ХИЛЧДЭЭС УЯНГАЛСАН "ЭХ ОРНЫ МАНАА"
  • 09:43
  • 7781
Байлдааны гавьяаны одонт “Эх орны манаа” сонины 80 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ. Хэвлэл гэдэг уншигчгүй бол энгийн нэгэн эрээн цаас болон хувирах биз. Харин хэн нэгэнд оюуны охь, мэдээ мэдээллийн эх ундарга нь болж гэмээнэ хэвлэл гэх эрхэм нэрийг хүртдэг болов уу. Нэгэн жаран хийгээд наяны туршид энэ эрхэм нэрээ хилчдийнхээ өмнө нэр хүндтэй авч яваа тус сонины ойн бэлгийг хурандаа О.Батгэрэл захирагчтай Хилийн 0132 дугаар ангийн хамт олон барьсан юм. Тэр дундаа СМССА, тал хээрийн бүсийн хошой аварга эмэгтэйчүүдийн зөвлөл санаачилан “Эх орны манаа” сонины уншигчдын дунд шүлгийн уралдаан зохион байгуулах, дэмжих санаачилгыг гаргаж бидэнд, нийт уншигчдад бэлэг барьсан юм.

Ахлагч О.БАЯРМАА

Шүлгийн уралдаан “Эх орны манаа” сэдвийн хүрээнд хоёрдугаар сарын 01-нээс дөрөвдүгээр сарын 01-ний хооронд зохион байгуулагдлаа. Шүлгийн уралдааныг гурван үе шаттайгаар зохион байгуулсан бөгөөд уралдаанд хурандаа цолтноос эхлээд байлдагч, ахмад хилчид, энгийн ажилчид гээд өргөн бүрэлдэхүүнтэйгээр оролцлоо. Редакцийн цахим хаягаар болон "Монгол шуудан" ХХК-иар дамжуулан эх орны дөрвөн зүг, найман зовхис, хилийн чинадаас хүртэл бүтээлүүд хаяглагдан ирсэн юм. Шүлгийн уралдаанд нийт 260 гаруй бүтээл ирж, хоёрдугаар шатанд 31, гуравдугаар шатанд 10 шүлэг шалгарсан билээ. 260 гаруй бүтээлээс арван шүлгийг шүүн тунгааж авна гэдэг шүүгчдийн хувьд амаргүй даваа байсныг энд дурдах нь зүйтэй. Яах аргагүй хилчдийн сэтгэл зүрхнээс л эх орны ийм өнгө, эгшиг, үгс тодрох биз гэж хэлэхүйц олон сайхан бүтээлүүд ирсэн билээ. Ингээд шилдэг 10 бүтээлийн эздийг тодруулж энэ дундаас шагналт дөрвөн байрыг шалгаруулсан юм.

Хилчдийн оюуны охийг “Өдрийн сонин”-ы албаны дарга,“Болор цом”-ын эзэн яруу найрагч Норовын Гантулга, Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгын ерөнхий найруулагч, дэд хурандаа Уртнасангийн Пүрэвсүрэн, “Хас сошиал медиа” группийн тоймч, сэтгүүлч Санжаадоржийн Батгүр нар шүүн тунгаалаа. 

Энд нэгэн онцлог шалгаруулалтыг дурдах нь зүйтэй байх. Дэлхийн нийтийг хамарсан цар тахлаас үүдэн цахим, телесистемийг дэлхий нийт өргөн ашиглаж байна. Эх орныхоо торгон хилийг хамгаалж буй хилчид ажил үйлсийн онцлогоос шалтгаалан теле хурлын системийг нэвтрүүлээд нэлээдгүй хэдэн жилийг үзэж байна. Тус системийг ашиглан шилдэг арван уран бүтээлч шүүгчдэд өөрсдийн уран бүтээлээ ажиллаж, амьдарч буй газар орноосоо шууд уншиж сонордуулсан юм. Тэд маань зүгээр ч нэг уншиж өгөөгүй. Шүүгч, сонсогчдоо хүндлэн тусгайлан тайз засаж, хөг аялгуу дэвсэн уянгалуулсан. Шүүгчдийн бүрэлдэхүүн олон тэмцээн уралдаан шүүж явсан ч анх удаагаа цахим хэлбэрээр хилчдийн уран бүтээлийг эх орны хил дээрээс шууд холбогдон сонордож буй нь онцлог басхүү сайхан байсныг энэ үеэр дурдаж байлаа. Мөн шүүж, тунгаан байр эзлүүлэхэд чанга, өрсөлдөөн ихтэй тэмцээн болж буйг онцолж байсан юм. Ингээд шүүгчдийн бүрэлдэхүүний нийлбэр дүнгээр Хилийн 0131 дүгээр ангийн 0121 дүгээр салбарын захирагч, хошууч Д.Чинбат тэргүүн байр, Хилийн 0214 дүгээр ангийн 0220 дугаар салбарын харуулын дарга, ахлагч З.Гэрэлт-Од дэд байр, Хилийн 0166 дугаар ангийн захирагчийн орлогч, СМССА-ны дарга, ахмад Б.Баярбаатар, Хилийн 0275 дугаар ангийн СМССА-ны хөгжимчин, дэд ахлагч Н.Наранчимэг нар гуравдугаар байрыг эзэлж дурсамж, мөнгөн шагналын эзэд болсон юм. Дашрамд дурдахад шүлгийн уралдааны төгсгөлийн шатыг Хил хамгаалах ерөнхий газрын Олон нийттэй харилцах албаны албан ёсны хуудсанд бичлэгээр байршуулсан тул хилчид та бүхэн хамт үзэн сонордох боломжтой юм. Мөн шилдэг 10 бүтээлээр бүтсэн CD-ийг ангиудад түгээхээр ажиллаж байна. Наян жилийн түүхтэй сонины түүхэнд бичигдэн үлдэх сайхан ажлын санаачилсан Хилийн 0132 дугаар ангийн удирдлага, хамт олон, тал хээрийн бүсийн хошой аварга эмэгтэйчүүдийн зөвлөлд дахин дахин талархсанаа энэхүү сурвалжлагаараа хүндэтгэн уламжилъя.

Хилийн 0132 дугаар ангийн СМССА-ны дарга, дэд хурандаа Н.Наранцэцэг: -Бид “Эх орны манаа” сонины 80 жилийн ой тохиож буйг хилчдэдээ сурталчилан таниулах, түүхэн замналыг нь хойч үедээ танилцуулах, бусад ангид уриалга хүргэх, хилчин яруу найргийн урын санг баяжуулах зорилгоор тус уралдааныг санаачилсан. Бидний санаачилгыг дэмжиж ажилласан, уран бүтээлээ илгээсэн нийт хилчид, ахмадууддаа баярлалаа. Хоёр сарын хугацаанд 100 гаруй уран бүтээл цугларах байх гэсэн тооцоолол байсан. Гэтэл бидний төсөөлж байснаас хэд дахин уран бүтээл ирсэн. Зарласан хугацаанаас хойш ч гэсэн олон бүтээл ирж байсан. Энэ уралдаан бидний санаачилсан ажил боловч “Эх орны манаа” сонин хилчдийн хувьд ямар үнэ цэнэтэй хэвлэл мэдээллийн хэрэгсэл гэдгийг харууллаа гэж дүгнэж байна. Бидэнтэй хамтран ажилласан Хил хамгаалах ерөнхий газрын Олон нийттэй харилцах алба, “Эх орны манаа” сонины редакцийн хамт олонд баярлалаа.

Хилийн 0131 дүгээр ангийн 0121 дүгээр салбарын захирагч, хошууч Д.Чинбат: -Энэ сайхан наадамд оролцож тэргүүн байр эзэлсэндээ маш их баяртай байна. Би гурван үеийн хилчин хүн. Арван есөн настайдаа хилд үүрэг гүйцэтгэж, 20 настайгаасаа эхлэн хил дээр шүлгээ бичсэн. Анх "5"-ын дэвтэр дээр шүлгээ бичээд дуусахын алдад хал цэргүүдэд алдчихдаг байлаа. Олон дэвтэр алдсан даа. Сүүлийн үед цахим сүлжээнд шүлгээ тавьснаар, тэр нь хүмүүст хүрч байгаад баяртай байна. “Эх орны манаа” сонины түүхт 80 жилийн ойд зориулан нэг өдрийн дотор сууж байгаад шүлгээ бичсэн. Өврийн дэвтэрт минь хил, хилчдийн тухай олон шүлэг байсан ч түүхт ойдоо зориулж өргөн цар хүрээг бодож бичсэн. Би хил дээр тасралтгүй 28 жилийн турш үүрэг гүйцэтгэсэн. Энэ хугацаанд долоон анги, 16 салбар, гурван боомтод үүрэг гүйцэтгэн ажиллажээ. Үүрэг гүйцэтгэж байсан газар орныхоо талаар нэг найраглал бичсэн. Өөрийн шүлгүүдээрээ ном гаргах бодолтой байна. Түүхт 80 жилийн ойгоо тэмдэглэж буй танай сонины хамт олонд халуун баяр хүргэе. Ажил үйлс бүхэн нь гэрэлтэж яваг. 

ХИЛИЙН МАНАА

Сансарын түмэн оддоос онцолж ялгарах цэнхэр гариг

Сарыг дагуулан оршсон бөмбөрцөг дэлхийн бөөрөнд

Азийн цээжинд орших дэлгэсэн дээл шиг эх орны минь

Аялгуут сайхан нэрийг МОНГОЛ хэмээн тунхагланам

Түмэн хэлт, таван тивт хүмүүн төрөлхтний

Төрсөн нутаг, өссөн газар, язгуурын үүсэл нь болсон

Үлгэрийн гайхамшиг, үзэсгэлэнт байгаль, уул устай

Үүрдийн ерөөлөөр өвгөдийн үлдээсэн эх орон мину

Нялх багын сэвлэгээ хадгалуулсан энхрийхэн

Нас нэмэх бүрийг навчисаа унагаж тоолсон нандинхан

Будан суунаглуулан, бороо шаагиулан зүрх догдлуулж

Будар будархан цасан ширхэгээр бүжиг наадуулсан эх орон минь

Хүний хорвоод эрийн тэнгэрт ивээгдэн мэндлэхэд

Хилээ манах хүү төрлөө гэж аав минь хурайлсан

Ааваасаа авсан анхны даалгаврыг хүү чинь

Арван найман жилийн дараа хилчин болж биелүүлсэн

Бурхнаас ч харамлаж өсгөсөн үрээ ээж минь

Булгилах зүрхнийх нь уяа эх орноосоо нуугаагүй

Энгэртээ тэвэрч эрхлүүлсэн хүүгээ буурал аав минь

Элэг зүрхээрээ холбоотой эх орноосоо харамлаагүй ээ

Халуун амиа эх орныхоо төлөө өргө гэж аав минь зарлигдсан

Хайртай бүхнээ хамгаалан хатуу зогс гэж ээж минь надад захисан

Хилийн зурвасыг ариун байлгах тушаалыг даргаасаа би хүлээсэн

Халуун амиараа хамгаална гэж төрийн сүлдэндээ тангарагласан

Ээж хэмээх ногоон дарь эхийн энгэрт жаргаасан

Аав хэмээх амьд бурхны ивээлд эрийн цээнд хүргэсэн

Эгнэгт, үргэлжид Монгол хэмээн зүрхэнд минь тунхагласан

Агуу бүхний дээд амь амьдралыг тэтгэгч эх орон таныгаа

Хөх толбот нуган үрс чинь эрийн цээнд хүрч өндийгөөд

Хайрлан хамгаалах дээдсийн зарлигийг ёсчлон биелүүлж

Хүрээлж тогтоосон хилийн заставтаа эр цэрэг болон

Хамгаалан зогсоно, зэрэглэн жагсана монгол цэргийн ёсоор

Улсын хилийн хариуцсан хэсгийг батлан хамгаалж

Ургах нарыг торгон хилээс хилийн манаа тосдог юм

Түүхт хилийн дагууд дөрвөн зүг найман зовхист хүрээлсэн  

Тэмдэгт баганаа хамгаалж хилийн манаа алтан нарыг үддэг юм аа

Хуульсан бичээст мутарласан тушаал бүрийг биелүүлж

Хилийн манаанд хилчин эрс хүрээлэн байна улсын хилээ

Муу санаатны мөрийг ч гаргахгүй ариун үүрэгтэй

Монгол цэрэг хилээ хамгаалан сонор соргог байна

Монгол Улсын дархан хилийн манаанд алхаад марш гэсэн

Мохошгүй чин зоригт хилчдийн, сонсоод омогшдог тушаалыг

Идэр залуухан хилчин байлдагчид мэдлээ гүйцэтгэе гэж илтгээд

Ирмүүн их хүсэл тэмүүлэлтэйгээр биелүүлж эхлэх нь бахархам

Генералаас өгөгдсөн тушаалыг хилчин байлдагч нь биелүүлж

Галан шуурган дундуур гавьяа байгуулдаг нь цэргийн ёс

Хэцүү бэрхийг давж тушаал биелүүлсэн эр цэргүүддээ

Хүндлэн ёслож эх орон нь мэхийдэг нь төрийн ёс юм аа

Халуун залуу насны бахархал болон сэтгэлд мөнхлөгдөх

Хилийн цэргийн алба, хилчин эрийн үүрдийн бардамнал мөн

Хилийн манаанд томилогдон үүрэг гүйцэтгэсэн мөч бүр

Хэзээ ч үл мартагдах дайчин замналын үнэн түүх мөн

Хязгаар нутагт, өдөр шөнийн аль ч цагт 

Хилийн манаа үүргээ тасралтгүй гүйцэтгэсээр байна

Дөрвөн зүгт, дөрвөн бүсэд, хилийн бүс зурваст

Дайчин эрс хилийн манаандаа явсаар л байна, үл тасарна.

Хилийн 0214 дүгээр ангийн  0220 дугаар салбарын харуулын дарга, ахлагч З.Гэрэлт-Од: -Намайг З.Гэрэлт-Од гэдэг. Хилийн 0214 дүгээр ангид 2010 оноос хугацаат болон гэрээт цэргийн алба хааж, үргэлжлүүлээд ахлагчаар ажиллаж байна. Шүлгийн уралдаан болох сургийг дуулаад хэсэг бодож явсан. Урьд нь бичиж байсан шүлэгтэйгээ уялдуулж гурав хоног бичсэн. Энэ шүлэг маань нэг ёсондоо харамч хүний шүлэг. Эх орноо харамлаж байгаа, тэр сэтгэлээ үгээр жад болгон хийсгэж байгаа юм. “Үг үзүүргүй ч гэсэн алах чадалтай” гэдэгтэй л адилхан үгээрээ л эх орноо хамгаалж байна, харамлаж байна гэсэн илэрхийлэлтэй. Хүүхэд байхаасаа шүлэг бичих гэж оролддог ойролцоогоор 700 гаруй шүлэгтэй байх. Би хүүхдийн “Алтан үзэг” наадмаас хоёр удаагийн алтан медаль хүртэж байсан. Миний хамгийн том наадам тэр байсан.Энэхүү шүлгийн уралдаанд ямар ч байсан айргийн тавд орно гэсэн итгэл байсан, зорьсондоо хүрлээ.

ЭХ ОРНЫ МАНАА

Уулсын оройд үүлс суунагласан торгон эмжээр

Улалзтал туяарах тэнгэрийн хаяанд босгосон чулуу 

Орсон буурын шаваа тас хөлдөх хонгор говийн хаяа 

Ойлон зугтах ооны хурд цуцах тал руу 

Эх орны торгон хил рүү алхаад марш командтай 

Үе үеийн хилчдийн халаагаа өгсөн манаатай 

Хөвх цагаан үүлс сэмрэх эх орны торгон хил

Хөвөлзтөл салхилах салхи нь хацар илбэнхэн байна 

Хөх хуучин алсын бараанд сүүмэлзэх толгод нь түүх хүүрнэн дүнхийж 

Хөгшид буурлын амиан зольсон сүүн хэлхээ нь энд байна

Эх орны торгон хил рүү алхаад марш командтай 

Үе үеийн хилчдийн халаагаа өгсөн манаатай 

Босоо бичээст зургаан гал шиг үсэг нь монгол 

Босохдоо тулж, туулж өнгөрүүлсэн газар минь хил 

Ботгон хонгор говийн зэрэглээнд сүүмэлзэх багана

Болор мөнгөн хээтэй алтан соёмбо дээдэлсэн хилчид энд байна

Эх орны торгон хил рүү алхаад марш командтай 

Үе үеийн хилчдийн халаагаа өгсөн манаатай  

Цомцойн уйлан угтах үрийн дуу тасраагүй

Цорын ганцхан хилээ дээдэлсэн гавъяатай 

Цусандаа, ясандаа сийлсэн өвгөдийн захиастай 

Зулын гал таслаагүй ижий цацлын үргэлжлэл нь энд байна 

Эх орны торгон хил рүү алхаад марш командтай 

Үе үеийн хилчдийн халаагаа өгсөн манаатай 

Хулангийн жигүүрийн салхинд сэмрэх сэтгэл үгүй 

Хувирч буцах заяа үгүй зорилготой

Хулжих нойроо мартан хамгаалах тангарагтай 

Хувирашгүй сэтгэлтэн нь энд байна 

Эх орны торгон хил рүү алхаад марш командтай 

Үе үеийн хилчдийн халаагаа өгсөн манаатай 

Нарны алтан шар туяагаар биеэ гоёсон 

Навчис цэцэгсийн шүүдэр туучсан хацар гоо 

Үхлээс аврах ээж бурхан сахиус 

Үхэлд үдэх хамгийн сүүлийн хүн минь энд байна

Эх орны торгон хил рүү алхаад марш командтай 

Үе үеийн хилчдийн халаагаа өгсөн манаатай 

Хилдээ ясаа тавих нутагтай хүн би 

Үхэлд очсон ч сүнс минь хамгаалж догширно 

Энд суугаа чинь зэвсэг агсан омогшино

Элгэн хар уулын хормойд хонин үүл болон сууна би 

Эх орны торгон хил рүү алхаад марш командтай 

Үе үеийн хилчдийн халаагаа өгсөн манаатай 

Аваад өгөх юм байхгүй хүний хэцүү хорвоод 

Алга нь улайсан харийн хүн чи сонс 

Алт шиг залуу нас золих зориг чамд байна уу? 

Асууя тэр зориг хилчдэд байдаг юм чи сонс 

Эх орны торгон хил рүү алхаад марш командтай 

Үе үеийн хилчдийн халаагаа өгсөн манаатай 

Энд үхлээс айдаг нүгэлтэн суудаггүй юм

Энд сүүн цацлын хадаг намирсан бурхад суудаг юм

Энд эвийн очирын тарнийн хэлхээ суудаг юм

Энд энэрлийн алтан зул сарнай дэлбээлдэг юм

Эх орны торгон хил рүү алхаад марш командтай 

Үе үеийн хилчдийн халаагаа өгсөн манаатай 

Харийн хүн та голыг минь тасалвал тасал

Халуун хар төмрөөр дөнгөлөн жаньч бид тэснэ

Хатан гоо сүүн замын бурхад минь байна авбал ав

Газар шороонд минь шунавал нас чинь дутна тонил

Эх орны торгон хил рүү алхаад марш командтай 

Үе үеийн хилчдийн халаагаа өгсөн манаатай 

Аараг намхан толгод зэллэх зэрэглээ нь бүртийх

Аавдаа яарсан хөвгүүд минь энд байна

Атрын тариан түрүү найгах шиг загийн төгөлд минь 

Алгаа тоссон гуйлгачдад өгөх юм алга байна энд 

Эх орны торгон хил рүү алхаад марш командтай 

Үе үеийн хилчдийн халаагаа өгсөн манаатай 

Тоост хонгор говийн толгод бүхэн үнэнтэй

Торойн цайрах багана нь хэнийг ч оруулахгүй хуультай 

Тойрон эргэлдэх энэ л хорвоогийн элгэн дээр 

Тангараг өргөсөн эрчүүдийн буухиа тасрахгүй зарлигтай

Эх орны торгон хил рүү алхаад марш командтай

Үе үеийн хилчдийн халаагаа өгсөн манаатай.

Хилийн 0166 дугаар ангийн захирагчийн орлогч, СМССА-ны дарга, ахмад Б.Баярбаатар: -Манай анги тус наадамд 26 шүлэг оролцуулснаас сүүлийн шатанд хоёр хүний бүтээл тодорсон. “Эх орны манаа” сонин миний төдийгүй хилчдийн байнгын туслагч, хамтран зүтгэгч байдаг. Энэ хүндтэй сониныхоо ойн баярт зориулсан шүлгийн уралдаанд гуравдугаар байр эзэлсэндээ маш их баяртай байна. Миний хувьд чөлөөт цагаараа шүлэг, уран бүтээл шимтэн сонирхдог сонирхогчдын нэг. “Буурал застав”, “Тэрхийн цагаан нуур” зэрэг дууны шүлэгтэй. Шүлгийн уралдааны хувьд хамгийн том оролцсон наадам “Эх орны манаа” байлаа. Нийт хилчдэдээ, сонины редакц, сайхан наадам зохион байгуулсан Хилийн 0132 дугаар ангийн хамт олондоо ажлын амжилт хүсье. 

ЭХ ОРНЫ МАНАА

Хаан заяат төрийн илч нь байг

Хар санаат бүхэнд жатга нь байг

Хөх тэнгэрийн өнгө нь байг

Хилчин дайчдын минь  сэтгэл нь байг

Торгон хилийн манаанд хаан нь байг

Тодорч бүдгэрэх хэвлэлд нар нь байг

Хилийн салбарт ирсэн баяр нь байг

Хилчид Монголын эзэн гэсэн тодотгол нь байг

Энгүй өргөн талын салхи нь байг

Эрс нь өндөр уулсын жавар нь байг

Оршихуйн их үнэний учиг нь байг

Омог төгөлдөр хилчдийн сүр нь байг

Аядуу зөөлөн нэгэнд зориг нь байг

Аархал дүүрэн заримд даруулга нь байг

Эндүү андуу хагацалд нулимс нь байг

Энгүй амжилтын эзэнд бахархал нь байг

Алдарт зорьсон хилчинд зориг нь байг

Алдсан нэгний сэтгэлд ухаарал нь байг

Хилээ санасан хэн бүхэнд мэнд нь байг

Хилд удсан заримд сонор нь байг

Ахмад хилчдийн минь сургаал нь байг

Алдарт мэргэдийн ухаан нь байг

Хилчин дайчдын сэтгэлд шүтээн нь байг

Хэн ч эвдэж үл болох итгэл нь байг

Унаж боссон түүхийн илд нь байг

Удам дамжсан хилчдийн минь сүлд нь байг

Хязгаар бүхэнд шившсэн сум нь байг

Хилчин бүхэнд хаягласан "Эх орны манаа" сонин мөнх байг.

Хилийн 0275 дугаар ангийн СМССА-ны хөгжимчин, дэд ахлагч Н.Наранчимэг: -Түүхт 80 жилийн ойгоо тэмдэглэж байгаа та бүхнийхээ амар амгаланг эрэн мэндчилье. Эх орныхоо хилээ сахин хамгаалж буй эрэлхэг хилчдэд соёлыг түгээж буй та бүхнийгээ магтан шүлэглэх болсон минь нэр төрийн хэрэг байлаа. Олон сайхан шүлэг дундаас гуравдугаар байранд орсон минь надад маш том урмыг бэлэглэсэн. Цаашид  шүлэг бичих онгодыг минь хөглөж өглөө. Энэ сайхан уралдааны дараа Чөлөөлөх дайны 75 жилийн ойд зориулан зүүн бүсийн хүчний байгууллага дунд зохиогдсон уран уншлагын уралдаанд “Цэрэг эрсийн дуун” шүлгээрээ оролцож тусгай байр эзэлсэн. Тус наадмыг санаачилсан, зохион байгуулсан бүх хүмүүст баярлалаа.

ЭХ ОРНЫ МАНАА ЭРЭЛХЭГ ХИЛЧДИЙН МИНЬ ЗАМНАЛ

Эх орны манаа эрэлхэг хилчдийн минь замнал  

Эх орны манаа энэ цагийн түүчээ 

Эх орны манаа энгүй түүхийн улбаа

Эх орны манаа торгон хилийн минь шаглаа 

Зүр гурын дуутай буйдхан заставын ширээн дээр

Зүрхний хайртай нутгийн минь зүйдэлгүй торгон хил дээр ч

Зэрэгцэн алхах жагсаалын уухай түрэх дуун дээр ч

Зэрэгцэж хамт л байдаг эх орны манаа 

Сүүн замтай хилчдийнхээ сүрийг магтан дуулаад 

Сүлдэт баганынхаа хиймориор онгод, үзгээ хурцлаад 

Сүр жавхалант улсынхаа дөрвөн зүг найман зовхист

Сэтгэл зүтгэлээ өргөх мөрдэст дайчин сэтгүүлчид

Төрийн алтан соёмбондоо цэгцхэн нэг ёслоод 

Төрөлх эх нутгийнхаа үзэсгэлэнг олонтаа магтах

Түмэн олон хилчдийнхээ үйлс бүхнийг сийлбэртэх

Түвшин цагаан үйлстэй тухлах завгүй редакторууд

Өнгө тааруулж өрж нэгтгэн өдөр ч шөнө ч ажилласаар 

Үг хөгжөөж мэдээллийг хүргэх гэж унтах завгүй хөдөлмөрлөсөөр л

Цалгих их сэтгэлээ цагийн зүүтэй уралдуулж 

Цохилох зүрх догдоллоо, мөр бүрт шигтгэсэн 

Цаасан дээр мөрлөн буулгах хором бүр үнэтэй

Цогтой хоёр нүдэндээ мишээл тодруулсан цэнэтэй

Уул уулын оройг өндөр гэж хэлвэл 

Уран найрагч та нарыг оргил нь гэж магтая 

Ус усны тунгалгийг ариухан гэж хэлвэл 

Ухаалаг илтгэгч та бүхнийг ундарга нь гэж дуулья

Мөрдэст олон хилчдийнхээ мөнхийн нөхөр болоод 

Мөнгөн сартай шөнөөр ч хань болон эгшээгээд 

Мөрөөдөл амилуулж гэрэл болгон хөгжөөгөөд 

Мөнх бусын хорвоод мөрөө үлдээх  зохиолууд 

Монгол туургат нутгийнхаа зах бүслүүр хязгаар луу 

Морьтон улаач шиг түүчээлэх эх орны манаа 

Мандах нартай уралдаж хилийн заставт хүргэгдээд

Магнай нь тэнийж хилчид, мишээл тодруулан уншдаг 

Эх орны манаа баатарлаг хилчдийн минь туурьвал

Эх орны манаа буйдхан заставын бахархал

Эх орны манаа бусдад түгээх итгэлийн оч

Эх орны манаа бурхан шиг харуулын минь сэтгэлийн түүчээ

Үгийн яруугаар урам оруулан дэлгэрүүлж 

Үйлсийн сайхнаар сэтгэл өргөн мялаая 

Эх нутгийн минь газар шороонд хэн ч бүү халдаг 

Эх нутгийн минь эмжээр заагт хэн ч бүү шунаг.