Мэдээ :
Хуанли
Мэдээ, мэдээлэл » Ярилцлага
БОДИБИЛДИНГ-ФИТНЕССИЙН ДЭЛХИЙН АВАРГА Г.УГАЛЗЦЭЦЭГ: ЭМЭГТЭЙ ХҮНИЙГ ЦЭРЭГТ ТАТДАГ БАЙСАН БОЛ ХАМГИЙН ТҮРҮҮНД ОЧИХ БАЙСАН
ЯРИЛЦСАН Г.МЯГМАРСҮХ 
 
Эмэгтэй хүний булчингийн хөгжлийг дэлхийн тавцанд гайхуулж Монгол Улсаа сурталчилан таниулж яваа нэгэн эрхэм хүн бол яах аргагүй Г.Угалзцэцэг гэх тамирчин билээ. Тэрбээр анх Бодибилдинг-фитнессийн спортоор биеийн жингээ хасах зорилготой хичээллэж байсан түүхтэй гэнэ. Улмаар энэ спортоор богино хугацаанд хичээллэж, гурван ч удаа дэлхийн аварга цол хүртсэн бахдам амжилтын эзэн юм.  
 
-“Эх орны манаа” сонины дугаарын зочны хойморт тавтай морилно уу? 
-Баярлалаа. Танай хамт олон болон нийт хилчиддээ энэ сонингийн дугаар очих өдрийн мэнд хүргэе. 
-Та зав чөлөөгүй ажилладаг хүн юм аа. Хоёулаа уулзах гэж хэд хоног төөрөлдлөө? 
-Харин тэглээ. /инээв/ Оройн цаг болон бүтэн сайн өдөр л бага зэрэг зав гарах юм. Би уг нь тантай дөрөв дэх өдөр /2017.12.21/-ний орой 18:00 цагт уулзана гэж бодож байсан. Харин та тав дахь өдөр гэж ойлгосон байна билээ. Өнөөдөр бямба гараг юм байна. Ямар ч байсан уулзлаа даа. 
-Юуны түрүүнд манай хилчдэд өөрийгөө танилцуулаач? 
-Мэдээж тэгэлгүй яахав. Намайг Г.Угалзцэцэг гэдэг. Ерөнхий боловсролын сургуульд орох нас хүртлээ Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ суманд өвөө, эмээгийн гэрт өссөн. Улмаар нэгдүгээр ангид орох жилдээ аав, ээжийгээ дагаад хотод ирсэн. Улаанбаатар хотын 12 дугаар дунд сургуульд суралцаад Техникийн дээд сургуулийг нэхмэлийн дизайнер мэргэжлээр дүүргэсэн. Тухайн мэргэжлээрээ ажиллаагүй. Гэрэл зурагчны ажлыг олон жил хийсэн. Ингэж явсаар байгаад тамирчин болсон. Өдгөө 40 нас хүрч байна. 
-Яагаад мэргэжлээрээ ажиллаагүй юм бэ? 
-Тухайн үед энэ мэргэжлээр ажиллах хүндрэлтэй байсан. Учир нь нэхмэлийн бүх үйлдвэрүүд хаагдсан. Зарим нэг найз нөхөд ангийн хамт олон хувиараа аливаа зүйлийг нэхэж, зарж, борлуулж амьдралаа залгуулдаг байсан. Харин би тэгээгүй. Арван жилийн сурагч байхдаа л гэрэл зургийг сонирхож эхэлсэн. Үргэлж л зургийн аппарат барьж явдаг байлаа. Нэг ёсондоо миний хобби. Бас мэдрэмж шаардсан зүйл л дээ. Тиймдээ ч сургуулиа төгсөөд гэрэл зургийн жижигхэн студи нээж ажиллуулсан. Ингэхдээ гэр бүлийн хүрээнд хөрөг зураг, цээж зураг гэх мэт зүйлүүд л авдаг байлаа. Тухайн үед олон цагаар компьютерийн ард сууснаас хөдөлгөөн дутагдаж их таргалсан учир фитнесст явах хүсэл төрсөн. 
-Бодибилдинг-Фитнессийн спортоор дунд сургуульд байхдаа хичээллэж байгаагүй юм уу? 
-Огт үгүй. Арван жилийн сурагч байхдаа спорт байтугай хөдөлгөөн ч хийдэггүй хүүхэд байсан. Яагаад гэхээр жин ихтэй байсан л даа. Тэгэхдээ гэр хороололд амьдардаг учир түлээ нүүрстэй зууралдах, худаг руу усанд явах зэрэг ажлыг байнга хийдэг байлаа. Магадгүй тэндээс тодорхой хэмжээний суурь авсан гэж боддог. Оюутан байхдаа сонирхлын дагуу фитнессээр хичээллэсэн. Тухайн үед тамирчин болох талаар боддоггүй, миний төсөөлөлд ч байсангүй. Долоо хоногтоо гурван удаа фитнесс дээрээ очих төдий л байсан. Ингээд 2013 оноос өнөөдрийг хүртэл таван жил фитнессээр тасралтгүй хичээллэж байна. Хичээллэж эхэлснээсээ хойш нэг сарын дотор миний биед өөрчлөлт орж эхэлсэн. 
-Анхныхаа тэмцээнийхээ талаар яриач? 
-Энэ спортоор 11 сар хичээллээд анхны тэмцээнд орж байсан. Тэр нь 2013 оны хотын аварга юм. Тус тэмцээнд дөрөвдүгээр байр эзэлж байсан. Үүний дараа улсын аваргад ороод тавдугаар байранд орсон. Анхны тэмцээнээрээ дөрөв болон тавдугаар байранд орох нь маш том амжилт. Тэмцээнд орох болсон шалтгаан маань намайг энэ спортоор хичээллэж эхэлж байхад эмэгтэй тамирчид тэмцээнд бэлдэж байсан. Тэднийг хараад тэмцээнд ормоор санагдсан. Тэгээд л өөрөө өөрийгөө бэлдээд орж байсан. Миний үеийн охидуудыг багш нар бэлдээд байхгүй. Бараг “хэрэггүй дээ л” гэж хэлэх байсан байх. Тиймдээ ч өөрийгөө бэлдсэн. Улсын аваргын мистерүүдээс “Чамд боломж байна. Сайн байна. Чи биеэ зөв хөгжүүлж эхэлсэн байна” гэх мэт урмын үг сонсож байлаа. Эдгээр урмын үгсээс улбаалан тухайн спортоор тултал хичээллэх хүсэл төрсөн. 
-Танд багш байхгүй гэсэн үг үү? 
-Надад багш гэж байхгүй. Хэдий байхгүй боловч надад зөвлөгөө өгч, хамт хичээллэж буй тамирчид миний багш гэж хэлж болно л доо. 
-Анхны дэлхийн аваргын тэмцээнийхээ талаар сэтгэгдлээ хуваалцаач? 
-Эхлээд Улсын аваргын тэмцээнд орж медальт байранд шалгарч байж олон улсын тэмцээнд өрсөлдөх эрхээ авдаг. Тиймдээ ч би 2015 онд Улсын аваргын тэмцээнээс мөнгөн медаль авч, дараа нь азийн аваргаас хүрэл медаль хүртсэн.  Ингээд дэлхийн аваргад оролцсон. Тухайн үед эхний тавдугаар байранд орох юмсан гэж бодож байлаа. Надад орох нь л чухал байсан болохоос тэргүүн байр эзлэх нь огт чухал биш байсан. Тухайн үед дэлхий аваргын тэмцээнд бүх ангилалд 400-500 тамирчин оролцож миний хичээллэдэг ангилалд 18 тамирчин өрсөлдсөн. Маш их өрсөлдөөнтэй байсан. Би дэлхийн аваргын гараагаа маш сайхан эхэлсэн л гэж боддог. 
-Бодибилдинг-Фитнессийн спорт дотроо олон ангилалтай байх уу? 
-Мэдээж хэрэг ангилал байна. Эмэгтэйчүүдийн ангилал дотроо дөрвөн төрөл байдаг. Модел, фитнесс, атлетик, бодибилдинг гэсэн ангилалтай. Миний ангилал атлетик л даа. Энэ спортын хамгийн гоё үзэмжтэй төгс ангилал гэж явагддаг. Тухайн  ангилалд өндөр болон  тодорхой хэмжээний жин заадаг. 
-Та өөрийнхөө ангиллаас өөр ангилалд тэмцээнд оролцож байсан уу. Ер нь таны өрсөлддөг ангилал бусдаас юугаараа ялгаатай юм бэ? 
-Анх манай улсад атлетик ангилал гэж байгаагүй. Ганцхан модель, фитнессийн ангилал гэж байлаа. Би модел ангилалд тэмцээнд орж үзсэн. Тэгээд би энэ ангиллын тамирчин биш гэдгээ ойлгосон. Учир нь тухайн ангилал булчингийн масс хардаггүй, нарийн бэлхүүс эмэгтэйлэг байдлыг илүү харуулсан байдаг. Миний булчин хэт томорчихсон болохоор болоогүй. Тэгээд фитнесс ангилал руу нь орлоо. Бас л болоогүй. Тухайн ангиллын 50 хувь нь үзүүлбэр байдаг. Өөрөөр хэлбэл, акробат эргэх, сунгалт үзүүлэх зэргийг хардаг. Энэ тал дээр би нэг л болж өгсөнгүй. Монголд миний ангилал хараахан хөгжөөгүй байсан учир олон улсын тэмцээнд явах хэрэгтэй гэж бодсон. Ингээд л зээл аваад өөрөөсөө бүх зардлаа гаргаад Азийн аваргаас хүрэл, Дэлхийн аваргаас алтан медаль хүртэж байлаа. Үүний дараа манай улс атлетик гэдэг төрлийг гаргахгүй бол болохгүй гэж үзээд миний ангиллыг 2016 оноос Улсын аваргад оруулж өгсөн байдаг. Атлетик ангилал нь булчинлаг байдлаар эмэгтэй хүний гоо сайхныг хэрхэн харуулж байгаагаараа надад таалагддаг.  
-Та Дэлхийн аваргад жил дарааллан гурван удаа түрүүлсэн байдаг. Хоёр дахь дэлхийн аварга бас л онцлог болсон биз дээ? 
-Жил жилийн дэлхийн аварга өөр өөрийн онцлогтой л доо. Хоёр дахь дэлхийн аварга мөн Тайланд улсад болсон. Тухайн улс энэ спортыг маш их дэмждэг. Тэр хэрээр төсөв, мөнгийг ч шийдэж өгч чаддаг юм билээ. Эхний жилдээ санаандгүй дэлхийн аваргад ороод түрүүлчихсэн. Харин хоёр дахь жилдээ дэлхийн аварга цолоо хамгаална гэсэн том зорилго тавьж оролцсон. Тиймдээ ч урьд жилүүдээс илүү их мэрийж оролцсон. Харин энэ жилийн дэлхийн аварга Монгол Улсад зохион байгуулагдсанаараа онцлог байлаа. Бас л хариуцлага. Монголынхоо тайзан дээр гарч үзэгчдэд сайхан харагдаж “түрүүлэхгүй бол болохгүй” гэж хичээж оролцсон. Харамсалтай нь өөрийнхөө санасан хэмжээнд оролцож чадаагүй.  Би их ядарсан байсан. “Миний бэлтгэл хангагдлаа. Өөрийнхөө санасан хэмжээнд оролцлоо” хэмээн өөрт мэдрэгддэг. Харин энэ жил тийм мэдрэмж төрөөгүй. Тэгэхдээ түрүүлсэндээ баяртай байгаа. 
-Том булчинтай хүн бодибилдингийн тамирчин гэх түгээмэл ойлголт хүмүүсийн дунд байдаг?  
-Тийм шүү. Хүмүүс их буруу ойлголттой явдаг л даа. Жишээ нь, манай ангилалд том булчинтай бодибилдингийн хүүхнүүд орж ирдэг. Тэд жингээ хасаж энэ ангиллын тэмцээнд оролцдог. Харин шүүгчид “тухайн ангиллын тамирчин биш байна” гээд оноог хасдаг. Түүнийг хүмүүс ойлгодоггүй. Бодибилдингийн тамирчин л гэдэг. Ангилал тус бүрдээ шүүгчийн оноо өөр өөрөөр тавигдана. Намайг хүмүүс зурган дээрээс хараад маш том “БОДИ” хүүхэн гэж ойлгодог. Бодит байдал дээрээ би чинь жижигхэн шүү дээ.  /Инээв/ 
-Та Улаанбаатар фитнесст багшилж байгаа гэсэн үү? 
-Тийм. Улаанбаатар фитнесст би хувийн дасгалжуулагч хийдэг. Хажуугаар нь хэвлийний хичээл гэж тусдаа хөтөлбөр хичээл заадаг. Мөн тамирчдынхаа бэлтгэл сургуулилтыг бие дааж явуулдаг. 
-Ар гэртэй хэрхэн зав чөлөө гаргаж байна? 
-Зав чөлөө бараг гарахгүй шүү дээ. Ар гэрийн амьдралд цаг зав гарах нь ховор. Өглөө гараад л орой ирдэг болохоор гэр орон цэвэрлэнэ гэсэн асуудал байхгүй. Тэгэхдээ бүтэн сайн өдрийг  ар гэртэй зарцуулахыг хичээдэг. Манай гэр бүлийн хүмүүс бүгд Улаанбаатар фитнесст хичээллэдэг. Бид фитнесс дээрээ уулзчихдаг. /Инээв/
-Олон улсын болон Дэлхийн аваргын тэмцээнд өөрийн зардлаар үргэлж яваад байх хэцүү биз дээ?  
-Мэдээж хэцүү л дээ. Би гурван Дэлхийн аваргын тэмцээнд өөрийнхөө зардлаар явсан. Тэгэхдээ уураг, хоол тэжээлийн тал дээр “Улаанбаатар фитнесс”-ийн хамт олон туслалцаа үзүүлдэг. Энэ жил дэлхийн аваргаас гадна БНХАУ-д зохион байгуулагдсан “Бодибилдинг фитнессийн олон улсын тэмцээн”-д оролцож алтан медаль хүртсэн. Түүний зардал мөнгийг “Улаанбаатар фитнесс”-ийн хамт олон дэлхийн аваргад түрүүлсний шагнал гэж өгсөн /Инээв/. Тэгэхдээ зардал мөнгөгүй гээд хойш суух юм бол өнөөдөр би дэлхийн аварга болж чадахгүй шүү дээ. Өмнөө тавьсан зорилгоо биелүүлж дэлхийн тавцанд Монгол Улсынхаа далбааг мандуулан зогсох юутай сайхан аз жаргал гээч. Үгээр илэрхийлэх боломжгүй юм л даа. 
-Анх таныг энэ спортоор хичээллэж эхэлж байхад ойр дотны хүмүүс тань дургүйцдэг байв уу. Эмэгтэй хүн том булчинтай байх онцгүй гэх мэт сөрөг хандлагуудтай тулгардаг байсан уу? 
-Мэдээж тэгнэ. “Ийм хүнд спортоор хичээллэх хэрэг байна уу” гэсэн асуулттай үргэлж тулгардаг байлаа. Намайг хүмүүс том биетэй, эрэгтэйлэг гэж хардаг. Бодит байдал дээр тийм биш шүү дээ. Хүн болгон эхэндээ тэгж хардаг байсан. Одоо бол бүх зүйл эсрэгээрээ. Би бүхнийг даван туулсан. Найз нөхөд, ойр дотны хүмүүс маань дэмждэг болсон. Би ч гэсэн ярьсаар байгаад хүмүүст эерэг ойлголтыг өгсөн байх.  
-Энэ спортын бусад спортоос ялгагдах онцлог, давуу тал юу байна вэ? 
-Маш их тэсвэр тэвчээр шаарддаг спорт юм. Бэлтгэл сургуулилтаас гадна хоолны дэглэм сайн барьдаг. Бүтэн жилийн турш хоолны дэглэм барина. Ингэхдээ амттай зүйлээс бүрэн татгалзах, гурлин бүтээгдэхүүн огт хэрэглэхгүй байх, нарийн хоолны төлөвлөгөөтэй, цаг нартай хооллоно гэсэн үг. Удаан хугацаагаар хичээллэхээр овор бага, залуу харагддаг. Бусад спортоос онцлог давуу тал нь товчхондоо ийм л байна. 
-Ямар төрлийн хүнс хэрэглэвэл илүү тохиромжтой вэ? 
-Бид нар уураг өндөртэй хүнс хэрэглэнэ. Үхрийн мах, тахианы цээж мах, загасны мах гэх мэт. Мөн уураг өндөртэй ногоо иднэ. Ер нь хэчнээн сайн бэлтгэл хийсэн ч хоолны дэглэм барихгүй бол ямар ч үр дүн гарахгүй. Зөвхөн тамирчид гэхгүй жин хасах, булчин нэмэх гэсэн хүмүүс хоолыг өөр өөрийн онцлогт тааруулан нарийн дэглэмтэй хэрэглэх шаардлагатай. 
-Зарим хүмүүс энэ спортоор богино хугацаанд хичээллээд том булчин сайхан биетэй болчихоод орхих хандлага ажиглагддаг. Энэ тал дээр та ямар тайлбар өгөх үү?  
-Биед хурдан өөрчлөлт орно гэсэн зүйл байхгүй л дээ. Эрэгтэй, эмэгтэй тусдаа байна. Эрчүүдийн хувьд байгалиасаа заяасан гентэй учраас гурван сарын дотор эрчимтэй өөрчлөгдөж болно. Харин эмэгтэй хүн удаан хугацааны дараа булчингийн масс нэмнэ. Би эхний жилдээ 53 кг, дараа жил нь 54 кг гэх мэт булчингийн масс нэмж байсан. Булчингийн жин нэмэхэд асар удаан хугацаа шаарддаг. Хүмүүс хичээллэж эхлээд л том булчинтай болно гэж ойлгоод байдаг. Энэ буруу ойлголт юм. Хүний биеийн онцлогоос хамаарна гэдгийг ойлгох хэрэгтэй.   Мөн “сайхан биетэй, булчинлаг болчихоод орхино” гэсэн зүйл байхгүй. Хэрэв тэгэх юм бол өнөөх бие хадгалагдахгүй.
-Ингэхэд цэргийн хүмүүсийг ямар байгаасай гэж та боддог вэ? 
-Цэргийн хүмүүс бүдүүн, том гүзээтэй байж болохгүй. Сайхан бие хаатай байх хэрэгтэй. Өдөрт ганцхан цагийг фитнесст зориулж, өөрийгөө хөгжүүлбэл зүгээр юм шиг санагддаг. Америкийн кинон дээр гардаг цэргийн хүмүүсийг хараад “миний цэргийн хүн болохсон” гэсэн бодол  улам их дэвэрсэн. Цэргийн хүн сайхан байх тусам бусад хүмүүс тэднийг дагадаг гэж би ойлгодог. Мөн нэмж хэлэхэд цэргийн байгууллага бялдаржуулах танхимтай байх шаардлагатай гэж бодогддог. 
-Манайх бялдаржуулах танхимтай шүү дээ. 
-Сайн байна шүү дээ. Тийм л байх хэрэгтэй.  Тэндээ бэлтгэл сургуулилтаа зөв хийх хэрэгтэй. Мэргэжлийн хүмүүсийн заавар зөвлөгөөг авч хэрэгжүүлэх шаардлагатай. Эсвэл өөрсдийн дотроос нэг хүн сонгож түүнийгээ мэргэжлийн боловсон хүчин болгон бэлдэх шаардлагатай л даа. Хоолны зөв мэдлэгтэй, зөв техникээр хичээллээд явах юм бол хүний бие хурдан хөгжинө. 
-Боловсон хүчээ бэлдэхэд хэр хугацаа шаардагдах бол? 
-Тухайн хүний оюуны чадамжаас шалтгаална. Мэдээж хувь хүний дур сонирхол, мэрийлт чухал. Ганцхан сарын дотор ерөнхий зүйлээ бүгдийг нь сурчихдаг хүмүүс ч байдаг. Залхуу хүмүүс бол удаан сурна.
-Хилчдийн талаарх таны бодол? 
-Би цэргийн хүмүүст их хайртай. Тиймдээ ч “цэргийн хүн болохсон” гэж хүсдэг байсан. Харамсалтай нь цэргийн сургуульд биеийн хүчний дасгал сургуулилт, гүйлт, гэдэс таталт зэргээр шалгалт авдаг юм билээ. Түүнийг нь би огт чаддаггүй байсан. Тэгээд л цэргийн хүн болж чадаагүй. Залуучуудыгаа цэрэгт яваасай гэж уриалмаар байна. Цэрэгт явсан залуучуудын бие задарсан байдаг. Тэд байнгын бэлтгэл, сургуулилттай хүмүүс болохоор тэр л дээ. Яг одоо Монгол Улсынхаа торгон хилийн манаанд үүрэг гүйцэтгэж буй залуучууддаа “та наргүй бол бид нар хэн билээ. Юун тэмцээнд орох манатай байна. Үргэлж бахархдаг шүү” гэж хэлмээр байна. Миний бага хүү 16 настай. Хүүгээ сургуулиа төгсөхөөр нь цэрэгт явуулна. Эрэгтэй хүн заавал цэрэгт явах хэрэгтэй. Хэрэв эмэгтэй хүн цэрэгт явдаг байсан бол би хамгийн түрүүнд гүйгээд оччихсон байгаа. Бас охиныгоо ч явуулчихсан байна. 
-Та хилийн багана үзэж байсан уу? 
-Үзээгүй. Зүгээр Замын-Үүдээр хил гарч үзсэн /инээв/. Боломж бололцоо олдвол хилийн багана дээр очиж үзмээр л байна. 
-Ойрын болон хэтийн зорилго юу вэ? 
-Өө тэгээд л зөндөө зорилго байна. Юуны түрүүнд өөрийн удирдлага дор бэлдэж буй тамирчдаа олон улсын тэмцээний медальт байранд хүргэчих юмсан гэсэн бодолтой байна. Мөн өөрөө мэргэжлийн тэмцээнд оролцох зэрэг төлөвлөсөн зүйлүүд бий. Үүний дараа гэр бүл төлөвлөлт байна. Тухайлбал, дахиад хүүхэд гаргах төлөвлөгөөтэй байгаа. 
-Өөрт тохиолдсон хамгийн аз жаргалтай үеэ дурсвал? 
-Яах вэ? Гэнэт тулгамдаад санахгүй байна. Өдөр болгон л сайхан үйл явдал тохиолдож байдаг /инээв/. Тамирчин хүний хувьд тайзан дээр зогсож байх үеүүд минь л мартагддаггүй зүйлүүдийн нэг дээ. Төрийн далбаагаа нөмөрчихөөд зогсож байхад нүдэнд олон зүйл харагддаг. 
-Хэрэв та энэ спортоор хичээллээгүй бол юу хийх байсан тухайгаа бодож үзсэн үү? 
-Би зурагчин хийгээд явж байх болов уу. Удахгүй зурагчинаараа  ажиллана ч гэж бодож байгаа. Яагаад гэхээр их дуртай. Тэгэхдээ гэрэл зургийн студи нээгээд албан ёсоор ажиллуулахгүй. Харин энэ спорттойгоо уялдуулаад сонирхлын үүднээс ажиллана гэж бодож л байна. Тамирчдын тэмцээний үеийн болон хөрөг зургийг авах, олон нийтэд сурталчилан таниулах зэргээр ажиллана. Дэлхийн фитнесс сонирхогчдын 10 гаруй цахим хуудас байдаг юм. Тэд намайг админаар нь бүртгэсэн байна билээ. Надад тэнд ажиллах зав чөлөө байхгүй болохоор хааяа ганц нэг зураг тавих төдий л харьцдаг. Монголынхоо тамирчдыг тухайн хуудаснууд дээр сурталчилах гэхээр стандартад нийцсэн зураг ч байдаггүй. Энэ ч үүднээс Монголын тамирчдынхаа зургийг авч дэлхийн хэмжээний цахим хуудаснууд дээр нийтэлж сурталчилах бодол байна.  
-Гэрэл зургийн үзэсгэлэн гаргая гэж бодож байгаагүй юу? 
-Тэр тухай бодож байгаагүй. Тэгэхдээ зургаа аваад эхлэхээр бодогдох байх аа. 
-Энэ спортыг баячуудын спорт гэх юм билээ. Үнэн юм болов уу? 
-Баячуудынх  гэж ойлгож болохгүй л дээ. Идэж байгаа хоол, уураг зэрэг нь өндөр үнэтэй болохоор тэгдэг байж магадгүй. Тамирчдын дунд баян хүн гэж байхгүй. Олон улсын тэмцээнд явахдаа байгууллага хамт олноос ивээн тэтгээч гэж гуйх, зээл авах зэргээр л төсөв мөнгө босгодог. Зардал их өндөр учир хүмүүс баячуудын спорт гэж ойлгох тал бий. Жишээ нь зарим тамирчид өдөрт гурван сээтэг өндөг идэж байна. Тэгэхээр зардал өндөр гарч байгаа биз дээ. 
-Нээрээ өдөрт гурван сээтэг өндөг иддэг гэж үү. Хэдэн ширхэг өндөг вэ? 
-Том булчинтай хүмүүс гурван сээтэг өндөг өдөрт иддэг. Нэг сээтгэнд 30 ширхэг өндөг багтана. Тэгэхээр өдөрт 90-100 ширхэг өндөг иддэг гэсэн үг л дээ. Үүнээс гадна тахианы цээж махыг хэдэн кг-аар нь иднэ. Дээрээс нь ногоо, уураг зэрэг зүйлсийг өдөрт тогтмол хэрэглэнэ. Тэгж байж тэр том булчинг хадгалж байгаа юм шүү дээ. 
-Тухайн спортоор хичээллэж байх хугацаандаа шантарч байсан уу? 
-Ямар нэгэн байдлаас болж залхаж, шантарч үзсэнгүй. Харин ч эсрэгээрээ. Хичээллэхгүй удах юм бол бие сулраад стрессдээд байгаа юм шиг санагддаг. Бие өөрчлөгдөх тусам улам бүр хичээж эхэлдэг. Нэг ёсондоо энэ спортод донтож эхэлдэг гэсэн үг. 
-Тайзан дээр гарч зогсохоор ядардаг уу? 
-Хамгийн их ядардаг үе бол тайзан дээр зогсох. Бид тэмцээний нэг хоногийн өмнөөс уух усаа хасдаг. Өөрөөр хэлбэл, нэг хоног огт ус уухгүй байх жишээтэй. Тэгж байж биеэ хатааж, арзайлгаж байгаа. Булчингийн завсар хоорондын ус байхгүй болохоор булчингууд арзайж том харагддаг л даа. Нэг хоног усгүй явчихаад тайзан дээр хатсан хүн зогсох ямар байх уу. Мэдээж хэцүү шүү дээ. Зарим тамирчдын шөрмөс татах, ухаан алдах зэрэг асуудлууд тохиолдоно. 
-Тос нь ямар учиртай юм. Тайзан дээр гялтганасан биетэй хүмүүс л харагддаг. Булчинг том болгож харагдуулдаг уу? 
-Тайзан дээр хурц гэрлийн доор зогсдог. Тэр гэрлээс шалтгаалан булчингийн ялгарал бүдэг харагддаг. Тиймээс гэрлийн тусгалыг л бууруулах гэж тос түрхдэг. Хүмүүс тос түрхэхээр илүү том булчинтай харагддаг гэж буруу ойлгоод байдаг. 
-Манай тамирчид дэлхийн хэмжээнд ямар түвшинд эрэмбэлэгдэх бол?  
-Тамирчдын түвшин дэлхийд дээгүүрт тооцогддог болсон. Хятад улс манай тамирчдыг маш өндөр хэмжээнд хүрсэн гэж үнэлдэг. Түүнчлэн манай улсаас “тамирчид, дасгалжуулагч авмаар байна” гэж ярьдаг. Харин мэргэжлийн ангилалд манай тамирчид одооноос л орж эхэлж байна. 
-Хилчидтэй халуун дотно яриа өрнүүлсэнд баярлалаа. Танд спортын өндөр амжилт хүсье!
-Хилчдийн сонинд уригдан оролцож ярилцсандаа баяртай байна. Та бүхнийхээ хил хамгаалах үйлсэд амжилт хүсье. Мөн хилийн манаанд зогсож буй хилчиддээ шинэ оны мэнд хүргэе. Хилчид үгүй бол Монгол Улс яах билээ. Энхийн манааныхаа үүргийг сайн биелүүлээрэй.
2017 оны 12 сарын 28 | Үзсэн : 316