Мэдээ :
Хуанли
Мэдээ, мэдээлэл » Ярилцлага
ЯРУУ НАЙРАГЧ Б.БАТТУЛГА: ХИЛЧДИЙН АМЬДРАЛЫГ ӨӨРИЙН БИЕЭР МЭДРЭХ ЮМСАН
Ярилцсан Г.МЯГМАРСҮХ
 
Өвлийн эхэн сарын шинийн гуравны өглөө. Нар үүлний цаанаас үл мэдэг гэрэлтэж, салхи хаа нэг сэвэлзэнэ. Явган шуурга гудамжаар үе үе тэнүүчилсэн тийм л нэг өдөр. “Дугаарын зочин” буландаа утга зохиолын хүрээнийхний дунд “Гэгээн хэсүүлчин” гэгдэх “Болор цом-33” наадмын үзэгчдийн нэрэмжит тусгай байр, МЗЭ-ийн шагналт яруу найрагч, монгол хэл, уран зохиолын багш Базарсадын Баттулга гэх эрхэм хүнтэй ярилцахаар болзоо товлосон газартаа ирлээ. Улсын тэргүүний 58 дугаар сургуулийн хичээлийн нэгдүгээр байрны үүдний өрөөнд урт сандал, ширээн дээр бичгийн цагаан цаас хөглөрүүлчихсэн ганцаараа сууж байна. Гар барин мэндчилээд хажууд нь тухлан суув. “За ах нь одоохон. Чи намайг их ажилтай байхад ирлээ дээ. Зорьж ирсэн хүнийг юу гэж хоосон буцаах билээ” гэсээр бичиж байгаа зүйлээ үргэлжлүүлэв. Бичгийн цагаан цаасан дээр хар үзгэн балаар эмх цэгцтэй бичиж байгаа зүйлийг нь сонирхон өнгийж харвал сургуулийн захиргаанд өргөдөл бичиж байгаа бололтой. Юун тухай өргөдөл нь хүний хувийн асуудал тул ингээд орхиё. Харин түүний бичгийн сайхан хэвийг нь гайхширснаа сонирхуулж байгаа ядмагхан санаа минь энэ. Ямартай ч түүний ажил дууслаа. Тэрбээр, “Хоёулаа хичээлийн гуравдугаар байранд очиж миний өрөөнд хөөрөлдсөн нь дээр байх. Эндээс жаахан зайтай. Гэхдээ агаарын сайханд гангар, гунгар гээд алхахад хурдан очно” гэсээр намайг дагуулан гарлаа. Замд алхаж явахад “Ах нь гуниг наачихсан явна. Гэрт гал гараад сүйд хийх шахлаа. Одоо гайгүй цэгцрэх шинжиндээ орж байна” гээд хувийн амьдралынхаа талаар ярилаа. Арав гаруй минут алхсаны эцэст зорьсон газраа ирэв. Түүнийг бас л бөөн ажил угтлаа. Албан бичиг нааш, цааш хүргүүлэх, дарга, удирдлагуудтай уулзах гэх мэт дундрашгүй ажил хөвөрсөөр өглөө уулзсан бид хоёрт үдийн 15:00 цагийн үед ярилцах боломж олдов. Ингээд түүний өрөөнд энгийн даруу яриа өрнүүлснээ хүргэж байна.
 
-Ажлын ачаалалтай үед нь ирсэнд уучлаарай. Ямартай ч урилгыг минь хүлээж авсанд баярлалаа? 
-Зүгээр дээ. Өнөөдөр ийм их ажилтай байна гэж төсөөлсөнгүй. Хилчдэд хүрдэг сонин гэхээр надад сайхан санагдсан. Эр хүн болж төрнө гэдэг өндөр дээд хувь хишиг мөн. Эх оронтойгоо амь нэг явна гэсэн үг шүү дээ. Эр хүн болж төрснийхөө үүргийг нэр төртэй биелүүлж энэ сайхан Монгол орны тусгаар тогтнолын бүрэн бүтэн байдлыг хамгаалж яваа хилчидтэй өөрийн сэтгэлийг дэлгэж ярилцана гэдэг надад том хувь тавилан юм. Баярлалаа. 
-Утга уран зохиол тэр дундаа шүлэг яруу найрагт ингэтлээ дурлах болсны шалтгаан юу вэ. Хэзээнээс эхэлж шүлэг бичсэн бэ?
-Би Завхан аймгийн Их-Уул сумын найман жилийн дунд сургуулийн дөрөвдүгээр ангийн сурагч байх үеэсээ л шүлэг бичиж эхэлсэн. Тэр үед хүүхэд байж. Ээж минь “За миний хүү энд радио байна. Тэнд тийм юм байна” гэхээр нь түүнийх нь талаар шүлэг бичих гэж оролддог байж л дээ. Хурга хариулж ирээд
“Хүрэн морьтойгоо би
Хөндий талыг туулж ирээд
Хөөрхөн хургануудаа
Хөгжилтэй гэх чинь хариулж явна” гэх мэт хүүхдийн гэгээн сэтгэлгээгээр шүлэг бичдэг байсан. Үүнээс гадна шүлэг бичих болсон хамгийн том шалтгаан бол аав минь бурхны оронд заларсан явдал юм. Тэр үед би хоёрдугаар анги төгсөж байлаа. Миний аав нутгийн сайхан гөрөөчин хүн байсан. “Харснаа харвадаг. Харваснаа онодог. Хавтай мэргэн хүн” гэж нутгийн хүмүүс дурсдаг. Аавыгаа алдсан бага насны хүүхдийн шаналал хэцүү л дээ. Эхлээд “Яагаад аав минь алга байгаа юм бол доо” гэх гайхширлаас эцэст нь насан туршийн гуниг болсон гэх үү дээ. Тэр гунигаас үүдэн шүлэг бичиж эхэлсэн гэж хэлэхэд болно. 
-Таны аавдаа зориулж бичсэн сайхан шүлэг байдаг. Тэр шүлгээ уншиж өгч болох болов уу?
-Мэдээж болно. Хилчдийг төлөөлж байгаа хүнд үгүй гэх эрх надад байхгүй шүү. 
Хуйлран давхих адууны тоосон дундаас наран
Хул хонгор морь ижилдээ сарвайтал дэргэх шиг 
Хул хонгор морины намиргаан дундаас аав минь 
Хувьтай ардын дуу өөрөө уянгалж явах шиг тэр жилийн намар аа 
Тэр жилийн намар хувьтай ардын дуу өөрөө уянгалж явах шиг 
Хул хонгор морины намиргаан дундаас аав ирсэнгүй 
Хул хонгор морин ижилдээ сарвайтал дэргээд ч 
Хуйлран давхих адууны шаргал тоосыг гүйцсэнгүй
Хайр дааж амьдар гэсэн дээ л аав минь 
Хан орчлонг эрт орхисон ч юм бил үү 
Хан орчлонг эрт орхисонд нь л өдийд би 
Хүний дайтай хүн яваа ч юм бил үү тэр жилийн намар аа 
Тэр жилийн намар айраг нь хүртэл тос даан шуугисан ч 
Арын уулын жимс эрт унасан даа 
Арын уулын жимстэй цуг унахад нь 
Аав чинь тэнгэрт гарчихсан гэж ижий хэлсэн 
Аав чинь тэнгэрт гарчихсан гэж хэлэхээр нь 
Араас нь очно оо гэж би дэгдэж дээ
Араас нь очно гэж намайг дэгдэхэд 
Аяа ижий минь л уйлж дээ 
Хул хонгор нартай тэр жилийн намар аа
-“Болор цом” яруу найргийн наадамд хэзээнээс оролцож эхэлсэн бэ. Сэтгэлд үлдсэн сайхан дурсамжтай наадмынхаа талаар яриач?
-“Болор цом-21” наадмаас эхлээд л оролцож байна даа. Энэ жил “Болор цом-35” болох гэж байна. Тэгэхээр би арав гаруй жил оролцсон байна шүү. Цаг хугацаа хурдан өнгөрчээ. Мэдээж “Болор цом” бол үзэгчдийн хүсэн хүлээдэг сайхан наадам шүү дээ. Хүмүүс “Болор цом” наадмын тухай элдэв бусын зүйл ярьдаг. Тэр наадамд өөрийнхөө зүрх, сэтгэлээс гарсан уран бүтээлийг үзэгч, сонсогч, түмэндээ тайлагнан уншиж байгаа нь буруу зүйл биш. Харин ч сайхан зүйл юм. “Болор цом”-ын нэг наадам өнөөдрийг хүртэл санаанаас гардаггүй юм. Би оюутан байсан. “Болор цом” наадмыг үзэх их дуртай. Харин мөнгөгүй. Тэр жилийн наадмын билетийг  авч чадаагүй. Тэгээд оюутны байрнаасаа гараад Соёлын төв өргөө рүү алхав. Миний урд хүрмэн тэрмэн дээлтэй, урт үстэй залуу алхаж байна. Тухайн үед Соёлын төв өргөөнд “Болор цом” болж байсан. Тэр хүн үүдэнд ирээд “Би Монголын яруу найргийн од Ж.Болд-Эрдэнэ байна” гэж хэлээд түгжээтэй хаалга нүдэж онгойлгож байж билээ. Үүдний цагдаа нар түүнийг оруулахаар нь “Би бас орж байгаа юм” гээд л хэллээ. Тэгсэн Ж.Болд-Эрдэнэ “Аа энэ надтай хамт явж байгаа юм” гэж хэлээд цуг орж байсан. Анх удаа би түүнийг харж байгаа үе л дээ. Ер нь жил бүрийн наадам өөр өөрийн онцлогтой сүүлд нь яриа хөөрөөтэй байдаг даа. 
-Нэгэнт “Болор цом” ярьсных 2015 оны наадамд “Мөнгөн шөнөөр” хэмээх таны шүлэг үзэгчдийн нижигнэсэн алга ташилт дор уншигдаж байсан. Одоо ч таны тэр шүлгэнд хүн бүхэн дуртай. Энэ шүлгийнхээ талаар яриач?
-“Болор цом”-д яруу найрагчид сайн шүлэг сойх хэрэгтэй. Хэдэн онд ч билээ дээ. Ямар ч байсан 2010 он гарчихсан байсан. Би үхлийн тухай бүлэг шүлэг бичиж байсан юм. Яагаад ч юм өглөө сэрэхээр л “нөгөө ертөнц рүү яваад өгөх” гэж байгаа юм шиг санагдаад байсан. Тийм сонин гуниг төрж байсан үе. Тэгээд үхлийн тухай арваад шүлэг бичсэн. Тэр шүлгүүдийн нэг нь л “Мөнгөн шөнөөр” гээд шүлэг дээ. 
“Амтат тошлой идмээр байвч
Алтан ишийг нь хорт могой ороочихжээ
Айх хийгээд амтлах мэдрэмж дээд цэгтэй огтлолцоход 
Амьдрал гэдэг иймийг ойлгоном би” гээд шүлгийн санаа тэмдэглэсэн. 
Тэгээд цаг зав гарах үедээ дутуу бичсэн шүлгээ найруулан бичсэн. Сүүлд засварлан бичихдээ,
“Алтан ишийг нь ороогоод хортой могой хэвтчихсэн ч 
Арааны шүлс асгармаар амтат тошлой ургаж байна 
Амьд явна гэдэг юутай нандин агуулга мөн гэдгийг 
Амжиж мэдрэхээр одоохондоо би алхаж л явна” хэмээн өөрчилж “Болор цом” яруу найргийн наадамд уншиж байсан. Өмнө нь бичсэн дөрвөн мөрт шүлгээ дангаар нь уншвал хэн ч итгэхгүй.  “Мөнгөн шөнөөр” шүлгийнхээ хэсгээс тавьжээ л гэж бодно. Ингээд энэ шүлгээ уншчихаад дараагийн шатанд нь бас л нэг үхлийн тухай шүлэг уншсан. 
“Үхлийн сэрүүлэг хангинахаас өмнө 
Үрдээ захих хэдэн үг байна” гэсэн шүлэг. Үхэл, хагацлын тухай шүлэг хүн бүхэнд таалагдахгүй шүү дээ. 
-Тэр үед таныг сүүлийн даваанд шалгарч үлдэнэ гэж хүн бүр л ярьж байсан. Магадгүй та өөрөө ч тэгж бодож байсан байх. Гэтэл таны нэрийг сүүлийн шатанд дуудаагүй. Тухайн үед ямар сэтгэгдэл төрж байсан бэ?
-Итгэл нурсан үедээ би амархан гутардаг. Баярлах, гомдох хоёрын хэлбэлзэл өндөртэй хүн дээ. Өөрөөр хэлбэл, хэт их баярлаж, түүн шигээ гунигладаг гэх үү дээ. Тухайн үед “Сүүлийн шатанд би байх болов уу” гэсэн итгэл надад байсан. Тэгээд нэр дуудагдахгүй болохоор нь гунигласан л даа. Ер нь миний шалгарч чадаагүй нь би муу шүлэг уншсан хэрэг. Бусад яруу найрагчид илүү сайхан шүлэг бичиж түүнийгээ яруу тод уншиж шалгарсан л гэж бодож байна даа. 
-Яруу найрагчид жилийн дөрвөн улиралыг анзаарч тэр хэрээр шүлэг бичдэг юм шиг санагддаг. Та аль улиралд шүлэг бичих дуртай вэ?
-Намрын улиралд л шүлэг бичдэг дээ. Хавар ч бас бичнэ. Нэг санаа олчихоод түүнийгээ гүйцэт боловсруулахгүй бодоод л алхаад байдаг юм. Санаагаа бодож байгаад нэг л удаа сууна. Тэгээд ганцхан удаа л бичдэг. Жаахан залхуу гэх үү дээ. Тэр нь нэг талдаа сайн боловч нөгөө талдаа буруу юм л даа. Яруу найрагчид нэг удаа биччихээд дараа нь шүүсийг нь шахаж сайхан уран бүтээл болгоно гэж боддог байх. Би тийм хүн биш. Яагаад ч юм би өвөл цагт өвлийн тухай, намар цагт намрын тухай шүлэг бичиж чаддаггүй юм. Намар цагаар хавар, зуны тухай шүлэг бичдэг. Өвөл нь мөн ялгаагүй өөр улиралын тухай шүлэг бичдэг. Яагаад гэхээр тэр цагт нь мэдрээгүй байсан санааг сүүлд нь бодож байхдаа олдог.
-Та онгод байдагт итгэдэг үү. Онгод гэж яг юуг хэлээд байна вэ?
-Онгод байдагт би итгэдэг. Харин хэзээ онгод ирэх юм бол гээд хүлээгээд суугаад байх юм бол хэзээ ч ирэхгүй байж магадгүй. Онгодтой гэдгээ мэдрэх л юм бол байнга хөдөлмөрлөж, бичих хэрэгтэй. Тэгж байж онгодыг хүчтэй байлгана. Бичих урам зориг төрж байгаа үеийг л онгодтой гэж нэрлээд байгаа юм. Дээд тэнгэртэй холбогдож байгаа тэр цаг мөч онгод байх. 
-Яагаад ер нь “Гэгээн хэсүүлчин” гэх нэрийг зүүх болсон юм бэ?
-Би 2007 онд Өмнөговь аймгийн Баяндалай суманд амьдарч байсан. Тэр үед “Өдрийн сонин”-ы сурвалжлагч Б.Золбаяр ярилцлага авахаар ирсэн юм. Тэгээд надтай хөөрөлдсөн хором бүрийн тэмдэглэлээ сонинд нийтлэхдээ “ГЭГЭЭН ХЭСҮҮЛЧИН” гэсэн гарчиг өгсөн юм билээ. Түүнээс хойш л энэ нэрийг зүүх болж дээ. Муухай ч нэр биш. Тухайн үед би Б.Золбаярыг жинхэнэ яриагаа хэзээ хийх юм бол гэж бодож байлаа. Тэгсэн надтай уулзсан цаг мөчөөс эхлэн явах хүртэлх үеийн бүх яриагаа оруулсан байсан. Гэм хоргүй амьдралын эрхшээлээр газар нутаг сэлгэж байгааг минь хэлж байгаа юм болов уу даа. 
-Таны төрж өссөн нутаг хаана вэ?  
-Би Сайн ноён Хан аймгийн Далай цэнхэр Вангийн хошууны хүн. Төрсөн нутаг Завхан аймгийн Их Уул сум.
-Хилчдийн тухай та ямар бодолтой явдаг хүн бэ? 
-Бахархаж, хайрламаар хүмүүс шүү дээ. Энэ эх оронд тусгаар тогтнол хамгийн үнэтэй зүйл. Тусгаар тогтнолын гайхамшигтай үнэ цэнэ бол хил хязгаар юм. Хилчдийн тухай би үргэлж өөдрөг сайхан бодолтой байдаг. Би 2014 оны Эх орны цэрэг яруу найргийн наадмын тэргүүн байрыг хүртэж байсан. “Дархан хилийн манаанд алхаад марш” шүлгийг хилчиддээ зориулан бичиж байлаа. 
“Бууц бүхнийхээ доор адууныхаа тамгыг нуусан
Буурал дээдсийн нутаг алсхан болоод тавиухан 
Мөнхийн хоёр хөрштэй аргагүйн тахимдууг санаж 
Мөрлөж тогтоосон хилийн баганыг тэврээд цаашилмаар гэлээ ч 
Далай Монгол орны туурга тусгаарыг сахисан 
Дархан хилийн манаанд алхаад марш
Тэнгэрээс чамд хайрласан эр зориг буй аваас 
Энгэрээс нь сүү эвлэсэн ээжийнхээ төлөө марш 
Халуун Монгол цусыг тунгалаг үлдээ хэмээсэн 
Хатан зоригт баатруудынхаа нэрийн өмнөөс марш 
Давхар давхар уулс чинь зэрэглээн дундаа сүүмэлзээд байна 
Дархан хилийн манаанд алхаад марш” гэж шүлэг байна. 
Хилийн манаандаа буугаа үүрээд алхаж яваа цэрэг эрс бүхэн эх орны тусгаар тогтнол юм. 
-Ингэхэд хилийн зурвас, сүлдэт багана дээр очиж үзэж байсан уу?
-Үгүй ээ. Гэхдээ хилийн застав дээр очиж байсан. Би цэргийн алба хаагаагүй. Цэргийн насыг их сургуульд оюутан байж байгаад л өнгөрөөсөн дөө. Эх орныхоо хилийн багана болгоноор тойроод явах юмсан гэж үргэлж хүсдэг. Цэрэг эрс, хилчдийн амьдрал дунд орж үзэх юмсан. Хэрэв тийм азтай агшин надад тохиох юм бол би төсөөллөөсөө ч  илүү цэрэг, эх орон, хилчдийн тухай сайхан шүлэг бичнэ. Хилийн багана, заставаар явж байна гээд бодоод үзье л дээ. Тухайн үед нь ямар сайхныг нь мэдэрнэ. Гэхдээ явж ирээд тэр үеэ бодож бичих юм бол надаас илүү сайхан шүлэг төрөх байх. Тиймээс би хилээр явж үзнэ. Өөр нэг зүйл нь би хилчдийн амьдралын тухай найраглал бичих юмсан гэж бодож явдаг. 
-Та юунд итгэж амьдардаг вэ? 
-Зөн совиндоо итгэдэг. “Миний зөн намайг хэзээ ч хуурахгүй” гэж кинон дээр хэлдэг шүү дээ. Яг түүн шиг зарим зүйлд зөн совингоо дагамаар л санагддаг. Яг ямар шүлгийн мөр биччихэв дээ гэж бодсон ч бичмээр санагдах үе байна. Энэ нь зөн совин юм болов уу. Мөн би хайранд итгэдэг. “Амьдрал хайр дээр тогтдог” гэдэг шүү дээ. Хайр өөрөө итгэл дээр тогтож байдаг. Бие биедээ итгэж байж л хайр бий болно. Зүрх сэтгэл, оюун ухаан хоёрын алтан тэнцвэрийг хадгалж амьдрах нь чухал.
-Шүлэг яруу найргаас залхаж байсан үе байна уу? 
-Залхаж байсан удаа надад нэг ч байхгүй. Бичихгүй удаж байсан үе зөндөө бий. Шүлэг бичихгүй удсан үедээ их уншиж байсан. Өөрөө бичихгүй удсан үедээ задлан шинжилгээ сайн хийх юм билээ. Өөрт төрсөн гоё мөртүүдийг шүлэг болгож түүндээ урам зориг орж байсан үе ч зөндөө. Шүлэг бичих гэдэг нь миний зүрх сэтгэлийн тайвшрал зугаа юм. Би яруу найрагч боллоо гэж бодож эхэлсэн цагаасаа эхлээд сүйрч байгаа хэрэг гэж үг бий. Тэгэхээр яруу сайхан санаагаа хүмүүст яг тэр хэвээр нь хүргэхийн тулд сайн бичих үүрэгтэй. Тиймдээ ч би шүлэг, яруу найраг, уран бүтээлээ туурвиж явна. Яруу найргаас би хэзээ ч залхахгүй. 
-Уран бүтээлч хүмүүст онгирох үе гэж байна. Та ер нь өөрийнхөө шүлэг, уран бүтээлээр хэрхэн онгирч байв?
-Би даруухан хүн шүү дээ. Зарим нэг бүтээлээ “Би байгаагүй бол өөр хэн ч бичихгүй байсан” гэж бодох үе байна. Угаасаа л тийм юм. Шүлэг, яруу найраг бол ганц хувь бүтээл. Тухайн яруу найрагчаас гарч буй сэрэл, мэдрэмж, оюун ухааны зохицол юм шүү дээ. Онгирох үе бий. Би 24 жил багшилж байна. Хүүхэд багачуудынхаа инээмсэглэлээр догдлон дэлгэрч байдаг цэцэг бол багш хүн. Энэ бас миний нэг онгирох шалтгаан болж байгаа биз дээ. 
-Танай үеийг “Мөнгөн үе”-ийн яруу найрагчид гэж нэрлэдэг. Үеийнхнийхээ уран бүтээлийг эрэмбэлж байсан уу?
-Бараг үгүй юм. Нийтэд нь манай үеийнхэн гэж хайрладаг. Ажил амьдралын эрхшээлээр нэгэнтэй нь дотно явах, нөгөөхтэй нь уулзалдахгүй явах нь зөндөө бий. Гэхдээ хэнээс нь ямар уран бүтээл төрж гэж харна л даа. Энэ хүн нь тийм уран бүтээлч тэр нь ийм гээд би өөртөө эрэмбэлж чадаж байгаа юм. Гэвч түүнийг дэлгэж, энэ нь мундаг тэр нь тийм гээд ярих боломжгүй. Шүлэг, яруу найргийг эрэмбэлнэ гэдэг хэцүү л дээ. Тэгээд ч манай үеийнхэн хүчирхэг яруу найрагч, зохиолчид. Би үеийнхэн дундаа явж буй жирийн л нэг уран бүтээлч шүү дээ. 
-Энэ жилийн “Болор цом” наадамд ямар шүлэг сойж байна?
-Жил жилийн "Болор цом" яруу найргийн наадамд сайн шүлэг бичиж өгөх юмсан гэж боддог. Энэ жил эхний тавд багтана гэж бодож байна. Хүн ер нь ямар нэгэн наадамд байр эзлэх цаашлаад түрүүлье л гэж оролцдог шүү дээ. 
-Гаргасан номынхоо талаар яриач. Яруу найргийн хичнээн ном гаргаж байсан бэ? 
-Би таван сайхан хүүхэдтэй, таван номтой. Хэдэн хүүхдүүд маань өсч том болж байна. Багаас нь дураар нь өсгөсний үр дүнг одоо амсах маягтай болж байна. Тэднийхээ ирээдүйд дэм тус болж сайн эцэг байх үүргээ биелүүлэх юмсан гэж боддог. Мөн бүтээл номоо гаргах хэрэгтэй байна. “Гэгээн үдшийн хөрөг”, “Ноён аялгуу”, “Төөрөөгүй цагийн эгшиглэн”, “Хүн чанарын эрэлд”, “Арцат тэнгэр” гэсэн ном гаргажээ. Би их урт бичдэг. Олон сайхан яруу найрагч найз нөхдийн зөвлөж хэлснээр аль болох хазаараа татаж шүлгээ бичиж байгаа. Цөөхөн мөрөөр гүн гүнзгий утга санаа илэрхийлэх гэж хичээж байна даа. 
-Ярилцлагын төгсгөлд хилчдэд хандаж үг хэлээч? 
-Хилчдээр үргэлж бахархаж явдаг. Тэд маш том гавьяатай хүмүүс. Мөн намайг төрүүлж өсгөсөн эцэг эх, нар сарны мөнхийн солбицол дунд гэрэлтэж буй Монгол орон, элгэн садан ахан дүүс, эх хэлээрээ би бахархаж явдаг хүн. Хилчдийг төлөөлөн ирж ярилцсанд маш их баярлалаа.  
-Танд ч бас баярлалаа. 
 
Зав чөлөөгүй ажлынх нь хажуугаар ийнхүү бид хоёр хөөрөлдсөн юм. Намайг үүдний хаалгаар гаргаж өгөх явцдаа “Ер нь тусгаар тогтнол бол эр хүний саруул ухаан, эм хүний тунгалаг хэвлий дотор багтдаг гэж ах нь ойлгодог” хэмээн хэлсэн нь санаанд тодхон буух юм. Мөн түүний эх орноороо бахархсан, өмгөөлсөн шүлгүүдийг унших тоолонд омогших сэтгэл төрдөг тул эл шүлгийг дор сийрүүллээ.
Цул алтыг нь авч дэлхий минь 
зүрхийг сугалах хэрэггүй
Цус гялалзсан гар тамга атгаж 
болохгүй
Цулбуураа чирээд хүлэг морь 
эзэнгүйрснийг сана
Цуутай дээдсийн нутаг уйлж 
угтахыг бод
Болор чулууг нь авч газрын судас 
таслах хэрэггүй
Бохир тогтсон сэтгэл төр 
жолоодох эрхгүй
Жолоогоо гишгээд хүлэг морь хаана 
гүйснийг сана
Зоригт дээдсийн нутаг хилэгнэж 
угтахыг бод ...
2017 оны 12 сарын 08 | Үзсэн : 440