Мэдээ :
Хуанли
Мэдээ, мэдээлэл » Ярилцлага
БАЙЛДАГЧ О.БАРХАС: ҮЙЛЧЛҮҮЛЭГЧДЭЭ ШИНЭ ДҮР ТӨРХИЙГ БЭЛЭГЛЭХ НЬ АЗ ЖАРГАЛ

М.УРАНБАЙГАЛЬ

Сониныхоо “Залуус” буланд Хилийн 0151 дүгээр ангийн байлдагч О.Бархасыг урилаа. Тэрбээр их хотын залуусын өнгө төрхийг илтгэхүйц өөрийн гэсэн өвөрмөц стиль, үзэл бодол, хүсэл мөрөөдөл, зорилготой нэгэн. Түүнтэй цэргийн алба, хийх дуртай зүйлийнх нь талаар цөөн хором ярилцав.

-Өөрийгөө танилцуулаач?

-Миний аавыг Отгонбаяр гэдэг. Би дээрээ нэг эгчтэй. Аав бүжигчин, ээж оёдолчин мэргэжилтэй. Аав, ээж хоёр маань хувиараа бизнес эрхэлдэг.

-Чамайг Францад амьдарч байсан гэж дуулсан?

-Ээж оюутан байхдаа Унгарт сурж байсан юм. Сургуулиа төгсөөд тэндээ ажилласан. Аав ч гэсэн ээжийг дагаад Унгарт очсон гэдэг. Харин эгч бид хоёр Монголд төрөөд намайг нэг ойтой байхад манайх гэр бүлээрээ шилжсэн юм. Ингээд намайг 12 нас хүртэл манайх Унгарт амьдарсан. Дараа нь Франц явсан. Тэнд дөрвөн жил болоод 2016 оны өвөл Монголдоо ирсэн.

-Эх орондоо ирсэн сэтгэгдэл ямар байсан бэ?

-Өвөл байсан болохоор аймаар утаатай. Онгоцноос буухад их хүнд санагдаж билээ. Тэгээд орчиндоо дасах нь надад их хэцүү байсан. Монголд ямар ч найз нөхөд байхгүй болохоор их уйтгартай. Хүмүүсийн харилцаа, нийгмийн хөгжил гээд бүх зүйлд дасах нь амар байгаагүй. Гэхдээ надад хөдөө нутаг таалагдаж байгаа. Тэнд их амар тайван, байгаль нь гоё бас утаагүй. /инээв/

-Амьдарч байсан улсынхаа соёл, хүмүүсийн зан харилцааны талаар ярьж өгөөч?

-Мэдээж улс орны хөгжил нь манайхаас илүү. Бас их цэвэрхэн. Хүмүүс нь найрсаг харилцаатай. Танихгүй хүмүүс гудамжинд зөрөөд өнгөрөхдөө мэндлэх нь энгийн үзэгдэл. Бас надад хоолны амт нь маш их таалагддаг. 

-Чи монгол хэл хаана сурсан бэ?

-Би Монголдоо ирээд “Хүрээ тулга” сургуулийн арваннэгдүгээр ангид орж сурсан. Би насаараа арванхоёрдугаар ангид орох ёстой байсан ч монгол хэл мэдэхгүй болохоор нэг улирч орсон. Тэгээд хүүхдүүд үндсэн хичээлээ үзэж байхад би “А” үсэгнээсээ эхлээд сурсан. Монгол хэлийг нэг жил сурсан. Гэхдээ тийм сайн ярьдаггүй бас их алдаатай бичдэг. Үеийн хүүхдүүдээсээ тэс өөр хичээл заалгаад суухад эвгүй юм билээ.

-Францад сурч байхдаа ямар мэргэжил эзэмшсэн бэ?

-12 настайдаа үс засч байгаа бичлэг үзсэн юм. Их сонирхолтой санагдсан. Тэгээд үсний машин аваад найзуудынхаа үсийг зассан. Эхлээд мэдээж үсийг нь “эвдчихсэн”. Долоо хоног орчим найзуудынхаа үсийг засахад гар арай зүгширсэн. Ингээд сонирхлынхоо дагуу Францын “JUS LE CAINE” сургуульд үсчин мэргэжлээр сурсан.

-Францад байхдаа мэргэжлээрээ ажилласан уу?

-Үгүй ээ. Харин Монголд ирээд хоёр жил ажилласан. “Маrshal” spa salon, “Z” hair salon, “ADO lipo” salond ажиллаж байгаад өөрийн хүслээр цэргийн алба хаахаар шийдсэн.

-Мэргэжлээсээ авдаг кайф?

-Үс засч байхдаа авдаг мэдрэмжээ монголоор тайлбарлаж чадахгүй байна. Гэхдээ хүнд зохисон стилийг бүрдүүлж өгөхөд их сайхан мэдрэмж авдаг. Үс засах нь миний хобби болохоор ажилдаа бүхнээ зориулдаг. Түүнээсээ эрч хүчийг авна. Толины өмнө суусан үйлчлүүлэгч өөрийн шинэ дүр төрхөндөө сэтгэл хангалуун гарч байгааг харах л хамгийн сайхан байдаг даа.

-Өөрийн сонирхлоороо цэргийн алба хаахаар шийдсэн гэсэн шүү дээ. Яагаад цэрэгт явья гэж шийдэв?

-Би кинон дээр гардаг шигээр төсөөлсөн.

-Цэргийн албанд ирсэн анхны сэтгэгдэл төсөөллөөс нь зөржээ дээ?

-Тийм. Эхлээд хэцүү санагдсан. Гэхдээ албандаа дасаад ирэхээр гоё юм билээ. Одоо надад алхаж гишгэх, цэргийн хэргийн мэдлэг их таалагдаж байгаа. Бас Лхагва-Очир, Билгүүн, Бямбажаргал, Хүрэлбаатар гээд сайн найзуудтай болсон. Ер нь хамт цэрэгт татагдсан оныхоо залуустай бүгдтэй нь найзууд. Тэднийхээ үсийг байнга засч өгч байгаа.

-Чиний стиль их өвөрмөц санагдлаа?

-Би чөлөөт загвараар  хувцасладаг. Хүнд таалагдах албагүй. Зүгээр л өөртөө зохисон хэв маягийг бүрдүүлсэн. Бас сонирхлоороо персинг хийлгэсэн. Гэхдээ цэрэгт ээмэг зүүж болохгүй болохоор чөлөөгөөр гарах үедээ л зүүдэг.

-Цэргээс халагдаад яах бодолтой байна вэ?

-Арай илүү хөдөлмөрлөх ёстой гэдгээ ойлгосон. Ажилдаа эргэж ороод өөрийн гэсэн салонтой болно гэж бодож байгаа.

-Мэргэжлийнхээ хувьд ямар зорилгыг өмнөө тавиад байна вэ?

-Өөрийгөө хөгжүүлнэ. Дээр хэлсэнчлэн маш тансаг салоныг бий болгох. Гэхдээ миний энэ мөрөөдлийг сонссон хүмүүс жижиг зүйл мөрөөдөж байна гэдэг. Магадгүй хөдөлмөрлөж байхдаа өөр том зорилгыг өвөртлөх байх.

-Үс засахаас өөр хобби бий юу?

-Зураг зурах. Хүн хийх дуртай зүйлтэй байх нь сайн хэрэг шүү дээ.

-Үеийнхээ залууст хандаж юу гэж хэлэх вэ?

-Өөрийн үзэл бодол, хүсэл мөрөөдөлдөө үнэнч байгаарай. Ямар нэг зүйлд зорьсон л бол түүнийхээ ард гарах ёстой. Бусдын юу гэх хамаагүй. Хүн өөрийнхөөрөө байж чадвал аз жаргал шүү дээ. Тухайлбал, би цэрэгт явна гэж шийдээд бүх зүйлээ орхиод ирсэн. Би гаргасан шийдвэртээ харамсдаггүй. Өөрийн бодол өөртөө зөв гэдэг шүү дээ.

 

2019 оны 05 сарын 29 | Үзсэн : 66