Мэдээ :
Хуанли
Мэдээ, мэдээлэл » Ярилцлага
ЗАВХАН АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Д.БАТСАЙХАН: МАНАЙ ЦЭРГҮҮД ХИЙМОРЬЛОГ, НҮДЭНДЭЭ ГАЛТАЙ, НҮҮРЭНДЭЭ ЦОГТОЙ АЛБАА ХААЖ БАЙНА

Т.Жаргалханд

Увс, Завхан аймгийн Засаг дарга нар эх орныхоо торгон хил дээр эр цэргийн албаа хааж буй хөвгүүдээ эргэлээ. Хол газар явахад зүс таних нутгийн хүн тааралдахад бид хичнээн баярлаж, дотно хүлээж авдаг билээ. Аймгийн удирдлага, цэргийн штабынхан санаачилга гарган цэргүүдээ эргэж байгаа нь хугацаат цэргийн алба хаагчдад сэтгэлийн дэм өгсөн сайхан арга хэмжээ боллоо. Ийнхүү нэр нэгтэй хоёр даргыг ангид ажиллаж, цэргүүдээ эргэх үед нь цөөн хором ярилцлаа.

-Цэрэг эргэх ажлын гол зорилго, ач холбогдол юунд оршиж байна вэ?

-Завхан аймгийн Засаг дарга жил бүр цэргүүдээ эргэдэг уламжлалтай. Энэ жил цэрэг эргэх ажиллагаагаа Ховд аймгаас эхлүүлж, Баян-Өлгий, Увсын цэнхэр хязгаарт цэргийн алба хааж байгаа цэргүүдээ эргээд танай ангид хүрч ирлээ. Цэргийн алба хааж байгаа эрчүүдтэйгээ уулзах, тэдэндээ сэтгэлийн дэм өгөх, нутаг ус, ижий аавынх нь мэндийг хүргэх, эргээд цэргийн албаа амжилттай хааж байгаа цэргүүдийнхээ амжилтыг алдаршуулах,  мэндчилгээг нутгийн ард түмэндээ хүргэхэд энэ ажлын гол зорилго оршиж байна.

-Хилээр явж, хилчидтэйгээ уулзах үед төрсөн сэтгэгдэл?

-Хилчид биднийг их сайхан хүлээж авдаг. Жил бүр өөр өөр онцлог ажиглагддаг. Энэ жил Хилийн цэрэгт алба хааж байгаа залуус их сайхан жавхаалаг харагдаж байна. Ер нь хийморьлог, нүдэндээ галтай, нүүрэндээ цогтой, цэргийнхээ албыг сайн хааж байна. Цэргүүдийн хувьд өөр аймагт алба хаана гэдэг давуу талтай. Зөвхөн цэргийн эрдэмд суралцаж, төлөвшихөөс гадна тухайн аймаг, орон нутгийн соёл, хүн зоны хөдөлмөрч чанартай танилцаж, эргээд нутаг орондоо хэрэгтэй зүйлүүдийг олж авдаг онцлогтой.

-Цэргүүдээрээ бахархах сэтгэл төрж байв уу? Цэргийн алба хааж байгаа залуучууд маань энгийн байх үеэсээ хэрхэн өөрчлөгдөж вэ?

-Энэ жилийн хувьд “Тусгай салаа” олон ангит уран сайхны киноны гол дүрийн жүжигчин Эрдэнэбаяр буюу Дэндэв байлдагчийг урьсан. Цэрэг, эх оронч агуулга бүхий киноны гол дүр, жүжигчин, дуучин залууг цэргүүд маань баяртай хүлээж авлаа. Манай нэг цэрэг амралтгүй гар дээр 300 гаруй суниаж байна. Шөрмөс нь чангарч, бие нь хөгжсөн байдалтай харагдлаа. Мөн аймагтаа төрийн цэргийн байгууллагуудын дунд зохион байгуулагдсан марш тактик, спортын уралдаан тэмцээнүүдэд олон байлдагч алт, мөнгөн медаль хүртсэн амжилт үзүүлжээ. Бие даасан тайлан тоглолтоо хийсэн байлдагч ч байна. Шүлэг яруу найраг сонирхож бичдэг залуучууд нэмэгдсэн гээд ийм сайхан амжилтын мэдээтэй цэрэг эргэх ажиллагаа болж байна.

-Цэрэг эргэх ажиллагааг анх хэрхэн санаачилж, хэдэн оноос эхлүүлсэн бэ?

-Монгол Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын дэд дарга Я.Санжмятав Завхан аймгийн Засаг дарга байх үедээ цэрэг эргэх ажиллагааг анх санаачилсан. Түүнээс хойш үе үеийн Засаг дарга нар үргэлжлүүлж ес дэх жилдээ цэргээ эргэж байна. Миний хувьд гурван жил дараалан цэргүүдээ биечлэн эргэлээ.

-Хугацаат цэргийн албыг иргэн талаасаа дүгнэвэл?

-Одоо цагийн цэрэг нэг жилийн хугацаатай алба хаадаг учраас тааруухан гэсэн ойлголт ард иргэдийн дунд байдаг ч баруун хязгаарт алба хааж байгаа цэргүүдийн хувьд огт өөр. Миний хувьд Улаанбаатарт алба хааж байгаа цэргүүдийг хэд хэдэн удаа эргэж байсан. Тэдэнтэй харьцуулахад баруун хязгаарт алба хааж байгаа цэргүүд жинхэнэ эр цэргүүд болсон байна. Шалтгаан нь хөдөөгийн нөхцөлд албаа хаах нь ач холбогдолтой, тэд хөдөлмөрлөж, хөгжиж чадаж байна гэж харлаа. Батлан хамгаалах салбарт алба хааж байгаа цэргүүд их хөдөлмөрч болон төлөвшиж байна. Харин эх орны хил дээр алба хааж байгаа цэргүүдийн хувьд цагийн манаанд ээлжээр зогсч, нүд цавчих эрхгүйгээр дархан хилийг манаж байгаа гэдгээрээ хөдөлмөрч, тун завгүй байдаг. Түүнтэй холбоотойгоор сургалт бэлтгэл ч сайн байна.

-Хил хамгаалалтад туслах хүчний зөвлөл хилчид бидэнтэй үргэлж холбоотой ажиллаж, олон ажлыг маань дэмжиж ирсэн. Цаашид хилчдэд чиглэсэн ямар ажлуудыг хийхээр төлөвлөж байна вэ?

-Манай аймаг ОХУ-тай хиллэдэг. Хилчид маань Завхан аймгийн төдийгүй Монгол Улсын дархан хилийн манаанд зогсч байдаг учраас анхаарлын төвд байж, бид өөрсдийн боломж, бололцоогоор олон ажлууд дээр хамтран ажилладаг. Жил бүрийн арванхоёрдугаар сард ХХТХЗ-ийн хурал болдог. Хурал аймгийн ИТХ-ын өмнө зохион байгуулагддагаараа онцлогтой бөгөөд цаг үеэ олсон байдаг нь хилчдийн давуу тал, бас нэгэн менежмент гэж үздэг. Би хүмүүст, “Та нар Хилийн цэргийнхэн шиг цаг үеэ олж, санал хүсэлтээ тавиач” гэж хэлдэг. Мөн тавих гэж байгаа асуудлынхаа мөн чанарыг ойлгуулна гэдэг төсөв баталж, шийдвэр гаргаж байгаа түвшний хүмүүст их чухал. Сайн харилцаа, хамтын ажиллагаа зөв ойлголцлоос эхэлдэг. Тиймээс ХХБ-тай ойлголцол их ойрхон аливаа асуудлыг шийдэхэд дөхөмтэй байдаг. Энэ жилийн тухайд спорт заал барих асуудал шийдэгдсэн. Сумын хувьд ч гэсэн спорт заалны асуудал нэн тэргүүнд тавигдаж байна. Хилчдийг чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх нөхцөл бололцоог нь хангах, хилчид, ард иргэд хоорондын нөхөрсөг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх үүднээс Тэс сумын төвд шинэ спорт заал барихаар төлөвлөж, аймгийн Иргэдийн хурлаар 100 сая төгрөгийн эх үүсвэрийг баталсан байгаа. Мэдээж 100 сая төгрөгөөр энэ том объектыг барих хүнд учраас ХХБ-тайгаа хамтарч, хоёр талаасаа асуудлаа шийдье гэж ярьсан. ХХЕГ-ын Ар тал, Зэвсэглэл инженер, техник эрхэлсэн дэд дарга, бригадын генерал Х.Лхагвасүрэнтэй уулзсан. Утсаар ч ярьсан. “Дэм дэмэндээ, дээс эрчиндээ” гэдэг. Тал талаасаа дэмжиж спорт заалтай болгоё гэж зорьж байна.

й

2019 оны 04 сарын 05 | Үзсэн : 58