ХОШУУЧ С.АЛТАНСЭЛЭМ: АНХ УДАА ОРОЛЦСОН ТЭМЦЭЭНДЭЭ ЧАМЛАХААРГҮЙ ӨНДӨР АМЖИЛТ ҮЗҮҮЛЛЭЭ
  • 08:40
  • 2568
Хилийн 0224 дүгээр салбар, Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгын бүжгийн албаны дарга, ерөнхий балетмейстр, хошууч С.Алтансэлэмээр ахлуулсан бүжигчид БНСУ-д зохиогдсон олон улсын бүжгийн тэмцээнд оролцоод иржээ. Тэмцээний талаар түүнээс тодрууллаа.

Ахлах дэслэгч Л.НОМИНГЭРЭЛ

-Олон улсын ямар тэмцээнд оролцоод ирэв. Бүжгийн тэмцээний талаар тодруулаач? 

-БНСУ-ын Вонжү хотод зохиогдсон "Wonju dynamic dancing carnival" олон улсын бүжгийн тэмцээнд оролцоод ирлээ. Энэ тэмцээн энэ есдүгээр сарын 03-28-ны хооронд зохион байгуулагдсан. Тэмцээнд Солонгосын болон гадаадын улс орнуудын нийт 140 багийн 11 мянга орчим бүжигчид оролцсон. Монголын бүжигчдийн хувьд динамик буюу 40-өөс дээш хүний бүрэлдэхүүнтэй бүжиглэдэг төрөлд өрсөлдлөө. Энэ нь тэмцээний гол төрөл. Тиймээс 20 гаруй орны баг өрсөлдсөн. Зөвхөн Солонгосоос гэхэд 15 баг энэ төрөлд оролцсон. Хамгийн эрч хүчтэй, үзүүштэй үзүүлбэрүүдийг мэргэжлийн өндөр түвшний бүжигчид хийж гүйцэтгэдгээрээ онцлог.

-ХЦДБЧ-аас хичнээн бүжигчин оролцов?

-Энэхүү тэмцээнд ХЦДБЧ-аас миний бие, мөн МУСТА, ахлах ахлагч  Н.Батнасан, ахлах ахлагч Ц.Цогбаяр, ахлагч З.Тунгалагтуяа, дэд ахлагч Г.Оюун-Эрдэнэ, дэд ахлагч Ц.Батгарав нар оролцсон.

-Урьд нь чуулгын бүжигчид олон улсын тэмцээнд амжилттай оролцож байсан. Манай бүжигчдийн мэргэжлийн ур чадвар ямар байсан бол. Ямар амжилт үзүүлэв?

-Манай баг эхний шалгаруулалтандаа шилдэг 12 багт багтаж, гала тоглолтонд орох эрхээ авсан. Улмаар финалын шатанд оролцож гуравдугаар байрыг эзэлсэн. Анх удаа оролцсон тэмцээндээ чамлахааргүй өндөр амжилт үзүүллээ. Дараа дараагийн уралдаан тэмцээнүүдэд туршлагажиж, улам их амжилттай оролцох боломж байна гэдгийг харсан. “Эх орны манаа” сониноороо дамжуулан биднийг тэмцээнд явахад дэмжиж тусалсан чуулгынхаа удирдлагууд болон нийт уран бүтээлчид, хамт олондоо баярлалаа гэдгээ илэрхийлье.