Мэдээ :
Хуанли
Мэдээ, мэдээлэл » Ярилцлага
СОНСОГЧ А.ХҮРЭЛЦООЖ: НАДАД ТАВАН САЯ ТӨГРӨГНИЙ МӨНГӨН ДЭВСГЭРТ БИЙ

М.УРАНБАЙГАЛЬ

-Өөрийгөө танилцуулаач?

-Дотоод хэргийн их сургуулийн Хилийн сургуульд хилийн албаны ажилтан мэргэжлээр гуравдугаар дамжаанд суралцдаг.

-Яагаад хилчин гэх мэргэжлийг сонгон суралцаж байна вэ?

-Миний аавыг М.Алтансүх гэдэг. Аав минь Хилийн 0243 дугаар ангид ажиллаж байгаад дэд хурандаа цолтой чөлөөндөө гарсан. Багасаа хилийн заставын амьдралыг мэднэ. Тиймээс хилийн амьдрал илүү ойр санагддаг.

-Өөрийн хоббигоо сонирхуулаач?

-Би зургаан жилийн өмнөөс цаасан мөнгө цуглуулж эхэлсэн. Өнөөдөр надад 100 гаруй орны 150 цаасан мөнгө байна. Үүнийг монгол мөнгөөр үнэлвэл таван сая гаруй төгрөг болох юм.

-Яагаад заавал цаасан мөнгө цуглуулах болсон бэ?

-Анх надад оросын рубль, хятадын юань байсан. Мөнгөн дэвсгэрт гэдэг их сонирхолтой. Тухайн улсынхаа түүх соёл, онцлогийг харуулсан байдаг. Хичнээн жил өнгөрсөн ч үнэ цэнээ алддаггүй гэдэг утгаараа их таалагдсан.

-Хамгийн үнэтэй мөнгөн дэвсгэрт нь?

-Цуглуулганаас маань хамгийн үнэтэй нь 100 гаруй мянган төгрөгөөр үнэлэгдэх Вьетнам улсын донг гэх мөнгөн дэвсгэрт байна. Энэ мөнгийг манай танил ах надад бэлэглэсэн юм.

-Хамгийн дурсгалтай мөнгөн дэвсгэрт аль нь вэ?

-Аав минь Бүгд Найрамдах Өмнөд Судан улсад энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгээд ирэхдээ надад авчирч өгсөн мөнгөн дэвсгэрт бий.

-Цуглуулган дунд чинь Монгол Улсын мөнгөн дэвсгэрт бас нэлээдгүй харагдаж байна?

-Тийм ээ. Мөнгө, төгрөг байх үеийн дэвсгэртүүд байгаа. Эднийг би Монгол банкны худалдаанаас авч байсан юм. Гэхдээ таарсан бүхнээ цуглуулахгүй. Энд байгаа 20.000 төгрөг гэхэд серийн дугаар нь урдаас нь харахад 947 хойноос нь харахад мөн 947 гэж уншигдана. Тэгэхээр үүнийг зарлаа гэхэд 20.000-аар биш 50.000-аар худалдана гэсэн үг.

-Хоббигоо өргөжүүлэхэд эдийн засгийн хувьд хүндрэлтэй юу?

-Аав, ээжийн өгсөн хэрэглээний мөнгөө хэмнэж байгаад хоббигоо өргөжүүлэхэд зарцуулдаг. Бас найзууд, хамаатны ах, эгч бэлэглэнэ. Нэгэнт эхлүүлчихсэн хобби болохоор цаашид өргөжих нь тодорхой. Мөн манай сургуулийн хилийн албаны тэнхмийн багш, хошууч Мөнгөнбагана “Цуглуулагч” клубыг ажиллуулдаг. Манай клубт хэд хэдэн цаасан мөнгө цуглуулдаг сонсогч бий. Бид өөрт илүү байгаагаа хоорондоо солилцоно. Энэ мэтчилэн янз бүрийн аргаар цуглуулдаг.

-Аль улсын мөнгөн дэвсгэртийг олж авмаар байна вэ?

-Би алс холын Африкийн зарим улсын мөнгөн дэвсгэртийг л олж авмаар байна.

-Цуглуулганд чинь өвөрмөц сонин өөр ямар мөнгөн дэвсгэрт байна вэ?

-Антарктидын доллар гэж байна. Гэхдээ энэ гүйлгээнд гараагүй. Мөн ОХУ өвлийн олимпийн үеэр гаргаж байсан 100 рубль байна.

-Мөнгөн дэвсгэрт бүр өөрийн улс орны онцлог, түүх, соёлыг харуулдаг гэсэн шүү дээ. Чамд хамгийн сонирхолтой санагддаг мөнгөн дэвсгэрт бий юу?

-Бразил улсын мөнгөн дэвсгэрт байна. Бусад улсын мөнгөн дэвсгэрт бүр дээр эртний хаад, алдартай хүмүүс нь байдаг. Гэтэл уг дэвсгэрт дээр микроскопны зураг тавьсан нь сонин санагддаг.

-Хүн бүрийн хобби янз бүр шүү дээ. Цаасан мөнгө цуглуулахын сайхан нь юу вэ?

-Мөнгө хэзээ ч үнэ цэнээ алддаггүй. Гэхдээ би ямар нэгэн байдлаар зарж үрэх гэж цуглуулдаггүй. Маш олон хавтастай ийм мөнгөн дэвсгэрттэй болчихоод түүнийгээ үзээд сууж байх нь миний мөрөөдөл. Хүмүүс зарчих гэж л байдаг. Гэхдээ хүн өөрийн гэсэн цуглуулдаг, сонирхдог зүйлтэй байх нь мөнгөнөөс илүү хамгийн сайхан.

 

2019 оны 05 сарын 08 | Үзсэн : 736