Мэдээ :
Хуанли
Мэдээ, мэдээлэл » Ярилцлага
АХЛАХ АХЛАГЧ С.ОТГОНЦЭЦЭГ: АЛГА ТАШИЛТ, ЦЭЦГИЙН БАГЛАА, УРАМ ХАЙРЛАСАН ҮГСЭЭР ХАЛГИСАН ТОГЛОЛТ БАЙЛАА

М.УРАНБАЙГАЛЬ

 

Хилийн 0184 дүгээр ангийн хөгжимчин, МУСТА, ахлах ахлагч С.Отгонцэцэг “Ялалтанд өргөх миний аялгуу” тоглолтоо тавдугаар сарын 04-ний өдөр МҮЭСТО-д хийсэн юм. Тоглолтын талаар дуучин бүсгүйгээс тодрууллаа.

-“Ялалтанд өргөх миний аялгуу” тоглолт сайхан болж өнгөрлөө. Баяр хүргэе?

-Баярлалаа. Тоглолтын нэрний хувьд энэ жил Халх голын дайны ялалтын 80 жилийн ойн баяр тохиолдож байна. Мөн цаг хугацааны хувьд ялалтын баяр таарлаа. Би өөрөө цэргийн хүн учир тоглолтоо ийнхүү нэрлэсэн. Тоглолт маань танхим дүүрэн үзэгчтэй, халуун дулаан уур амьсгал бүрдсэн, үзэгчид сандлаасаа өндөлзсөн баяр хөөр дүүрэн сайхан  тоглолт боллоо.

-Таны анхны бие даасан уран бүтээлийн тайлан тоглолт уу?

-Тиймээ, энэ удаагийн тоглолт анхны том хэмжээний тоглолт байлаа. 2014 онд Булган аймгийн Тэшиг суманд “Хилчин заяа”, 2019 оны дөрөвдүгээр сард Сүхбаатар аймгийн Онгон, Наран, Баяндэлгэр сумдад “Сэтгэлээс урсах аялгуу” бие даасан тоглолтоо хийсэн.

-Тоглолтод ямар уран бүтээлчид оролцсон бэ?

-Тоглолтод Буриад улсын ардын жүжигчин, МУГЖ Д.Долгормаа, МУГЖ Б.Батбаатар, МУСТА Б.Баярсайхан, Н.Мөнгөншагай, Б.Болдбаатар,  ХЦДБЧ-ын бүжигчид, Хилийн 0151, 0164 дүгээр ангийн үлээвэр найрал хөгжмийн удирдаач МУСТА, хошууч Д.Отгонтогтоол, Хилийн 0184 дүгээр ангийн МУСТА, ахлах дэслэгч Б.Батжаргал, хөгжимчин, ахлах ахлагч М.Мандухай нар оролцсон. Мөн миний хань, охин хоёр ээжтэйгээ хамтран дуулсан нь үзэгчдийн сэтгэлийг их хөдөлгөсөн.

-Тоглолтын бэлтгэлийг хэр хугацаанд хийв?

-Бэлтгэлийг ХЦДБЧ, Хилийн 0151, 0164 дүгээр ангид хийсэн. Боломж олгон бэлтгэл хийх нөхцөл бололцоогоор хангасан ангийн удирдлага хамт олондоо энэ завшааныг ашиглаад баярлалаа гэж хэлье.

-Таны хувьд Хил хамгаалах байгууллагад хэзээ, хэрхэн хөл тавьж байв?

-Би СУИС-ийг хөгжмийн багш мэргэжлээр төгссөн. Сургуулиа төгсөөд 2000 онд Хилийн  0245  дугаар ангийн дугаар заставт соёл амралтын танхимын эрхлэгчээр ажиллаж байлаа. Ханийгаа дагаж, хилчин бүсгүйн амьдралаар замнан Хилийн 0286, 0306, 0151 дүгээр ангиудад холбооны оператор, хөгжимчин, хөгжмийн даргаар ажилласан. Одоо Хилийн 0184 дүгээр ангид хөгжимчнөөр ажиллаж байна.

-Цаашдын уран бүтээлийн зорилго, төлөвлөгөөгөө сонирхуулаач?

-Би Увс аймгийн Давст суманд төрсөн. Тайлан тоглолтынхоо өмнө тэнгэрийн оронд буй аав, ээждээ зориулан хоёр уран бүтээл гаргасан. МУУГЗ Д.Цэцэрлэгийн хөгжим өөрийнхөө шүлгээр бүтсэн “Миний хоёр шүтээн”, МУУГЗ Д.Цэцэрлэгийн хөгжим, яруу найрагч Х.Энхсайханы шүлэг “Ээждээ очино доо” дуунуудыг шинээр дууллаа. Эдгээр дуундаа клип хийхээр төлөвлөж байна. Зун зургаан сард нутагтаа очиж клипнийхээ дүрсийг авахаар төлөвлөж байгаа.

 

 

2019 оны 05 сарын 05 | Үзсэн : 18