Мэдээ :
Хуанли
Мэдээ, мэдээлэл » Ярилцлага
ГЭРЭЭТ ХИЛЧИН О.ЦОГБАЯР: ХИЛЧИН ХҮНИЙ ХАРАА ХУРЦ БАЙХ ЁСТОЙ

Б.ГАНБАТ

Хилийн зөрчил илрүүлсэн Хилийн 0129 дүгээр ангийн 0173 дугаар салбарын гэрээт хилчин, байлдагч О.Цогбаяртай ярилцлаа.

-Өөрийгөө товч танилцуулахгүй юу?

-Дорнод аймгийн Халх гол суманд төрсөн. Халх гол сумын ЕБС-ийг 2017 онд суралцаж төгсөөд Хилийн 0198 дугаар ангид хугацаат цэргийн алба хаасан. Цэргийн албаа хаагаад 2018 онд Хилийн 0129 дүгээр ангид гэрээт хилчнээр өөрийн хүсэл зорилгоор гэрээ байгуулан ажиллаж байна.

-Яагаад гэрээт хилчин болох замыг сонгосон бэ?

-Би 2015 онд ЕБС-ийн сурагч байхдаа Хилийн 0198 дугаар ангид гэрээт хилчид алба хааж байхыг хараад хугацаат цэргийн алба хаагаад гэрээт хилчин болох зорилгыг өвөртөлсөн. Би өмнөө тавьсан энэ зорилгодоо хүрсэн. Эх орныхоо торгон хилийг хамгаалж, мандах нарыг улсынхаа хил дээр харна гэдэг хүн бүхэнд тохиох завшаан биш гэж боддог.

-Гэрээт хилчний албаны онцлог?

-Би гэрээт хилчний албанд ирээд найман сар болж байна. Гэрээт хилчний алба хугацаат цэргийн албанаас тэс өөр. Хугацаат цэргийн алба бол Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээсэн иргэний цэргийн үүргээ биелүүлж буй хэрэг. Гэрээт хилчин бол өөрийн хүсэл сонирхол сайн дурын үндсэн дээр гэрээгээр алба хааж байгаа иргэн гэдгээрээ ялгаатай. Гэрээт хилчин болсноор ахлагч нар шиг цалин хөлс, хувцасны хангалт авна. Мэдлэг боловсролоо хөгжүүлэх бүрэн боломжтой бөгөөд өөртөө мөнгөн хуримтлал үүсгэх цаашлаад албаа сайн хааж гэрээгээр хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлвэл ахлагч, офицер болох бүрэн боломжтой сайхан алба.

-Сая хилийн зөрчил илрүүлж ХХЕГ-ын даргын тушаалаар шагнууллаа. Сэтгэгдэл ямар байна вэ?

-Хилийн харуулд үүрэг гүйцэтгэж байхад хилийн дугаар тэмдгийн чиглэлд БНХАУ-ын талаас нэг явган хүн улсын хил зөрчин орж ирснийг илрүүлсэн. Анх өөртөө итгээгүй. Тэгээд харуулын даргадаа яаралтай илтгэж, заставын даргын шийдвэрийн дагуу үүрэг гүйцэтгэсэн. Өмнө нь хилийн зөрчлийн талаар хүмүүсийн яриаг сонсч байсан ч төсөөлөл өөр байлаа. Хил зөрчигчийг илрүүлнэ гэдэг улсын хилийн халдашгүй дархан байдлыг сахин хамгаалж байгаа хилчний хувьд бахархууштай бөгөөд баярлууштай зүйл юм. Тэр үед миний дотор “хилчин хүний хараа хурц, мэлмий нь тунгалаг байх ёстой” гэдэг бодол орж ирсэн.

-Хамт олондоо хандаж хэлэх үг юу байна вэ?

-Ангийнхаа болон заставын хамт олондоо 2019 онд хил хамгаалах үйлсдээ амжилт гаргаж, олон ажил санаачлан зохион байгуулж, тэргүүний хамт олон болохын төлөө хамтдаа хоёргүй сэтгэлээр зүтгэцгээе гэж хэлье. Хилийн болон хил орчмын дэглэмийг цаг алдалгүй илрүүлэн хил зөрчигчдийг саатуулахад ямагт бэлэн, гэрээгээр хүлээсэн үүргээ сайн биелүүлж амжилт гаргахыг гэрээт хилчиддээ хүсэн ерөөе.

 

2019 оны 05 сарын 09 | Үзсэн : 360