Мэдээ :
Хуанли
Мэдээ, мэдээлэл » Ярилцлага
АХЛАХ АХЛАГЧ Ш.АРИУНЗУЛ: ЭХ ОРНЫ МИНЬ ХИЛИЙН ТЭНГЭРЛЭГ СҮЛД НАМАЙГ ТЭЖЭЭЖ БАЙДАГ
Ярилцсан Г.МЯГМАРСҮХ 
 
Энэ удаагийн “Дугаарын зочин”-ы хойморт Ховдын цэнхэр хязгаар дахь Хилийн 0130 дугаар ангийн харуулын дарга, ахлах ахлагч Ш.Ариунзул уригдан оролцлоо. Өдгөө 20 гаруй жил харуулын даргын албыг хашихдаа нэг ч удаа түүний толгойд өөр албан тушаалд үүрэг гүйцэтгэе гэсэн бодол төрж байгаагүй гэнэ. Цэл залуу насаа буйдхан хилийн застав, харуулын байранд хэдэн бор цэргүүдтэйгээ өнгөрөөснөөрөө бахархаж явдаг байна. “Эх орны манаа” сонины “Дугаарын зочин” буланд урлаг соёл, спортын одод, олны танил эрхмүүд, албан ажилдаа амжилт гаргаж, хийсэн бүтээсэн зүйл нь хамт олон төдийгүй Монгол Улсад  үнэлэгдсэн хүмүүс оролцдог гэдгийг манай уншигчид хэзээнээс мэддэг билээ. Хилчдийн хийсэн бүтээсэн, санаачилсан, хэрэгжүүлсэн ололт амжилт арвин бөгөөд ирээдүйд хийгдэх, хэрэгжүүлэх, санаачлах зүйлийн түүчээ үргэлжилсээр байгаа. Ийм л гэгээн мөртэй хилчидтэй ярилцах юутай сайхан. Ахлах ахлагч Ш.Ариунзул гэх хүнтэй уулзах болсон хамгийн том шалтгаан бол Хил хамгаалах байгууллагын эрхэм дээд “Сүлдэт багана” шагнал билээ. Түүний хийсэн, бүтээсэн, хэрэгжүүлсэн, албан ажилдаа үнэнч зүтгэснийг хамт олон төдийгүй Хил хамгаалах байгууллага өндрөөр үнэлж ийнхүү “Сүлдэт багана” шагналыг олгохоор болжээ. Би түүнтэй хоёр өдрийн турш хамт байсан хэдий ч ярилцах завдал нэг л олдсонгүй. Учир нь Хил хамгаалах байгууллага хилийн бүх отряд, тусгай салбараас шалгарсан “Сүлдэт багана” шагналын эздээ чухам л хаан шиг угтаж гурван өдрийн турш тансаг зэрэглэлийн зочид буудалд амрааж, Улаанбаатар хотын үзэсгэлэнт газар, цанын баазаар аялуулсан билээ. Энэ үйл явдлыг сурвалжлахын зэрэгцээ түүнтэй ярилцах боломж бололцоог алдалгүй харж байлаа. Ингээд “Скай ресорт” цанын баазаас Улаанбаатар хотын төвд байрлах зочид буудал руугаа хөдлөхөд нь тэдний автобусанд сууж түүнтэй хэрхэн хөөрөлдсөнөө хүргэж байна.
 
-Юуны түрүүнд “Сүлдэт багана” шагналын эзэн болсонд баяр хүргэе? 
-Баярлалаа. Манай хамт олны хөдөлмөр гэж ойлгож байна. “Эх орны манаа” сониныг уншиж буй Монгол орныхоо дөрвөн зүг найман зовхист ажиллаж амьдарч байгаа хилчин хамт олон болон сэтгүүлч та бүхэнд ажлын өндөр амжилт хүсье.
-Хилчиддээ өөрийгөө дэлгэрэнгүй танилцуулаач?
-Би Ховд аймгийн Алтай сумын харьяат хүн. Аавыг минь Шагдар гэдэг. Ховд аймгийн Алтай сумынх  л даа. Ээж минь харин Норов гэж сайхан хүн байсан. Миний аав, ээж насаараа Хил хамгаалах байгууллагад хүчин зүтгэсэн хилчид байлаа. Хоёулаа одоо тэнгэрийн орны хил хязгаарыг хамгаалж суугаа гэдэгт үр хүүхэд бид итгэж суудаг даа. Миний бага нас Хилийн 0130 дугаар ангийн хилийн застав, отрядын төвд өнгөрсөн. Аав минь энэ ангидаа хилийн заставын орлогч, ангийн төвийн албаны ахлах, албаны даргын ажлыг хийж байгаад хошууч цолтой тэтгэвэртэй гарсан. Манайх удам дамжсан хилчин хүмүүс гэдгээрээ бахархаж явдаг. Би эцэг, эхээс ах дүү зургуулаа юм. Айлын гурав дахь хүүхэд. Дээрээ хоёр ахтай. Тэр хоёр маань Хилийн 0130 дугаар ангид ахлах ахлагч цолтой жолооч хийж байна. Доороо гурван охин дүүтэй. Нэг нь мөн Хилийн цэрэгт ажиллаж байгаад ахлах ахлагч цолтой тэтгэвэрт гарсан. Одоо Улаанбаатар хотноо суурин амьдарч байна. Дараагийн охин дүү маань Хилийн 0130 дугаар ангийн дугаар заставт ажиллаж амьдарч байна. Отгон дүү маань Улаанбаатар хотноо бизнес эрхэлж байна. Би Ховд аймгийн Үенч суманд Ерөнхий боловсролын сургуулиа төгссөн. Сургуулиа төгсөөд 1994 онд ХЦДС-д суралцаж байгаад ар гэрийн гачигдлаар орхисон. Улмаар Хилийн 0130 дугаар ангид 1997 онд Хилийн харуулын даргаар ажилд орсон. Түүнээс хойш 20 жил өнгөрчээ. Одоо гурван охин нэг хүүтэй. Ам бүл зургуулаа амьдарч байна. Том охин маань ирэх хавар Ерөнхий боловсролын сургуулиа төгсөнө. Тэгээд оюутан болно доо. Дунд охин минь долдугаар ангийн сурагч. Бага охин дөрөвдүгээр анги. Харин хамгийн бага хүү минь нэг ой зургаан сартай. Нас өтөлж байхад гарсан амины ганц хүү минь байгаа юм. 
-Ерөнхий боловсролын сургуульд байхдаа ямар хүүхэд байв? 
-Бага нас Ховд аймгийн Булган, Үенч сумыг дамжин өнгөрсөн дөө. Сургуульд  байхдаа биеийн тамирын хичээлд дуртай байсан. Тэр дундаа гар болон сагсан бөмбөг тоглох сонирхолтой байлаа. Мөн шатар, даам гэсэн оюуны спорт сонирхдог хүүхэд байжээ. Өөр нэг хобби бол уран сайхны кино үзэх дуртай. Одоо ч гэсэн киноноос буцахгүй шүү дээ. /инээв/ 
-Хилийн цэргийн дээд сургуульд хэр хугацаанд сурсан бэ. Тус сургуулиас гарах болсон шалтгаанаа тодорхой хэлж болох уу? 
-Хагас жил сураад л гарсан даа. Тэр үед манай ээж хүнд өвчтэй байлаа. Ах нар маань бүгд мэргэжлийн сургуульд явчихсан байсан. Би аав, ээжийгээ асрахаар нутаг буцсан. Ар гэрийн гачигдал маань товчхондоо ийм л байна. 
-ХЦДС-д суралцах хугацаандаа Хил хамгаалах ерөнхий газрын одоогийн удирдлагуудтай онжав байсан гэсэн үү? 
-Тийм. Хилийн цэргийн дээд сургуульд хошууч генерал Ш.Лхачинжав даргатай онжав байсан. Тухайн үед хошууч генерал Ш.Лхачинжав маань ахлах ахлагч цолтой Говь-Алтай аймгаас ирж байсан. Мөн бригадын генерал Ж.Бямбасүрэн, хурандаа  Д.Мөнгөнжин нартай нэг казармд хамт амьдарч байлаа. Өдгөө дотно холбоо байхгүй ч гэсэн тэд хилийн отрядоор шалгалт, шүүлгээр явахдаа намайг таньдаг. Тэр нь их сайхан санагддаг. 
-Хилчин болох шалтгаан юунаас үүдэлтэй вэ? 
-Аав маань насаараа хилийн цэрэгт ажилласан хүн. Тиймээс  би хилчин удмаа залгахаар шийдэн хилийн цэрэгтэй амьдралаа холбосон. Би өөрөө ч гэсэн энэ албанд дур сонирхолтой байсан юм. Монгол эр хүн болж төрснийх улсынхаа торгон хил, улаан шугам дээр үүрэг гүйцэтгэнэ гэдэг гайхамшигтай бахархал юм. Энэ бүхэн манай хилийн албаны онцлог гэж ойлгож болно. Мөн би хилчний амьдралыг багаасаа нүдээрээ харж өссөн. Хилчин ах, эгч нараараа багаасаа бахархаж тэднийг хүндэлж хайрлаж ирсэн. Тиймдээ ч эх орныхоо хилийг хамгаалах энэ хувь заяаг багаасаа мөрөөдөж иржээ. Хил хамгаалах албандаа хоёргүй сэтгэлээр албан үүргээ гүйцэтгэхийг эрхэмлэдэг. Харин энэ их хөдөлмөр, хичээл зүтгэлийг минь Хилийн 0130 дугаар ангийнхан олж харж мэдэрч намайг ангиасаа тодруулан Хил хамгаалах байгууллагын тэргүүн дээд “Сүлдэт багана” шагналд тодорхойлсонд баярлаад ханахгүй байна. Хамт олон гэдэг үнэхээр сайхан. Хамтдаа олуулаа аливаа ажлыг хийнэ бүтээнэ, дараа нь түүнийхээ үр шимийг хүртэнэ гэдэг юутай ч зүйрлэмгүй аз жаргал байдаг гэж би боддог. Хилчин хамт олны нэгээхэн хэсэг болсондоо ах нь яг одоо туйлын ихээр баярлаж байна. 
-Та харуулын даргаар 20 жил ажилласан байна. Энэ хооронд олон үйл явдал тохиолдсон байх? 
-Мэдээж тэгэлгүй яахав. Харуулын дарга хүн зарчимч, цэргүүдийнхээ нэгдмэл байдалд анхаардаг, тэдний бодол, санааг ойлгож ажилладаг байх ёстой. 20 жилийн дотор маш олон даргын нүүрийг үзлээ. Зарим нь бүтээн байгуулалт хийж, нөгөө хэсэг нь албан хаагчдынхаа мэдлэг оюунд хөрөнгө оруулалт хийх зэрэг янз бүрийн арга барилтай дарга нартай ажилласан байна. Хамт олон дундаа би ахмад настай болоод ч тэр үү хүндлэгддэг шүү. Цэргийн албыг онолоор сурах практикаар сурах хоёр бас өөр байх л даа. Их, дээд сургууль төгссөн шинэхэн офицер, ахлагч нарын зарим нэг зүйл дээр нь туслах үйл явц гардаг. 
-Үзэл бодлын зөрчил гэж хүнд байдаг. Хамтран ажиллаж байгаа нөхөдтэйгөө  үл ойлголцох асуудал гарах уу? 
-Тийм зүйл тохиолдоно. Мэдээж хэрэг ажил, албаны байдлаас үүдэлтэй л дээ. Ажлаас болж үзэл бодол зөрчилдөх явдал байна. Тэр бүгдийг хэлэлцэн шийдвэрлэхдээ зөв арга замыг сонгож ойлголцдог. Одоо ч тэгж үзэл бодол зөрчилдөх асуудал бараг байхгүй болжээ. 
-Та ер нь үзэл бодолдоо хэр үнэнч хүн бэ? 
-Ер нь өөрийн хэлсэн зүйлээ хэрэгжүүлэхийн төлөө зүтгэдэг. Санаачилсан зүйлээ дуусгаж байж санаа амардаг гэх үү дээ. Тэгэхээр үзэл бодолдоо үнэнч гэж ойлгож болох юм. Тэгэхдээ бусдын үзэл бодлыг хүндэтгэнэ. Тэр хэрээр харилцан ойлголцоно. Түүнээс биш захиргаадаж хүнд шууд тулгах эрх надад байхгүй л дээ. Хоцрогдсон зүйл юм. 
-Та хилийн харуулын албыг анх үүссэн цагаас эхлээд өнөө үеийг хүртэлх бүх түүхийг мэднэ. 1990-ээд оны хилийн харуулыг өнөө цагтаа харьцуулж үзье л дээ? 
-Хоёр өөр ертөнц юм шиг л санагдах байх. Тухайн үеийн /1997он/ харуулын албаны хангалт үйлчилгээ ч сайн байгаагүй. Тэгэхдээ муугаар хэлж байгаа юм биш шүү. Тохиолдож байсан л асуудлыг ярья. Жишээ нь, ариун цэврийн саван Хятадаас орж ирдэг байлаа. Цэргүүдийн үнэр, танар авах юм байхгүй. Юун 00-ын цаас. Хөдөөнийхөө жинхэнэ бор чулуугаар болгодог байлаа. Тухайн үед харуулд 7-10 хоног үүрэг гүйцэтгээд бууж ирэхэд бөөстчихсөн байдаг байсан. Тэр үед хэрэглэж байсан зүйл, амьдарч байсан орчин нөлөөлсөн л байх. Биеэ маажсан хүмүүс ирээд бүрэн ариун цэврийг сахиад буцаад л явна. Тэгээд бөөстөөд л ирдэг. Тийм л байсан. Тэгэхдээ анх байгуулагдаж байсан 1990 оныг бодоход миний үед тийм ч хүнд биш байсан юм шиг санагддаг. Анхны хилийн харуулд /1990 он/ ажиллаж байсан манай бэлтгэл офицеруудын ярьж байгааг сонсоход маш хүнд байсан гэдэг. Анх “Хилийн пост” гэж байгуулагдаж байсан. Тэр үед шавар байшин дотор хэдэн харуулын цэрэг “хүнс нь дуусаад болжмор хүртэл унагаж идэж байсан” хэмээн ярьдаг. Тийм хүнд байсан. Намайг ирэхэд арай ч тийм байгаагүй. Хүнсийг нормын дагуу хэрэглэхэд дуусдаггүй л байсан. 
-Техник хэрэгсэл, уналгын асуудал хэр байсан бэ? 
-Техник гэж юу байх вэ дээ. Застав дээр ганцхан машин байв. Шаардлагатай үед л тухайн авто машиныг хөдөлгөнө. Бид морь, тэмээг өдөр тутмын уналгадаа ашигладаг. Тэр хоёроор л үүрэг гүйцэтгэнэ. Тэмээ чинь сайхан амьтан шүү. Гэдсийг нь цатгаж өгөөд л услаад яваад байхад болдог байсан. 
-Харуулын алба хэдэн оноос эхлэн хөгжиж эхэлсэн бэ? 
-2004 оноос хөгжиж эхэлсэн гэж бодож байна. Нарны толь, зурагт гэх мэт зүйлүүд хилийн харуулын байранд нэвтэрч, цэргүүдийн сэтгэл санаа өөрчлөгдөж, цэргийн албандаа дур сонирхолтой болж эхэлсэн байх. Мөн хангалт үйлчилгээ сайжирч эхэлсэн.  Одоо бол үнэхээр сайхан болсон. Бүх зүйл хилийн харуулд хүрч очиж байна. 
-Хүний амьдралд их баярлах бас уйтгарлах үйл явц байдаг гэнэ л дээ. Танд ч бас тийм үе тохиолдсон байх. Тэр мөчийг хуваалцвал таны сэтгэлд хамгийн түрүүнд юу бууж байна вэ? 
-Хүний амьдрал баялаг юм. Олон ч үйл явдал тохиолдоно. Баярлах, гуниглах шалтгаан гаралгүй л яахав. Би эцэг, эхийгээ нас барахад л их гунигласан. Сэтгэл санаагаар унасан үедээ гараад л алхдаг. Агаар амьсгалаад алхахад сэтгэл, санаа уужраад ч байгаа юм шиг санагддаг. Харин баяр, жаргал бол өдөр бүр л хүнд тохиодог байх. Хамгийн ойр сэтгэлд бууж байгаа нь мэдээж хэрэг “Сүлдэт багана” шагналын эзэн болсон маань л юм даа. Би ч их уяхан хүн юм. Сэтгэл хөдөлгөсөн зарим зүйл дээр нулимс дуслуулах магадлалтай шүү. Ахад нь нэг бодож явдаг зүйл бий. Хүний төлөө би ажиллаж амьдраагүй. Би зөвхөн өөрийнхөө төлөө, гэр бүлээ тэжээж тэтгэхийн төлөө хил дээр 20 жил нар угтаж бас үдсэн. Тиймдээ ч хэн нэгэнд надад хэцүү байна, би зовж байна гэж хэлсэн удаагүй. Зовлон байсан ч зөвхөн минийх, жаргал байсан ч минийх л юм. Тэгээд ч монгол хүн амны билгээрээ гэдэг биз дээ. Надад энэ ажил хэцүү байна, би алс хээр уулын мухарт ажиллаж амьдарч байна гээд гоншигоноод байвал бүх зүйл хэцүү бэрх болж хувирна. Олон мянган хилчин эрсийн хийморь тэтгэсэн эх орны минь хилийн тэнгэрлэг сүлд намайг тэжээж тэтгэж явна. Энэ албаараа би насан туршдаа бахархаж явах болно. 
-Харуулын дарга хүн чинь хатуужилтай хүмүүс байдаг биз дээ? 
-Мэдээж тэгэлгүй яахав. Тийм байлаа гээд үргэлж хатуурхаад байж болохгүй л дээ. Тэгэх юм бол хэдэн цэргүүд маань биднээсээ илүү хямраад эхэлнэ. Аливаа зүйл дээр зарчимч байх хэрэгтэй юм. Тийм учраас албан үүрэг болон бусад зүйл дээр хариуцлагатай, зарчимч байхыг л хүсдэг. Үр хүүхдээ ч гэсэн зөв боловсон хүмүүжүүлэхийг л хичээж явдаг. 
-Та хугацаат цэргийн алба хаагчдын шууд удирдах дарга шүү дээ. Тэдний сэтгэл зүй дээр хэрхэн анхаарч ажилладаг вэ? 
-Орчин цагт цэргийн албанд эрх танхи хүмүүжилтэй цэргүүд ирж байгаа нь  анзаарагддаг. Тэдэнтэйгээ цэргийн дүрмээр болон аав, ээж, ах, дүүгийн дотно сайхан харьцаагаар ярилцаж сургахыг л бодно. Ялангуяа цэргийн албандаа дасан зохицож, албан үүргээ бүрэн ухамсарлахад нь дотны хүн шиг нь харьцах зөв юм. Цэргүүдийнхээ сэтгэл зүйг аль болох өндөр байлгахын л хичээдэг. 
-“Харуулын даргаас өөр албан тушаалд ажиллая” гэсэн бодол төрж байв уу? 
-Тийм бодол огт төрж байсангүй. Зөвхөн харуулын даргаараа л ажиллаж ирсэн байна. Намайг жагсаалын даргаар ажиллуулах, офицерын курст сургах зэрэг санал хүсэлт өмнө нь ирдэг л байсан. Яагаад ч юм харуулын даргаа л хиймээр санагддаг. Энэ албан тушаалдаа  дэндүү их дассан байна. Манай харуулын алба бахархмаар үнэхээр сайхан шүү дээ. Өглөөний нарыг хамгийн түрүүнд харна гэдэг үгээр илэрхийлэх аргагүй тийм сайхан зүйл юм. Ялангуяа хилийнхээ торгон шугаман дээр шүү дээ. Зүгээр нэг хөдөө байсан бол бас яахав. Нэг уулан дээр гараад нар мандахыг харна гэхсэн. 
-Хил хамгаалах албанд 20 жил ажиллахдаа ямар шагналууд хүртэж байсан бэ? 
-Зөндөө олон шагнал байна. Түүнээс дурдахад, “Хилийн төлөө”, “Хилчний алдар I, II, III”, “Онц хилчин” гэх мэт олон шагналууд бий. Хамгийн сүүлд Хил хамгаалах байгууллагын тэргүүн дээд “Сүлдэт багана” шагналыг хүртэж байна. 
-Эр хүний ар талыг эхнэр хүн хариуцдаг гэх юм билээ. Ялангуяа олон хоногоор хилд үүрэг гүйцэтгэдэг харуулын дарга нарын ар гэрийг мэдээж гэрийн эзэгтэй авч явдаг байх. Эхнэртэйгээ анх хэрхэн танилцаж байсан бол?
-Тийм шүү. Сайн ханийнхаа буянд хэнээс ч дутахгүй амьдарч байна. Хүний хань гэдэг төрсөн эцэг эхийг ч орлож чадах хамгийн дотны найз нөхөр юм даа. Манай эхнэр Ховд аймгийн Булган сумын харьяат хүн. Эхнэр маань наймдугаар анги төгссөн. Анх 1998 онд бид хоёр хилийн дугаар заставт танилцаж байлаа. Миний ханийг Сайханжаргал гэдэг. Насаараа намайг дагаж хилээ хамгаалж яваа. Мөрдэс зүүж тангараг өргөөгүй ч миний хань хилчин хүн. Би ханиа тэгж боддог. Жил жилийн цэргийн албанд ирсэн аав, ээжийн  эрх танхи хөвгүүдийг эх орны хүү болоход албаа нэр төртэй хаахад офицер, ахлагч биднээс дутахааргүй чухал үүрэг гүйцэтгэдэг хүмүүс бол хилчдийн эхнэрүүд байдаг. Цэргийн сайн, муу бүхий л ажилтай хутгалдаж явдаг хүмүүс шүү дээ. Адгийн тэнэг эхнэрээ магтдаг гэж монгол үг байдаг ч гэлээ би энэ мөчид эхнэртээ хандаж хамгийн сайхан үгсийг хэлмээр санагдаж байна. “Хань минь чи надад туслахаар ирсэн бурхны элч юм” гэдэг үгийг онцолж хэлмээр байна даа. Хамт олон маань ч эхнэрт минь ам сайтай байгаа харагддаг. Орсон гарсныг дайлж цайлсан сайхан бүсгүй байдаг. Манайх гэдэг айл гал манах гурван охин, хилээ манах нэг хүүтэй. 
-Аав болсон сэтгэгдлээ эргээд нэг дурсаач?
-Анхны хүүхэд минь охин байлаа. Ээж минь эхнэрийг хараад хажууд нь байсан учраас аав бид хоёр эхнэрийн цай шөлийг хийж байсан. Дөнгөж төрсөн эхнэртээ цай, шөл хийж суух тэр мөч эр хүнд нэгийг бодогдуулдаг юм шиг санагддаг шүү. Ингээд аав боллоо, зөвхөн өөрийгөө биш гэр бүлийнхээ өмнө маш том хариуцлагатай хүн боллоо гэх бодол төрж байсан санагдана. Аав болсон хүний баяр жаргал хэмжээлшгүй их юм билээ. Одоо ч тэр тухай дурсан ярихад сэтгэлд баяр төрж байна. Анхны охиндоо баяр жаргал тээж ээж аавдаа ирснийг нь бэлэгшээгээд Анхбаяр гэж нэр хайрлаж байлаа. Тухайн үеийн эмнэлгийн журам хатуу ч байсан юм уу, эхнэр хүүхдээ орж харъя гэхэд харуулахгүй байхаар нь эмч, сувилагч нартай муудах шахуу юм болж байж эхнэр хүүхэд рүүгээ орж байлаа. Тэгээд тэр чигтээ тэр хоёрынхоо хажууд унтаж байсан. Аав болсон эхний шөнө минь эмнэлэгт өнгөрсөн. 
-Эх орны хил дээр өглөөний нарыг угтах сайхан гэж та ярилцлага эхлэхээс дуусах хүртэл ярьж байна. Яг юу нь тийм сайхан байдаг юм бэ? 
-Хэрвээ энэ үгэнд эргэлздэг нэгэн байвал “өглөө ургаж байгаа нарыг хил дээр угтаад үзээрэй л” гэж хэлмээр байна даа. Үнэхээр сайхан юм чинь хэлэхгүй гээд яах юм бэ. Зөвхөн харуулын дарга нар гэлтгүй хилчин бүхэнд тийм санагддаг биз ээ. “Миний унасан бор шороо, угаасан ариун ус” гэж бодохоор эх орноо хайрлахгүй байхын аргагүй. МУГЖ Т.Галсантогтох ахын хэлсэн үг үнэхээр ончтой. “Аз нь шовойсон аавын хөвгүүд хилд алба хаадаг юм” гэдэг үгийг хилчин та бүхэндээ хэлье. Та бүхэн минь үргэлж албаараа бахархаж албандаа хүндэтгэлтэй хандаж яваарай. Энэ тэнгэрлэг алба та бидний ажил амьдралыг үргэлж түшиж тэтгэж явдаг юм шүү. Монголынхоо бүх хилчинд 
Дархан хил дандаа тайван байг
Даяар олон минь амгалан байг
Хилийн тэнгэр минь цэлмэг байг
Хилчний бүсэд жаргал ирэхийн өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье. 
-Ярилцсанд баярлалаа.
 
2018 оны 01 сарын 09 | Үзсэн : 249