Мэдээ :
Хуанли
Мэдээ, мэдээлэл » Ярилцлага
ДЭД ТҮРҮҮЧ Б.ОЮУНБАТ: ЦЭРГИЙН АЛБА ХААСНААР БИ ӨӨРТӨӨ ЗОРИЛГО ТАВЬЖ, ИРЭЭДҮЙН АМЬДРАЛАА Ч ТӨЛӨВЛӨСӨН

Б.АЛТАНЦЭЦЭГ

Дэд түрүүч Б.Оюунбат буюу “Мандах бүртгэл” дээд сургуулийн нэгдүгээр курсын оюутны ярилцлагад анхаарлыг тань хандуулья. 2018 оны нэгдүгээр ээлжээр хугацаат цэргийн албанд татагдан Хилийн 0306 дугаар ангид албаа амжилттай хаагаад халагдсны дараахан түүнтэй  ярилцлаа.

-2019 оны нэгдүгээр ээлжээр албанд татагдсан шинэ дайчид сургалтын төвд яг одоо суралцаж байна. Тиймээс дүү нарт чинь хүргэх үүднээс чамтай ярилцахаар шийдсэн юм. Танилцъя?

-Намайг Бат-Эрдэнийн Оюунбат гэдэг. Хугацаат цэргийн албыг Хилийн 0306 дугаар ангид амжилттай хаагаад ирлээ. Улаанбаатар хотынх.

-Ямар сургууль төгссөн бэ?

-Нийслэлийн 65 дугаар сургуулийг төгссөн. “Мандах бүртгэл” дээд сургуулийн нэгдүгээр курст суралцаж байхад цэргийн зарлан ирсэн. Ингээд өөрийн хүсэлтээр цэргийн алба хаахыг хүссэн.

-Айлын хэд дэх хүүхэд бэ?

-Айлын ганц хүү.

-Өө тийм үү, аав ээж нь цэргийн алба хаах хүсэл сонирхлыг нь анх хэрхэн хүлээж авав?

-Манай аав Мобикомд жолоочоор ажилладаг. Аав намайг дэмжсэн. Армид цэргийн алба хаасан. Ээж харин эхэндээ татгалзсан. Ээж минь тогооч.

-Би чамайг цэргийн албанд татагдахдаа нэлээдгүй илүүдэл жинтэй байсан гэж сонссон?

-Анх цэргийн албанд 93 кг жинтэй татагдсан. Манай оныхон дунд 90 гаруй кг жинтэй хоёр цэрэг татагдсны нэг нь би. Улмаар 70 кг жинтэй халагдсан.

-Пөөх -23 кг. Том амжилт шүү. Жингээ хэрхэн хаясан талаар яриач?

-Сургалтын төвийн хугацаанд жин 86 кг болсон. Застав руу хуваарилагдаж зуны гурван сарын хугацаанд жингээ аажмаар хаясаар намар гэхэд 70 кг болсон. Ер нь хөдөлгөөний тусламжтай хаясан гэж болно. 

-Өмнө нь жингээ хаях талаар боддог байсан уу?

-Бодолгүй яахав. Би жүдо бөхөөр багаасаа хичээллэсэн юм. Анх 70 кг-аас барилдаж эхлэн жин нэмсээр хамгийн сүүлийн тэмцээн буюу дүүргийн аваргад 90 кг-д барилдсан. Улс болон дүүргийн аварга шалгаруулах тэмцээнд чамгүй амжилт үзүүлж байсан. Арван жилээ төгсөөд харин барилдахаа больсон.

-Цэрэгт очоод жингээ хаях гэж эхэндээ зүдэрсэн үү?

-Жин хаяхаар бие хөнгөрөөд сайхан юм билээ. Дасгал сургуулилт хийхэд хүртэл хурд нэмэгдэх жишээтэй. Түрүүн хэлсэн цэргийн албанд хамт татагдсан П.Алтан-Очир найз минь мөн 74 кг болоод халагдсан. Жин ихтэй болохоор эхлээд гүйхэд хүндрэлтэй байсан. Тиймээс бид хоёр гүйлтийн үеэр хаягдаж, хоцорно. Тэр үед хоёулаа жингээ хаяна шүү гэж ярьдаг байв. Ярьсандаа ч хүрсэн. Гэхдээ би спортоор хичээллэдэг байсан учраас аливаа зүйлээс бэргэж няцах нь бага. Цэргийн алба хаахад энэ суурь их нөлөөлсөн. Хэдийгээр гүйгээд хоцорсон ч гэлээ тойргоо заавал гүйцээх жишээтэй. Эхлээд гурван километрт гүйх чанга байсан.

-Цэргийн албанд татагдсан нэг жилийн өмнөх үеэ эргээд дурсая. Анх зарлан ирэхэд юу гэж бодогдсон бэ?

-Явчихаад ирдэг юм уу, иргэний цэргийн үүргээ биелүүлээд ирье гэж бодогдсон. Ингээд комиссоор ортол ерөнхий эмчийн дүгнэлтээр тэнцээгүй. Жингийн илүүдлээс болсон. Маргааш нь комисс ирээрэй гэсэн. Ингээд болж өгвөл цэргийн албанд явчих санаатай маргааш өдөр нь ахиад очлоо. Хилийн 0151 дүгээр анги дээр очсон. Надтай хамт Сонгинохайрхан дүүргээс нийт 14 цэрэг татагдсан. Хилийн ангиудад хуваарь хийгдчихсэн байв. Гэтэл нэг дэслэгч “Хилийн 0306 дугаар ангид татагдах цэрэг байна уу?” гэж санал асуусан. Би ч гараа өргөв. Ингээд анкетан дээрээ өөрийн хүсэлтээр цэргийн албанд татагдав гэж бичээд явахаар болсон

-Ингэхэд Мэнэн гэж ямар газар, хаана байдгийг мэдэж байгаа юу?

-Үгүй, хаана ямар газар байдгийг нь мэдэхгүй. Арван жилийн хичээлд алдарт Мэнэнгийн тал гэж уншиж байснаас өөр ямар ч ойлголтгүй.

-За ингээд өөрийн хүсэлтээр цэргийн албанд явахаар болов. Үсийг чинь хусахаас эхлээд цэргийн албанд бүхий л зүйл дүрэм журмын дагуу явагддаг шүү дээ?

-Тийм. Тэр үс авах мэдрэмж эхлээд эвгүй шүү.

-Зөв, буруу алхам хийж байгаа эсэхдээ чи эргэлзсэн үү?

-Тийм үе байсан. Гэхдээ нэгэнт шийдчихсэн болохоор эргэлзээгүй.  Маргааш өглөө нь ар гэртэйгээ салах ёс хийгээд хөдөлсөн.  

-Замдаа залуустайгаа танилцаад, тамхилаад л явав уу?

-Бие биенийгээ танихгүй болохоор ер нь л дуугай явсан. Дорнодын анги дээр хоноод хөдөлсөн. Замын туршид анги дээрээ хурдан очих юмсан гэж хүсч байлаа.

-Улаанбаатараас Мэнэн хүртэл чамгүй хол шүү дээ. Зам нь сайхан цэлгэр атал яваад л байдаг?

-Харин тийм, их хол. Замдаа жагсаалын дуу сурсан. Ингээд анги дээр очиход штабын дарга, дэд хурандаа А.Сүхбаяр тосч авсан.

-Хүсэн хүлээсэн анги дээр дөрөө мулталсан анхны мэдрэмж?

-Би хаана ирчихэв гэж яг үнэндээ эхлээд бодсон. Сонин мэдрэмж. Гайхсан, балмагдсан ч гэх юм уу. Их том газар гэж төсөөлсөн. Ингээд усанд орж, зуны хангалтаа хүлээн авч, хээрийн байрлалд гарсан. Хурдхан цэрэг хувцас өмсөж үзэх юмсан гэж хүссэн.

-20 жилийн турш энгийн амьдралд дадсан. Гэтэл нэг л өдөр ингээд цэргийн амьдралд хөл тавихаар олон зүйлд дасан зохицох шаардлага тулгарах нь дамжиггүй?

-Хамгийн анх албанд татагдан очоод цэрэг хувцсанд орох их гоё мэдрэмж. Ингээд сургалтын төв эхлэв. “Сэрээд” командаар шинэ өглөөтэй золгосон. Бас л эхлээд эвгүй санагдсан. Яг үнэндээ цэрэгт очоод эхний хэдэн өдөр би унтаж чадаагүй. Орчин солигдоод ч тэр үү, гэрээ боддог ч юм уу нойр хүрдэггүй.

-Ингээд сургалтын төвд гарчээ. Сургалтын төвийн хугацаа чамд хэцүү байсан уу?

-Үгүй. Ер нь надад хэцүү зүйл бага байсан. Анх ёсолж илтгэх л амаргүй байв. Танил бус үг хэллэг болоод ч тэр үү жаахан хүнд талдаа.

-Цэргийн тангараг өргөхөд цээж дүүрэн догдлол төрдөг гэдэг шүү дээ. Чамд ямар мэдрэмж төрсөн бэ?

-Тангарагийн баярын өмнө ар гэр лүү нь захидал бичүүлсэн. Аав ээжтэйгээ нэг их яриад байдаггүй над шиг хүнд захидал бичнэ гэдэг сонин байсан. Гэхдээ бас гоё мэдрэмж. Аав ээжийнхээ амар мэндийг эрээд, хэрэгтэй зүйлээ захиж, ямар байгаагаа дуулгасан. Сургалтын төвийн хугацаанд буугаа хүлээж авах юмсан гэж их хүссэн. Буу зэвсэгтэй харьцаж үзээгүй учраас сонирхолтой санагдаж хурдан буудаж үзэх юмсан гэж хүснэ. Офицер, ахлагч нар та хэд одоо догдолж байгаа ч сүүлдээ хурдан буунаасаа салахыг хүснэ дээ гэсэн. Гэхдээ би лав буунаасаа залхаагүй. Цэрэг хүний хоёр дахь амь буу шүү дээ.

-Чи цэргийн алба хаах нэг жилийн хугацаандаа уйлсан уу. Нууц биш бол шүү дээ?

-Уйлсан. Халагдаад заставаас хөдлөхдөө уйлсан. Заставтаа үнэхээр их дассан. Офицер, ахлагч, энгийн ажилчид гээд бүгдийг сайн танина. Бараг л амьдралыг нь мэддэг болчихсон. Яг л гэр шиг минь танил дотно. Ер нь заставын амьдрал нэг айлтай адилхан. Би заставынхаа жирийн нэг хүү нь байсан болов уу. Албаа дэд түрүүч цолтой хаасан.

-Хил дээр хамгийн анх хөл тавихад жижигхэн юм шиг санагддаг. Харин дараа нь хил гэдэг тэр жижиг хашаанд багтахааргүй агуу, том зүйл гэдгийг ойлгодог юм билээ. Надад анх ийм мэдрэмж төрсөн?

-Эхлээд жижигхэн санагдаж байснаа сүүлдээ дасаад ч тэр үү том санагддаг шүү. Сургалтын төв дууссаны дараа хилийн 0145 дугаар салбарт хуваарилагдсан юм. Заставын офицер, ахлагч нараас хамгийн ойр байсан хүн нь заставын сургалт эрхэлсэн орлогчоор ажиллаж байсан хошууч Болд-Эрдэнэ. Хошууч одоо ангийн төвд шуурхай жижүүрээр томилогдон ажиллаж байгаа. Цэргүүдэд ойр байж дэмжиж тусална. “Над шиг болоорой” гэж анх хэлсэн юм. Биеэ сайхан авч явдаг, ёстой цэмцгэр хошууч. Ажлаа ч сэтгэлээсээ хийнэ.

-Ээжийн гарын хоолонд дассан хүү цэргийн нормын хоолонд шилжихэд ямар байв?

-Анх цэргийн хоолоо идэж бардаггүй байлаа. Хоолыг талхтай идэж сураагүйг хэлэх үү. Яваандаа бэлтгэл сургуулилт хийгээд эхлэхээр хоол үлдээхээ больдог юм билээ. Ээжийнхээ хоолыг их санасан. Гэрт ирсэн эхний өдөр ээж гарынхаа хуушуурыг хийж өгсөн.  

-Айлын ганц хүү гэхээр эрх үү, хэр ажилсаг бэ?

-Би эрх биш. Аж ахуйн чанартай ажилд их сайн. Хөдөө өвөө эмээ дээрээ өссөн болохоор ажлын зах зухаас сурсан. Тиймээс цэргийн албанд татагдаад янз бүрийн ажил хийхэд хэцүү байгаагүй. Цэрэгт хадаас хадахаас эхлээд ёстой юм бүрийг хийж сурсан.

-Захны даавуугаа хадахдаа хэр будилсан бэ?

-За ёстой юм оёж үзээгүй байсан. Тиймээс анхандаа хадах арга эвээ олохгүй нэг бол живүүлээд, нэг бол илүү гаргаад байсан.

-Живүүлээд гэдэг нь?

-Цагаан даавуугаа захны дээгүүр харагдахгүй оёхыг хэлдэг. Нэг бол илүү гаргаад оёчихно. Сүүлдээ асуудалгүй хадаж сурсан. Ер нь хүн ихийг сурдаг юм билээ.

-Халагдаад удаагүй байна. Энэ заагт цэргийн болоод энгийн амьдралын олон ялгаа мэдрэгдэж байгаа биз?

-Юу ч гэмээр юм нэг тийм завсрын үе өнгөрч байна. Өглөө сэрээд орчноо хараад дасахгүй гайхна. Гэртээ хоолоо идэхдээ зүүн гартаа талх барихгүй л бол эвгүй санагдана. Хоол орж өгөхгүй байгаа юм чинь. Тиймээс талхтайгаа л найзлаад байна даа. /Инээв.сур/

-Аав ээж хоёр нь цэргийн албанаас халагдаад ирэхэд юу гэж байна?

-“Миний хүү эр хүн болжээ” гэсэн. Халагдаж ирээд өвөө эмээгийнхээ мэндийг мэдэн, хэдэн өдөр гарын үзүүрт нь туслаж байгаад ирлээ. Манай аавын тал олон хөвгүүдтэй. Бүгд шахам цэргийн алба хаасан. Би тэдний л нэгэн адил алба хаасан. Тиймээс өвөө,  эмээ албаа сайн хаагаад ирсэн үү гээд тоохгүй байна билээ. Харин сайхан турчихаад ирж гэсэн. Ер нь цэргийн албанаас халагдаад “ямар их тураа вэ” гэдэг үгийг хамгийн их сонсож байна.    

-Харин найзууд нь юу гэв?

-Зарим найзууд намайг анх хараад таниагүй. Ер нь ихэнх хүмүүс намайг танихгүй байгаа. “Хүүе ямар их тураа вэ” л гээд байгаа. Энэ жингээ цаашид барина даа.

-Хил дээр алба хаахаар очсон дүү нартаа юу гэж зөвлөх вэ?

-2018 оны хоёрдугаар ээлжээр Хилийн 0306 дугаар ангид миний үеэл алба хаахаар очсон. Дүүгээ тус ангид алба хаахыг би санал болгосон гэх үү дээ. Дэд түрүүч Пүрэв-Очир гэж залуу бий. Энэ дашрамд дүүгээ албаа амжилттай хаагаарай гэж хүсье.

-Ер нь чамд шантрах үе байв уу?

-Байгаагүй. Айхтар шантрах үе ер тохиолдоогүй шүү. Яах гэж ирэв ээ гэж бодогдох үе харин эхэндээ төрсөн. Энэ нь түрхэн зуурын бодол төдий юм. Орчиндоо дасахгүй л тэгж боддог байсан. 

-Хил дээр анх очоод ямар мэдрэмж төрөв?

-Онолоо судалсны дараа заставт хуваарилагдсан. Заставт хэсэг байж байгаад харуулд гарсан. Анхны хилийн манаанд Манлайбаатар ахлагчтай явсан юм. Өглөөний мандах нарыг хил дээр харах үнэхээр гайхамшигтай мэдрэмж байдаг юм билээ. Монгол Улсын дархан хилийг хамгаалж байгаагаараа яах аргагүй бахархах сэтгэл төрдөг.

-Цэргийн албанаас халагдаад энгийн болсноор юу ажиглагдаж байна вэ?

-Цэргийн албыг хааснаар буурь суусан гэж өөрийгөө дүгнэнэ. Харин найз нартайгаа юм ярихаар сайн ойлголцохгүй байгаагаа ажигласан. 

-Яагаад?

-Жаахан хүүхэд шиг юм яриад байна билээ. /Инээв.сур/ Харин онжавуудтайгаа ярилцахаар илүү ойлголцоод байгаа юм чинь. Найзууддаа хилд алба хаах сайхан шүү гэж зөндөө хэлсэн. Жинхэнэ амьдрал зааж өгнө дөө гэж хэлдэг. Гэхдээ цэргийн албаны талаар ойлголтгүй хүмүүстэй энэ тухай ярихаар ойлголцохгүй юм билээ. Тиймээс дуугай л хаагаад үз, тэгээд сайхныг нь мэдэр л гэсэн. 

-Онжав гэснээс халагдсаныхаа дараа найзуудтайгаа уулзсан уу?

-Уулзалгүй яахав. Насаараа нэг онжавууд шүү дээ, бид. Арван хэдүүлээ уулзсан. Өөр өөр орчинд өсөж, төрсөн учраас зөрчилдөх үе гарна. Гэхдээ бид халагдахдаа сайхан найзууд хэвээр байж тэврэлдээд салсан. Нэг орчинд, нэг тогооноос хоол идэж байгаа учраас эвтэй байлгүй яахав. Халагдаад найзуудыгаа их санаж байна. За нөгөөх чинь хаана, юу хийж яваа бол, нэг холбоо барьчих юмсан гэж бодогдоод л.

-Чи сургууль дээрээ оччихоод ирлээ гэсэн. Нэг жилийн дараа сургуулийнхаа хаалгаар эргээд орох ямар байна?

-Энэ нэг жилийн хугацаанд цэргийн алба хаасан нь оножээ. Нэг жилийн хугацааг алдсан гэж ер бодохгүй байна. Яг үнэнээ хэлэхэд нэгдүгээр курсдээ хичээлдээ дургүй таслах хандлагатай болж ирсэн. Тэгээд ер нь цэрэгт явья гэх бодол надад төрсөн. Өөртөө дүгнэлт хийсэн гэх үү дээ. Арван жилийн сурагч байхдаа хичээлээ ер таслаж үзээгүй. Оюутан болоод жаахан цалгардсан тал бий. Би “Мандах бүртгэл” дээд сургуулийн програм хангамжийн ангид суралцдаг. Яах аргагүй миний хүссэн мэргэжил. Сая багш нартайгаа уулзлаа. “Цэргийн албаа амжилттай хаагаад ирлээ. Ирэх намраас сургуульдаа үргэлжлүүлэн суралцах хүсэлтэй байна” гэж хэлсэн. Багш нар “Албаа сайн хаагаад ирэв үү” гээд маш сайхан хүлээж авахад нь хилд алба хааснаараа бахархаж бас баярлалаа.

-Чиний цаашдын зорилго юу вэ?

-Хамгийн ойрын зорилго мэргэжилтэй болох буюу сургуулиа амжилттай төгснө. Цэрэгт байхдаа би их зүйл бодсон. Ер нь цэргийн албыг хаах нэг жилийн хугацаанд хүн их юм боддог юм билээ. Ар гэрийнхэндээ ямар муухай ааш гаргаж байсан, зовоод байгаа юм шиг асуудал минь ямар өчүүхэн зүйл байсныг мэдсэн. Ер нь ямар жаргалтай байгаагаа хүн мэддэггүй юм байна. Ганцхан би биш манай үеийнхэн бүгд л ийм бодолтой байдаг. Залуус архи, тамхи гэх мэт муу зүйлд дурладаг. Шөнө орой тэнэх, болж бүтэхгүй хүмүүстэй харьцаж хэрэг төвөгт холбогдох нь ч бий. Өөрийнхөө эрх чөлөөт амьдралын хэдэн жилийг цонхны цаана зарим нь үдэж байна. Тиймээс цэрэгт очоод амьдралд аль талаас нь хандах ёстой вэ гэдгийг бодож үзсэн. Ямар хүнтэй найзлах тухайгаа ч ялган таньж боддог юм билээ.

-Найз охинтой юу?

-Байхгүй. Найз охинтой болох болоогүй. Дараагийн төлөвлөгөөнд бий. Мэдээж сайхан гэр бүлийн амьдрал зохионо гэж боддог.

-Цэргийн орчин гар утасгүй, интернэтгүй. Тиймээс ч илүү ойр дотно харилцаа үүсдэг. Одоо бол эргээд гар утаснаас салахгүй байгаа биз дээ?

-Тийм шүү. Хүн цэргийн албанд хэн бэ гэдгээ мэдэрдэг. Яг л байгаагаараа байдаг. Сургалтын төвийн хугацаанд утас дуугарахаар халаасаа тэмтэрч үзсэн нь олон. Энэ рефлекс харин нэлээн удаан үргэлжилсэн шүү.

-Энэ зуныг хэрхэн өнгөрүүлэх төлөвлөгөөтэй байна?

-Ажил хийж төлбөртөө нэмэрлэнэ. Хамгийн том зорилго сургуулиа амжилттай төгсөх.

-Ингэхэд халагдахдаа хувцсаа хэр дэглэв. Мэнэнгийн цэргүүд их ганган харагдаж байсан?

-Даруухан даа. Хүн бүрийн сонирхол өөр байх. Цэрэг хувцсаа сайхан угааж индүүдээд тавьсан. Дараа нь өмсмөөр санагдах байх. Энгийн хувцсаа өмсчихөөд эргээд бодохоор цэрэг хувцас нь илүү амар санагдсан. Сайхан цэгцтэй.

-Илэн далангүй ярилцсанд баярлалаа. Эх оронч, хилч сэтгэлтэй улс орондоо хувь нэмрээ оруулсан мундаг боловсон хүчин болоорой. Ярилцлагын төгсгөлийг чиний мэдэлд үлдээе.

-Цэргийн алба хааснаар би өөртөө зорилго тавьж сурсан. Өмнө нь олны дунд урсгалаар хөвж явсан юм билээ. Амьдралаа ч төлөвлөсөн. Халагдаж очоод юу хийхээ бүгдийг төлөвлөсөн. Үүний дагуу эхний сар нь амжуулахаар төлөвлөсөн ажлаа бүтээж байна. Манай ангийн захирагч хийж бүтээе гэсэн мундаг удирдагч. Ингээд Хилийн 0306 дугаар ангийн удирдлага, офицер, ахлагч, энгийн ажилчид тэр тусмаа заставынхандаа мэнд хүргэж баярласан талархсанаа чин сэтгэлээсээ илэрхийлье. Алдар түүхтэй сайхан ангид алба хааснаараа насан туршдаа бахархаж явах болно. 

 

2019 оны 05 сарын 27 | Үзсэн : 41