Мэдээ :
Хуанли
Мэдээ, мэдээлэл » Ярилцлага
УВС АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Д.БАТСАЙХАН: АЛБАА САЙН ХААЖ БАЙГАА ЦЭРГҮҮДЭЭРЭЭ БАХАРХАХ СЭТГЭЛ ТӨРЛӨӨ

Г.Болдсайхан

Увс, Завхан аймгийн Засаг дарга нар эх орныхоо торгон хил дээр эр цэргийн албаа хааж буй хөвгүүдээ эргэлээ. Хол газар явахад зүс таних нутгийн хүн тааралдахад бид хичнээн баярлаж, дотно хүлээж авдаг билээ. Аймгийн удирдлага, цэргийн штабынхан санаачилга гарган цэргүүдээ эргэж байгаа нь хугацаат цэргийн алба хаагчдад сэтгэлийн дэм өгсөн сайхан арга хэмжээ боллоо. Ийнхүү нэр нэгтэй хоёр даргыг ангид ажиллаж, цэргүүдээ эргэх үед нь цөөн хором ярилцлаа.

-Сайн байна уу? Юуны өмнө сэтгэгдлээ хуваалцахгүй юу?

-Сайн байна уу? Цэргүүдээ эргэх саналыг манай аймгийн цэргийн штабын дарга, дэд хурандаа Т.Тогтохбаяр тавьснаар 2018 оны дөрөвдүгээр сард анх удаа цэрэг эргэх ажлыг зохион байгуулж эхэлсэн. Нутгийнхаа цэргүүдтэй уулзаж, алба хааж буй байдал, байгаль, цаг уурын нөхцөлтэй танилцлаа. Тус ангийн хариуцан хамгаалж байгаа хэсэг эртний түүхтэй, байгаль, цаг уурын эрс тэс өөрчлөлттэй сайхан нутаг юм байна. Аймгийн удирдлага, цэргийн штабын хамт олныг эргэж ирэхэд цэргүүдийн сэтгэл нь сэргэдэг, аав, ээжтэйгээ уулзсан юм шиг болдог гэж нутгийн цэргүүд ярьж байсан. Тиймээс тус арга хэмжээ нь цэргийн алба хаагчдад сэтгэлийн дэм өгөх ач холбогдолтойг ойлгосон. Энэ жил хоёр дахь удаагаа цэрэг эргэх ажиллагааг зохион байгуулж байна. Цэргийн алба хаана гэдэг тэр тусмаа Хилийн цэрэгт алба хаана гэдэг нь бахархууштай сайхан зүйл. Манай аймгийн цэргүүд албаа нэр төртэй, сайн хааж байгаа нь бидний нүдэнд илт харагдаж байна.

-Цэргүүд хэр өнгөтэй байна вэ?

-Цэргүүдтэйгээ уулзахад их баярлаж байна. Бид Увс аймгийн Ойрад хөгжимт драммын театрын гоцлол дуучин МУСТА У.Баатар, МУСТА Н.Оюунмандах, залуу дуучин Б.Түвшинбаяр нарын уран бүтээлчидтэйгээ ирж, хилчид болон нутгийнхаа цэргүүдэд урлаг, уран сайхнаар үйлчиллээ. Цэргүүдийн маань сэтгэл хөөрч, бидэнд өөрсдийнхөө дуу, хуурыг өргөн барьсан. Цэргүүдтэйгээ уулзаж, тэдэнтэйгээ гэрэл зургаа авахуулж, ар гэр, эцэг эхээс нь явуулсан захидал, бэлгийг хүргэлээ. Энэ ажилд цэргүүдийн ар гэр мөн сэтгэл хангалуун байгаа. Бид цэргүүдтэйгээ уулзсан зураг, бичлэгийг Увс аймгийнхаа хэвлэл мэдээлэл, орон нутгийн телевизээр дамжуулж ар гэр, эцэг эхэд нь хүргэх болно. Энэ удаагийн цэрэг эргэх ажиллагаа сайхан боллоо.

-Сүүлийн жилүүдэд Увс аймаг улам бүр хөгжиж байна. Албаа хаагаад очсон залуучууд маань аймгийнхаа хөгжил дэвшил, бүтээн байгуулалтад хэрхэн гар бие оролцдог вэ?

-Хилийн 0277 дугаар анги Увс аймагтай салшгүй холбоотой. Тус ангид алба хаасан цэргийн тоо 3000 орчимд хүрч байна. Цэргүүд албаа хаагаад аймагтаа очиж, хөдөө аж ахуйн салбар болон бусад бүхий л салбарт маш амжилттай ажиллаж байгаа. Цэргийн амьдрал гэдэг эр хүнд тэсвэр тэвчээр, хатуужил, амьдралын арга ухааныг заадаг том сургууль. Тиймээс залуучууд маань цэргийн албанд сурсан мэдсэнээ эргээд ахуй амьдрал болон аймаг орон нутгийнхаа хөгжил, дэвшилд оруулж чаддаг.

-Увс аймагт хилийн хоёр ч анги үйл ажиллагаа явуулдаг.  Та аймгийн ХХТХЗ-ийн даргын хувьд хилээр явах үеийн нөхцөл байдлыг дүгнэвэл?

-Манай Увсын хилийн хариуцсан хэсгээр байгаль цаг уурын байдал хүндхэн. Хил дамнасан малын хулгай, хилийн зөрчлийн өрнөлт ихтэй. Манай аймгийн ХХТХЗ маш идэвхтэй ажилладаг. Саяхан хоёр хилийнхээ ангитай хамтарсан хуралдаанаа хийж, 2018 онд хийсэн ажлаа дүгнэж, ирэх онд хийх ажлынхаа төлөвлөгөөг баталсан. Бид аймаг орон нутгийнхаа төсвөөс хоёр хилийн ангидаа хөрөнгө оруулалт болон бүтээн байгуулалтын ажлууд дээр тусалж, дэмжиж, хамтарч ажилласаар ирсэн. Энэ онд ч гэсэн тодорхой ажлууд дээр хамтарч ажиллана.

-Завханы хилчидтэй уулзахад төрсөн сэтгэгдэл?

-Завханы хилчид хүйтэн, сэрүүн, өвөлдөө цас их унадаг хүнд нөхцөлд ажилладаг болох нь хамгийн түрүүнд харагдлаа. Ийм орчинд ажиллаж, хүнд нөхцлийг даван туулж, өмнөө тавьсан зорилго, эх орныхоо өмнө хүлээсэн үүргээ биелүүлж байна гэдэг энэ хамт олны бахархалтай үйл хэрэг. Ангийн удирдлага, хамт олон биднийг их сайхан халуун дотноор хүлээн авч, хилчид гэдэг ийм л нөхөрсөг гэдэг ойлголтыг надад өгч чадсан. Хамт олон, цэргүүдтэйгээ их ойр, дотно, аав, ээж, ар гэрийг нь орлож, чин сэтгэлээсээ ханддаг нь энэ хоёр жилийн цэрэг эргэлтийн хугацаанд харагдлаа.

-Баярлалаа. Ингээд ярилцлагын төгсгөлд эх оронч Тэс голоороо овоглосон Хилийн 0277 дугаар ангийн хилчдэд хандаж юу гэж хэлэх вэ?

-Хилчдээрээ юуны өмнө бахархаж байгааг хэлье. Танай ангийн хамт олны ажил үйлс өнгөтэй сайхан харагдаж байна. Мөн цэргүүд маань албаа амжилттай хаагаад сарын дараа халагдах гэж байна. Цэргүүдээ төв талбай дээрээ миний бие, цэргийн штабын хамт олон, ард иргэдтэйгээ урьд өмнөх шигээ тосон хүлээж авах болно.

 

2019 оны 04 сарын 09 | Үзсэн : 73