Мэдээ :
Хуанли
Мэдээ, мэдээлэл » Цаг үеийн мэдээ
ХИЛЧДИЙН ЭГНЭЭНД ТАВТАЙ МОРИЛ

Үйл явдал шил шилээ даран өрнөсөн завгүй өдрүүдийг хилчид үдэж байна. Хил хамгаалах байгууллагын 2019 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу сургалтууд ч зохион байгуулагдсаар. Үүний нэг нь цэргийн гэрээт албаны анхан шатны 25 дахь удаагийн ээлжит сургалт юм. Энэ удаагийн сургалтын үр дүнд 98 гэрээт хилчнээр байгууллага эгнээгээ тэлэв.

Цэргийн гэрээт албаны анхан шатны сургалтын төвийн хаалтын ажиллагаа нь залуусын алба хаах идэвхийг өрнүүлэн, сурсан мэдсэнээ тайлагнахаас гадна сургалтын үр дүнг тооцдогоороо онцлогтой. Хилийн 0151 дүгээр ангид дөрөвдүгээр сарын 10-ны өдөр зохион байгуулагдсан цэргийн гэрээт албаны анхан шатны сургалтын төвийн хаалтын ажиллагаанд ХХЕГ-ын Тэргүүн дэд дарга бөгөөд Хилийн цэргийн штабын дарга, бригадын генерал Ж.Бямбасүрэн оролцов. Мөн ар гэрийн төлөөлөл, найз нөхөд нь хүрэлцэн ирсэн байлаа. Гэрээт хилчдийн энэ удаагийн ээлжит сургалтад хэд хэдэн онцлог байв. Хил хамгаалах байгууллага гэрээт хилчдийг бэлтгэж эхлээд даруй 10-аад жилийн нүүрийг үзэж байна. Тус хугацаанд алдаа оноо, хөгжил дэвшил аль аль нь оршсоор ирэв. Энэ удаагийн сургалтад хамрагдах залуусын тоо төлөвлөгөөндөө хүрээгүй нь эргээд ард иргэдийн дунд гэрээт хилчний албаны талаар сурталчлан таниулах ажлыг хийх шаардлагатай байгааг бидэнд сануулав. Энэ талаар нэгийг бодож, хоёрыг тунгаасан талаар хурандаа Ц.Эрдэнээ ярилаа. Нөгөө талаас гэрээт хилчдэд өндөр итгэл хүлээлгэн, хариуцлага үүрүүлж улам бүр хөгжүүлэхийн төлөө, албыг төгөлдөршүүлэхийн төлөө Хил хамгаалах байгууллага зорьж буй. Тиймээс ч энэ удаагийн сургалтад хамрагдсан 100-аад залуусын бараг 50 хувийг усан хил хамгаалалтад татан оролцуулахаар гүнзгийрүүлэн, тусгайлан бэлтгэж байна. Залуус 20 хоногийн хугацаатай үргэлжлүүлэн усан бэлтгэлийн сургалтад хамрагдах юм. Сургалтын төвийн хаалтын арга хэмжээний үеэр мэргэжлийн багш нарын тусламжтайгаар гэрээт хилчид ихийг сурсан гэдгээ харуулав. Ялангуяа гардан тулааны үзүүлэх тоглолт гүйцэтгэсэн нь ар гэрийнхний сэтгэлийг ихэд хөдөлгөж байлаа. ХХЕГ-ын даргын тушаалаар Ц.Тэмүүжин, Ш.Буянцогт, Б.Дөлгөөнжаргал, Б.Шинэтулга, Б.Санжаасүрэн, Ц.Ариунбат, Н.Дэлгэрмөрөн, Ө.Сундуй, Д.Отгонбат, С.Гантулга нарын гэрээт хилчдийг шагнасан нь урам зориг нэмсэн юм. Монгол Улсын Хилийн тухай хууль, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн дугаар заалтуудыг үндэслэн цэргийн гэрээт албаны анхан шатны сургалтын төгсөлтийн арга хэмжээний үеэр гэрээт хилчдэд гэрчилгээ олгов. Гэрчилгээг ХХЕГ-ын Тэргүүн дэд дарга бөгөөд Хилийн цэргийн штабын дарга, бригадын генерал Ж.Бямбасүрэн, Хилийн 0151 дүгээр ангийн захирагч, хурандаа Н.Ганболд, ХСИС-ийн Хилийн сургуулийн Хилийн албаны тэнхмийн эрхлэгч, хурандаа Д.Нямсүрэн нар гардуулан өгсөн юм. Анхан шатны сургалтын хөтөлбөрийг хангасан залуус ийнхүү гэрчилгээгээ гардан дөрөвдүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн хилийн ангиудад гэрээт хилчнээр тушаалаар томилогдов. Тиймээс ч шинээр томилогдсон гэрээт хилчидтэй албанд дадлагжуулах сургалт зохион байгуулж, гэрээ байгуулан хил хамгаалалтад үүрэг гүйцэтгүүлэхийг захирагч нарт үүрэг болгосон юм.

Тус арга хэмжээний үеэр бригадын генерал Ж.Бямбасүрэн Хил хамгаалах байгууллагад гэрээт хилчин бэлтгэх анхан шатны сургалтыг амжилттай төгсч буй гэрээт хилчдэд ХХЕГ-ын дарга, Хилийн цэргийн командлагчийн нэрийн өмнөөс болон хувиасаа баяр хүргэж, амжилт хүслээ. Мөн хилчин хөвгүүдээ эх орныхоо хилийг хамгаалах хүндтэй, хариуцлагатай албанд илгээж тэднээрээ баярлан бахархаж байгаа ар гэрийнхэнд нь талархал илэрхийлэв. Нийтийн төлөө гэсэн эрмэлзэлтэйгээр томилогдсон хилийн ангидаа гэрээгээр хүлээсэн үүргээ сайн гүйцэтгэж ХХБ-ын ирээдүйн офицер, ахлагч нар болохыг хүсэн ерөөв. Мөн эрхэм генерал үйл ажиллагааны төгсгөлд гэрээт хилчдэд тусгайлан үүрэг өгсөн юм. Тэрбээр залуу хүний хувьд, хилчин хүний хувьд албандаа чин сэтгэлээр зүтгэн, хүнлэг байж, ямагт шинийг сурч мэдэхийн төлөө зорихыг захиас болгосныг нэхэн сануулья. Ингээд хилчдийн эгнээнд гэрээт хилчин гэх хариуцлагатай, нэр хүндтэй алдрыг албан ёсоор хүртэн, хөл тавьж буй залуусынхаа цаашдын ажил үйлсэд амжилт хүсье. Эх орныхоо төлөө тангараг өргөсөн хилчдийн ариун эгнээнд тавтай морил.  

2019 оны 04 сарын 19 | Үзсэн : 240