Мэдээ :
Хуанли
Мэдээ, мэдээлэл » Цаг үеийн мэдээ
Удирдлагын баг хүрэл медаль хүртлээ
"Монгол цэргийн өдөр", Зэвсэгт хүчний 98 жилийн ойг угтан Зэвсэгт хүчний жанжин штабаас 11 дэх удаагаа зохион байгуулсан “Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын удирдах ажилтнуудын дундах нөхөрсөг тэмцээн”-д ХХЕГ-ын баг нэгдсэн дүнгээр гуравдугаар байр эзэлж хүрэл медаль хүртлээ. Энэ сарын 11-ний өдөр “Алдар” спорт хорооны спорт зааланд зохион байгуулагдсан уг тэмцээнд Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штаб, Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлал болон Агаарын цэргийн командлал, Хил хамгаалах ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Дотоодын цэргийн штаб гэсэн арван байгууллагын хэлтсийн даргаас дээш албан тушаалтай, хурандаа цолтой тамирчид оролцжээ. 
Уг тэмцээн буудлага, билльярд, гар бөмбөг гэсэн төрлөөр гурван өдрийн турш явагдсан. ХХЕГ-ыг төлөөлж оролцсон  Сургалтын хэлтсийн дарга, хурандаа А.Ууганбилэг ахлагчтай удирдлагын баг билльярдын төрөлд хоёрдугаар байр, буудлагын төрөлд дөрөвдүгээр байр, гар бөмбөгийн төрөлд дөрөвдүгээр байр эзэлж багийн дүнгээр Тагнуулын ерөнхий газартай оноо тэнцжээ. Ингээд Цагдаагийн ерөнхий газар тэргүүн байр, алтан медалийн чанараараа Тагнуулын ерөнхий газар хоёрдугаар байранд орж, манай тамирчид гуравдугаар байр эзэлж хүрэл медалийн эзэн болжээ.
Дашрамд дуулгахад уг тэмцээнийг цаашид байгууллага бүр өөрсдийн нэрэмжит болгон зохион байгуулахаар тогтсон бөгөөд ирэх жил буюу 2020 онд Онцгой байдлын ерөнхий газар зохион байгуулахаар болсон юм.
2019 оны 03 сарын 14 | Үзсэн : 185