Мэдээ :
Хуанли
Мэдээ, мэдээлэл » Ярилцлага
ДЭД ТҮРҮҮЧ Ю.ДАМБА-ЮНГЭРЭН: АЛИВАА АСУУДЛЫН МӨН ЧАНАРЫГ ОЛОХ УХААНТАЙ БАЙХЫГ ЦЭРГИЙН АЛБА НАДАД ОЙЛГУУЛСАН

Д.БААСАНДОРЖ

Хилийн 0164 дүгээр ангийн Харуул хамгаалалтын застав 2019 он гарсаар улирал бүр шилдэг ХЦАХ-ыг шалгаруулж дүгнэдэг болсон билээ. Харуул хамгаалалтын үүрэг гүйцэтгэлт, цэрэгжилч, жагсаалч байдал, соёл олон нийтийн ажлын оролцоо, бүтээлч ажил гээд чамгүй олон номинациар шалгаруулдаг юм. 2019 оны нэгдүгээр улирлын “Шилдэг ХЦАХ”-аар аж ахуйн өрөөний эрхлэгч, дэд түрүүч Одонхүүгийн Дамба-Юнгэрэн бусдыгаа тэргүүлж шалгарлаа. Шүлэг бичих, сагс тоглох хоббитой түүнтэй товчхон ярилцсанаа уншигч танд хүргэе.

-Улсын хилийн дөрвөн зүг, найман зовхист үүрэг гүйцэтгэж байгаа хилчид түүний дотор үеийн залуусдаа өөрийгөө танилцуулахгүй юу?

-2016 онд Монголын үндэсний их сургуулийг Бизнесийн удирдлага мэргэжлээр төгсч, “Hi green international” компанид худалдааны зөвлөх, менежерээр ажилласан. Ингээд 2018 оны I ээлжээр цэрэгт татагдсан. Би үүнийг онцлон ярьж байгаа нь учиртай. Намайг цэрэгт явахаар шийдэх үед зарим нэг найз маань эсрэгээр зөвлөж байсан. Харин би шийдвэртээ үнэнч байж өөрийн саналаар цэрэгт ирсэн.

-Цэрэгт ирсэн шийдвэрийн чинь талаар сонсоход сайхан байна. Үндсэн хуулинд зааснаар иргэн бүр цэргийн алба хаах үүрэгтэй. Энэ үүргээ ухамсарладаггүй залуус олон байдаг шүү дээ?

-Харин тийм. Би үүнийг л хэлэх гээд байгаа юм. Дүү нартаа бид үлгэр дууриалал үзүүлэх хэрэгтэй. Анх цэргийн албанд ирэхэд айдастай байснаа нуухгүй. Биеийн тамир, хичээл дадлагын үеэр 18-тай дүү нараа гүйцэхгүй байх вий гэж бодсон. Өмнөх ээлжийн ХЦАХ-чид их сайхан тусалсан. Хэдий насаар дүү ч түрүүлж цэргийн амьдрал үзсэн гэдэг утгаараа хэлж зөвлөх нь хүртэл өөр шүү дээ. Тиймээс ч би 2018 оны II ээлжийн ХЦАХ-чиддаа хэлэхэд, “Албандаа өөрийн сэтгэлээ өгч, нэр төртэй хаах хэрэгтэй шүү” гэж зөвлөдөг. Ер нь залуучууд цэргийн алба хаах ёстой, албаа сайн хаахын төлөө хичээх ёстой гэж боддог.

-Та ангийнхаа 2019 оны нэгдүгээр улирлын “Шилдэг ХЦАХ”-аар шалгарсан шүү дээ. Мэдээж шилдэг дайчинд бусдад хүргэх үг, хийсэн ажил байгаа нь лавтай?

-“Бидний дунд шилдэг ХЦАХ шалгаруулж эхлэх юм байна. Түүнд өрсөлдөнө өө” гэж цэргүүд он гарангуут ярьж эхэлсэн. Миний хувьд аж ахуйн өрөөгөө бүрэн хариуцаж, эзэн нь болноо гэж бодсон. Түүнээс шилдгээр шалгарна гэж бодоогүй. Аливаа аж ахуйн өрөө нь ХЦАХ-дын өнгөтэй өөдтэй явах, хувцас, гутлаа цэвэрхэн өмсөх нөхцлийг бүрдүүлсэн байх ёстой. Бүтээлч байдлаар хандая гэсэн миний саналыг удирдлага бүрэн дэмжсэн. Ингээд өрөөндөө үс засах бүрэн хэрэглэл буюу үсний машин, нөмрөг, сам гээд бүх  зүйлээ шинэчилсэн. Нөхөддөө ч ариг гамтай хэрэглэхийг ойлгуулж чадсан.

-Найзууддаа англи хэл заадаг шүү дээ. Энэ тухайгаа яриач?

-ХЦАХ-дад англи хэлний хичээл ордог. Гадаад хэл сурья гэсэн цэрэг олон байдаг. Миний бие англи хэлний дунд шатны мэдлэгтэй. Тиймээс сурах эрмэлзэлтэй нөхөддөө үг зааж өгнө. “Бид нэг гэрийн хүүхдүүд шүү” гэж бусаддаа хэлдэг. Сайн, муугаа хамтдаа шийдвэрлэж, тулгамдсан асуудлаа ч хамтдаа даван гарах ёстой.

-Халагдаад юу хийх вэ. Зорилго тань нууц биш бол?

-Юу нь нууц байхав дээ. Халагдаад юуны түрүүнд мэргэжлээрээ ажиллана. Улам туршлагажиж дадлагажихыг хүсч байна. Ажлын байр байгаа. Өөрийн гэсэн бизнестэй болох зорилго бий. Танд харин нэг нууцаа хэлчих үү.

-Тэг л дээ. Сонсьё?

-Би өмнө нь ажил эрхэлж байхдаа ингээд л цалингаас цалингийн хооронд яваад байж болно гэж боддог байлаа. Харин цэрэгт ирээд хатуужил сууж, үг сонсч сурсан. Менежерээр ажиллаж байхдаа өөрийгөө болж байна, чадаж байна л гэж үздэг байв. Тийм нэг өөртөө хийсвэр дүгнэлт хийчихсэн явж байж... Гэхдээ одоо бол өөр. Аливаа юмны учрыг олохдоо өнгөцхөн дүгнэлт хийх биш, мөн чанарыг олох ухаантай байх ёстой. Үүнийг л цэрэгт ирээд ойлгож авлаа.

-XX зуунд гурван удаагийн дайн, байлдаанд оролцож, тусгаар тогтнолын төлөөх тэмцэлд гавьяа байгуулсан Хилийн 0164 дүгээр ангийн түүхт 80 жилийн ой тохиож байна. Мартагдашгүй сайхан дурсамжийг үлдээсэн байх?

-Ойн баярынхаа өмнө халагдаж байгаадаа харамсаж байна. Гэхдээ биднийг алба хаах үед ойн баярын бэлтгэл ажил ид өрнөсөн. Одоо ч үргэлжилж байна. Ойн арга хэмжээндээ ирж оролцоно. Анх цэргийн албанд татагдан ирээд цэрэг хувцсаа өмсч байсан тэр мэдрэмж, захны даавуугаа хадах гээд зүүгээр хурууны өндгөө хатгаж байсан үе, манаанд зогсч байсан өдрүүд дурсамж болон үлдэх болно. Энэ дурсамж нь давхар эх орноо хайрлах сэтгэл тээсэн юм. Ярилцлагын эхэнд та дөрвөн зүг, найман зовхист үүрэг гүйцэтгэж байгаа хилчид гэж хэлсэн. Би ч бас энэ үгийг хэлмээр байна. Ингээд эх орны дөрвөн зүг, найман зовхист үүрэг гүйцэтгэж байгаа хилчид, халдашгүй дархан хилээ нүд цавчилгүй хамгаалж байгаа дайчин нөхөддөө сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

 

2019 оны 05 сарын 01 | Үзсэн : 42