Мэдээ :
Хуанли
Мэдээ, мэдээлэл » Ярилцлага
ХҮНИЙ ИХ ЭМЧ, ХОШУУЧ Б.ШҮРЭН: ХУРХИРАХ БОЛ АМЬСГАЛ ТАСАЛДАХ ЭМГЭГ

Ярилцсан Я.МӨНХТУЯА

Нойр гэдэг нь шинжлэх ухааны хэллэгээр мэдрэлийн тогтолцооны амралт аж. Оросын нэрт сэтгэлзүйч, эрдэмтэн И.П.Павлов “Унтах гэдэг нь ажилдаа ядарч туйлдсандаа муужран унахыг хэлэх бус, уураг тархины мэдрэлийн олон сая эсүүдийг үхэхээс аварч бүх бие махбодийг хэт цочрол, мэдрэлийн ядаргаанаас хамгаалж байгаа явдал” гэж тодорхойлсон байдаг. Тэгвэл нойр, түүний эмгэгийн талаар ТТАХНЭ-ийн Сургалт эрдэм шинжилгээ хамтын ажиллагааны албаны дарга, хүний их эмч, хошууч Б.Шүрэнтэй ярилцлаа.

-Сайн байна уу? Танай эмнэлэгт шинээр нойрны төв бий болоод удаагүй байна.  Энэ төвөөс иргэд ямар үйлчилгээ авах боломжтой вэ?

-ТТАХНЭ нь Монголд анх удаа нойрны төвийг байгуулснаараа онцлогтой. Тус төв нь 2018 оны арваннэгдүгээр сард анхны нойрны бичлэгээ амжилттай хийсэн. Манай төвд нойрны асуудалтай буюу нойрны эмгэгтэй хүмүүс ирж үзүүлэх боломжтой. Нойрны өөрчлөлттэй хүмүүсийг мэргэжлийн эмч үзэж, нойрны лабораторт олон үйлдэлт багажаар оношилгоо хийнэ. Мөн төрөл бүрийн сорилуудыг хийдэг.  Хүмүүсийн дунд нойргүйдэл эсвэл хэт нойрсох шинж тэмдэг түлхүү илэрдэг. Тиймээс шөнийн цагаар унтаж байхад нь бүтэн найман цагийн турш энэхүү багажаараа бичлэг хийж илрэх эмгэгүүдийг тодорхойлдог. Мөн өдрийн цагаар хэт нойрмоглодог хүмүүсийн эмгэгүүдийг илрүүлэх зорилготой  сорил авдаг.

-Нойрны эмгэг юунаас болж үүсдэг вэ?

-Ямар эмгэг гэдгээсээ шалтгаалаад янз бүр. Тухайлбал, нойргүйдлийг анхдагч буюу хоёрдогч гэж ангилна. Анхдагч нойргүйдэл нь харьцангуй ховор илэрдэг. Анхдагч гэдэг нь шалтгаан тодорхойгүй гэсэн үг. Залуугаасаа нойр багатай явна гэж ярих хүмүүс олон байдаг шүү дээ. Тэдэнд дээрх шинжилгээг хийж үзэхэд ямар ч шалтгаан илэрдэггүй. Энэ бол анхдагчид орж байгаа юм. Гэхдээ ихэнх нойргүйдлийн 80-90 хувь нь хоёрдогчоор илэрдэг. Сэтгэл санаагаар унах, хэт их стресс ядаргаанд орох, ажлын ачаалал гэх мэт зүйлээс нойргүйдэл бий болдог. Нөгөө талаас янз бүрийн өвчин, бэртэл гэмтлээс хүчтэй өвдөлт мэдэрснээр хүн унтаж чадахгүй явсаар нойргүйдэлд өртдөг. Мөн хэт нойрмоглох эмгэг гэж байдаг. Мөн хоёр шалтгаантай. Нэгдүгээрт төрөлхийн гэж байна. Хоёрдугаарт шөнө унтаж чадаагүй хүн өдөр унтаад байна гэсэн үг. Мөн нойргүйдэл нь сэтгэцийн эмгэг, стрессийг үүсгэдэг. Нойргүй явахад бие организм хэвийн ажилладаггүй учир хүн сэтгэцийн өөрчлөлтөд ордог. Тиймээс нойргүйдэл болоод хэт их нойрсохын цаад шалтгааныг олно гэдэг хамгийн чухал юм.

-Нойрны эмгэгүүд ажлын онцлог болоод гадны ямар нэгэн хүчин зүйлээс үүсч болох уу?

-Болно. Нойр хойшлогдох хам шинж гэж бий. Энэ нь орчин үеийн залуучуудад их тохиолддог. Унтаж амрах цагаараа PC тоглох, сошиал ертөнцөд ихэнх цагаа үрдэг хүмүүс нойрны хэмнэлээ алдаж эхэлдэг. Мөн олон жил ээлжийн ажил хийсэн хүмүүс нойрны хэм алдагдах эмгэгт илүү өртдөг. Нойрны хэм алдагдаад ирэхээр хүний биед янз бүрийн өвчин эмгэг үүсч эхэлдэг.

-Нойрны хэм алдагдалтыг буцааж хэвийн байдалд оруулж болох уу?

-Нойр гэдэг тайлагдашгүй оньсого мэт зүйл. Нойргүйгээр хүн хэвийн ажиллаж, амьдрах, тэр ч бүү хэл амьд байх боломжгүй. Тиймээс нойр гэдэг хүний биологийн  хамгийн чухал хэрэгцээ. Нар мандах үед хүний нүдний харааны ойролцоо байдаг нэгэн төрлийн мэдрэгч эс гэрлийг мэдэрч өнчин тархинаас нойрсуулах дааврыг ялгаруулахаа больдог. Харин харанхуй болох үед нойрсуулах даавар ялгарч унтах дохио биед аяндаа ирдэг. Хүн өдөрт 16 цаг сэрүүн байдаг. Түүнээс илүү цаг сэрүүн явж болохгүй. Хэрвээ та өөрийн эргэн тойрноо сайн ажиглавал ургамал, амьтнаас эхлээд бүгд нар мандахад сэрж, нар жаргахад нойрсдог. Нойроо нөхөж чадахгүй удаан явснаар хоёрдогчоор үүсгэгддэг сэтгэцийн эмгэг, зүрхний шигдээс, тархи мэдрлийн өвчин үүсдэг. Тиймээс солигдсон нойр нөхөгдөж чадахгүй юм.

-Өдрийн цагаар гэнэт нойр хүрч ажлын идэвх, бүтээмж буурдаг. Үүнийг бид кофе уух төдийхнөөр шийддэг. Тэгвэл өөрөөр шийдвэрлэх арга бий юу?

-Энэ үедээ дуг хийх буюу цайны цагийн /15-20 минут/ унтах аргыг сонгоорой. Өдрийн цагаар ингэж амрах нь эрүүл байх нөхцлийг хангадаг. Мөн тархины ажиллах чадварыг нэмэгдүүлдэг. Гэхдээ тогтоосон минутаас хэтэрвэл сөрөг нөлөөтэй. 15-20 минут нь зүүрмэглэх нойрны нэгдүгээр үе гэсэн үг. Түүнээс хэтэрвэл дараагийн үе буюу гүн нойронд шилжчихнэ. Гүн нойронд шилжсэн үед сэрээхэд тархи бүрэн сэрж чаддаггүйгээс гадна ажлын бүтээмж буурдаг. Хилчиддээ зөвлөхөд шөнөдөө бүтэн нойроо авч чадаагүй тохиолдолд маргааш нь бага ч болов унтаж алдсан нойрны цагаа нөхөх хэрэгтэй. Харин өндөр настай  хүмүүс бүтэн шөнийн турш огт сэрэхгүй унтаж чаддаггүй. Тиймээс өдөртөө 20 минут амрахыг зөвлөж байна.

-Дээр дурдсан нойрны мөчлөгийн талаар илүү дэлгэрүүлэхгүй юу?

-Хүн 22.00-06.00 цаг хүртэл буюу өдөрт найман цаг унтах ёстой. Хүний унтах цаг наснаасаа хамаараад янз бүр. Нялх хүүхэд өдөрт 15-аас дээш цаг, өсвөр насныхан 10 цаг унтах ёстой. Харин хүн 60 наснаас дээш гараад ирэхээр унтах цаг нь нэгээр багасдаг. Нойр нь дотроо дөрвөн төрлийн мөчлөг буюу үетэй. Эхний үе буюу зүйрмэглэх үе. Энэ нь орондоо орсноос хойш 15 минутийн дараа явагдана. Хоёрдугаар үеийг хөнгөн нойрны, гуравдугаар үеийг гүн нойрсох үе гэнэ. Харин дөрөвдүгээр үед хүний нүдний алим нь хурдан хөдөлж эхэлдэг байна. Өөрөөр хэлбэл сэрэхийн өмнөх нойр гэсэн үг. Нойрны асуудалтай ихэнх хүмүүст гүн нойр  үүсдэггүй. Зөвхөн хөнгөн нойроор унтаад байдаг. Ингэж унтахад бие организм хэрэгтэй амин дэм, шим тэжээлээр хангагдаж чадахгүйд хүрдэг.

-Хурхирах гэдэг амьсгал тасалдах эмгэг гэж сонсч байсан?

-Хэт чанга хурхирдаг хүмүүс хамт унтаж байгаа хүмүүстээ маш их төвөг учруулдаг. Яагаад хурхирч байна вэ гэвэл унтаж байх үед амьсгал орох хоёр зам нь хоорондоо нийлж шүргэлцээд байгаа хэрэг юм. Шүргэлцэх хэмжээ нь ихсээд хугацаа нь хурдсах юм бол амьсгал тасалдаж ирдэг. Ийм зовиуртай хүмүүс ойр ойрхон сэрж маргааш өдөр нь мэдэгдэхүйц их ядарсан байдаг. Учир нь амьсгал олон удаа тасалдсанаар тархи хүчилтөрөгчийн дутагдалд ордог. Хурхирах нь жин ихтэй, нас өндөр хүмүүст элбэг тохиолдоно. Амьсгал тасалдах нь маш эрсдэлтэй.

-Үүнийг үүсгэж байгаа хүчин зүйл нь юу вэ?

-Мэдээж таргалалт буюу илүүдэл жин. Мөн төрөлхийн хамар, хоолойн булчингийн сулрал, залгиур хоолойн багтаамж багатай ч юмуу гүйлсэн булчирхай хэт том хүмүүст элбэг тохиолддог. Өөрөөр хэлбэл агаар орох зайд юу саад болж байгаа зүйлс нь эрсдэлт хүчин зүйлийг бий болгодог.

-Түргэн хугацаанд хэрхэн нойроо сэргээж болох вэ?

-Олон арга бий. Агаарт гарч, дасгал хөдөлгөөн хийж болно. Нойрмоглоод байна гэдэг нь тархины цусан хангамж буурсантай холбоотой. Хоол идсэний дараа нойр их хүрдэг. Энэ нь тархины цусан хангамж идсэн хоолыг боловсруулахын тулд ходоодонд очдог тул хүн нойрмоглож эхэлдэг. Тархины цусан хангамж багасаад ирэхээр цаанаасаа хүнд унтах дохио ирдэг.

-Уншигчдад та өөр юу гэж зөвлөх вэ?

-Манайд ирж эмчлүүлж байгаа хүмүүсийн дийлэнх нь нойргүйдэлд өртсөн байдаг. Тэд “Нойрны эм бичиж өгөөч. Сайхан унтмаар байна” гэх нь элбэг. Энэ нь хүмүүс нойрны эмгэгийн талаар өрөөсгөл ойлголттой явааг харуулж байна. Энэ чиглэлийн шинжлэх ухаан манай улсад хараахан хөгжиж амжаагүй байгаагийн илрэл. Нойрны эрүүл ахуй гэдэг зүйлийг сахих нь маш чухал. Эцэг эхчүүд багаас нь хүүхэддээ нойрны эрүүл ахуйг зөв сахиулж хэвшвэл ирээдүйд учрах эрсдэлээс хамгаалж болно. Эрүүл амьдрах энгийн хэрнээ эхний алхам нойрны эрүүл ахуй тул амралт, ачааллыг тэнцүүлж сурах нь чухал юм шүү.

 

2019 оны 04 сарын 18 | Үзсэн : 48