Мэдээ :
Хуанли
Мэдээ, мэдээлэл » Цаг үеийн мэдээ
ХИЛЧИДДЭЭ БАЯРЛАЛАА

Увс аймгийн Тэс сумын XI багийн малчин Д.Батхуягийнх Хоол бураа өвөлжөөнд хаваржиж байв. Тэднийх 24 тооны адуугаа гуравдугаар сарын 01-02-нд шилжих шөнө алджээ. Харин тэдний адууг малын хулгайч мөр буруулан хил давуулахаар завдах үед нь хилчид илрүүлэн саатуулсан юм. Улмаар учирч болох 20 гаруй сая төгрөгийн хохирлоос сэргийлэн ажиллажээ. Ингээд малыг зүсээр нь буцаан хүлээлгэн өгсөн болохыг нэгэн айлын хажуугаар өнгөрөхдөө Хилийн 0311 дүгээр ангийн СМССА-ны дарга, хошууч Э.Энхцолмон ярив. Хилийн харуулаас буцах зуурт яг зам дагуу тэднийх хаваржих тул бид дөрөө мултлахыг хүссэн юм. Гэрийн эзэн гаднаа угтан мэнд мэдэв. Хөөрөг зөрүүлэн ойр зуурын сонин сайхан эрчүүд хуучлах зуурт гэрийн эзэгтэй Б.Цэрмаа яах ийхийн зуургүй гал өрдөн цай үйв. Бүхэл мах чанах гэхэд нь аяны бид дараагийн ажилдаа яаравчлан татгалзав. “Тэгвэл бууз жигнэнэ” гэсээр гэрийн эзэгтэй үгэнд орох шинжгүй тогоо шанагаа нийлүүлэн гялалзуулна. Зуухны ард нэгэн ишиг хэвтэх нь анхны төл гэнэ. Тэднийх ам бүл дөрвүүлээ аж. Хоёр охин холын зочдыг сониучирхах зууртаа өнөөх ишгээр тоглоом наадам хийн зугаацна. Д.Батхуягийнх 200 гаруй бог, 20 гаруй адуутай. Тэр өдөр бүх бодоо хулгайчид алдах дөхсөн аж. Ер нь Тэс сумын бэлчээрийн даац хэтэрснээс энэ хавийн малчид хилдээ тулж өвөлжихөөс аргагүй байдаг аж. Тэс сумын XI баг гэхэд л 10-аад мянгат малчинтай гэнэ. Тиймээс ч малчин Д.Батхуяг бэлчээрийн даацын асуудалд цаашид санаа зовоож буй талаар хилчидтэй санал бодлоо хуваалцав. Олон жилийн өмнө эднийх хүний өөрийн нийлсэн 20 гаруй адуугаа мөн л хил давуулан алдаж байжээ. Энэ хавийн айл өрхүүд бүгд л ийм гашуун зовлон үзсэн байдаг гэнэ. Харин сүүлийн үед малчид малаа хилд тулгахгүй аль болох эзэн хариулгатай байж дадаж байгааг хилчид ярьж байв. Энэ нь хилчдийн ажил хөдөлмөрийг, өөрийн мал ахуйгаа гэх хоёр талын хичээл зүтгэлийн үр юм. Гэрийн эзэн, эзэгтэй хоёр, “Хилийн 0274 дүгээр салбарынхан болон нийт хилчиддээ баярласнаа илэрхийлье. Гуравдугаар сарын 01-ний орой манай хэдэн адууг хулгайч хөөж явахад нь хилийн манаа таарсан юм билээ. Шөнө гэрийн хаяанд байсан адуу өглөө байдаггүй. Юу ч мэдээгүй суутал танай адууг оллоо гэж хилчид хэл дуулгасан. Сонор сэрэмж гарган хил давуулалгүй хил зөрчигчийг илрүүлсэнд баярлалаа. Ажлын амжилт хүсье” гэсээр талархсан сэтгэлээ ахин дахин илэрхийлэв. “Хилчиддээ баярлалаа” гэсэн ард иргэдийн талархлын сэтгэлийн энэ үрээр хилчид минь тэтгэгддэг билээ. Хил тайван, хилчид нь соргог, ард иргэд минь амгалан байх болтугай.

 

2019 оны 04 сарын 01 | Үзсэн : 207