Мэдээ :
Хуанли
Хил хамгаалах байгууллага » Үйлчилгээний стандарт

ХХЕГ-ын даргын  2009 оны ... дугаар сарын ........-ны өдрийн ......... дугаар тушаалын хавсралт

 

 

 

ХИЛ ХАМГААЛАХ БАЙГУУЛЛАГЫН

АЖИЛ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ  СТАНДАРТ

 

Зорилго

Энэхүү стандартын зорилго нь Хил хамгаалах байгууллагын албан хаагчдаас Монгол Улсын хууль тогтоомж, төрийн албаны зарчим, ёс зүйн хэм хэмжээг сахин биелүүлж, ажлын байранд ажил хэрэгч уур амьсгалыг бүрдүүлэх, үйлчилгээний чанарыг сайжруулах, хил хамгаалах байгууллагын стратегийн зорилтыг хангаж ажиллахад оршино.

 

Нэг. Нийтлэг үндэслэл

1. Эрхэм зорилго

Хил хамгаалах байгууллагын албан хаагчдын мэргэшсэн үйл ажиллагаанд чанарын ахиц гаргаж, гэрээт хилчдийн албыг төгөлдөржүүлж, бүсчилсэн хамгаалалтын тогтолцооны үндсийг тавьж, бие бүрэлдэхүүний нийгмийн асуудлыг шийдвэрлэх замаар төрөөс хилийн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэхэд оршино.

Энэхүү эрхэм зорилгыг хангаж ажиллахын тулд Хил хамгаалах байгууллагын ажилтнуудаас Хилийн тухай хууль, Төрөөс хилийн талаар баримтлах бодлого болон бусад хууль тогтоомж, ёс зүйн дүрмийг сахин биелүүлж, улсын хилээр нэвтрэх зорчигч, иргэн, хуулийн этгээд буюу үйлчлүүлэгчдэд энэхүү үйлчилгээний стандартын хүрээнд шуурхай, соёлтой үйлчилгээг үзүүлж ажиллана. 

2. Хамрах хүрээ

Энэ стандарт нь Хил хамгаалах байгууллагын офицер, ахлагч, гэрээт хилчин, ажилтан, албан хаагчдад хамаарна. 

3. Хил хамгаалах байгууллагын үйл ажиллагааны зорилго

А. Хилийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх

Б. Хилийн болон хил орчмын дэглэм сахиулах

В. Улсын хилээр зорчигч, тээврийн хэрэгсэл, мал, амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг шалган нэвтрүүлэх

Г. Хил зөрчигчийг илрүүлэх зорилгоор хил зөрчигчийн биед болон ачаа, тээврийн хэрэгсэлд үзлэг хийх

Д. Хилийн тухай хууль, тогтоомж зөрчигчдөд хариуцлага хүлээлгэх

Е. Хил зөрчигчийг түр саатуулах

Ё. Албан байгууллага, иргэдэд хилийн бүс, зурваст нэвтрэх, ажил үйлдвэрлэл явуулах зөвшөөрөл олгох

Ж. ИРгэдээс ирж буй өргөдөл, гомдолд тогтоосон хугацаанд бодитой хариу өгөх

 

Хил хамгаалах байгууллагын үйл ажиллагааны үндсэн зарчим

            Хил хамгаалах байгууллагын албан хаагчид нь Хилийн тухай хууль, Монгол Улсын цэргийн дүрмүүд, Хил хамгаалалтын дүрэмд заагдсан нийтлэг үүргүүдийг мөрдлөг болгон ажиллахаас гадна дараахь үндсэн зарчмуудад тулгуурлан үйл ажиллагаагаа явуулна.

1. Хууль дээдлэх: Зөвхөн хуулийн хүрээнд үйл ажиллагаа  явуулна.

2. Эрх чөлөө: Үйл ажиллагаагаа явуулахдаа хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэнэ.

3. Шударга ёс: Хил зөрчигчийн асуудлыг шийдвэрлэхдээ арьс, өнгө, шашин шүтлэгээр ялгаварлан гадуурхах явдал гаргахгүй байх.

4. “Үйлчлүүлэгч хаан”: Улсын хил нэвтрэх гадаад, дотоодын зорчигчдод үзүүлэх үйлчилгээг түргэн, шуурхай чирэгдэлгүй явуулах,

5. Иргэд, үйлчлүүлэгчийн хэрэгцээг бүрэн хангах,

6. Ажил хэрэгч, түргэн шуурхай байдлыг чухалчилах,

7. Үйл ажиллагаандаа шинийг эрэлхийлж байнга суралцаж байх.

8. Хариуцлага хүлээх.

 

Хоёр. Үйлчилгээнд тавигдах шаардлага

Хил хамгаалах байгууллагын ажилтнууд үйлчлүүлэгчтэй харилцах:

1. Үйлчлүүлэгчтэй харилцахдаа инээмсэглэн угтаж, “сайн байна уу”/”та сайн явж байна уу” гэж мэндчилэн, эелдэг зөв үг хэллэг хэрэглэн түүний өөдөөс нь харж, хүндэтгэлтэй хандан,  сонсогдохоор ярина.

2. Үйлчлүүлэгчтэй харилцахдаа албаны, соёлтой асуулт, хэллэгийг хэрэглэнэ. Шаардлагатай тохиолдолд тухайн үйлчлүүлэгчид хийх ёстой үйлдлийг нь зааварчилж тайлбарлана. (Уучлаарай, та ямар асуудлаар явж байна, танд яаж туслах уу, та хил нэвтрэх эрхийн баримт бичиг /паспорт, виз/ ... шалгуулах ёстой гэх мэт)

3. Үйлчлүүлэгчээс түр холдох эсвэл хүлээлгэхдээ “Уучлаарай, та ... шалтгааны улмаас түр хүлээнэ үү” гэж шалтгааныг тайлбарлана.

4. Баримт бичгийн зөрчлийн улмаас тухайн үйлчлүүлэгчийн түр болон тодорхой хугацаагаар саатуулах тохиолдолд /Уучлаарай, таныг ……………….. шалтгааны улмаас түр саатуулах шаардлагатай боллоо/ гэж эелдэгээр тайлбарлана. Шаардлагатай бол саатуулах хууль эрх зүйн баримт бичгүүдийг танилцуулна.

5. Тухайн ажилтны буруутай үйл ажиллагааны улмаас алдаа гарсан тохиолдолд “Уучлаарай, энэ миний /бидний/ манай ажилтны буруугаас боллоо” гэж алдаагаа шударгаар хүлээн зөвшөөрч түүнийг засах талаар нэн даруй шаардлагатай арга хэмжээ авна.

6. Үйлчлүүлэгчид үйлчилгээ үзүүлсний дараа “Танд баярлалаа” гэж талархал илэрхийлэн үйлчилгээг дуусгах бөгөөд “Баяртай/сайн яваарай” гэж үднэ.

 

Гурав. Хил хамгаалах байгууллагын ажилтны хувцаслалт,

гадаад төрх, зан төлөв

 

            Хил хамгаалах байгууллагын ажилтнуудын бие авч явах байдалд тавигдах шаардлага:

1. Ажлын байранд цэргийн дүрэмт хувцсыг холбогдох журам, зааврын дагуу иж бүрдлээр нь цэвэр нямбай хэрэглэнэ.

2. Ажилтны гутал, ботинк нь хар болон хар бараан өнгөтэй байх бөгөөд тогтмол тосолсон /өнгөлсөн/ байна.

3. Эмэгтэйчүүдийн хувьд хар буюу биеийн өнгөтэй трико  өмсөнө.

4. Цэргийн дүрэмт хувцасыг өөр энгийн хувцастай хольж өмсөх, өнгө загварыг өөрчлөх, түүнчлэн энгийн хувцастайгаар албан үүрэг гүйцэтгэхийг хориглоно.

5. Гадаад төрхөөрөө цэвэр, соёлтой, ажил хэрэгч, даруу байж үйлчлүүлэгчид таатай сэтгэгдэл төрүүлэхүйц байна.

6. Хэт том, хурц, тод өнгийн буюу олон тооны бөгж, ээмэг, зүүлт, бугуйвч, үсний боолт, хавчаар гэх мэт гоёл чимэглэлийн содон зүйлсийг албан үүргээ гүйцэтгэж байх үедээ хэрэглэхийг хориглоно.

7. Эрэгтэйчүүдийн хувьд үсээ самнасан, богино засалттай байх бөгөөд үсийг бүрэн хусах, тод өнгөөр будахыг хориглоно. Эмэгтэйчүүдийн хувьд үсээ сул задгай тавих, тод өнгөөр будах, өвдөгнөөс дээгүүр татсан банзал, даашинз өмсөхийг хориглоно.

8. Нүдний шил (контакт линз) өнгөгүй тунгалаг байна. Албан үүргээ гүйцэтгэж байх үедээ хар өнгийн шил зүүхийг хориглоно.

9. Урт хууз, сахал тавихыг хориглоно.

10. Үйлчлүүлэгчидтэй харилцан итгэлцсэн орчинг бүрдүүлж, ажилтан, үйлчлүүлэгчийн хооронд ижил түвшний харилцааг бий болгоно.

11. Үйлчлүүлэгчдийн зүгээс ирэх тааламжгүй харьцаанд ямар ч тохиолдолд эелдэг, төвшин байдалтай байж, сэтгэл хөдлөлийн огцом өөрчлөлтүүдийг илэрхийлэхгүй байна.

 

Дөрөв. Албаны телефон утсаар харилцах

            Хилийн боомтод үүрэг гүйцэтгэж буй ажилтнууд утсаар үйлчлүүлэгчтэй харилцахад тавигдах шаардлага:

1. Харилцуурыг “............../цол, нэр/” эсвэл “............... боомт дахь хилийн шалган нэвтрүүлэх алба” байна гэж хэлж авах бөгөөд ямар асуудлаар хэнд хандаж байгааг лавлана.

2. Албаны утсаар үйлчлүүлэгчтэй ойлгомжтой, тодорхой, товч үгээр харилцана.

3. Үйлчлүүлэгчийн хүссэн мэдээллийг тухай бүр нь бүрэн дүүрэн өгөх бөгөөд ийм боломжгүй тохиолдолд ямар албан тушаалтай, хэн гэж хүнээс ямар утсаар холбогдон авч болох эсвэл хэзээ, хэрхэн холбогдох мэдээллийг өгөхийг тухайн харилцагчид хэлнэ.

4. Үйлчлүүлэгчид лавлагаа, мэдээлэл шаардлагатай тохиолдолд бүрдүүлэх ёстой бичиг баримтуудын талаар дэлгэрэнгүй тайлбарлаж өгнө.

5. Тухайн үйлчлүүлэгчийн сонирхсон асуултад бүрэн хариулсан гэж үзвэл “Баярлалаа, баяртай” гэж хэлээд яриаг дуусгана.

 

Тав. Үйлчилгээний үед хориглох зүйл

1. Үйлчлүүлэгчийн дэргэд бохь зажлах, зориулалтын бус газарт тамхи татах, чанга дуугаар ярилцах, инээлдэх, шивнэлдэх, зохимжгүй бүдүүлэг үг хэллэг хэрэглэх, хоорондоо нэр, хочоороо дуудалцах, маргалдах, хэрэлдэх, хувийн яриа дэлгэх.

2. Халаасандаа гараа хийх, элгээ тэврэх, нуруугаа үүрэх, гар утсаар ярих, үйлчлүүлэгчид ойлгомжгүй мэргэжлийн нэр томъёо хэт их хэрэглэх.

3. Үйлчлүүлэгчтэй харьцахдаа харцаа өөр тийш нь хандуулж ярих, түүний тавьсан асуултад хариулахаас үндэслэлгүйгээр татгалзах, хүлээлгэх, худал мэдээлэл өгөх.

4. Үйлчлүүлэгчдийг албан тушаал, нэр алдар, гадаад төрх, арьс өнгө, яс үндэс, нас, хүйсээр нь ялгаварлах.

5. Үйлчилгээний үед ном, сонин унших, хөгжим чанга дуугаар тавих, элдэв тоглоом тоглох.

6. Зөрчил илрүүлсэн, илрүүлэх шалтагаар үйлчлүүлэгчдийг нийтэд нь үндэслэлгүйгээр сэжиглэх, дээрэнгүй харьцах зэрэг тааламжгүй уур амьсгал бий болгох.

7. Үйлчлүүлэгчийг үл тоомсорлосон сэтгэгдэл төрүүлэхүйц үйлдэл гаргах, үндэслэлгүйгээр чирэгдүүлэх, шаардлагагүй бичиг баримт нэхэх.

8. Үйлчлүүлэгчийн гадаад үзэмж, бие авч явж буй байдалд хэт анхаарал хандуулах, шохоорхох.

 

Зургаа. Хариуцлага

1. Иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад үзүүлэх аливаа үйлчилгээг Хилийн тухай хууль, хил хамгаалалттай холбоотой Засгийн газрын тогтоол шийдвэр, ХХЕГ-ын даргын холбогдох тушаал, журамд заасан хугацаанд багтаан гүйцэтгэсэн байна.

2. Үйлчилгээний стандартыг зөрчсөн ажилтанд тухайн зөрчлийг илрүүлсэн албаны дарга, дэд дарга, хэлтсийн дарга, ахлах мэргэжилтэн нар сануулах бөгөөд ийнхүү сануулснаас хойш үйлчилгээний стандартыг дахин зөрчвөл албаны даргын шийдвэрээр сахилгын шийтгэл ногдуулна.

3. Үйлчилгээний стандарт нь тухайн ажилтны ажлыг дүгнэх, шагнал урамшуулал олгох шалгуур үндэслэл болно.

 

Долоо. Бусад

            Энэхүү үйлчилгээний стандартын хэрэгжилтэд Хил хамгаалах ерөнхий газрын дарга, Хилийн цэргийн штаб, Хил хамгаалах ерөнхий газрын дэд дарга болон харьяалах газар, хэлтэс, анги, салбарын дарга нар өдөр тутам хяналт тавьж ажиллана.

Хил хамгаалах ерөнхий газрын удирдлагаас үйлчилгээний стандартыг хэрхэн биелүүлж байгаа болон энэ талаар нэгжээс хэрэгжүүлсэн үйл ажиллагааны талаар жил тутам тайлан мэдээ гаргуулан дүгнэж, шуурхай, соёлч үйлчилгээ бүхий нэгжийг шалгаруулна.

 

 

 

 

2012 оны 10 сарын 05