет байдлаар үзэх шаардлагатай бол оролцогчийг биеэр ирүүлэх болон төслийг сайжруулах чиглэлээр шүүмж, зөвлөгөө өгч болно.
г/ Шинжээчдийн багийн өгсөн онооны нийлбэрийг үндэслэн өндөр үнэлгээ авсан эхний ес хүртэлх төслийг хоёрдугаар шатны шалгаруулалтад оруулна.
д/ Оноо тэнцсэн тохиолдолд хоёрдугаар шатны шалгаруулалтад есөөс дээш төсөл оруулж болно.
ё/ Хоёрдугаар шатны шалгаруулалтад оролцохоор шалгарсан төсөл тус бүрт шинжээчдийн комиссоос даалгавар хүргүүлнэ. 
4.4.2 Хоёрдугаар шатны шалгаруулалт 2019 оны тавдугаар сарын 15-ны өдрөөс зургадугаар сарын 01-ний өдрийг дуустал.
а/ Нэгдүгээр шатанд шалгарсан есөн төсөл, бүтээлийг Зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлнэ.
б/ Хэлэлцүүлэгт оролцохоор шалгарсан төслийн эзэн төслийн товч танилцуулгыг “Мicrosoft Power Point” програм дээр бэлтгэн, Зөвлөлийн гишүүдэд танилцуулж, хамгаална.
в/ Хэлэлцүүлгийн үеэр туршилт, зохион бүтээлтийн үр дүнд хийж гүйцэтгэсэн бүтээл, загварыг биет байдлаар танилцуулж болно.
г/ Зөвлөлийн гишүүд төслүүдийг хэлэлцэн илээр санал хурааж, олонхийн санал
авсан гурван төслийг шалгаруулж, нийтэд мэдээлнэ.
д/ Зөвлөлийн гишүүд шилдэг төслийг шалгаруулахдаа дор дурдсан шалгуурыг баримтлахаас гадна шинжээчдийн багаас I шатанд өгсөн даалгаврыг биелүүлсэн байдлыг харгалзана. Үүнд:
I. Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хангах, хууль сахиулах салбарын тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн байдал
II. Шинэ буюу шинэчилсэн бүтээгдэхүүн үйлчилгээг бий болгоход чиглэсэн байдал
III. Эдийн засгийн үр ашигтай байдал 
Тав. Зохион байгуулагч:
ХСИС-ийн Эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Хууль сахиулахуйн инновацийн төв 
Зургаа. Шагнал. урамшуулал
6.1. Нэгдүгээр шатанд шалгарсан есөн төслөөс I, II, III байр эзлүүлэн дараах урамшуулал олгоно.
6.1.1. Нэгдүгээр байр. Өргөмжлөл, 1.500.000 төгрөг;
6.1.2. Хоёрдугаар байр. Өргөмжлөл, 1.000.000 төгрөг;
6.1.3. Гуравдугаар байр. Өргөмжлөл, 500.000 төгрөг;
6.1.4. Уралдаанд ирүүлсэн нийт инновацийн төсөлд “Батламж” олгоно.
6.2. Уралдаанд ирүүлсэн нийт төслийг Хууль сахиулахуйн инновацийн төвд хэвлэмэл болон цахим хэлбэрээр сан үүсгэн хадгална.
ХУУЛЬ САХИУЛАХЫН ИХ СУРГУУЛЬ
 
2019 оны 02 сарын 08 | Үзсэн : 262