Мэдээ :
Хуанли
Мэдээ, мэдээлэл » Ярилцлага
ДЭСЛЭГЧ Ц.ХИЛЧИН: БИ ААВЫНХАА НЭРИЙГ ӨРГӨЖ, ЭЭЖИЙНХЭЭ АЧИЙГ ХАРИУЛАХААР ХИЧЭЭН СУРАЛЦСАН

М.УРАНБАЙГАЛЬ

Цахим хуудаснаа нийтлэгдсэн нэгэн сайхан мэдээллийг олж уншив. Тэрхүү мэдээлэлд “ОХУ-ын Курган хот дахь Хилийн сургуулийн тусгай факультет байгуулагдсанаас хойш анх удаа монгол залуу алтан медаль, улаан дипломтой төгслөө” хэмээн бичжээ. Энэ бол хилчдийн бахархал. Хилчдийн нэрийг өндөрт өргөсөн цахим ертөнцийн гол баатрынхаа эрэлд гарав. Түүнийг дэслэгч Ц.Хилчин гэдэг. Тэрбээр 2018 онд сургуулиа төгсөөд Хилийн 0245 дугаар ангийн Хилийн албаны тасагт орчуулагчаар томилогдон ажиллаж байна. Ингээд түүнтэй холбогдон цөөн асуултад хариулт авсан юм. 

 

-Юуны өмнө өөрийгөө манай уншигчдад танилцуулахгүй юу?

-Би 1993 онд Улаанбаатар хотод төрсөн. Манай аавыг Л.Цэрэндагва гэдэг. Бэлтгэл ахлах ахлагч цолтой. Би эхээс наймуулаа. Миний ихэрийг Мөнхцэцэг гэдэг. 2011 онд БГД-ийн Ерөнхий боловсролын 19 дүгээр сургуулийг төгсөөд 2012 оны нэгдүгээр ээлжээр Хилийн 0151 дүгээр ангид хугацаат цэргийн алба хаасан. Ингээд 2013-2018 онд ОХУ-ын Курган хотын Хилийн сургуулийн тусгай факультетад суралцаж төгссөн.

-Танай удамд аавынхаа хилчин удмыг залгасан өөр хүн бий юу?

-Манай аав, ээж хоёр 1976 оноос хойш Хилийн 0129, 0151 дүгээр ангид ажиллаж байсан. Аав минь жолоочоор ажиллаж байгаад 2004 онд, ээж сувилагчаар ажиллаж байгаад 2012 онд Хилийн 0151 дүгээр ангиас тэтгэвэртээ гарсан. Аавынхаа хилчин удмыг гэрээсээ ганцаараа залгамжилж байгаа.

-Яагаад хилчин болохоор шийдсэн юм бэ?

-Аав минь намайг хилчин болоосой гэж бодоод Хилчин гэх нэрийг хайрласан юм болов уу. Мөн аав минь хилчин хүн өглөөний мандах нарыг хамгийн түрүүнд тосдог азтай хүмүүс гэж байнга ярьдаг. Багаасаа хилийн амьдралыг мэдэх болохоор эх орноо хамгаалахын утга учир, сайхныг мэдэрсэн тул энэ замыг сонгосон. 

-Таныг ОХУ-ын Курган хот дахь Хилийн сургуулийн тусгай факультетийг онц дүнтэй, улаан дипломтой төгссөн гэх мэдээллийг олж уншсан?

-Тийм ээ. Тус сургуулийн тусгай факультет 2004 онд анх байгуулагдсан байдаг. Тэрнээс хойш есөн төгсөлт хийхэд би анх удаа улаан диплом, алтан медальтай төгссөн. Манай сургуульд биднийг овгоор минь дууддаг. Тиймээс аавынхаа нэрийг өндөрт өргөж явахаар хичээж суралцсан. Хүн нэрээ тогос өдөө гэдэг шүү дээ. Хамт суралцаж байсан найзууд маань ч намайг их дэмжсэн. Тэднийхээ ачаар би улаан дипломтой төгссөн.

-Маш их хичээж суралцсан нь лавтай. Анх орос хэл мэддэг байв уу?

-2013 онд Хууль сахиулах их сургууль /одоогийн ДХИС/-ийн орос хэлний бэлтгэл ангид сурсан. Ахмад Н.Сайнаа багш бидэнд орос хэлийг анх зааж өгсөн. Биднийг орой бүр илүү цагаар суулгаж, шинэ үг цээжлүүлнэ. Үгээ цээжилж чадсаныг нь явуулна. Багшийнхаа хичээл зүтгэлийн ачаар ОХУ-д суралцахад хэл мэдэхгүй, хичээлээ ойлгохгүй гэх асуудал гараагүй. Таван жилийн хугацаанд дугарвал дуу нэг, дугтарвал хүч нэг гэдэг шиг хамтдаа амжилттай суралцаж чадсан.

-Чамайг онц дүнтэй төгсөхөд Хил хамгаалах байгууллагын удирдлага болоод аав ээж нь хэрхэн хүлээж авав?

-Аав, ээж хоёртоо онц төгссөн гэдгээ хэлэлгүй гэнэт дипломоо аваад очсон. Аав, ээж хоёр минь нулимс дуслуулаад маш их баярласан. Намайг нэгдүгээр курсэд байхад ээж минь тал харваж биеийн байдал нь муудсан юм. Тэгээд “Хүүгээ төгсөөд иртэл нь заавал хүлээнэ” гэж үргэлж хэлнэ. Сургуулийнхаа амралт бүрээр би гэртээ ирнэ. Харин намайг буцах үед ээж минь нулимстай үлддэг сэн. Тэр үед надад ээжийгээ баярлуулах боломж, итгэлийг нь алдахгүй онц сурах арга л байсан. Тиймээс хичээж суралцсан минь энэ. Ээж минь хэлсэндээ хүрч, хүүгээ хилчин офицер болохыг үзсэн. Гэхдээ удалгүй эрүүл мэндийн байдлаас болж бурхан болсон. Харин Хил хамгаалах ерөнхий газрын Хүний нөөцийн хэлтсийн даргаар ажиллаж байсан хурандаа Ц.Батбаяр надад тусгайлан баяр хүргэж байсан.

-Сургуулиа төгсөөд Хилийн 0245 дугаар ангид өөрийн хүсэлтээр очиж ажиллаж байна уу? Эсвэл томилгоо алс Увсын хил рүү хөтлөв үү?

-Хаана миний хэрэг байна би тэнд Монгол Улсынхаа төлөө зүтгэнэ гэж боддог. ХХЕГ-ын дарга, Хилийн цэргийн командлагчийн тушаалаар Хилийн 0245 дугаар ангид орчуулагчаар томилогдон ажиллаж байна. Аав минь “Дарга нарынхаа итгэлийг алдаж болохгүй шүү. Сайн хичээж ажиллаарай” гэж захьсан. Тиймээс аавынхаа захиасыг алдалгүй ажиллана гэж бодож байгаа.

-Гэр бүлтэй юу?

-Төгсөлтийн баяр дээрээ найз охиндоо гэрлэх санал тавьсан. Удахгүй хуримаа хийнэ. Нэрийг нь Ч.Буянжаргал гэдэг. Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат, айлын том охин. Миний багын найзтай хамт их сургуульд сурдаг байсан юм. Тэгээд 2015 онд анх найзаараа зуучлуулж танилцаж байлаа. Би ажлаа сайн хийгээд ирэх жил албан ёсоор эхнэрээ ёсолж авна гэж бодож байгаа.

-Нууц биш бол ирээдүйн зорилгоосоо хуваалцаж болох уу?

-Би их орондоо хийсэн бүтээсэн зүйлтэй хүн болохыг хүсдэг. Юуны өмнө ажлаа сайн хийж байгаад БНХАУ-д магистр хамгаална гэж бодож байгаа. Хятад хэл сурах хүсэлтэй. Хөрш орнуудынхаа хэл, соёлыг мэддэг байх нь хилчин хүнд байх ёстой нэг чадвар гэж боддог.

 

2019 оны 05 сарын 09 | Үзсэн : 496