Мэдээ :
Хуанли
Мэдээ, мэдээлэл » Ярилцлага
СТА, ТОП МОДЕЛЬ Д.ПҮРЭВСҮРЭН: ХАЙРТАЙ ХҮМҮҮСТЭЙГЭЭ ХАМТ Л БАЙВАЛ ХИЛИЙН ЗАСТАВ ДЭЭР Ч АМЬДАРЧ ЧАДНА
Ярилцсан С.ОТГОНЦЭЦЭГ
Хөөрхөн сайхан гэж л харж байснаас хөдөлмөрч бүсгүй гэдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй. Тайз, дэлгэц гээд олон салбарт авьяасаа гайхуулсан урлагийн салбарын гялалзсан бүсгүй Топ модель, жүжигчин, Соёлын тэргүүний ажилтан Д.Пүрэвсүрэн энэ дугаарын зочноор уригдлаа.
-Хилчдийнхээ өмнөөс таны амар амгаланг айлтгая. Сайхан өвөлжиж байна уу?
-Сайхан өвөлжиж байна. Нийт хилчиддээ шинэ оны мэндийг хүргэе.
-Шинэ он солигдоод удаагүй байна. 2018 онд та юу хийж бүтээхээр төлөвлөсөн бэ?
-Хүн болгон өөр өөрийнхөө төлөвлөгөөг гаргасан байх. Миний хувьд ирэх гуравдугаар сарын 02-ны өдөр “Ларьдма 2” буюу “Амьдрал” киноныхоо нээлтийг хийх гэж байна. Энэ киноны дүрсний эвлүүлэг, дууны ажил дээр ажиллаж байна. Ээж хүний хувьд хүүхдээ хичээл сургуульд нь зөөх зэрэг өдөр тутмын ажлууд бий. 
-Одоогоор хийж буй ажил, уран бүтээлийнхээ талаар сонирхуулбал?
-Яг өнөөдрийн хувьд киноныхоо продюсерийг хийж байгаа. Манай кино 2017 оны зун, намар, өвлийн улиралд зургуудаа авсан. Ер нь жил дамнаж дөрвөн улирал харуулсан баялаг зураглалтай кино болсон. Киноны ажлын хажуугаар иогийн багшийнхаа ажлыг хийж байгаа. 
-“Ларьдма” кино нийгэмд их цочрол өгсөн бүтээл болсон болов уу. Үргэлжлэл болох “Амьдрал” кино ямар утга санааг илэрхийлж байгаа вэ?
-Ларьдма гэдэг үг амьдрал гэдгийг урвуулсан нэр гэдгийг хүн бүхэн мэдэх байх. Өмнө нь “Ларьдма” гэдэг эмэгтэйн тухай гарч байсан бол “Амьдрал” кинон дээр мөн нэгэн эмэгтэйн амьдралын тухай өгүүлнэ. Гэхдээ “Ларьдма” нэг ангит киногоор бичигдсэн зохиол болохоор сэдэв үргэлжлэхгүй. Тэгэхээр үргэлжлэл нь гэж ойлгож болохгүй, сэдэв нь өөр зүйлийг хөндсөн.
-Дөрвөн улирал дамнаж зураг авсан гэхээр сонирхолтой санагдаж байна. Зураг авалтыг хаана хийсэн бэ?
-Зуны улиралын зургаа Санзай, Гачуурт, Улаанбаатар хотод авсан. Хөдөө зургуудаа элсэн тасархай, Төв аймгийн Төхөмийн хийд дээр авсан. Ер нь байгалийн зургууд их авсан. Үзэгч киног маань үзээд гарахдаа ядахдаа нэг зүйлийг бодоод, эмзэглээд дуусгаж байвал гол зорилго нь биеллээ гэсэн үг. Түүнээс биш гоё кино байна өө гээд л юу ч бодохгүй гарвал онцгүй шүү дээ. Тийм болохоор бидний хэлэх гэсэн санаа бол хүмүүст, тэр дундаа залуучуудад зөв амьдрах ёстой гэдэг ухаарлыг өгөх юм.
-Та анх удаа уран бүтээл дээр продюсероор ажиллаж байна уу?
-Тийм. Навчаа эгчтэй хамтарч ажиллаж байгаа. Миний хувьд мөн гол дүрд нь тоглосон. Миний зураг киноны 95 хувьд нь орж байгаа.
-“Ларьдма” киноны таны бүтээсэн дүр их хүнд санагдсан. Танд энэ дүрийг бүтээхэд дарамттай санагдаагүй гэж үү?
-Энэ кинонд тоглож байхад би хөхүүл байсан. Дунд охин маань дөнгөж зургаа, долоон сартай л байлаа. Би сүүгээ сааж тавьчихаад гэрээсээ гараад өдөр зураг жоохон завсарлах юм бол гялс гэртээ очиж охиноо хөхүүлчихээд, буцаад л зургандаа явдаг байсан. Өглөө гэрээсээ сайхан энергитэй гараад өдөржин ажиллаад орой гэртээ орохдоо халуун дулаан уур амьсгалтайгаар орох хэрэгтэй. Тухайн дүрдээ хувирахын тулд ажлынхаа цаг дээр хийх хэрэгтэй. Ажил амьдралаа ялгаж байх ёстой шүү дээ. Тайзан дээр жүжигт тогловол бас өөр. Тухайн дүрдээ орох нь илүү. Тайзны урлаг, дэлгэцийн урлаг хоёр чинь маш өөр. Кино бол дандаа хэсэг хэсгээрээ тасдаж, үсэрч зургаа авдаг. Нэг бол эхлэлийг нь нэг бол төгсгөлийг нь гээд л зохиолын энд тэндээс нь зургийг нь авдаг болохоор дүрдээ хувирчихаад л суугаад байх шаардлага байхгүй. Тиймээс жүжигчин маш богино хугацаанд хувирах л чадвартай байх хэрэгтэй. 
-Ингэхэд хэдэн кинонд дүр бүтээчихэв. Кино бүтэх явцад өөрт тохиосон сонирхолтой зүйлсээсээ хуваалцаач?
-Би тоглосон кино болгондоо хайртай. Анх тоглож байсан үе, одоо тоглож байгаа үе тэс өөр. Одоо бол хамаагүй илүү туршлага хуримтлуулчихсан. Анх юугаа ч мэдэхгүй камерын өмнө гараад салгалж байсан. Тоглосон кинонуудаа тоолж үзвэл,  “Боолын гэрээ”, “Гэр” олон ангит кино, “Мөнгөний гахай”, “Хожлын нүүдэл”, “Цасан охин”, “Амьдрал төсөл”, “Гоёлын даашинз”, “Хоёр амь”, “Ларьдма”, “Амьдрал” гээд 10 кинонд тоглосон юм байна. Бүгд л өөр өөр дүр болохоор Пүүжээ харагдаад байхгүй. Аль болох өөрөөсөө зугтаж тоглохыг хичээдэг.
-Дэлгэцэнд бүтээхийг хүсч байгаа дүр бий юу?
-Тулаантай, тагнуулчтай тиймэрхүү дүрд тоглох юмсан гэж их хүсдэг байсан. /Инээв/ Гэхдээ манайх ийм төрлийн кино бүтээхэд техник, тоног төхөөрөмж жоохон дутагдалтай шүү дээ. 
-Урлагийн салбар бол хатуу, ялангуяа эмэгтэй хүний хувьд гэрийн эзэгтэйн ажлаа орхигдуулах талтай гээд жүжигчид ярьдаг. Таны хувьд урлагийн салбарт ажиллах ямар байдаг вэ?
-Зарим хүмүүс намайг ганц, хоёр кинонд тоглосон загвар өмсөгч гэж боддог юм шиг байна билээ. Би Соёл Урлагийн Их сургуулийг жүжигчний мэргэжлээр төгссөн. Тэгэхээр миний үндсэн мэргэжил бол жүжигчин юм. Сэтгүүлчээр төгсөөд ажлаа хийгээд явж байгаа тань шиг би бас сурсан мэргэжлийнхээ дагуу л ажиллаж байна. Түүнээс их хэцүү хүнд зүйл байхгүй. Зарим жүжигчид тэр хэсгийг авч байхад үнэхээр хэцүү байсан, маш их даарсан гэх мэтээр ярьдаг. Би тэгж ярих дургүй. Яагаад гэхээр дуртай зүйлээ хийж байна шүү дээ. Тухайн үед даарах, норох гэх янз бүрийн хүндрэлүүд тулгарч болно. Гэхдээ л тэнд маш сайхан аз жаргалыг мэдэрдэг. Тийм болохоор урлагийн хүн байх хэцүү гэдэг ярианд би дуртай биш. 
-“Хувьсал” продакшний тайзнаас таны жүжигчний карьер эхэлсэн билүү?
-2001-2005 онд Соёл Урлагийн Их сургуульд сураад 2005 оны хавар сургуулиа төгсөөд шууд “Хувьсал” продакшнд  ажилд орсон. Энд гурван жил ажилласан. Сургуулиа төгсөөд л ажилгүй болчихсон, одоо яах уу гэж байгаа хүүхдүүдийг бүгдийг нь аваад ажиллуулах газар ховор шүү дээ. Тийм болохоор “Хувьсал” продакшн бид нарт үнэхээр гайхалтай ажлын дадлага туршлагыг өгсөн, маш их зүйлийг заасан. Бид дандаа тайзны уран бүтээл хийдэг байсан. Олон гоё жүжгүүд тавьж, хөдөө орон нутагт бригадаар их ч явсан даа. 
-Түрүүн Иогийн багшаар ажиллаж байгаа гэж дурдсан. Иог гэдэг зүйл таны амьдралд хэзээнээс орж ирж, өөрт тань ямар өөрчлөлтийг авчирав?
-Зөв хэмнэлийг өөрийнхөө амьдралд хэвшүүлэхэд маш олон арга замууд байдаг шүү дээ. Эрүүл хоол, фитнесс, дасгал гэдэг шиг бас нэг зөв арга зам нь иог юм. Уян хатан, залуу байдал, бие сэтгэлийн тайвшрал, эрүүл мэнд гээд иогоор хичээллэхэд олон сайн тал бий. Дутагдалтай тал гэж байхгүй. Миний хувьд иогоор хичээллээд таван жил болж байна. Дунд охиноо төрүүлчихээд гэртээ сууж байхдаа хичээллэж эхэлсэн. Иогоор хичээллэж байгаад дахин жирэмслээд хүүгээ төрүүлсэн. Ингээд гурав дахь жилдээ багшийн эрх олгох курст суугаад сүүлийн хоёр жил багшилж байна.
-Хэдэн шавьтай болсон бэ?
-Яг тоолж үзээгүй. Гэхдээ манайх сар болгон шинэ элсэлт авдаг. Тэгэхээр урьд нь явж байсан хүмүүс маань явна, шинэ хүмүүс ч ирнэ. Ажлын бололцооноосоо хамаараад нэг хоёр сар явдаг хүмүүс ч байна.
-Зөндөө олон шавьтай болчихсон юм биш үү?
-Тийм. /инээв/
-Иог таны амьдралын хэв маягт хэр их өөрчлөлтийг авчирсан бэ?
-Амьдралд гарсан эерэг тал зөндөө байлгүй яахав. Гэртээ дасгалаа хийхэд хүүхдүүд бүгд дуурайгаад хийнэ. Нэг шинэ юм сурахаараа орой циркчин шиг бүгдэнд нь үзүүлдэг. Гол нь тойрон хүрээлж буй хүмүүс маань иогт уруу татагдаж, хичээллэж эхэлсэн. Энэ бол эерэг үлгэр дууриалал байхгүй юу. Иог сүүлийн гурван жилд их тархаж байгаа. Би хүмүүст санал болгохдоо эхлээд өөрийнхөө дотрыг сонсох ёстой гэдэг. Зарим хүмүүс иогийг удаан хэмнэлтэй, нойрны, надад тохирохгүй гэж үздэг. Тийм хүмүүст магадгүй фитнес, кросс зэрэг эрч хүчтэй дасгалууд таалагдаж магадгүй. Тэгэхээр хүн юм болгоныг үзэж, сорьж байгаад өөрийнхөө дотор хэмнэлээ мэдэх хэрэгтэй. 
-Иогоос өөр спортоор хичээллэдэг үү. Өөр хийх дуртай зүйлсийг тань сонирхоё?
-Би юм оёдог. Гар урлалд дуртай гэх үү дээ. 11 сар сууж байж нөхөртөө даалин оёж өгсөн. Одоо аяганы уут оёж байгаа.
-Арван нэгэн сарын турш оёсон даалин гэхээр сонирхолтой санагдаж байна?
-Би оёдолчин хүн биш шүү дээ. Тэгэхээр удсан байх. 10-12 төрлийн оёдлоор дөрвөн хүчтэнтэй даалингаа би 100 хувь өөрийн гараар урласан юм. 
-Танд кино болон клипний санал хэр их ирдэг вэ?
-Ирэх нь ирнэ. Хамгийн түрүүнд би зохиолыг нь уншиж үздэг. Жүжигчний хувьд надаас юу гарах уу, намайг яаж эвдэх үү гэдэг талаас нь харж үзнэ. Урьд нь тоглож үзээгүй дүрдээ ч юм уу, урьд нь ажиллаж үзээгүй мундаг найруулагчтай ажиллаж үзэх юмсан гэж бас боддог.
-Зар сурталчилгааны саналд өөрийг тань цензур тогтоодог гэж сонссон?
-Би аль болохоор чанартай зүйлийг хүмүүст өөрөөрөө дамжуулж хүргэхийн тулд эхлээд өөрөө тэр зүйлээ туршиж, хэрэглэж үздэг. Рекламд тоглосон тоогоо гүйцээх гээд ч юм уу, таван төгрөгийг чухалчлахыг хүсдэггүй. Зөв, чанартай, сайн зүйлийг хүргэе гэж боддог. Тийм болохоор надад ирсэн маш олон саналаас татгалздаг.
-Гурван хүүхдийн ээж болохоос гадна олон уран бүтээлд дүрээ мөнхөлж, загварын тайзнаа ч амжилттай явсан болохоор таныг би их хөдөлмөрч гэж хардаг шүү?
-30 нас хүртлээ би өөрийгөө маш сайн хөдөлмөрлөж чадсан гэж боддог. Гэрээсээ өглөө гараад л явчихдаг, заримдаа өдөр шөнөгүй ажилладаг байж. Ер нь урлагийнхан өдөр шөнөгүй ажиллана. Тэгээд дунд охиноо төрүүлээд гэртээ суухдаа би үнэхээр гоё амарсан. Гэртээ амрах ямар гоё юм бэ гэж мэдэрсэн. Одоо бол гэртээ байх их дуртай.
-Загварын тайзнаа дахиж алхахгүй гэсэн шийдвэр гаргасан байна билээ. Энэ тухайгаа сонирхуулбал?
-Би 1998 оноос хойш загвар өмссөн. Түүнээс хойш 20 жил өнгөрсөн байна. Ямартай ч 1998-2013 он хүртэл загвар өмссөн байна. Эдгээр жилүүд миний амьдралын хамгийн гоё үеүүдийн нэг байсан. Загвар өмсөөд тайзан дээр гарна гэдэг эмэгтэй хүний хувьд, гоо зүйн талаасаа ч гоё. Бусдад үлгэр дууриалал болно, сайхан хүмүүстэй хамтарч ажиллана гээд дандаа гоё зүйлийг сурталчилж сайн сайхан бүхнийг харуулж байна шүү дээ. Үнэхээр дурсамжтай он жилүүд байдаг. Гэхдээ аливаа зүйлд хугацаа бий. 40, 50 нас хүртлээ тайзан дээр алхаад байх хэрэггүй. Намайг гарч ирэх үед миний өмнөх үе тайзнаас бууж л байсан. Тайзан дээр байх үедээ би хангалттай карьераа хөөж, байх ёстой хэмжээндээ очсон. Тиймээс миний дараагийн үе гарч ирэхэд би буух ёстой. Амьдралын хүрд эргэж л  байдаг байхгүй юу. Дээрээс нь миний амьдралын зорилго өөр болсон. Цаашид миний анхаарал тавих зүйл өөрчлөгдөж байна шүү дээ. Тиймээс тэнд цаг зарцуулаад, загвар өмсөх гээд чичирч дайраад байх шаардлага надад байхгүй.
-Топ модель Э.Одгэрэл өнөөдрийг болтол загвар өмсөгчөөрөө ажиллаж байгаа байх аа?
-Өмсч байгаа. Гэхдээ хүн болгоны амьдрал, зорилго, мөрөөдөл өөр шүү дээ.
-Загварын тайзнаа анх хэдэн настайдаа гарч байв. Анх тайзан дээр гарч байсан дурсамжаасаа хуваалцаач?
-Долдугаар ангид байхдаа Хүүхдийн ордонд болсон Үнсгэлжин тэмцээнд оролцож анх загварын тайзнаа гарч байсан. Тэгээд л наймдугаар ангиасаа загварын дугуйланд явж эхэлсэн. Анх тайзан дээр гарахад өөдөөс гэрэл тусаад нүд гялбаад үзэгчид харагдахгүй, чих шуугиад, зүрхний цохилт чанга сонсогдоод яг л кинон дээр гардаг шиг байсан. Нүдээ гүйлгэж болохгүй юм байна гэх зэргээр өөрөө өөрийгөө дасгалжуулна. Тэгээд л тайзан дээр ахин дахин гараад ирэхээрээ биеэ барих байдал нь аажмаар арилж дадлага сууж эхэлсэн. 
-Тэр үед ангийн найз, үеийн нөхөд чинь юу хийж байв?
-Дунд сургуулийн хүүхдүүд болохоор хичээлдээ явчихаад үдээс хойш чөлөөт цагтай болж дугуйланд явах нь яваад л зарим нь гэр рүүгээ явдаг байсан байлгүй. 
-Зорилго?
-Хүний нас насаар зорилго өөрчлөгдөж байдаг. Дунд сургуульд байхдаа, оюутан байхдаа, ажил дээр гараад, гэр бүлтэй болоод, хүүхэдтэй болоод хүний амьдралын зорилго өөрчлөгдөж байдаг. Одоо бас нэгэн зорилготой л явна. Гэхдээ надад холливуудад гарна гэсэн зорилго байхгүй ээ. /Инээв/
-Та амьдралын юунаас хамгийн их баяр баясал, таашаал авдаг вэ?
-Хүн сэтгэл зовнилгүй, ямар нэгэн шаналалгүй, тайван байгаа үедээ л аз жаргалтай байдаг. Тайван мөч гэдэг хүнд их чухал шүү дээ. Түүнээс биш аз жаргалыг тэр холоос хайгаад байх шаардлагагүй. Аз жаргалтай амьдрал гэхээсээ илүү аз жаргалтай мөч гэж хамгийн их байдаг. 
-Монгол хүн шүү гээд бахархах, бардах, омогших үе байсан уу?
-Би 2001 онд Азийн топ модель шалгаруулах тэмцээнд орж байсан. Тэр үед бүх улсын бүсгүйчүүд үндэсний хувцсаа өмсөөд тайзан дээр гарахгүй юу. Тэгэхэд би үндэсний хувцсаараа бахархаж байсан. Тухайн үед би эрэгтэй модельтой хамт алхсан юм. Нөгөөх маань ноён, би Мандухай малгайтай хатан хувцастай тайзан дээр гарч байсан. Тэр үед үнэхээр сайхан байсан. Ер нь хаа ч явсан би Монгол гээд хэлэхэд бахархмаар байдаг.
-Ирээдүйд юу үлдээж, хэрхэн дуурсагдахыг хүсдэг вэ?
-Би дуурсагдах талаар боддоггүй. Зөв амьдрах юмсан, үр хүүхдүүдээ зөв хүмүүжүүлж сайн хүн болгох юмсан гэж л боддог доо. 
-Та Монголын үлгэр жишээ гялалзсан бүсгүйчүүдийн нэг шүү дээ. Их ажлын хажуугаар яаж өөрийгөө ийм сайхан байлгаж байна вэ?
-Чи өөрийгөө л арчлахгүй бол хэн ч “хүүе чи ингээчээ, тэгээчээ” гэж хажуунаас хэлдэггүй. Өөрөө л өөрийгөө арчлах хэрэгтэй. Үргэлж толинд харж байх хэрэгтэй шүү дээ. Эмэгтэй хүний сэтгэл гутрал юунаас үүддэг вэ гэхээр өмнө нь өөртөө таалагддаг байж байгаад магадгүй таргалалт ч юм уу, хүүхэд төрүүлээд өмнөх байдлаасаа өөрчлөгдсөн үед маш их гутарч эхэлдэг. Өөрөө өөрийгөө хүлээн зөвшөөрөхгүй байна шүү дээ. Тиймээс өөрийнхөө төлөө цаг зарцуулаад хөдөлмөрлөх хэрэгтэй. Энэ амьдралын төлөө ингэж яваад өөрийгөө ч гаргуунд нь хаяад зүтгэлээ гэж хүмүүс их ярьдаг. Битгий гаргуунд нь хая, чи л өөрөө өөртөө анхаарал хандуулах хэрэгтэй. Өөртөө бага ч гэсэн цаг гарга. Эрт босч бай, эрүүл мэндийнхээ төлөө юм уншиж, судла. Одоо цагт мэдээ мэдээллүүд харьцангуй элбэг болсон шүү дээ. Тийм болохоор идэвхтэй байж өөрөө өөрийнхөө эрүүл мэнд, гоо сайхны төлөө санаа тавьдаг байх хэрэгтэй. Түүнээс биш хүн болгоны бие махбодь, физилогийн онцлог өөр шүү дээ. Хүн болгон туранхай байх шаардлагагүй, эрүүл, өөртөө итгэлтэй байх нь хамгийн чухал юм.
-Төрсөн нутаг, аав, ээж гээд гэр бүлтэй нь танилцаж болох уу?
-Аав ээж маань одоо 70 насыг зооглоод энх тунх амьдарч байна. Би өөрийгөө их азтай гэж боддог. Өдий болтол аав ээжтэйгээ хамтдаа элэг бүтэн байна гэдэг сайхан зүйл. Аав Өвөрхангай аймгийнх, ээж Ховд аймгийнх. Би гурван хүүхэдтэйгээ, нөхөртэйгөө тавуулаа амьдардаг. Манай том охин дунд сургуулийн сурагч. Одоо есдүгээр ангид сурдаг. Дунд охин маань таван настай, бага хүү маань гурван настай. Хоёр бага маань хамт цэцэрлэгт явж байгаа.
-Гэр бүлээрээ хэр аялдаг вэ?
-Манай гэр бүл зуны улиралд заавал аялна. Хавар мал төллөх үед бид заавал хөдөө явдаг. Хүүхдүүддээ дөнгөж төллөсөн төл мал харуулна, уураг, цагаан идээ, шинэ хонины шөл уулгана. Монгол хүмүүс чинь Монгол ахуйгаа мэдэх хэрэгтэй. Хүүхдүүддээ дээл өмсүүлээд хөдөө орон нутгаар их явна. Зуны цагт заавал хөдөө аян замд гарч хагас сар шахам майхан бариад хээр хонож амардаг. Гэхдээ бидэнд үзээгүй газар зөндөө бий. Хотоос гараад явахад л байгаль маань биднийг гайхшруулж эхэлдэг. Хүн байгаль хүйн холбоотой гэдэг шиг хүн байгаль дээр гараад тайвширдаг. Хөдөө утас барихгүй, зурагт гарахгүй, хотод иддэг шиг зайрмаг, шоколад нь байхгүй учраас яг л бидний өвөг эцэг хэрхэн амьдардаг байсан түүн шиг сүүтэй цайгаа уугаад, боорцог, махаа идээд, сайхан ногоон тал, ус гол горхиндоо сэлээд л бөөн аз жаргал шүү дээ. 
-Ярилцлагын өмнө хоёулаа хилийн анги дээр очиж үзсэн гээд ярьж байсан яриагаа үргэлжлүүлэх үү. Хилийн анги танд ямар санагдав?
-Хэнтий, Дорнод, Сүхбаатарын нутгаар “Хувьсал” продакшний уран бүтээлчид маань бригадаар явж байсан. Тэгэхэд хилийн застав дээр очсон юм. Биднийг хилчид маш гоё хүлээж авч байсан нь одоо ч тод санагдаж байна. Ерөнхийдөө бид очиж танилцаад л буцсан. Тэр үед надад их хэцүү санагдсан шүү. Алслагдсан хил дээр гэр бүлээсээ хол Монгол Улсынхаа төлөө л тэнд байж байна шүү дээ. Мэдээж үүрэг даалгавар аваад хариуцлагатайгаар эх орныхоо төлөө хилээ манаж байгаа хүмүүсээр би маш их бахархсан. Биднийг явахад торойсоор үлдсэн хилчдийг хараад олон зүйл бодогдсон.
-Хилчид, хилийн застав гээд энэ бүхний талаар зурагт, радио, ном зохиолоос очиж үзээгүй хүмүүс нэг төсөөлөл авсан байдаг шүү дээ. Таны хувьд төсөөллөөс чинь хэр өөр байсан бэ?
-Хонож өнжөөд ч юм уу дотор нь орж амьдралыг нь мэдрээгүй, гаднаас нь харсан болохоор яг л бидний төсөөлдөг шиг эзгүй зэлүүд газарт холбоо, сүлжээнээс хол нэг тиймэрхүү санагдсан.
-Та бидэн шиг төрөл бүрийн мэргэжил эзэмшсэн эмэгтэйчүүд нөхрөө дагаад тэр алс хол застав дээр очоод мэргэжлээсээ тэс өөр ажил хийгээд л амьдарч байгаа. Хэрвээ таны нөхөр хил рүү томилогдвол та дагаад явж чадах уу?
-Чадна шүү. Надад хөдөө явах болгонд тийм бодол төрдөг. Ямар гоё тайван юм бэ. Ийм газар миний хайртай хүмүүс л надтай хамт байх юм бол хүн хаана ч амьдарч чадна. Хайртай хүмүүстэйгээ, нөхөртэйгээ, үр хүүхэдтэйгээ байх юм бол хилийн застав ч байна уу, хөдөө орон нутагт ч байна уу амьдрана шүү дээ. Үүнийг би маш итгэлтэйгээр хэлж чадна. Очоод даалгасан ажлыг нь “би хийхгүй ээ” гээд байх биш, хийж л таарна. 
-Хөдөө ер нь амьдарч үзсэн үү?
-Амьдарч үзээгүй ээ. Амралт зугаалгаар явж байхдаа бид айл бараадаад л бууна. Тэгээд өглөө босоод айлын эзэгтэйд туслаад үнээ мал саагаад л явна. Монгол хүн юм чинь чадалгүй яахав.
-Хилчдийнхээ өмнөөс тавьсан урилгыг маань уриалгахан хүлээж авсан танд баярлалаа.
-Нийт хилчиддээ хандаж хэлэхэд та бүхнээр маш их бахархдаг. Үнэхээр мундаг хүмүүс. Бид өнөөдөр өдөр тутмынхаа амьдралтай зууралдаад хотдоо, аймаг сумандаа тааваараа амьдарч байхад үр хүүхэд, аав ээжийгээ орхиод Монгол Улсынхаа төлөө гээд хилээ манаад зогсож байна гэдэг үнэхээр гайхалтай. Та бүхэн ямар нэг юмнаас хоцроогүй, ард иргэдийнхээ бахархал болоод байж байгаа хүмүүс шүү.
2018 оны 01 сарын 29 | Үзсэн : 43