Мэдээ :
Хуанли
Мэдээ, мэдээлэл » Ярилцлага
АХЛАХ АХЛАГЧ С.ПҮРЭВЖАВ: ХИЛД АЖИЛЛАСАН 18 ЖИЛИЙН ХУГАЦААНД УХРАХ СЭТГЭЛ НАДАД ТӨРӨӨГҮЙ

Б.Алтанцэцэг

Эгэл даруу чанарыг миний бие хувьдаа хүндэтгэдэг. Хилчдээсээ олонтаа олж хардаг эрхэм чанар минь энэ юм. Хилийн 0277 дугаар ангийн 0205 дугаар салбарт ажиллахдаа ийм нэгэн эгэл даруухан атлаа албаа гэсэн дэндүү сэтгэлтэй ахлагчтай ярилцсан нь энэ билээ.

-Ангийн тэргүүний, ажилсаг ахлагчтай ярилцах гэж байгаагаа танайд орж ирээд мэдлээ. Өөрийгөө танилцуулаач?

-Миний бие Увс аймгийн Улаангом сумын харьяат. Ам бүл хоёр. Аравдугаар ангиа төгсөөд Улаангом коллежид элсэн суралцсан. 2001 онд Завхан аймагт хугацаат цэргийн албанд татагдан ирж, 2002 оноос гэрээт хилчин болон улмаар ахлагчаар улиран ажилласан. Гэрээт хилчний албанд анх есүүлээ орж байлаа. Ангийнхаа анхны гэрээт хилчид гэгдэх бид ийнхүү энэ сайхан анги, байгууллагатай ажил үйлсээ холбон долоо нь офицер болсон. Би энэ найзуудаараа бахархаж явдаг. Харин миний бие тэр цагаас хойш ангийнхаа бүх заставыг дамжин ажиллаж 2002 онд харуулын даргын курс, 2004 онд холбооны курсыг төгсөн холбоочин болсон. Холбоочноор таван жил, жагсаалын даргаар 10 дахь жилдээ ажиллаж байна. Хил хамгаалах байгууллагад нийт 18 жилийг үджээ. Энэ хугацаанд застав, харуулд хилчин ахлагчийн дамжих ёстой бүхий л албанд ажилласан. 

-Гэр бүлээ танилцуулахгүй юу?

-Би эхээс 13-уулаа. Айлын бага хүү. Бага насаа эмээ дээрээ өнгөрүүлсэн хайртай хүү нь. Манай ах, эгч бүгд хотод бий. Нутгаасаа 1997 онд аравдугаар ангиа төгсөөд гарснаас хойш Завханы хүн болсон. Энэ сайхан нутагтаа 18 дахь хаврыг угтаж байна. Манай гэр бүлийн хүн Завханы Баянтэс сумын харьяат. Нэрийг нь Б.Жаргалсайхан гэдэг. Бид ханилаад 13 жил болжээ. 

-Хил хамгаалах байгууллагад хугацаат цэргийн алба хаагч, гэрээт хилчнээс эхлүүлээд 18 жил ажиллалаа гэлээ. Таны хилчин болохыг хүссэн анхны сэтгэгдэл чухам юу байв?

-Хугацаат цэргийн албыг хаахдаа иргэний үүргээ биелүүлье л гэж анх бодсон. Харин дараа нь хилд дурласан сэтгэл минь эх орноороо бахархах, хайрлах үзэл болж хувирсан. Хилийн энэ шугамаас тэртээх Сүхийн талбай хүртэл миний эх орон бий. Энэ сайхан эх орноо хамгаалах эзэн нь би юм гэдгийг ойлгосон. Одоо ч гэсэн би энэ зүрх сэтгэлээсээ ухралгүй ажиллаж байна.

-Тэгвэл яг энэ үзэл бодлоо бусдад хуваалцдаг уу. Жишээлбэл хугацаат цэргийн алба хаагчдад?

-Хэлэлгүй яахав. Үнэнч шударга бай л гэдэг. Хамгийн гол нь чин сэтгэлээсээ аливаад хандах юм бол та бүхний халаасанд генералын мөрдэс ч бий шүү гэж хэлдэг. Албан үүрэг гүйцэтгэхдээ сонор сэрэмжтэй байж, бие сэтгэлээ албандаа зориулан, иргэний үүргээ нэр төртэй биелүүлээд нутаг орныхоо нэрийг өндөрт өргөж яваарай гэдэг. Бие бүрэлдэхүүн болон хугацаат цэргийн алба хаагчидтайгаа нүүр тулан ажиллаж, сайн сайхан амьдрах ажил үйлсийнх нь гарааг зөв чиглүүлэхэд аль болох тус дэм болохсон гэж хүсдэг дээ.

-Таныг “яриа муутай” байх гэж бодтол их сайхан ярьчихдаг хүн байна шүү дээ. Өмнө нь та “Эх орны манаа”сонинд ярилцлага өгч байв уу?

-Хил хамгаалах байгууллагын тэргүүний ахлагч нарын зөвлөгөөн 2012 онд болсон юм. Тэгэхэд ярилцлага өгсөн. Гэхдээ сонин дээр гараагүй. Би тааруухан ярьсан байх. /Урсах хөлсөө арчин инээв. Сур/

-Танай гэрийн жаазыг сонирхож байхад та удаа дараа шагнуулж байсан бололтой шүү?

-Аан тийм. Ганцхан би биш манай гэр бүлийн хүний шагнал бас олон бий. “Залуу үеэ сурган хүмүүжүүлэгч” гэх алдрыг манай хүнд хүртээсэн байна билээ. Ангийн бүсгүйчүүдийн цугларалтын үеэр үүнийг гардуулан өгсөн. Мөн гар урлалын үзэсгэлэнд манай заставын бүсгүйчүүд амжилттай оролцсон тул дурсамж хадгалуулсан нь энэ байна. Сая мартаар Хилчин эмэгтэйчүүдийн холбооны “Хүндэт тэмдэг”-ээр шагнуулсан гэсэн. Би 2010 онд цэрэг спортын олон төрөлтийн тэмцээний буудлагын төрөлд алтан медаль авч байлаа. 2018 оны тэргүүний эд хариуцагч, жагсаалын дарга болсон. Ийнхүү шагнагдахдаа Манжуур руу аялах эрх хүртэж аялаад ирсэн. Сайхан хот байна билээ. Гэртээ матрёшка авчирсан. Бас бус шагнал бий.

-Та ер нь өөрийгөө хэрхэн дайчлан ажилладаг вэ?

-Сурагч байхдаа бараг бүхий л төрлийн спортоор хичээллэдэг байлаа. Спортод ч дур сонирхолтой. Тиймээс ч анги, заставт зохиогддог спортын тэмцээн уралдаанд оролцдог. Сагсан болон гар бөмбөг, буудлагын төрлөөр авсан медалиуд бий. Өөрөө оролцохгүй байсан ч ингэж хий гэж чадахаараа зааж зөвлөдөг.

-Энэ хугацаанд таны амьдралд тохиолдсон сайхан зүйл олон байх?

-“Эх орны манаа” сонинд ярилцлага өгнө гэж зүүдэлж явсангүй. Мэдээж амьдралд дурсамжтай олон сайхан зүйл тохиолдож байсан. Албанаасаа шантрах зүйл харин тохиолдож байсангүй. Энэ хугацаанд зургаан ангийн захирагчийн нүүр үзсэн. Олон мундаг дарга нар манай ангийг удирдан ажиллаж байлаа. Заставын дарга нар гэвэл тоогоо алдсан. Эдгээр дарга нараас олон зүйлийг сурсан. 2008 онд ангийн тэргүүний холбоочин болоод маш их баярлаж байлаа. Миний амьдралд их урам зориг өгсөн шагнал байсан. 2013 онд тэргүүний жагсаалын дарга, 2017 онд ахиад тэргүүний жагсаалын дарга болсон. Хамт олон минь надад их итгэл найдвар хүлээлгэсээр ирсэнд талархдаг. Мөн хилчин хүн болсных цагийн байдал өгөгдөн хилийн зөрчил илрүүлэн саатуулж байсан үеүд санаанаас гардаггүй. 2006 онд ОХУ-ын талаас зургаан морьтон хоёр хэсэгт хуваагдан адуу тууж явсныг газар орон дээр нь саатуулж байв. 2013 онд хилийн дугаар заставын чиглэлээр гарсан зөрчлийг илрүүлэн саатуулахад гар бие оролцсон байдаг юм. Манай хариуцсан хэсгийн хилийн өрнөл нэг үеэ бодоход тайван болсон. Гэхдээ тайвширч болохгүй. Байнгын сонор сэрэмжтэй үүргээ гүйцэтгэж, хилийг амгалан тайван байлгах нь бидний зорилго.

-Олон сайхан ажил мэргэжил дундаас хилчин болсон бахархал гэвэл?

-Хилийн албаараа бахархахгүй байхын аргагүй. Бахархал хилчин хүн бүрт бий. Гэхдээ би ажиллаж байгаа хугацаандаа анги байгууллага, хамт олондоо өөрийн чадах зүйлээ зориулах юмсан гэж боддог. Хил дээр мандах нарны эрч энергиэр тэтгэгдэж, харуулын буйдхан байранд хэдэн цэргүүдтэйгээ үүрэг гүйцэтгэх нь миний жаргал. Цэргүүддээ ах хүний байр сууринаас хэлж чиглүүлэх нь миний үүрэг юм. Хүн хариуцаж байгаа ажилдаа хариуцлагатай хандахад болно гэж боддог.

-Та яг энэ сэтгэлээр санаачилж хэрэгжүүлсэн ажил байдаг уу?

-Хамгийн сүүлийн жишээ татахад хилийн дугаар харуулыг тохижуулсан юм. 2018 онд үлгэр жишээ харуул болгох санаачилга гарган хэрэгжүүлсэн нь энэ. Өөрийнхөө нөөц бололцоог дайчлахыг хүссэн. Байгалийн баялаг ашиглан дотоод орлого бүрдүүлж, шүүр хийж борлуулснаас гадна цалингаасаа нэмэрлэн хоёр сая гаруй төгрөгөөр тохижуулсан. Үүний дараа олон хилчид туршлага судлан, санал зөвлөмж хэлсэн. Энэ ажилдаа их урамшсан. Ажиллах хугацаандаа заставынхаа үзэмжийг сайжруулахыг зорьж байгаа. Мөн заставт халуун ус, хүнсний агуулах барихаар төлөвлөгдсөн. Энэ бүхэнд цэргийн тэтгэвэрт гарахаасаа өмнө хувь нэмрээ оруулан ажиллая гэж зорьж байна. Ингээд эх орныхоо дөрвөн зүг, найман зовхист нүд цавчилгүй хилээ хамгаалж байгаа нийт хилчиддээ “Эх орны манаа” сониноор дамжуулан эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

ГЭРГИЙ Б.ЖАРГАЛСАЙХАН:

-Миний бие тус заставын тогооч, талхчнаар ажилладаг. Хил хамгаалах байгууллагад 10 жил ажиллаж байгаа. Сүүлийн үед залуу сайхан охид ажилд орж байна. Тиймээс ч сурсан мэдсэнээ бусдад зааж өгье гэж боддог. “Цэргүүдийнхээ хоолыг сайхан амттай хийж өг. Хоол, талхыг нь амт чанартай хийхэд аяндаа болно. Хоол унд сайтай байж тэд албандаа зүтгэдэг юм” гэж хэлдэг. Манай цэргүүд цуйван, бууз, хуушууранд илүү дуртай. Миний хамгийн хийх дуртай хоол ч цуйван. Манай хүн албаа гэсэн дэндүү сэтгэлтэй. Өөрийнхөө амьдралыг хойш нь тавиад албаа л гэж зүтгэдэг. Тиймээс ч манай ангийнхан мэднэ. Бид хоёр Хилийн цэргээс амьдралын гараагаа эхэлсэн болохоор албандаа бүхнээ зориулья гэж боддог. Хил гэдэг тэр тусмаа застав гэдэг сайхан газар. Амралтаараа застав, хэдэн цэргүүдээ санан санан яаран ирдэг.

2019 оны 04 сарын 09 | Үзсэн : 74