Мэдээ :
Хуанли
Мэдээ, мэдээлэл » Ярилцлага
Би хилчин хүн буюу сахилгагүй Төөжгөө ахынд

Б.Алтанцэцэг

Сахилгагүй Төөжгөө ах гэх шинэ танилтай болсон тухай одоо өгүүлье. Хилийн 0277 дугаар ангийн туслах хүчний гишүүд дунд идэвхтэй, сэтгэлтэй, нөөлөгтэй нэгэн хүн бий. Тэр нь Хилийн 0292 дугаар салбарын хил хамгаалалтад туслах хүчний гишүүн Ц.Төмөрхуягийнх буюу хилчдийн танилцуулснаар бол Төөжгөө ахынх. "Хөгжилтэй, хөнгөн шингэн хөгшин байгаа очоод танилцаад мэднэ" гэж зам зуурт танилцуулав. Биднийг очиход мал ид төллөж буй цаг тул тэднийх бүгд хотондоо байлаа. Машин ирж зогсоход хотноос хамгийн түрүүнд гарч ирэн мэнд мэдсэн хүн бол өнөөх Төөжгөө ах байв. “Та хэдийг өглөө эртлэн урагш Эрдэнэ уулын чиглэлд гараад явчихаар нь манайхаар ирэхгүй юм байна гэж бодлоо. Тэгээд ах нь гоё хувцасаа тайлчихсан шүү дээ. Түүнээс хичнээн гоё байсан гэж санана. Нүүрээ гурав, дөрөв угаалаа” гээд галдаа мод хийв. Байгаа байдал нь хилчдийн ярьсан үнэн болохыг андашгүй хэлнэ. Энд тэнд "үсэрч" буун хөнгөн шингэн гэж жигтэйхэн. “Яадаг билээ, энэ гар бохир, за байж аяга байгаа уг нь” гэж дороо хэд эргэцээд сүүлдээ хөгшнөө дуудав. Гаднаас 50 гаран насны эгч, “За сайн явж байна уу? Хэдэн ямаатай ноцолдоод” гэсээр орж ирэв. Гэрийн эзэгтэйг Д.Пүрэвням гэдэг аж.

Ах энэ зуурт нэг зүйл хайн гэрийг манаргах нь хөөрөг гэнэ. Сүүлдээ ч эрэл мухардав бололтой гэрийн хүнээс асуув. “Эзэн нь юм аа мэдэхгүй бол би яаж мэдэхэв” гэсээр эгч галаа түлэн хөдөлсөнгүй. “Мэндийн шар зөрүүлчихвэл бүх асуудал болох гээд” гэсээр эрлээ цааш үргэлжлүүлэн авдраа онгично. Гэрийн эзэгтэй хүн амьтны хажууд энэ гэж зэмлэн зүг чиг гаргаж өгсний хүчинд цүнхний халаасанд хадгалсан хөөргөө ах хүү олов. Хөөргөө олж ёсыг гүйцээн санаа нь амарсан Төөжгөө ах, “Манай нутаг уул устай сайхан байгаа биз?” гэж биднээс асуув.

“Би ямаагаа сүүлийн үед сайн танихаа байлаа шүү. Өнөөдөр 17 ямаа ишиглэлээ. Та нарыг ирэхээс өмнөхөн энэ самган цэргийн баяр гэж биднийг баярлууллаа. Бууз жигнэн, салат хийж, бэлгэнд печень, тамхи өглөө. Дайны хажуугаар дажин гэгчээр сүүлдээ 13-даад дуусах шив дээ” гэхэд нь бид баахан инээлдэв. Гэрийн эзэгтэй, “Гүй ээ чи дуугай байгаач, хамаг тайлангаа тавиад” гэж гал дээр тос нэмж гэрээр дүүрэн инээд халгиав. Төөжгөө ах яаж дуугай байхав, “Хүн тайлангаа тавих хэрэгтэй. Дотор байгаа зүйлээ сайн ярьж байх хэрэгтэйм ш дээ” гэв. Би ч мэддэг, чаддагаа яриад өгье гэж байгаа хүнтэй жаахан хөөрөлдөхөөр дуу хураагчаа барин суулаа.  “Юм ярих чинь жинхэнэ миний хобби шүү дээ” гээд олзуурхан над руу дөхөн суув шүү.

Төөжгөө ах 1992 онд хилийн 0292 дугаар салбар байгуулагдахаас өмнө туслах хүчний гишүүн байжээ. Тус заставын суурийг тавилцсан байна. Эх орноо хамгаалах нь иргэн бүрийн үүрэг гэж тэрбээр үздэг. Үе үеийн дарга нар намайг бүгд мэднэ гэж толгой шидлэв. Аргагүй ингэж дүүхэлзэх шалтгаан түүнд бий. Тэрбээр хилчдэд уналгын мориор тусалж, олон жилийн өмнө бог малаасаа ч илүүчилж явсан нь бий гэнэ. Гэхдээ өгсний хариуд тус нэхэхийг тэрбээр хүсдэггүй. “Хилийн цэрэг, Увсын хэдэн цэрэг надад хариу нэхэхээргүй тус болсон. Үүнийг би мартахгүй” гэж дүгнэв.

“Би хоньчин биш хилчин байх ёстой хүн. Гэхдээ л би хилчин хүн. Хилийн дагуу 10 гаруй жил намаржлаа. Хэдэн хонио хаячихаад хил тал руугаа хяналт зохиож суух сайхан байдаг. Нэг удаа эргээд хонин дээрээ иртэл чононд авахуулчихсан байдаг байгаа. Хоёр ч удаа хонио ингэж чононд авахуулсан хүн шүү. Хонио биш хил рүүгээ хараад сууж байдаг учраас хилчид намайг хүндэлдэг юм” гэв. Хилчид ч Төөжгөө ах хилд элэгтэй хүн гэж ярьсан нь үнэн ажээ. Гурван жилийн цэргийн албыг хаасан нь түүнийг цэрэг, эх оронч болоход нөлөөлсөн гэж болно.

Хил тайван бус байсан нэлээд хэдэн жилийн өмнө хэрвээ эрх, үүрэг нь байдагсан бол хилчидтэй нийлээд малын хулгайч нартай тулахсан гэж боддог байж. Ингэж бодогдохоос ч өөр аргагүй. Тэднийх 2006 онд 56 тооны адуугаа алдаж байжээ. Тус багт адуугаа алдаагүй хоёр л айл үлдэж байсан гэнэ. “Дайн шиг цагийг бид үзсэн. Цаг үе ч хэцүү байв. Хэдэн малаа сахиж хонож байгаад л алддаг байлаа. Одоо ч цаг сайхан болжээ. Хилчдийн хараа хяналт ч сайжирсан” гэж цааш яриагаа ийн үргэлжлүүлэв.

“Манай нутагт угаас ХХТХГ-ийн оролцоо их чухал. Уул устай, модтой хангай газарт хил хамгаалалтыг зохион байгуулахад хүн хүч хэрэгтэй. Уг нь заставын дарга газар орноо овоо таньж эхэлж байтал сольчих юм. Заставын дарга хүн жаахан удаан тогтвортой ажиллавал илүү санагддаг. Чимэддорж гэх заставын дарга хамгийн удаан бараг арав гаруй жил ажиллаж чамгүй туршлага суусан шүү. Хил хамгаалах байгууллага ХХТХГ-ийг маш сайн ашиглаж мөн урамшуулж хамтрах шаардлагатай. Урамшуулах нь ажиллах хүч өгч буй явдал. Сүүлийн үед цуглуулах нь багасаад байна уу даа” гэв. Тэрбээр тэргүүний туслах хүчний гишүүнээр хоёр ч удаа шалгарч байжээ. Мөн “Хилийн төлөө” тэмдгээр шагнуулжээ. Гэхдээ тэрбээр Монгол Улсын иргэн хүний хувьд шагналтай, шагналгүй хилээ хамгаалах ёстой гэв. Төөжгөө ах идэвхтэй, хилдээ ойр элэгтэй хүний хувьд энд тэнд явахдаа хилчдийн дуу хоолой болж явсан нь олонтаа. Та нөхдийг амарч байхад тэд хилээ манаж байдаг юм гэж олонтой тулж байсан үе ч бий. Хамгийн сүүлд тэрбээр Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнагдаж төр засагтаа хөдөлмөрөө үнэлүүлжээ. Мөн 2016 онд “Алтан хурганы эзэн” гэх шагналыг хүртсэн нь гэрийн хойморт залсан харагдав.

Төөжгөө ах ажилсаг хүн. Одоогоос гучаад жилийн өмнө гэр бүл болохдоо тэднийх 50 толгой хүрэхгүй богтой байжээ. Дөрвөн жилийн дараа гурван зуу хүргэн өсгөн үржүүлсэн байна. Түүнээс хойш буянт мал нь өсч үржсээр буй. Аав ээжээсээ насны багад өнчирч дөрвөн дүүгийн том ах болсон тул архи ууж, тамхи татах "эрдэм"-ээс хол, ажилд ойр өссөн байна. Дөрвөн дүүгээ амьдралын захад хүргэж, таван хүүхдээ бүгдийг нь улсын их сургууль төгсгөн эрдэм боловсролтой хүмүүс болгожээ.

Төөжгөө ахынх Цагд-Уулт өвөлжөөнд 30 гаруй жил өвөлжиж байна. Тиймээс ч энэ нутгийн уул ус ариун дагшин, догшин ширүүн тул залууст байнга хэлж сануулж байдаг аж. Хэдэн цэргүүдэд сонгино малтав, тарвага агнав гэж байнга хэлж сануулна. Ийм оролдлого хийсэн нэгнийг нь лусын эзэн сохор, хэнийг ч үл ялгана, аав ээж чинь эх орон манаад ир гэсэн үү гэж зад зэмлэх үе ч бий. Хилчид, ХЦАХ-чид тэднийхээр бууж мордох дуртай. Өөрийн хүүхэд мэт санан ядарсан үед нь цай хоолоор дайлаад гаргадаг гэдгээ гэрийн эзэгтэй ярив. Нээрэн Төөжгөө ах ёстой элдэвтэй хүн. Хоёр ч номтой. Шүлэг тэрлэнэ. Нутаг усны түүхээс гадна, залууст сургамж болохоор нэгэн ном бичиж байгаа аж. Мөн найзууддаа зориулан элэглэл бичиж байгаа бөгөөд шог зураач А.Бат-Эрдэнээр зургийг нь зуруулахаар тохиролцжээ. Тиймээс хавар хэдэн элэглэлээ зургийнх нь хамт хонины махтайгаа аваад хот руу зорино гэлээ. Бас Зайгал сайхан нутгийнхаа зургийг авах дуртай. Зургийн аппарат аваад гарвал хонио хаяад л ан амьтны, сонин содон бүхний хойноос хөөчих гээд байдаг гэмтэй. Тэрбээр ийнхүү юм бүхнийг сонирхон шохоорхон байдаг нь яг л хүүхэд мэт сэтгэгдэл төрүүлнэ. Хүн үхэх нь үнэн учраас үр хүүхэддээ мэддэг чаддаг бүхнээ үлдээх ёстой гэж тэрбээр үздэг. Миний ганц зэвсэг болох дуу хураагчийг хараад үүн шиг нэг сайхан эдтэй болчихоод уулын аманд хэвтэж байгаад өөрөөсөө асуулт асуун хүссэнээрээ ярилцахыг хүсч буйгаа илэрхийлэв. Энэ хүсэл нь бүр нүдэнд илт харагдав. Төөжгөө ах ийм л өвөрмөц хүн.

“Би үхсэн цагт л эх орноо хамгаалж дуусна. Хилийн цэрэгтээ үхэн үхтэлээ тусална. Туслах хүчний гишүүн биш болсон ч тусалсаар байх болно. Хэрэгтэй зүйл байвал надаас ав, өөр хүнээс битгий гуй гэж энэ заставынхаа хэдэд хэлдэг юм. Би чинь хилчин хүн. Ардууд хилийн тухай мэдлэг муутай шал эргүү зүйл яриад дургүй хүргээд байдаг юм” гэж үнэн голоосоо дургүйцэн суудлаа займчив. Тэрбээр хурдан хөдөлгөөнтэй, дэвхэцсэн хүн. Нэг суурин дээрээ удаан тогтоно гэж үгүй. Ямар сайндаа л хилчид түүнийг шээж байхдаа хүртэл хөл нь хөдөлж байдаг гэж хошигнож байхав. Тиймээс ч хэт удаан хугацаанд нам суулгачихав уу даа гэж би дотроо бодхов. Би сүүлдээ ярилцлага өгч буй нэгэн болж, Төөжгөө ах эсрэгээрээ сэтгүүлч болж орхив. Намайг гоё юм яриач гэж яриа өдөн хөгжөөв. Энэ зуурт гэрийн хүн, “Чи наад яриагаа боль, холын улс хоол идэг” гэснээр бидний яриа өндөрлөв. Нээрээ л түүний хэлсэнчлэн бидний яриа дуусахгүй үргэлжлэх өндөр магадлалтай юм билээ. Төөжгөө ах өөрийгөө амны пигур сайтай, зальтай гэж тодорхойлж инээд хүргэв. Ер нь Төөжгөө ахынд саатах хугацаанд инээж баяссаар таарсан юм. Түүний ам сул байна гэж ер алга.

“Намайг гээд хүрэлцэн ирсэн та бүхэнд баярлалаа. Хүндэтгэл гэж ойлгож байна. Хилчдийн итгэл гэж ойлголоо” гэсээр “бие бурхан, хувцас чөтгөр” малаа төллүүлж байгаа юм гэж хэн намайг мэддэг юм гэсээр Төөжгөө ах хүрэн дээлээр гоён зургаа авахуулахад бэлдэв. Бид ч эгчийг адилхан дээлээ өмсчих гэсээр энэхүү зургийг дарсан билээ. Тэдний өвөлжөөнөөс зүүн урагш зүгт уулын орой дээр харуулын пост харагдана. Гэрийн эзэгтэй хилдээ дээжээ өргөж, Төөжгөө ах сэтгэлээ шингээн, хараа сунган хилээ маналцаж байна. Эх орноо, хилээ гэсэн олон зуун хил хамгаалалтад туслах хүчний гишүүдийн нэг сахилгагүй Төөжгөө ахдаа хилчдийнхээ өмнөөс баярлалаа гэж хэлье. Бас сайн сайхныг ерөөе.

2019 оны 04 сарын 09 | Үзсэн : 604