Мэдээ :
Дэргэдэх байгууллагууд » Улсын Хилийн Музей
Улсын Хилийн Музей

  УЛСЫН ХИЛИЙН МУЗЕЙН ЗОРИЛГО

Монгол улсын хил бүрэлдэн тогтсон түүх болон үе үеийн баатарлаг хилчдийн Монгол улсын хилийн халдашгүй дархан байдлыг хангахын төлөө хийсэн тэмцлийн дайчин уламжлал,үйл ажиллагааг судлан сурталчилж өсвөр залуу үеийнхэнд хилч, эх оронч үзлийг төлөвшүүлэх.

ТҮҮХЭН ТАНИЛЦУУЛГА

МАХН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны 1978 оны05 дугаар сарын 03-ны өдрийн 145 дугаар тогтоолын 9 дүгээр зүйлд “Улсын хилийн музей” байгуулахаар заасан байна. Энэ шийдвэрийг хэрэгжүүлэх асуудлыг НАХЯ-ны коллегийн 1979 оны 04 дүгээр сарын 04-ний хурлаар хэлэлцэж музейг “НАХЯ-нымузей” гэж нэрлэж музейг НАХЯ-ны барилгын 0119 дүгээр ангиар бариулан 1983 оны 9 дүгээр сард тэмдэглэсэн.

Хилийн цэргийн 50 жилийн ойн өмнө ашиглалтанд авч музей байгуулагдах бэлтгэл ажлыг  хангах тасгийг байгуулж ажиллуулан бэлтгэлийг хангуулан музей байгуулж 1983 оны 07 дугаар сарын 16-ний өдөр нээж олон түмэнд үйлчилж эхэлжээ. 1990 онд НАХЯ-ыг татан буулгаж түүний бүрэлдхүүнд байсан ТЕГ, ЦЕГ, ХХЕГ, ШШБЕГ, Улсын архивын газар зэрэг албад бие даасан  байгууллагууд болсон учир музей үйл ажиллагаагаа түр зуур зогсоож 1992 оны 07 дугаар сарын 16-наас эхлэн “Улсын хилийн музей” нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулах болсон байна. 1997 оны 9 дүгээр сард төрийн өмчийн хорооны шийдвэрээр музейн барилгыг дуудлагын худалдаанд оруулан худалдсан учир Хилийн цэргийн удирдах газрын даргын 1998 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 174 тоот тушаалаар одоогийн байранд шинэчлэн байгуулж 1998 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр нээсэн байна.

Музей Монгол улсын хил бүрэлдэн тогтсон түүхэн үйл явдлыг харуулсан Монгол улсын хилийн хамгаалалтын түүхэн уламжлалыг тусгасан хоёр танхимтай бөгөөд танхимуудад музейн нийт сан хөмрөгийн 60 гаруй хувийг дэлгэн үзүүлж байна.Музейн үзмэрт тус улсын нутагт оршин тогтнож байсан эртний улсууд, 1227 оны үеийн Их Монгол улсын хил хязгаарыг харуулсны гадна одоогийн Монгол Улсын хил бүрэлдэн тогтсон үйл явдлыг түүхчилэн харуулсан болно. Мөн Монгол Улсын  хилийн эртний харуул хамгаалалтын уламжлал,орчин үеийн хил хамгаалалт үүсч хөгжсөн түүхэн явцыг музейн үзмэрт тусгасан байна. Тус музейд эх орныхоо дархан хилийн хамгаалалтанд гавъяа байгуулсан хувь хүмүүс,хилийн хамт олон,Монгол Улсын баатар болон гавъяат цолтны эдэлж хэрэглэж байсан дүрэмт хувцас,буу зэвсэг,эд баялагын зүйлүүдээс гадна уран хатгамал,уран зураг,дахин давтагдашгүй ховор нандин түүхэн зургуудыг дэлгэн үзүүлж байна.  

 ТАНИЛЦУУЛАГА

Музейн танхимын байрлал

Их монгол улсын 1227 оны хил хязгаар

Монгол Манж Го-гийн улсын хилийн халх голын хэсэгт 1940 онд тавьсан хилийн тэмдэг

Маршал Х.Чойбалсангийн хувцас, бичгийн хэрэгсэл, дурсгалын зүйлс

Монгол улсын баатар, Армийн генерал Б.Доржийн ёслолын хувцас дурсгалын зүйлс

1962 онд БНМАУ, БНХАУ-ын хооронд байгуулсан гэрээнд БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн дарга Ю.Цэдэнбал, Чжоу-Энь-Лай нар гарын үсэг зуржээ.

1976 онд БНМАУ, ЗСБНХУ-ын хооронд байгуулагдсан хилийн гэрээнд МАХН-ын төв Хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга Ю.Цэдэнбал, ЗХУКН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Л.И.Брежнев нар гарын үсэг зуржээ.

Хаант Орос Манж Гүрний хооронд хилийн төлөөлөгчдийн хэрэглэж байсан эв мод

Уран хатгамалч Л.Цэрэнхүүгийн бүтээл Ю.Цэдэнбалын хатгамал хөрөг

1942 онд хил зөрчиж ирж баригдсан гадаадын тагнуулын офицерын чонын арьсан өмсгөл

Халх голын отрядын Эрс уулын заставын байлдааны ажиллагааг харуулсан зураг /1939 он/

Хилчид Байтаг богд ууланд гадаадын түрэмгийлэгчидтэй хийсэн байлдааны  ажиллагааг харуулсан зураг /1949 он/

 

2012 оны 06 сарын 30 | Үзсэн : 10093