Мэдээ :
Хуанли
Мэдээ, мэдээлэл » Ярилцлага
АХЛАХ АХЛАГЧ Ж.ХАДХҮҮ: ХАРУУЛЫН ХОЁР ЦЭРЭГ БАЙСАН Ч ЧИН СЭТГЭЛЭЭСЭЭ ТОГЛОЛТОО ҮЗҮҮЛДЭГ
ЯРИЛЦСАН Г.МЯГМАРСҮХ
 
Энэ удаагийн “Дугаарын зочин” буландаа ХЦДБЧ-ын гоцлол дуучин, ахлах ахлагч Ж.Хадхүүтэй ярилцлаа. Тэрбээр ОХУ-ын Москва хотноо 2017 оны арванхоёрдугаар сарын 14-17-ны хооронд зохион байгуулагдсан Олон улсын Хилийн цэргийн дууны XI наадамд оролцож тэргүүн байрын шагнал хүртсэн билээ. Эх орон, эрхэм хилчдээ төлөөлөн Олон улсын наадмаас тэргүүн байр хүртсэн баярын сэтгэл хийгээд түүний уран бүтээлийн талаар ярилцахын зэрэгцээ энгийн даруу яриа өдөж түүний дотоод сэтгэлээр аялахыг эрмэлзлээ. Амьдрал хэмээх их далайд өөрийн гэсэн хөлөг онгоцыг эрх дураараа залуурдаж буй эрхэм уран бүтээлчтэй ярилцах зуур ХЦДБЧ-ын “Соёлын төв”-ийн тайзнаа хийл хөгжмийн намуухан ая эгшиглэж байв. 
 
-Та өөрийгөө танилцуулаач. Бага насаа хаана өнгөрөөсөн бэ?
-Би Төв аймгийн Эрдэнэ сумын уугуул хүн дээ. Сумандаа Ерөнхий боловсролын сургуулиа 2004 онд төгссөн. Улмаар Хөгжим бүжгийн коллежид МУГЖ Ч.Туул багшийн удирдлаганд дуулаачийн мэргэжлээр элсэн суралцаж 2009 онд төгссөн. Тэр жилдээ Хилийн цэргийн дуу бүжгийн чуулга гэх энэ их айлд орж ирсэн. Би эцэг, эхээс долуулаа. Хоёр ах, гурван эгч, нэг дүүтэй. Багадаа дуу цөөнтэй хүүхэд байсан. Томоотой гэх үү дээ. Нэг ёсондоо бүрэг, ичимхий байсан. Эргээд бодоход урлагийн тайз, тэр тусмаа дуулах урлаг намайг нээж өгсөн гэж хэлж болно. 
-Хичээл сурлагадаа хэр хүүхэд байв? 
-Дууны болон зургийн хичээлд л дуртай. Сурлагаар сайн ч биш бас муу байгаагүй. Тэгэхээр дунд гэсэн үг юм уу даа. Математик, геометрын хичээлд тааруухан байсан.
-Хэзээнээс дуулж эхэлсэн бэ? 
-Багадаа хонио хариулж явахдаа их дуулдаг байлаа. Миний анхны тайз хөдөө тал, хонины бэлчээр байсан юм уу даа. Ерөнхий боловсролын сургуульд урлагийн үзлэг гэж болдог шүү дээ. Тэрэнд тасралтгүй оролцоно. Тавдугаар ангийн сурагч байхдаа урлагийн үзлэгийн гоцлол дууны төрөлд “Сургууль минь” хэмээх дууг дуулж алтан медаль авч байлаа. Тэр үед нээх их баярлаж байсан юм. Яагаад гэхээр урлагийн үзлэгт шалгарсан хүүхдүүд аймагтаа очиж нэгдсэн наадамд оролцох эрх авдаг байсан. Мөн Төв аймгийн хүүхдийн урлагийн их наадам буюу “Яргуй” наадам гэж болдог. Түүнд орж мөнгө, хүрэл медаль авч байлаа. Анхны дууны том наадам маань байсан гэж хэлж болно. Тухайн үед МУСТА, Ардын авьяастан Х.Күлсэн болон бага ангийн дуу хөгжмийн багш А.Андрей нар надад дууг хэрхэн дуулахыг зааж сургасан.
-ХЦДБЧ-д хэрхэн орж байсан бэ? 
-Хөгжим бүжгийн коллежийг төгсөх жил шалгалт, шүүлэг гээд завгүй байлаа. Тэр үед манай сургуулийг төгссөн Н.Мөнхжаргал ах их л гоё хувцастай /онгироо ногоон/ сургууль руу ороод ирлээ. Би “Та хаана ажиллаж байгаа юм бэ” гэж асуусан. Тэгсэн ХЦДБЧ гэж байна. Дүү нь энэ жил /2009/ төгслөө гэхэд “Чи манай чуулгад очоод шалгуулаад үз дээ. Манай ажил их сайхан” гэж байна. Тэгээд л би ХЦДБЧ-д орохоор эргэлт буцалтгүй шийдээд шалгалт өгөөд тэнцсэн. 
-Танай гэр бүл, ойр дотны хүмүүс дуулдаг уу? 
-Манай ээж, нагац ах сайхан дуулдаг хүмүүс бий. Зөв хоолойтой хүмүүс гэж байдаг. Тийм л хоолойтой. Магадгүй тэдний авьяас надад өвлөгдсөн байх. 
-Таныг “Босго тотго” хэмээх түүхэн киноны “Миний эзэн” дуугаар хилчид сайн танина. Энэ дууг дуулах болсон түүхээ яриач? 
-Энэ дуу их учиртай. Би ХЦДБЧ-д ороод удаагүй байсан. Нэг жил болж байсан байх. Яг энэ үед “Босго тотго” хэмээх түүхэн олон ангит кино гарна гэж сонссон. Тухайн кино өөрөө дөрөв, таван дуутай. Дууг нь Монголын урлаг, соёлын одод, олны танил хүмүүсээр дуулуулна гэж байсан юм. Тухайн үед манай ХЦДБЧ-ын уран сайхны удирдаачаар МУГЖ Т.Сэр-Од багш томилогдон ирж байсан. Би тэр хүнийг танина. Харин тэр хүн намайг танихгүй. Чуулгын тайзан дээр нэг тоглолт болж байлаа. Уг тоглолтод “Тэр үүрээр би төрсөн юм” гээд дууг би дуулсан. Миний дуулж байгаа байдал МУГЖ Т.Сэр-Од багшид таалагдсан юм шиг байна билээ. Маргааш өдөр нь ажлын нэг залуу “Уран сайхны удирдагч чамайг өрөөндөө дуудаж байна” гэдэг байгаа. “Яах гэж байгаа юм бол доо” гээд дотор жаахан айдас төрөөд явчихсан. Өрөө рүү нь гүйгээд очлоо. “Босго тотго” киноны найруулагч гээд ер нь томчууд л сууж байна. Тэгээд өрөөнд нь ороод “Эрхэм дэд хурандаа таны тушаалаар ахлагч Ж.Хадхүү ирлээ” гээд илтгээд л орсон доо. Тэгсэн “Босго тотго” киноны “Миний эзэн” дууг чи дуулна гэж байна. “Энэ залуугийн хоолойд тохирно” хэмээн тийм мундаг хүн тэнд байсан бүх хүмүүст шууд хэлдэг байгаа. Би ч палхийгээд л явчихсан. Ийм мундаг хүмүүсийн хажууд шууд надад тэгж хэлэхээр айх, баярлах хоёр зэрэгцдэг юм билээ. Тэгээд бэлтгэл хийж үзсэн. Ер нь болмоор санагдсан. Энэ дууг дуулах санал тавихад би анх “магнайгаа хагартал” гэдэг шиг тийм их баярлаж байсан юм. Хилчдийнхээ түүхэн олон ангит киноны дууг дуулж олон түмэнд хүргэсэндээ одоо хүртэл баярлаж явдаг. 
-Тэр дууг өөрийгөө хэр дуулсан гэж боддог вэ? 
-Би өөрийнхөө хэмжээнд л дуулсан. Харин миний хэрхэн дуулсныг олон түмэн л шүүх байх. Ер нь энэ дууг дуулснаас хойш сайшаалын үг их сонссон. Дууны клипийг киноныхоо хэсгээс дүрсжүүлсэн. Энэ нь надад маш их таалагдсан. 
-Энэ дууг тайзан дээр дуулахаар хүмүүс маш сайхан хүлээж авдаг биз?  
-Мэдээж тэгэлгүй яахав. Тэр тусмаа хилийн ангиудаар тоглолт хийгээд явж байхад эр цэргүүд хамт дуулж, алга ташиж, дахиулна. Ер нь “Босго тотго” хэмээх түүхэн олон ангит кино гарснаар Хил хамгаалах байгууллагад цэргийн алба хаах эрчүүдийн сонирхол өссөн гэж боддог. 
-Монгол Улсынхаа бүх хилийн ангид очиж үзсэн үү? 
-Хамгийн анх Дорнод аймагт байдаг гурван улсын хил дээр очиж байлаа. Тэр үед л их бахархаж байсан. Би хилийн бүх ангиудаар орчихсон байх шүү. Зөвхөн Хөвсгөл, Баян-Өлгий аймгийн хилийн ангид очиж амжаагүй юм байна. Удахгүй очих байлгүй дээ. 
-Хилийн харуул дээр очиж тоглолт хийдэг үү? 
-Мэдээж очно. Хилийн застав, харуулд очиж тоглолтоо сонирхуулна. Тэр байтугай замд таарсан харуулын хоёр цэрэгт хүртэл тоглолтоо үзүүлж байсан түүхтэй. Эх орноо манаж буй эрэлхэг хилчиддээ бид үйлчлэх чиг үүрэгтэй хүмүүс. Тиймдээ ч нэг цэрэг байсан ч тоглолтоо хийнэ. Чин сэтгэлээсээ уран бүтээлээ хүргэдэг. Тийм болохоор цэргүүд урам зориг авч сэтгэл нь ч сэргэдэг бизээ.  
-Уран бүтээлийнхээ талаар яриач? 
-Би 2011 онд аавынхаа дурсгалд зориулан УГЗ Т.Эрдэнэ-Очирын аялгуу “Юугаа ч хайрлаагүй аав” хэмээх дууг сэргээж дуулсан. Энэ дуундаа ч хайртай. Өмнө нь энэ дууг МУГЖ Х.Үнэнхүү дуулж олны хүртээл болгосон. Түүнээс хойш хайрын дуу, нутаг усны дуу гэх мэт төрөл бүрийн дууг дуулжээ. Ер нь миний уран бүтээл цэрэг, эх орон тал руугаа чиглэсэн байдаг. 
-Та ХЦДБЧ-д ороогүй байсан бол хаана юу хийж явах байсан талаар бодож үзсэн үү? 
-Бодож үзээгүй юм байна. Дуугаа дуулаад л чөлөөт уран бүтээл хийгээд явах байсан байх даа. Хүний амьдралд юу ч тохиолдохыг хэн ч мэдэхгүй. Магадгүй өөр цэрэг, хүчний байгууллагад дуучин болчихсон явж байх ч юм билүү. Мэдэх юм алга. Ямартай ч Хилийн цэрэг гэж зүтгэсээр байгаад л ХЦДБЧ-д орж, энэ сайхан хамт олны нэг нь болж чадсандаа баярлаж явдаг даа. 
-Шинэ оны босгон дээр ОХУ-ыг зориод ирлээ. Ингэхдээ Олон улсын Хилийн цэргийн дууны XI наадамд оролцож тэргүүн байр эзэлсэн. Энэ наадмын сонин сайхнаас дуулгаач? 
-Би анх удаа ОХУ-ын Москва хотноо очиж үзсэн. Тэгээд энэхүү уралдаанд оролцож тэргүүн байр эзэлсэн. Тус уралдаан нь анх 1997 онд “Хил хилчдийн дууны их наадам” нэртэйгээр зохиогдсон юм билээ. Анхны наадамд гурван орны 30-аад уран бүтээлчид оролцож байна. Тэр цагаас хойш хоёр жилд нэг удаа зохион байгуулагддаг болсон. Энэ наадамд 2015 онд “Хилчин” хамтлагийн гоцлол дуучин ахлах ахлагч Х.Хаш тэргүүн байрыг хүртэж байсан түүхтэй. Энэ жил дуучин, ахлагч М.Отгонжаргал хамт явсан. Манай дуучин, ахлагч М.Отгонжаргал сайн дуулж тусгай байрын шагнал хүртсэн. Би Монгол, Орос гэсэн хоёр дуу бэлдэж явсан юм. Тус уралдаанд дуулах дуугаа зохион байгуулагч орны буюу орос хэлээр дуулвал хүмүүст илүү хүрэх юм шиг санагдсан. Үзэгчид маш сайхан хүлээж авч тасралтгүй алга ташиж байсан. Түүнд нь их урам зориг орсон доо. Энэ дашрамд, Хил хамгаалах байгууллага болоод ХЦДБЧ-ын удирдлагууд, албан хаагч болон Гадаад харилцаа хамтын ажиллагааны хэлтэс, хоолойн тавилын багш, дэслэгч МУГЖ Б.Ганчимэг, хоор ангийн багш, дэслэгч Н.Үенч, Т.Батмандах, төгөлдөр хуурч МУСТА Т.Энхтуул багшдаа дэмжиж тусалсанд баярлалаа гэж хэлмээр байна. 
-Та Орос хэл мэддэг үү? 
-Үгүй. Ёстой орос хэл мэдэхгүй. Анх удаа л орос дуугаар урлагийн наадамд оролцсон. Дээр дурдсан багш нар маань миний бэлтгэлийг маш сайн хангуулсан. Би ч анх удаа Оросоор дуулж байгаа болохоор үг бүрээ л засуулсан даа. Бэлтгэлийг 20 гаруй хоног хийсэн. Ингэхдээ үгэн дээр цаг их зарцуулсан. Мэдээж нэгдүгээр асуудал үг цээжлэх байсан. Тэгж байж тэр дууны утга санааг ойлгож, түүндээ уусан шингэж бусдад хүргэнэ шүү дээ. 
-Ямар хоёр дуугаар оролцсон юм бэ? 
-Оросын дайны үеийн тухай  өгүүлдэг “Эх дороги” хэмээх дууг дуулсан. Өргөн замаар цэргүүд дайнд алхаж байгаа тухай өгүүлдэг. Энэ замаар цэргүүд аав, ээж, хайртай бүхнээ орхиод явж байна гэсэн үг. Тэдний эргэж ирэх үгүйг хэн ч мэдэхгүй. Тэр цэргүүдэд сайн сайхныг хүсэн ерөөсөн, гунигласан, бодлогоширсон утгатай дуу л даа.  Нөгөө дуу маань “Торгон хилийн зүг” гээд монгол дуу байгаа. 
-Урлагийн ямар наадмаас шагнал хүртэж байсан бэ. Гавьяа шагналынхаа тухай? 
-Арван жилийн урлагийн үзлэгт түрүүлж байсан юм байна. /инээв/ “Яргуй наадам” гэх мэт анхны шагналууд байна. Мөн Төв аймгийн Эрдэнэ сумын оны шилдэг залуу болж байсан. ХЦДБЧ-д орж ирээд “Хил хамгаалалтад амжилт гаргасны төлөө”, “Хилчний алдар III” зэрэг шагнал хүртсэн байна. Өөр ч надад гайхуулаад байх шагнал байхгүй ээ. 
-Хилчдийнхээ тухай санал бодлоо хуваалцаач? 
-Би  хилчин уран бүтээлч гэсэн нэрийн дор явж байгаа. Миний зүрх сэтгэл үүгээрээ хөглөгдөж байдаг. Өөрөөр хэлбэл, хилчин заяагаараа бахархдаг гэх үү дээ. Мөн эх орныхоо торгон хилийг сахин хамгаалж буй хилчдээрээ үргэлж бахархаж, омогшиж явдаг. Монгол орны бүрэн бүтэн байдлыг сахин хамгаалж буй бүх хилчиддээ талархаж явдаг. Хилчидтэйгээ шинэ уран бүтээлүүдээрээ удахгүй учран золгоно.
-Амьдрал гэж хэзээ ч дуусашгүй аз жаргал юм. Яг түүн шиг уйтгар, гуниг хосолж байдаг шүү дээ. Та ер нь сэтгэл санаагаар унаж байв уу? 
-Тийм шүү, амьдрал сайхан. Сэтгэл санаагаар унахгүй байхыг л хичээнэ. Хоолой өвдсөн үед бага зэрэг хэцүү байдаг. Бас тайзан дээр дуулж байхад үзэгчдийн алга ташилт сулрах үед “миний дуу хоолой тэдэнд хүрч чадсангүй дээ” гэж бодоод сэтгэл эмзэглэдэг. Урлагийн биднийг үзэгчдийн алга ташилт үргэлж сэргээж байдаг юм шүү дээ. Тэр хэрээр урам зориг орж илүү сайхан уран бүтээл хүргэхийг зорьдог. 
-Танд тохиолдсон хамгийн баяртай үйл явдал? 
-Аав болохдоо их баярлаж байсан даа. Тэр чинь 2014 он юм байна. Тухайн үед “Миний аав ингэж л баярлаж байсан байх даа” гэж бодсон. Би сэтгэл догдлол ихтэй хүн гэх үү дээ. Уйлах гээд сэтгэл дотор нэг л тийм сонин мэдрэмж төрөөд байсан. Эцэг хүн үр хүүхэддээ соёлтой боловсон зөв төлөвшүүлэх үүрэгтэй. Мөн сайн сайхан явахад нь тус дэм болж үргэлж үрийнхээ төлөө зүрх, сэтгэлээ зориулдаг хүмүүс  гэж боддог доо. 
-Дуундаа орж дуулна гэж юу гэсэн үг вэ? 
-Хүн бүхэн өөр өөрийнхөөрөө тайлбарлах байх л даа. Тухайн дууны утга санааг бусдад илэрхийлэхийг хэлж байж болох юм. Дууныхаа бүх зүйлд уусан шингэж чин сэтгэлээсээ дуулах хэрэгтэй. Ээжийн тухай дуу дууллаа гэж бодоход “загнаж, зандарч байгаа юм шиг” характер гаргаж болохгүй биз дээ. Цэргийн тухай дуулахдаа “нялхраад” байж болохгүй. Дуугаа маш сайн мэдэрч, ойлгож дуулах хэрэгтэй. 
-Таны сонирхол хобби юу вэ?    
-Чөлөөт цаг зав гарвал уран бүтээлийн ажил дээрээ л төвлөрч суудаг даа. Хэрэв гэртээ амарч байвал зураг зурах дуртай. Хүүхэд байхдаа зураг зурах сонирхолтой байсан. 
-Цаашдын уран бүтээлийн төлөвлөгөө юу байна? 
-Эхнэртэйгээ хамтарсан уран бүтээл хийж байгаа. Миний эхнэр ХЦДБЧ-ын дэргэдэх “Хилчин” хамтлагийн дуучин, ахлах ахлагч Л.Уранболор гэж бүсгүй бий. Бид хамтарсан кино концерт боловсруулж байна. Ер нь цаашдаа эхнэртэйгээ хамтарсан уран бүтээлүүд түлхүү хийнэ гэж төлөвлөж байгаа. Бодоод байхад цэргийн хос дуучид ховор байдаг. Бараг байхгүй гэхэд хилсдэхгүй байх. Тийм болохоор олзуурхаад байгаа. Сонирхуулахад, бид хоёр “Тэмүүлсэн сэтгэл” хэмээх дуугаа дүрсжүүлчихсэн. Шинэ он гараад олон нийтэд дэлгэнэ гэж бодож байна. Мөн “Эх орны хилээс” гэж дуу байна. Энэ дуугаа урин дулаан орохоор дүрсжүүлнэ. Цаашид бүх чиглэл, салбарын дууг дуулахыг зорьж байгаа. Тухайлбал, хуримын дуу, аав ээж, нутаг эх орон гэх мэт.
-Эхнэртэйгээ хэзээ танилцаж байсан бэ? 
-Би эхнэртэйгээ ХЦДБЧ-д орж ирээд л танилцсан. Нэг гэрт ороод зургаан жил болж байна. Бид хоёр нэг охинтой. Охин маань гурван настай. Цэцэрлэгт явж байгаа. Товчхондоо ийм л байна. 
-Дэлгэрэнгүй ярьвал? 
-Бид хоёр нэг газар ажилладаг. Тэгээд л хоёр биендээ татагдаад л нэг гэрт орсон доо. /инээв/
-Бас л товчхон болчихлоо?  
-Харин тэглээ. 
-Ойрын үед төрсөн нутгаараа очсон уу? 
-Москва хотоос ирээд “Хүү нь тэмцээнд ороод түрүүлээд ирлээ” гэж ээждээ очиж үнсүүлсэн. Түүнээс хойш нутаг, орноороо очоогүй юм байна. Цаг зав гарахгүй л явна. Тийм дээ ч хөдөө гэртэй тэр бүр очоод байж чадахгүй юм. 
-Нутагтаа очоод хэсэх айл олон биз? 
-Зөндөө. Манай ээж, ах, эгч нар гээд бүгд малчин хүмүүс байдаг. Мөн найз нөхөд гээд орох айл зөндөө бий. Манайх гэж айл удмаараа л мал малласан. Би чинь малчны хүү шүү дээ. Зургаан настайгаасаа хойш дөрөвдүгээр анги хүртлээ хурдны морь унасан. 
-Тун удахгүй шинэ жилийн баяр болох гэж байна. Шинэ жилийн баярын тухай таны бодол? 
-Гэр бүлийнхээ халуун дулаан уур амьсгалд хуучин оноо үдэж, шинэ оноо угтах нь ирэх жилийнхээ аз жаргалыг дууддаг юм болов уу гэж боддог.  
-Дуучин байхын юу нь хэцүү байдаг вэ? 
-Уран бүтээл хийхэд заавал санхүүгийн асуудал тулгарна. Энэ л бага зэрэг бэрхшээлтэй. Түүнээс өөр бэрхшээл уран бүтээлч бидний хувьд тохиолддоггүй. 
-Шинэ оноос өмнө хилийн отрядуудаар явж тоглолт хийх үү? 
-Мэдэхгүй байна. Бид батлагдсан төлөвлөгөөний дагуу тоглолтоо хийдэг. Энэ бидний  үүрэг. Одоохондоо оноос өмнө ямар нэгэн батлагдсан зүйл байхгүй. 
-Өөрт тохиолдсон хөгжилтэй явдлаасаа яриач? 
-Санаанаас огт гардаггүй нэг зүйл байна. Би арван жилд байсан. Ичимхий хүүхэд байсан гэж хэлсэн дээ. Зургадугаар ангийн урлагийн үзлэг шиг санаж байна. Тайзан дээр дуулж байгаад үгээ мартчихав. Дахиж дуугаа эхлээд яг нөгөө хэсэг дээрээ очоод гацчихсан. Тэгээд л шууд ёслоод орчихсон. Бэлтгэл хийж байхдаа зүгээр дуулаад болж л байсан. Тэр өдөр ерөөсөө үг нь санаанд орж ирээгүй. Надад тохиолдсон хамгийн хөгжилтэй, хөгтэй явдал гэх үү дээ. Дараа нь манай ангийн хүүхдүүд “Чиний царай час улаан болчихсон. Бараг дэлбэрэх гэж байгаа юм шиг зогсож байгаад ёслоод орсон” гэж хэлж билээ. Тухайн үед би тэрийгээ ч мэдэхгүй балмагдсан байсан. Тайзны ард гараад өөртөө гомдож их уйлсан даа. /Инээв. Сур/ 
-Сүүлд иймэрхүү явдал тохиолдсон уу?  
-Үгүй. Нэг ч удаа тийм зүйл болоогүй. Яагаад гэхээр би чинь номыг нь үзээд ногоотой шөлийг нь уусан хүн шүү дээ. Таван жил дуулаачийн мэргэжлээр сурсан. Тэгэхдээ сэтгэлдээ нийцэхгүй дуулж байсан үе байна. Тэр нь хоолой өвдсөн үеийнх л дээ. Түүнээс биш таг гацаж зогссон үе гараагүй. 
-Урлагийн наадмуудад их оролцдог байв уу? 
-Үгүй. Цөөхөн. Би ХЦДБЧ-д орж ирээд 2010 онд ХХ зууны 25 шилдэг дуу гээд улсын уралдаанд “Шөнийн бороо” хэмээх дуугаар оролцож Гран при цом, тэргүүн байрын шагнал хүртэж байсан. Тус наадамд 21 аймгаас дуучид ирж оролцдог. Түүнээс хойш сая ОХУ-д зохион байгуулагдсан хилчдийн наадамд оролцож тэргүүн байр эзэлсэн юм байна. Өөр ч сүйдтэй уралдаан байхгүй дээ. 
-Аливаа наадамд оролцож шагналт байр эзлэх нь урлагийн хүмүүсийн хувьд нэр хүнд өсөх бас нэгэн боломж гэж хардаг юм билээ? 
-Мэдээж тэгэлгүй яахав. Хүмүүс надад зөвлөж л байдаг юм. “Дуулаачдын тийм уралдаан болж байна. Ороод үзээч боломж байна” гэх мэт санал тавьдаг. Яагаад ч юм би оръё гэж боддоггүй.  
-Цэрэгжилт, жагсаалч байдал дээр өөрийгөө хэрхэн дүгнэдэг вэ? 
-Ер нь гайгүй шүү. Анх мэдээж хэцүү л байсан. Илтгэл өгөхөд эхэндээ хэл ээдрээд эвгүй л дээ. Одоо бол хэнээс ч дутахгүй. Хилчдийн ариун эгнээнд ороод найман жил болж байна. 
-Хилчиддээ хандаж шинэ жилийн мэнд дэвшүүлээч? 
-Эх орныхоо дархан хилийн манаанд зогсож буй бүх сайхан эрчүүд болон тэдний гэр бүлд аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Шинэ оноо сайхан угтаарай. Мөн та бүхний ажилд өндрөөс өндөр амжилт хүсье. Цаашид шинэ уран бүтээл, амжилтаар уулзахын ерөөл өргөе. 
-Ярилцсанд баярлалаа.
2017 оны 12 сарын 18 | Үзсэн : 361