Мэдээ :
Хуанли
Мэдээ, мэдээлэл » Ярилцлага
“БОЛОР ЦОМ”-ЫН ЭЗЭН ЯРУУ НАЙРАГЧ М.ОТГОНБАЯР: УУЛЫН ӨГЛӨӨГ ХАРАХАД ҮЛГЭР ЭСВЭЛ ДИВААЖИНД БАЙГАА ЮМ ШИГ САНАГДДАГ
Ярилцсан Г.МЯГМАРСҮХ 
 
Дугаарын зочин буландаа яруу найрагч М.Отгонбаярыг урьж оролцууллаа. Тэрбээр Монголын зохиолчдын эвлэлээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Болор цом-35” яруу найргийн наадамд 'Ижийдээ нас гуйсан' шүлгээрээ тэргүүн байр эзэлж Янжинлхамын эгшиглэнт найрагчаар тодроод байгаа юм. Түүнийг “УУЛЫН ХҮН” гэж нэрлэх нь ч бий. Учир нь түүний төрж өссөн нутагтай холбоотой. Бага наснаас Ховд аймгийн цэнхэр хязгаарын ууланд ан гөрөө хийж, шүлэг яруу найраг бичиж өссөн гэж бахархаж ярих дуртай нэгэн билээ. Түүнтэй шүлэг, яруу найраг хийгээд чөлөөт сэдвийн хүрээнд ярилцлаа. 
 
-Юуны түрүүнд “Болор цом-35” яруу найргийн наадамд тэргүүн байр эзэлсэн явдалд баяр хүргэе. “Эх орны манаа” сонины дугаарын зочин булангийн хойморт тавтай морил. Урилгыг минь хүлээж авсанд баярлалаа? 
-Маш их баярлалаа. “Болор цом” наадамд түрүүлсэн баяр, жаргалтай өдрүүд үргэлжилсээр байна. Би Цагдаагийн дээд сургууль төгссөн. Дөрвөн жил цэргийн эрдэм, дүрэмд шамдан суралцжээ. Үүний дараа 10 гаруй жил төрийн тусгай албанд хүчин зүтгэсэн байна. Тиймдээ ч хилчдийнхээ урилгыг баяртайгаар хүлээж авсан. Мөн яруу найрагч хүн өөрийгөө эх оронч гэж боддог. Тиймээс танай сонинд ярилцлага өгч эх орныхоо торгон хил дээр үүрэг гүйцэтгэж буй эр цэргүүдтэй уулзаж байгаагаа нэр төрийн хэрэг гэж бодож байна. 
-Манай хилчдэд өөрийгөө дэлгэрэнгүй танилцуулаач? 
-Би Ховд аймгийн Дуут сумын харьяат хүн. Миний бага нас тус аймгийн төвд өнгөрсөн. Зургаан наснаас эхлээд аравдугаар ангиа төгсөтлөө хичээлийнхээ амралтыг Дуут сумын ууланд өнгөрөөсөн. Эхэндээ ах, эгчийнхээ хонь малыг хариулж, сүүлд ан гөрөө хийж өндөр Алтайн ян сарьдаг мөнх цаст уулын хөвөөнд хүн болсон доо. Тиймээс би өөрийгөө Уулын хүн гэж нэрлэх  дуртай байдаг. Ерөнхий боловсролын сургуулийг 1985-1995 оны хооронд төгссөн. Улмаар Цагдаагийн дээд сургуульд 1995 онд элсэн суралцаж 1999 онд төгссөн. Дээд сургуулиа төгсөөд Ховд болон Төв аймгийн цагдаагийн хэлтэст ажилласан байна. Цагдаагийн байгууллагад арав гаруй жил ажилласны эцэст багш эсвэл эрдэм шинжилгээ, бизнесийн салбарт хүч сорьж үзэхээр цагдаагийн байгууллагаас чөлөөлөгдсөн байгаа. Өдгөө бэлтгэл офицер гэж явдаг. Яг одоогийн байдлаар Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн захиргаа удирдлагын албаны дарга гэсэн албан тушаалыг хашиж байна. Бичиг үсэг сурсан цагаасаа шүлэг яруу найраг сонирхож эхэлсэн. Энэ хорвоод миний хийх зүйл шүлэг бичих. Тийм учраас бүхий л амьдралынхаа туршид бичих болно. 
-Ерөнхий боловсролын сургуульд байхдаа хэр сурдаг байв. Нийгмийн хүнд хэцүү үед таны хүүхэд нас өнгөрсөн байх?  
-Тийм шүү. 1990 оны нийгмийн хүнд хэцүү цаг үед би өсөж торнисон. Тэр үед хөдөөний айл гурилаас өөр идэх юмгүй. Зарим айл нь махтай. Мөнгөний ханш унасан. Бүх зүйл дутагдаж, гачигдсан ийм цаг үе л дээ. Нийгэм хэдий тийм байсан ч Р.Чойномын шүлгээр амьсгалж байсан. Ээж минь хөдөө амьдардаг. Аав минь 1990 онд хорвоогийн мөнх бусыг үзсэн. Энэ үед ан гөрөө хийж мал маллаж ээждээ тусалдаг хүүхэд байжээ. Ээж минь нутаг усандаа танигдсан сайхан дуучин хүн байсан. Ээжээрээ дуу заалгаж хөдөө хээр талд дуу дуулж, шүлэг уншиж байсан үе минь одоо ч нүдэнд харагдаж байна. Би математикийн гүнзгийрүүлсэн сургалттай ангид онц сурдаг байлаа. Спортоор ч гэсэн хичээллэдэг байсан. Гар бөмбөг, штанг зэрэг спортын секц, дугуйланд явж байсан. Цагдаагийн дээд сургуульд дөрвөн жил сурахдаа байлдааны самбо заалгасан. Хүчний бэлтгэл их хийдэг байжээ. Одоо ч гэсэн зав чөлөө гарвал фитнест явах сонирхолтой. Монгол Улсын хамгийн өндөр суурин цэг бол манай Дуут сум юм. Тэнд Урианхай ястнууд амьдардаг. Зэлмэ, Сүбээдэйн үеэс Монголын төрд хүчин зүтгэж ирсэн баатарлаг түүхтэй ард түмэн. Одоо хүртэл эзэн хааныхаа зарлигийг дагаж явдаг. Бага наснаас эхлээд тэдэнтэй ан гөрөө хийж өссөн. Сурагч байхад хичээлийн зуны амралтаар “зурамны арьс авчраарай” гэсэн даалгавар өгдөг байлаа. Зурам, тарвага, үнэг, чоно гээд л иймэрхүү шат дарааллаар ан гөрөөтэй холбогдсон доо. Уулын Урианхайчууд угаас анчин удамтай юм. Би ч шаггүй сайн анчин байсан шүү. Манай хөрш зэргэлдээ настан буурлууд маш сайн анчид байсан болохоор тэр байх. 
-Таныг дуулдаг гэж сонссон.Урлагт их хайртай хүүхэд байжээ? 
-Тийм шүү. Манай гэр бүл тэр чигээрээ л урлагийн хүмүүс байдаг. Багаасаа шүлэг бичихийн хажуугаар дуулдаг байсан. 1994-1995 оны үед би чинь орцны дуучин байлаа шүү дээ. Үргэлж дуулдаг, дуулах дуртай. Цагдаагийн байгууллагад ажиллаж байхдаа янз бүрийн арга хэмжээнд дуулна. Цаашид ганц нэг дуу гаргах сонирхолтой байгаа. Урлаг уран сайхны ажилд их дуртай. Соёлын арга хэмжээнүүдэд үргэлж хамрагдахын зэрэгцээ найзуудтайгаа нийлж яруу найргийн уншлагыг их зохиодог байсан. Сүүлийн үед МУСГЗ, Ардын уран зохиолч, яруу найрагч Б.Лхагвасүрэн ахтай хэд хэдэн уншлага, цэнгүүн зохион байгуулсан. 
-Та урлаг уран сайхан, ан гөрөө, спорт гээд л бүхнийг чадагч юмаа. Ахиад өөр нууц авьяас гараад ирэх юм биш биз? 
-Намайг онгирч байна л гэж бодох байхдаа. /инээв/ Манай гэр бүлийнхэн их авьяастай хүмүүс гэж дээр хэлсэн дээ. Үүнийгээ тодруулж хэлбэл, миний дүү нар зураач, уран барималчин хүмүүс. Би өөрөө баримал, сийлбэр хийдэг байсан. Одоо болтол сийлбэрээ хийж байгаа. Тэгэхдээ гэр бүлийн хүрээнд шүү. Эхнэртэй дээж өргөх цацал, бэлэг дурсгалын сийлбэр хийхийн хажуугаар зураг ч зурдаг байсан. Хүн ер нь өөрт байгаа авьяасыг өнгөлж, зүлгэж улам тод гялалзуулах ёстой гэж боддог. Үнэндээ надад олон төрлийн авьяас байгаа мэт харагдах боловч түүнийг өндөр түвшинд хөгжүүлээд авч явсан нь ховор юм. Аль нэгийг нь илүү хөгжүүлснээр үр өгөөжөө өгөх нь ойлгомжтой байх. Шүлэг, яруу найраг бол миний сэтгэл зүрхний зүйл л дээ. Би түүнээс аз жаргалыг мэдэрдэг. Тиймдээ ч яруу найрагт хайртай. 
-Яагаад цагдаа болохоор шийдсэн юм бэ? 
-Анх есдүгээр ангид байхдаа эдийн засгийн мэргэжил сонгоно гэж бодож байсан. Тухайн үед хүүхэд байсан болохоор үзэл бодол өөрчлөгдсөн байх л даа. Үнэндээ бол найз нөхдийнхөө нөлөөллөөр Цагдаагийн дээд сургуульд орчихсон. Үе тэнгийнхэн маань биеийн хүчний дасгал байнга хийдэг. Бие бялдрын хөгжил ч сайтай. Өндөр нуруулаг, бөхөөр хичээллэдэг хүүхдүүд байсан. Тэд маань бүгдээрээ Цагдаагийн дээд сургуульд орсон. Би ч мөн ялгаагүй дагаад л орсон доо. Эх орныхоо төлөө зүтгэж байгаа болохоор энэ мэргэжлийг сонгосондоо ерөөсөө харамсдаггүй. 
-Бичиг үсэг сурсан цагаасаа л шүлэг бичсэн гэж байна. Нэгдүгээр ангиас гэсэн үг үү? 
-Тийм. Би үүнийг маш тодорхой санадаг. Анх долоон настай нэгдүгээр ангид орж байлаа. Тухайн үед 
“Үүл салхины зүгт явдаг ч 
Үнэхээр олон дүрстэй болдог
Өндөр өндөр цаст уулс шиг харагдана 
Өвлийн их хунгарласан цас шиг үзэгдэнэ” гэсэн шүлэг бичээд аавдаа үзүүлж байсан. Аав минь намайг хоёр гар дээрээ өргөөд “миний хүү яруу найрагч болох юм байна” гэж хэлж байсан. Энэ дүр зураг одоо хүртэл миний ой тоонд хадгалаатай явдаг. Хэдий шүлэг бичиж байсан ч шүлэг, яруу найргийн хүрээлэл дунд орохгүй их удсан л даа. Магадгүй энэ нь миний цагдаагийн байгууллагад олон жил ажилласантай холбоотой байж мэдэх юм. Бичсэн шүлгүүдээ хадгалж явсаар байгаад цагдаагийн байгууллагаас чөлөө авсныхаа дараа нутгийнхаа найз болох нэрт зохиолч, сэтгүүлч Б.Золбаярт шүлгээ үзүүлсэн. Тэр хүн маш өндөр сэтгэлтэй хүлээн авч “энэ шүлгүүдээрээ ном гарга” хэмээн хэлж байсан. Ингээд 2007 онд “Нил гийх үүр” нэртэй яруу найргийн анхны номоо гаргасан. Тэр номыг хэвлэгдсэний дараа манай утга зохиол шүүмжлэгч, судлаач Д.Галбаатар багш 10 гаруй хуудас шүүмж бичсэн. Энэ цаг үеэс би утга зохиол, яруу найргийн ертөнц рүү орсон гэж хэлж болно. Түүнээс хойш би нийт дөрвөн номтой болсон байна. 2012 онд “Гоц улаан саран”, 2014 онд “Сураггүй хаврыг хүлээхүй”, 2016 онд “Амраглан гуниглан” хэмээх номоо хэвлүүлжээ. Дээр нэр дурдсан хоёр хүнийг би албан ёсоор өдгөө багшаа гэж хүндэтгэн хайрладаг. 
-Яруу найрагчид номныхоо нэрэнд их анхаардаг байх. Таны анхны ном “Нил гийх үүр” гэж содон нэртэй юм. Яагаад ингэж нэр өгсөн юм бэ?  
-“Нил гийх үүр нэг мөсөн хаяарах цагаар
Чамдаа зориулж шүлэг бичлээ хайрт минь” гэсэн шүлгийн мөрөөс улбаатай. Уулын өглөө их сонин ирдэг л дээ. Талын өглөө гэнэт л цэлмээд ирдэг байх. Харин ууланд нар туссан байхад доод уулын бэл, хавцлаар үүр цайдаггүй. Уулын орой дээр байгаа хүн хамгийн түрүүнд үүр цайхыг харна. Энэ үеэр л төрсөн мэдрэмж юм. Тухайн дүр зураг үлгэр, диваажин мэт сайхан. Ийм гайхамшигт уулын өглөөг харж суухдаа хайртай хүндээ шүлгээ бичлээ л гэсэн санаа.   
-Номын нэрийг та өөрөө өгдөг үү. Эсвэл ариутган шүүж, редакторлаж байгаа хүмүүс өгч байна уу? 
-Яруу найргийн номоо өлгийдөж нэр өгөх бол гоё зүйл л дээ. Эхний номын нэрийг зохиолч, сэтгүүлч Б.Золбаяр өгсөн. Хоёр дахь ном болох “Гоц улаан саран” хэмээх нэрийг мөн Б.Золбаяр өгсөн. Тэгэхдээ зөвшилцөж байгаа юм л даа.
“Хэц арын дээгүүр 
Гоц улаан саран 
Ганц аяга цай оочих зуур бадарна” гэсэн шүлэг байдаг. Үүнтэй холбоотой тэр нэрийг хайрласан.  Би өөрөө номын нэр өгье гэхээр манай яруу найрагчид миний бодож олсон нэрийг өгсөн байх магадлалтай. Тиймээс зөвшилцөнө. Дараагийн ном “Сураггүй хаврыг хүлээхүй” гэсэн нэрийг би өөрөө өгсөн. Бас л миний шүлгийн мөрт дунд гардаг өвөл цагаар сураггүй хаврыг хүлээх зуураа бичсэн уулын шүлэг юм. Сүүлийн ном болох “Амраглан гуниглан” нэрийг мөн би өгсөн. Орчлон хорвоо ертөнцөд хүн амрагладаг юм байна. Хүссэн ч хүсээгүй ч энэ хорвоог орхих юм байна. Эндээс холдоход гунигтай л байдаг байхдаа гэсэн санаа юм. 
“Амраглан гуниглан дуудагч 
Алсын нүцгэн уул минь” хэмээн шүлэглэсэн байгаа. Бүх яруу найрагчид хамгийн сайхан үгээр л номоо нэрлэж байдаг шүү дээ.
-Уул, усандаа хайргүй хүн гэж байхгүй. Таны шүлэг, яруу найраг, уран бүтээлд уул үргэлж холбогдох юм. Магадгүй ууланд өссөн болоод тэр байх даа?
-Тийм шүү. Миний уран бүтээлээс уул хэзээ ч салахгүй. Намайг бий болгосон нутаг, уул ус мөнхөд надтай холбоотой. Хүнийг бүтээгч нь эцэг, эх хоёр боловч ирээдүйд ямар хүн болох нь өсч, торнисон уул ус, нутагтай хамааралтай гэж боддог шүү. Манай уулынхан нэг талаас анчин, гөрөөчин, дайчин ард түмэн. Нөгөө талаас язгуур урлагийн баялаг өв сантай, түүнийгээ одоо хүртэл хадгалж явдаг. “Урианхайн туульчид” гэж есөн үе дамжсан мундаг туульчид бий. Одоо хүртэл тууль хайлсаар явж байна. Энэ нь монголчуудын төдийгүй хүн төрөлхтөнд гайхагдах зүйл юм. Мөн Хүннүгийн үеэс улбаатай модон цуур хөгжмийг Урианхайчууд үлээж байна. Байгаль, уулсыг шүтэх, хайрлан хамгаалах их үйлс нь одоо ч хэвээрээ байна. Өдий болтол миний хайрлаж, бахархаж, шүтэж ирсэн зүйл уул, ус Монгол орон минь юм даа. 
-Уулын хүн гэж таныг тодотгохоос өөр аргагүй юм байна? 
-Өнөөдөр миний хэлж, бахархаж, хайрлаж, шүлэг бичиж байгаа шалтгаан минь юм. Аав, ээж хоёр минь Ховд аймгийн Дуут суманд төрж өссөн хүмүүс. Би өөрийн бүх аз жаргалтай мөчийг Дуут сумын өндөр уулсын дунд үдсэн. Мөн Хөөдөөгийн Эрдэнэбаатар гэж “Болор цом”-ын эзэн яруу найрагч байна. Бид хоёр нэг голын хоёр л доо. Х.Эрдэнэбаатар ах хөх бэлчирийн голыг өгсөн, уруудаж амьдарч ирсэн Хөөдөө гэдэг хүний хүүхэд. Би ч гэсэн тэр голыг өгсөн, уруудаж амьдарч байсан Мөнгөнхүү гэдэг хүний л хүүхэд. Бид хоёр хөх бэлчирийн голын уснаас ундаалж өссөн. Манай нутгаас олон сайхан яруу найрагч ах нар төрсөн байдаг. Сүүлийн үед олон хүүхэд, залуучууд шүлэг бичиж байна. Миний бахархал, омог, хийморь бол миний Дуут сум, уулынхан юм. 
-Нутагтаа очихоор шүлэг, яруу найраг бичих онгод илүү төрдөг биз? 
-Би бусад хүмүүсээс харьцангуй илүү нутаг руугаа гүйдэг яруу найрагч байж магадгүй. Сүүлийн хэдэн жил уран бүтээлийн их олз омогтой байна. Энэ нь нутаг руугаа тогтмол явсантай холбоотой. Өөрөөр хэлбэл, олон удаа нутагтаа очсон гэсэн үг. Нутаг усны тухай бичиж буй шүлэг хэзээ ч дуусахгүй юм билээ. Магадгүй надтай хамт миний авьяас, онгод минь үгүй болохын цагт л дуусна байх. Эцэг, өвгөдийнхөө амьдарч ирсэн энэ сайхан нутгийг хайрлаж, магтан дуулна гэдэг гагцхүү яруу найрагч хүнд тохиосон аз завшаан, хувь тавилан юм. Хэрвээ намайг үгүй болохын цагт уул, эх орны тухай бичсэн ганц ч болтугай шүлэг минь хорвоо дээр үлдэх юм бол миний хүн болж төрсний гавьяа гэж ойлгож байна. Үүний тулд хамгийн сайн шүлэг бичихийн төлөө энэ насаа зориулна. 
“Цэлмэг залуу насныхаа гал дөлөөр бадарч 
Сэтгэл, зүрх хоёртоо шатаж явах үедээ 
Чин үнэнч амрагтаа хэлж мөртлөө 
Чиний төлөө үхье гэж эх орондоо би хэлсэн юм” хэмээн яруу найрагч Ц.Цэдэнжав хэдийнээ бичжээ. Энэ дөрвөн мөрийг Монгол хүн бүр мэддэг. Ийм шүлэг бичих юмсан гэж яруу найрагч бүр боддог. Би түүнтэй агаар нэг юм. 
-Өөрийнхөө сэтгэлд тоогдсон шүлгээ бусдад унших сайхан байдаг. Та өөрийнхөө хайртай шүлгүүдээс дуудаач? 
-Анхны номонд маань сайн шүлгүүд байдаг гэж найрагч найз нар минь хэлдэг. Харин надад бол хамгийн сүүлийн ном л сайн юм шиг санагддаг. Миний өөрийн дуртай шүлэг гэх юм бол дөрөв болон хоёр мөртэй шүлгүүд минь байна. Тухайлбал, 
Залуу насаа бодоход 
Загас бариад 
Барьсан загасаа алдсан мэт 
Тийм мэдрэмж төрөөд 
***
Өнөөх сэтгэлийн бороо шиврэхгүй
Энэ намар яасан урт юм бэ 
Өргөн хөндийн цаахантай
Яг л зунаараа байгаа даа
****
Тогоруун зүсмийн хавар
Далбайтлаа хийсэж ирэхэд 
Тогтоол усанд хөлдсөн 
Дэрвэгэр сормуус эзнээ хайна гэх мэт шүлгүүддээ би хайртай. Ер нь уран бүтээлч хүн шүлэг бүхэндээ л хайртай. Зарим онцгой хайртай шүлгүүдийн минь нэг бол саяны “Болор цом-35” яруу найргийн наадмын тэргүүн байрыг хүртсэн “Ижийдээ нас гуйж бичсэн шүлэг” юм даа. 
-Шүлэг, яруу найраг гэдэг нэг ойлголт уу? 
-Би нэг ойлголт гэж бодохгүй байна. Монголын уран зохиолын түүхээс харахад шүлэг гэж нэрлэж байсан юм билээ. Сүүлд яруу найраг болсон байна. Миний бодлоор шүлэг, яруу найраг гэж яриад байгаа боловч мөн чанар бүх ойлголт нь нэг гэж санагддаг. Өнөөдрийн хувьд сонирхогчийн түвшинд бичиж байгаа хүмүүсийн бүтээлийг шүлэг гэж үзээд зохиолчдийн хорооны гишүүн ч юм уу арай дээд түвшинд байгаа хүмүүсийн бүтээлийг яруу найраг гэж ойлгоод байгаа юм шиг санагддаг. Гэсэн хэдий ч үндсэн мөн чанар нэг юм. Сэтгэлгээ арга барил, уран чадвараар нь ялгаж болох юм л даа. Би уран зохиол судлаач, шүүмжлэгч биш учраас энэ хүмүүст хамаатай асуудлыг ярих хэрэггүй байх гэж бодож байна. Хөгжлийнхөө явцад энэ ойлголт яаж өөрчлөгдөхийг мэдэхгүй. 
-Онгод гэж байдаг юм уу? 
-Байна. Гарцаагүй байна. Миний бүх шүлэг онгодоор бүтсэн гэж би хэлэх үндэслэлтэй. Онгод гэдэг “ёстой л дээд тэнгэрийн хүч” гэдэг шиг хаана нэгтэйгээс тархинд зурсхийн орж ирэх санаа юм. Энэ тухай олон хүн бичиж тодорхойлохыг оролдсон байдаг. Онгодоос гадна зарим яруу найрагчид асар их ухааны бяр тэнхээгээр шүлгээ бичих тохиолдол байна. Онгодоор бичиж үү, ухаанаар бичиж үү гэдэг нь яруу найрагч хүмүүсийн номыг уншихад мэдрэгддэг. 
-“Болор цом” яруу найргийн наадамд хэзээнээс эхэлж оролцсон бэ? 
-2007 оноос эхэлж оролцсон байна. Өнгөрсөн 2016 онд орж амжаагүй. Жил бүр л “Болор цом” яруу найргийн наадмыг хүндэтгэж шүлгээ өгдөг. Шүлгээ унших болгондоо туршлага хуримтлуулдаг. 
-Жил бүрийн “Болор цом” яруу найргийн наадмын дараа хэл ам үргэлж дагаж байдаг. Таныг түрүүлэхэд яруу найрагчид сэтгэл өндөр байгаа харагдсан? 
-Тийм шүү. Би өөрөө ч гэсэн баяртай байгаа. Олон жил тус наадамд оролцохдоо хүмүүсийн ямар ааш, авир гаргаж байсныг би мэднэ. Энэ жилийн хувьд бүх яруу найрагчид надад халуун баяр хүргэж байсан нь маш их урам зориг өгсөн. Сүүлийн шатанд үлдсэн яруу найрагчид бүгд л түрүүлэхийг хүсдэг. 
-Ижийдээ нас гуйж бичсэн шүлгийнхээ талаар яриач? 
-Манай ээж найман хүүхэд төрүүлж өсгөсөн. Миний аавын гал голомтод 55 жил амьдарсан ийм хүн. Би өөрөө айлын долоо дахь хүүхэд. Манайх дөрвөн эрэгтэй, дөрвөн эмэгтэй хүүхэдтэй. Би эрчүүдийнхээ хамгийн бага нь. Ээж минь амьдралынхаа сүүлийн жилүүдэд хорт хавдар тусаж бие нь чилээрхсэн. Жил гаруй эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан. Ээжийгээ сахиж байсан тэр хүнд хэцүү үед ижийдээ нас гуйж шүлэг бичсэн. Ингэхдээ 4-5 минут утсан дээрээ бичээд дуусгасан. Энэ шүлгээ би ерөөсөө засаагүй. Өнөөдөр бид эрүүл саруул гүйж, харайж, инээж баясаж яваагаа юман чинээ тоохгүй харалган болжээ. Ганц, хоёр алхаад гэрийнхээ үүдэнд суух ямар их аз жаргал байдгийг мэддэггүй юм байна. Бүгд л алт мөнгө, эд баялаг, эрх мэдлийн төлөө яваад байдаг. Гэтэл нэг өдөр, нэг цаг ч гэсэн амар амгалан байж амьсгаа авах нь энэ орчлонгоос авч болох хамгийн сайхан аз жаргал гэдгийг өнөөдөр бид мартчихжээ. Тэр бүхнийг ээжийгээ сахиж байхдаа бодож тунгааж байсан юм. Би залуу насандаа ижийгээ зовоодог л байсан. Хүний амьдрал эцсийн мөчдөө аав, ээжийгээ хайрлах хайр бөгөөд энэ хайраараа эх дэлхий, эх орноо хайрлах юм байна гэж бодогддог. Миний бүх бодол санаа энэ шүлгэнд шингэсэн. 
“Хувь тавилангийн болор эрхийг 
Хутгаар огтолж болохгүй” гэж хэн ч хувь тавиланг өөрчилж захирч чадахгүй.
Энэ миний хамгийн хүнд хэцүү үедээ бичсэн болоод ч тэр үү хайртай шүлгүүдийн минь нэг. Тиймдээ ч “Болор цом” наадмын сүүлийн өндөр даваанд уншсан. Энэ маань ч талаар болсонгүй тэргүүн байр эзэллээ. Ээжийн минь хайр энэ шүлгэнд шингэсэн байх. 
-Хилчдийн тухай таны ойлголт? 
-Би хилийн застав, отряд, хилийн багана дээр очиж үзсэн. Манай монгол орон өргөн уудам үнэхээр гайхамшигтай юм. Эх орныхоо дархан хил дээр зогсож үүрэг гүйцэтгэх нь асар их хариуцлага, нэр төрийн болоод баатарлаг үйлс юм. Хүн бүхэнд олдохгүй хувь заяа ч гэж хэлж болно. Хилийн цэрэгт алба хааж, Хил хамгаалах байгууллагын төлөө зүтгэж буй хүмүүсийг би баатрууд гэж боддог. Бидний бахархал гэж ойлгодог. 
-Амьдралдаа нээх их уйтгарлаж бас түүн шигээ баярлаж байсан үеэ дурсаач? 
-Хамгийн ойрхон бөгөөд тод санагдаж байгаа нь “Болор цом 35” яруу найргийн наадам. Би ижийдээ нас гуйж бичсэн шүлгээ уншиж байхдаа хоёр удаа уйлах гэж байсан. Яг “Болор цом”-ын тэргүүн байрын шагнал авах үед баяр, гуниг минь зэрэгцсэн. Нэг нь “Болор цом” авсан баяр, жаргал нөгөөх нь ижий минь байгаагүй уйтгар, гуниг. Хэрвээ ижийгээ байхад “Болор цом” авсан бол ээж минь яасан их баярлаж хүүгээрээ бахархах байсан болоо гэсэн гуниглал тэр үед төрж байсан. Яруу найрагч хүний хувьд гуниг, ганцаардал бол салшгүй нөхөр нь юм. Манай ихэнх сонгодог шүлгүүд намар цагт бичигдсэн байдаг. Тийм болохоор гуниглалын тухай ярихад эцэс, төгсгөлгүй санагдаж байна. Ганцаардал, гуниг бол миний мөнхийн дагуул юм. 
-Ярилцлагынхаа сүүлийн хормыг асуултгүйгээр танд үлдээж байна? 
-Чи бид хоёрын энэ яриа эх орныхоо торгон хил дээр нүд цавчилгүй үүргээ гүйцэтгэж буй хилчдэд хүрнэ гэхээр надад маш сайхан байна. Хэрвээ боломж бололцоо олддог бол би хилээр явж хилчидтэй уулзаж тэдэнд шүлгээ уншиж, дуугаа дуулж өгмөөр байна. Тэр үед эх орны тухай сайхан шүлгүүд миний сэтгэл оюунаас төрөх байх. Би бүхий л амьдралынхаа турш шүлэг бичнэ. Танай сонины хамт олонд баярлалаа. Дахин уулзахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье. Эцэст нь энэ ярилцлагаа ээжийнхээ үргэлж хэлдэг үгээр дуусгамаар санагдлаа. 
Төрийн минь сүлд өршөөж 
Баянбуурал Алтай минь та биднийгээ үргэлж ивээж явах болтугай. 
 
ИЖИЙДЭЭ НАС ГУЙЖ БИЧСЭН ШҮЛЭГ
 
Ижийдээ нас гуйлаа
Зэрлэг улаан сарнаас
Зэлүүд сансрын од бүхнээс
Зэрэглээ бүжсэн хаврын цэнхэр өдрүүдээс
Зэлмэ, Сүбээдэй дээдсийн алтан сүнснээс
Шид идийн орчлонгийн нүд чихгүй бурхнаас
Шилийн уулын чимэг  Алиа хонгор эзнээс
Шийтгэл нүглийг минь дэнслэх  Эрлэг номун хаанаас
Шимийн архинд дуртай малчин айлын онгоноос
Хөхрөгчийн зулайд эрхлэх хөхөл цагаан үүлнээс
Хөл нүцгэн туучиж өссөн дуучин ялдам горхиноос
Хүсээгүй үедээ гамгүй тараасан залуу насныхаа алдаанаас
Хүссэн цагтаа жаргаж явсан зугаа цэнгэлт мөчүүдээс
Ижийдээ нас гуйлаа
Ижийдээ би нас гуйлаа
Амар мэнд эрэх энгийн сайхан ерөөлнөөс
Алтан дэлхийг хайрлах энгүүн сайхан сэтгэлтнээс
Уйлсан нулимсны дусал, дуулсан дууныхаа нугалаанаас
Уйтгарлан гуниглагч хүмүний зүрхний цохилт бүрээс
Амраглан дурлагч гоо уулнаасаа
Рашаанд усанд нь амьдрагч хөх хулганаас
Өвгөдийг минь тавьсан үрчлээт хүрэн энгэрээс
Өнөөдрийг надад өгсөн тэнгэрт буй эцгээсээ
Ижийдээ нас гуйлаа
Ижийдээ би нас гуйлаа
Хөгшин ижийдээ уйлан хайлан нас гуйлаа чиг
Хөлөрсөн зоос шиг харанхуй орчлонгийн юм бүхэн таг дуугуй
Хөөгдсөн гөрөөс шиг цаг хугацаа улам улмаар хурдлан довтолж
Хөвүүн насны минь гэнэн нүд сэтгэл дотроос дуугүй ширтнэм
Сайхан залуу ээждээ эрхэлж өссөн тэр л нас минь
Сансарын орон зайн юм бүхэнд үлдсэн байнам
Ижий таны минь ургуулсан энэ бие сэтгэл
Элээж дуусгаж чадахгүй ч байж мэдэх сүнс минь
Таны амлуулсан сүү мөр бүхэнд нь шингэсэн шүлэг минь үлдвэл
Та минь хүүтэйгээ цуг энэ ертөнцөд үүрд байх нь дээ ээж ээ
Дуугүй эрх хонгор тэр л насны минь аз жаргал
Дурсамжийн цэцэрлэгт бороо оруулсан уянгын бодол болон үлдэх нь байна
Таны зааж өгсөн яруухан дуунууд, хүүгээ хайрладаг эх хэл тань
Тархи болоод зүрхэнд минь гэрэлтсээр л байна ээж минь,
Хувь тавилангийн болор эрхийг хутгаар огтолж болохгүй ч
Хувилгаан хөх тэнгэрийг хүний хүү эрхшээхгүй ч
Ганцаар ирсэн орчлонгоос гараад явчихаж болдоггүй ч
Газрын гаваар орсон ч нэр минь, үр минь үлдэх орчлон гэвчиг
Ижийд минь нас хайрлаач
Ирэх жилүүдийн миний аз жаргалыг оронд нь аваач
Зэрлэг улаан сарны дуугүй хаакираанд чихээ таглан суугаад
Зэлүүд ууланд цор ганцаар сууж ижийдээ нас гуйнам би...
2018 оны 01 сарын 18 | Үзсэн : 375