Мэдээ :
Хуанли
Мэдээ, мэдээлэл » Ярилцлага
ДЭД АХЛАГЧ Б.СҮХБАТ: ХИЛЧИД ТЭШҮҮРИЙН СПОРТОД АМЖИЛТ ГАРГАХ БОЛОМЖТОЙ

Г.МӨНХГЭРЭЛ

Монголын бүх ард түмний өвлийн спортын XV их наадамд хилчдээ төлөөлөн оролцож хоёрдугаар байр эзэлсэн Хилийн 0311 дүгээр ангийн Харуулын дарга, дэд ахлагч Б.Сүхбаттай ярилцсанаа хүргэе.

-Монголын олимп гэж нэрлэгддэг өвлийн спортын их наадамд амжилттай оролцож хилчдийнхээ нэрийг гаргасан танд баяр хүргэе. Ямар төрлүүдэд оролцож, амжилт гаргасан бэ?

-Баярлалаа. Дөрвөн жилд нэг удаа болдог Монголын бүх ард түмний өвлийн спортын XV их наадамд Хил хамгаалах ерөнхий газар, “Хилчин” спорт хороогоо төлөөлж гүйлтийн тэшүүр болон шорт трекийн төрөлд оролцож багийн дүнгээр хоёрдугаар байр эзэлж таван сая төгрөгөөр шагнууллаа. Мөн миний бие энэ хоёр төрөлдөө нийлбэр оноогоор спортын мастер цолны болзол хангасан.  

-Анх өвлийн их наадамд оролцох саналыг хэн гаргав, Хөвсгөлийн тамирчидтай хамт баг болж оролцсон гэсэн?

-“Хилчин” спорт хороонд өвлийн спортын их наадамд оролцох заавар ирж үүний дагуу тэшүүрийн төрөлд оролцох хүсэлтийг манай ангийн захирагч, хурандаа Г.Ган-Эрдэнэд гаргасан юм билээ. Багаа бүрдүүлэх хэрэг гарахад Хилийн 0257 дугаар ангийн захирагч, хурандаа Б.Батбаяр Хөвсгөл аймгийн шигшээ багийн тамирчидтай холбож өгсөн. Одоогоор Хил хамгаалах байгууллагад надаас өөр тэшүүрийн спортоор хичээллэдэг хүн байхгүй учраас Хөвсгөлийн спортын мастер цолтой гурван тамирчинтай хамт нэг баг болж оролцсон юм.

-ХСИС-ийн Харуулын дарга бэлтгэх дамжаанд суралцаж байхад чинь нэвтрүүлгийн яриа авч байснаа санаж байна. Өөрийгөө товч танилцуулахгүй юу?

-Би 2014 онд Хилийн 0151 дүгээр ангид хугацаат цэргийн албыг хаагаад өөрийн хүсэлтээр гэрээт цэргийн албанд орж гурван жил, зургаан сарын хугацаанд Хилийн 0257 дугаар ангид гэрээт хилчнээр ажилласан. Хилчин хүний амьдралын сайхны зах зухаас нь мэдэрсэн учраас ХСИС-ийн Харуулын дарга бэлтгэх дамжаанд орж, 2018 оны арванхоёрдугаар сард төгссөн. Улмаар Хилийн 0311 дүгээр ангид харуулын даргаар томилогдон ажиллаж байна.

-Тэгэхээр цэрэгт ирэхээсээ өмнө энэ спортоор хичээллэж байсан гэсэн үг үү?

-Тийм. Би Хөвсгөл аймгийн Улаан-Уул суманд төрж өссөн. Хүүхэд байхдаа голын мөсөн дээр гулгаж тоглодог байсан нь энэ спортоор хичээллэх гүүр болж 2006 оноос эхлэн найман жил бэлтгэл сургуулилт хийсэн. Цэрэгт явахаасаа өмнө 2014 оны спортын их наадамд оролцож багийн дүнгээр зургадугаар байр эзэлж байлаа.

-Тэшүүрийн спортоор хичээллэхэд хүндрэлтэй зүйл байдаг уу?

-Хүйтний улиралд дандаа гадаа бэлтгэл хийдэг ганцаарчилсан төрөл учраас тэсвэр тэвчээр их шаарддаг. Мөн манай орны байгаль цаг агаарын онцлогоос шалтгаалж цасан шуурга, хүйтэн салхи гэх мэт байгалийн үзэгдлүүд нөлөөлдөг. Гэхдээ техникээ зөв эзэмшээд эхлэхээр маш их хурдыг мэдэрдэг сайхан спорт шүү дээ.

-Манай улсад тэшүүрийн спортын хөгжил аль шатандаа явж байна?

-Манайд энэ спорт дөнгөж хөгжиж эхэлж байгаа. Сая болсон спортын их наадамд амжилттай оролцсон учраас Монголын тэшүүрийн холбооноос хилчдэд буюу Хилийн 0257 дугаар ангид 10 ширхэг тэшүүр, комбинзон хэрэглэлийг өгөхөөр болсон. Энэ нь бидэнд асар том боломж юм.

-Тэшүүрийн спорт улирлын чанартай шүү дээ. Байнгын бэлтгэл сургуулилтыг тасралтгүй хийх боломж байдаг уу?

-Хэдийгээр өвлийн спортын төрөл ч жилийн дөрвөн улиралд хичээллэх, бэлтгэл сургуулилтаа тасралтгүй хийх боломжтой. Өвлийн улиралд  болдог тэмцээнүүд дуусмагц хавар, зун, намрын улиралд дугуйт тэшүүрээр бэлтгэлээ хийдэг.

-Тамирчин хүнтэй уулзсаных цаашдын зорилгын тань талаар асуугаад яриагаа өндөрлөе?

-Хил хамгаалах байгууллагад тэшүүрийн спортыг хөгжүүлэх нь миний гол зорилго. Энэ тэмцээнээс гадна өөр олон тэмцээн уралдаан манай улсад зохион байгуулагддаг. Гэсэн ч тамирчны нөөцгүйгээс ихэвчлэн үлдэж хоцроод байдаг. Иймээс бэлтгэл сургуулилтаа байнга хийж, мэргэжлийн тамирчидтай болох хэрэгтэй байна.

2019 оны 04 сарын 19 | Үзсэн : 61