Мэдээ :
Хуанли
Мэдээ, мэдээлэл » Цаг үеийн мэдээ
ӨМНӨД ХЯЗГААРЫН ЭГШИГЛЭН

Тусгаар Монголынхоо үүдэн хоймор Номгон нутгийн зүг мордох бүрийд хэзээд сэтгэл минь гэгэлзэж нойргүй шахам хонодог юм. Учир нь өвгөдийн үеэ элээж, хүйлэн цэнхэр зэрэглээнд нь эрхлэн тоглож, мөрөө үлдээсэн унаган төрөлх нутаг болоод тэр биз ээ. Үүнээс гадна догдлон яарах сэтгэлийн нэг сэжим нь Монгол Улсын өмнөд хязгаарын цэг Орвог гашууны бор толгойд хүрэх явдал байв. Чамгүй хэдэн өдөр бэлтгэл хангаж, Өмнөговь аймгийн найрагч нөхдийгөө цуглуулан хоёр ч яруу найргийн наадам зохион явуулах төлөвлөгөө товлон бид аян замдаа гарсан юм.

Эхний арга хэмжээ соёлын их түүхийн өлгий болсон Номгон сумын Соёлын төвд тухайн оныхоо шилдэг шүлэг, найрагчийг тодруулдаг “Эгшиглэнт говь-Номгон-33” дахь удаагийн наадам байлаа. Харин хоёр дахь наадам хилийн заставт түүхт Халхын голын 80 жилийн ойд зориулан Өмнөговь аймгийн цэргийн штаб, МЗЭ-ийн Өмнөговь аймаг дахь салбар зөвлөл, Хилийн 0131 дүгээр анги хамтран зохион явуулж байгаа “Өмнөд хязгаарын эгшиглэн” цэрэг, эх орны сэдэвтэй яруу найргийн наадам юм.

Бидний аян зам дуутай, хууртай, найраг шүлэгтэй хөгжүүн сайхан байв. Эх орныхоо торгон хилд зочлон хилчидтэйгээ уулзсаных нэг сайхан бүтээлтэй буцая гэх найрагчдынхаа ярианд тун чиг хөөрч явлаа. Хэдхэн жилийн өмнө хил, хилчин гэдгийн утгыг тэр бүр нарийн ойлгодоггүй байсан би гэдэг хүн энэ байгууллагын дансанд багтаад багагүй хугацааг өнгөрөөжээ. Хилчдийн тухай яриа хөөрөө, магтаал сайшаалд чих тавьж, сэтгэл сэргэдэг болсноо энэхэн цаг үед ойлгож мэдэрлээ. Бид застав хүрэх замд мөс, элс, хад гээд саад тотгорт саатсан ч түүртэлгүй даван туулж харин ч мөр холбон хошигнож, бүгд өөр өөрийн нэр хочтой болсон юм. Говь нутгийн шаргал наран эгц дээрээс төөнөх ахуйд хилийн дугаар заставт хариугүй дөхөн ирж бүгд л дуу шуу болон зарим нь гоёлын дээлээ өмсөн бүтүүхэн догдолж харагдана. Хад асга, гуу жалгаар хүрээлүүлсэн заставын хэдэн байшин, харуулын байрандаа цэх зогсон орчноо тольдох харуулын цэрэг, биднийг тосон ирж ёслох заставын жижүүр гээд бүх зүйл нь эмх цэгц, дэг журамтай. Бид хүртэл яриа үйлдлээ хянаж, өөрийн эрхгүй хариуцлагатай болжээ. Сахилгагүй Пүрэв найрагч маань хүртэл томоожиж орхив. Биднийг заставын хамт олон халуун дотноор угтлаа. Тэдний дундаас хамгийн сэтгэл хөдөлгөм угтсан хүн бол хөөрхөн бор хацарт нь үл мэдэг сайр тогтсон заставын жаахан бор хүү. Олон зочдыг хараад сэтгэл нь хөөрч баярлан байгаа нь илт. Цовоо сэргэлэн, эрүүл энх ижий аавтайгаа хилээ манан суугаа нь бахархам. Бид аян замын алжаал тайлан цайлаад хөтөлбөрийн дагуу цааш Орвог гашууны бор толгой орох аяллаа үргэлжлүүлсэн юм. Заставын дарга биднийг замчлан  хэдхэн хормын дотор давхин хүрэв. Хилчдийн нүд, чих нэвт шингэсэн хилийн бүс нутаг амар тайван, нам гүмхэн элсэн манхан, өвс бутнаас өөр юу ч үл үзэгдэнэ. Өмнөд хязгаарын элсэн манхан дунд хөл гишгээд энэ миний эх нутгийн зах хэмээн бодохын цагт дотоод сэтгэлд тэр гэхийн тайлбаргүй сэтгэл хөдлөл хөврөх тэр мэдрэмж. Энэхэн цаг мөчид магадгүй хүн бүр адилгүй мэдрэмж авдаг байх. Хаврын урин салхи ширэв татаж хилийн баганаар тусгаарласан хилийн зурвас уруу салхи хөлөглөн нурах элсний ширхэг бүрийг өөрийн эрхгүй харамлах сэтгэл төрдөг юм билээ. Тэр мөнхийн баганатай элсэн манхны оройд олон найрагчийн дотор эх орны төлөөх омогшил төрсөн юм. Өмнөд хязгаарт хараа сунгаж буй тэдний нүдэнд нэг л харамсал ээрэх шиг. Гэвч тэртээ он цагт бидэнд тунхаглан үлдээсэн алдар гавьяаг хэзээ ч мартаж үл болно. Эх нутгийнхаа газар шорооны төлөө хичнээн зүрх зогссоныг, хичнээн алаг үрс, амраг хань, ачит ээжийн элэг эмтрэн өнчирч үлдсэнийг бид үеийн үедээ санаж, тусгаар тогтнолоо хамгаалах үүрэгтэй. Бид тэдний бүлээн цусаараа тамгалж үлдээсэн эрх чөлөөнд амьдарч яваа үр сад нь юм шүү. Тэгж л хэлмээр надад санагдсан юм.

Энэ өдрийн орой найргийн наадам дуу хууртай эхлэв. Энэхүү арга хэмжээнд шүүгчээр МЗЭ-ийн Бодлого зохицуулалтын албаны дарга, дууны шүлгийн нэрт мастер Намбарын Пүрэв, “Уулсын сэтгэлгээний тэлэлт” хэмээх яруу шүлгээрээ “Болор цом”-ын эзэн болсон Норовын Гантулга, говь нутгийн нэрийн хуудас болсон найрагчдынхаа дунд “Хайрын дулаан хорвоо” хэмээн нэрлэгдсэн, МЗЭ-ийн шагналт Эрэнжидийн Хархүү, Дорноговь аймгийн цэргийн штабын офицер, хошууч МЗЭ-ийн гишүүн Наранхүүгийн Амартүвшин нар уригдсан юм. Эх орны сэдэвтэй сэтгэлийн гал дүрэлзсэн омогшил, бахархал, ухаарал, тэмцэл өрнөсөн шүлгэн түрлэг заставын жижигхэн соёлын өргөөг дүүргэн эгшиглүүлэв. Олон сайхан бүтээл дундаас Г.Сэр-Одын нэрэмжит шагналт Т.Батхүрэл Орвог гашууны бор толгой дээр бичсэн “Халх голоос бичсэн захидал” хэмээх шүлгээрээ тэргүүллээ. Дэд байрт яруу найрагч Б.Баянтунгалаг “Ээж нь хүүгээ цэрэгт явуулна аа” шүлгээр, гутгаар байрыг яруу найрагч О.Должид “Би цэрэг эрийн гэргий”, дөрөвдүгээр байрыг хилийн дугаар заставын дарга, хошууч Д.Чинбат “Жаалшандын өглөө” шүлгээрээ эзлэв. Шүлгэн түрлэгээ бариандаа хүлээн авсан найрагчид маань сэтгэл тэнийж, заставын үдэшлэгт оролцов. Цэргийн дүрэмт хувцсаа дэвхийтэл өмсөн гутлаа гялайтал тосолсон цэргүүд маань энэ мөчийг тэсэн ядан хүлээж суудлаа эзлэн суулаа. Мөнөөх жаахан бор хүү тас хар хослол өмсч эрвээхэй зангиагаар гоёод ээждээ хөтлүүлэн ирж суудлаа эзэлсэн харагдана. Цагдаагийн газрын дэргэдэх “Наран говь” хамтлагийн дуучин Дашка ах маань залуу насаа хилтэй холбож явсан хүн юм билээ. Хилийн тухай олон сайхан дуу эгшиглүүлж, заставын СМССЭО, ахлах дэслэгч Н.Энхбаярын тоглосон аянд цаг өнгөрснийг үл анзааран бүжлээ. Бид ч бэлдэж очсон урлагийн тоглолтоо үзүүлж, заставынхан ч дуу хуураар мэндчилгээ өргөн бяцхан ч гэсэн час хийсэн тоглолт болов. Заставын дарга, хошууч Д.Чинбат гитар тоглон зочдод мэндчилгээ хүргэсэн нь талархал хүлээв. Заставын хэдэн хүрэн уулс, өвс, сөөг чимээ анирдан чагнах мэт ихэд намуухан сайхан үдшийг өнгөрөөлөө. Хилийн өмнөд хязгаарт эгшиглэсэн аялал ийнхүү дуусч маргаашийн үүр гэгээрэх үеэр хүлгийн жолоо эргэсэн юм. Нар тосон цайвалзах говь нутгийн өмнөд хязгаарт хилээ манан, үүргээ хоёргүй сэтгэлээр гүйцэтгэж байгаа хилчдийн минь гэгээн үйлс үргэлжилсээр. Утга уянга эгшиглэсэн өдрүүдийн өглөөний нар бүүр ч тунгалаг мандсан байх хэмээн би итгэнэ. Аян замдаа сайн явахыг ерөөн даллан үлдэх заставын хилчдийн сэтгэлийн наран мөн тунгалагшин үлдсэн хэмээн омогшино. Өмнөд хязгаарын эгшиглэн цуурайтсаар...

Халхын голоос бичсэн захидал

Г.Сэр-Одын нэрэмжит шагналт яруу найрагч Т.Батхүрэл

Элэнцийн төрхтэй эмгэн сарны шаналлыг

Эрлийн хөх салхиар зэгсний чихэнд шивнэлээ шүү

Эцгийн дүртэй хөгшин уулсын санаашралыг

Эртний хүрэл борооноос толгодын энгэрт шингээлээ шүү

ЭХ ОРОН МИНЬ

Сэмжин цагаан үүлсийн нүүдлийн хорогдлыг

Сэрүү татсан голын хөндийгөөс уялаа шүү

Сэрэхүйн түмэн бодгаль цэцэгсийн үрийг

Сэлүүн талын уужим энгээр цацлаа шүү

ЭХ ОРОН МИНЬ

Мяндсан хялгастай хөнгөн бийрийнхээ сорыг

Мяралзан урсагч Халхын голд дүрлээ шүү

Мөчир турьхан Тужийн нарсны навчин дээр

Мөрдөс болгоод хайртай гэж бичлээ шүү

ЭХ ОРОН МИНЬ

Толгод дундаа аргал түүсэн намхан ижийгээ

Тогоруун цуваадын сүүлчээр үлдээлээ шүү

Торомгор нүдэн амраг аа цэнхэр алчууртай нь

Тоонот өргөх хувь заяаны зөрлөг дээр орхилоо шүү

ЭХ ОРОН МИНЬ

Шунгинан исгэрэх галт шувууны үхлийн тарнийг

Шунхан улаан зүрхнийхээ ховдолд тослоо шүү

Шуургалж ирсэн хорт зэвийн хүйтэн хошууг

Шувууд жиргэх үүрээр цээжиндээ нуулаа шүү

ЭХ ОРОН МИНЬ

Хүйлэн булгийн дэнжийг галигуулж явсан нөхөд өө

Хүйтэн дайны мананд төөрүүлээд эрлээ шүү

Хүйсэн горхины толиог гайхшруулж инээлдсэн охид оо

Хүндхэн цагийн хүрдэнд суулгаад явлаа шүү

ЭХ ОРОН МИНЬ

Усан шүүдэр тогтдог цэцгийн дэлбээн дээр тань

Улаан цусны толбо үлдээлгүй уналаа шүү

Уран хээтэй хөх чулуудын хээлэн дээр тань

Уйтын сорви үлдээлгүй буцлаа шүү

ЭХ ОРОН МИНЬ

Өстний өмнө сөгдөхгүй гэж соёмбот тугандаа залбирсан

Өргөсөн тангаргаасаа цэрэг эрс нь няцаагүй шүү

Өргөстэй орчлонгийн шуналтан ямар дуусах биш дээ

Өөрийг минь залгах хүүгээ хүүтэй нь зүрхийг нь сумлаад үлдээлээ шүү

ЭХ ОРОН МИНЬ

Зүүсэн сум минь дууссан чиг дээ

Зүрхний минь сум дуусаагүй юм аа

ЭХ ОРОН МИНЬ

Орвог гашууны бор толгой

 

2019 оны 05 сарын 01 | Үзсэн : 247