ХӨДӨЛГӨӨНТ ЗАСВАРЫН БҮЛЭГ ХИЛ РҮҮ
  • 09:55
  • 3551
Дэслэгч М.Уранбайгаль

Хилийн зарим ангиудын автомашин техникийг Хилийн 0252, 0164, 0253 дугаар ангийн хөдөлгөөнт засварын бүлэг газар дээр нь очиж, үзэж оношлон засварлахаар хилийн зүг хөдөлгөөн үйлдлээ. Хөдөлгөөнт байдлаар засвар үйлчилгээ үзүүлэх дээрх автомашин нь Хил хамгаалах байгууллагад шинэ санаа-тэргүүн туршлага болохуйцаар тоноглогдсон юм. Тухайлбал, явуут дундаа засвар үйлчилгээг цогцоор нь хийхээс гадна бүлгийн бүрэлдэхүүний ажиллаж, амрах орчин бүрэн шийдэгджээ.

Дэслэгч К.Муратхан: Нийт 18 нэгж техник засварлан, тоноглосон 

-Засварын бүлгийнхээ үйл ажиллагааг танилцуулаач?

-Хилийн 0252 дугаар ангийн засварын бүлэг 2017 онд байгуулагдсан цагаасаа Хил хамгаалах байгууллагад ашиглагдаж буй тусгай зориулалтын автомашиныг тоноглож байна. Энэ онд Хилийн 0131, 0132 дугаар ангиас ашиглалтаас гарсан хоёр нэгж ЗИЛ-131 маркийн автомашиныг татан авч хилийн хөдөлгөөнт харуулын зориулалтаар тоноглон Хилийн 0257, 0214 дүгээр ангид хүлээлгэн өгөөд байна. 

-Нийт хичнээн автомашиныг тоноглож хүлээлгэн өгсөн бэ? 

-2017 оноос хойш 18 нэгж техникийг засварлан тоноглосон. 

-Нэг автомашиныг тоноглоход хэд хоног зарцуулах уу?

-Дунджаар 30-40 хоног засна. Засварын бүлэг маань зургаан хүний бүрэлдэхүүнтэй. 

-Одоо танай бүлэг хаана үүрэг гүйцэтгэх вэ?

-Хөдөлгөөнт байдлаар зүүн бүсийн хилийн ангиудын 16 нэгж автомашинд Хилийн 0253 дугаар ангийн суудлын автомашин засварын бүлэгтэй хамтран 45 хоногийн хугацаанд засвар үйлчилгээ хийнэ. Энэ хугацаандаа эвдрэл гэмтэлтэй техникүүдийн хөдөлгүүр, явах эд ангийг засаж, өнгө үзэмжийг нь дээшлүүлнэ. 

 

Дэслэгч Д.Үнэнбат: Бүхий л үйлчилгээг бүрэн үзүүлнэ

-Өөрийгөө танилцуулаач? 

-Би 2019 оноос Хилийн 0164 дүгээр ангийн цэрэг тээвэр, нэгдсэн ачаа тээврийн автомашин засварын бүлгийн даргаар ажиллаж байна. Манай бүлэг ОХУ-д 1983 онд үйлдвэрлэгдээд 1985 онд орж ирсэн Зил-131 маркийн автомашиныг хөдөлгөөнт засварын бүлгийн зориулалттайгаар тоноглосон. Бид уг автомашины толгой хэсгийг 2019 онд зассан. Тэгээд хөдөлгөөнт байдлаар үүрэг гүйцэтгүүлэхээр төсөл бичсэнийг Хил хамгаалах байгууллагын удирдлагаас дэмжсэн. Уг автомашин нь хилийн аль ч хэсэгт хүрч үүрэг гүйцэтгэх боломжтой. Цахилгааны эх үүсвэрийг нь шийдэж өгсөн байгаа.  

-Уг автомашинд ямар тоног, төхөөрөмж суулгасан бэ?

-ЗИЛ-131 машин нь 220 вт, 380 вт цахилгаан гаргана. Чиргүүл дээрээ генератортой. Гагнаж, точилдож, токардана. Ер нь ямар л үйлчилгээ шаардлагатай тэр бүхнийг үзүүлнэ. 

-Хэдэн хүний багтаамжтай вэ?

-Урдаа гурван хүн суугаад ардаа таван хүн амраад явах ортой. Телевизээ үзээд гал зуухандаа хоолоо хийгээд унтаж амраад явах нөхцлийг бүрэн бүрдүүлсэн. 

-Хэдий хэр өртгөөр босов? 

-Чиргүүлийг нь худалдан авч, тоноглоход 30 сая төгрөг зарцуулсан. Уг машиныг засварлан тоноглоход манай ангийн арван хүн нэг сарын хугацаанд өдөр шөнөгүй ажиллаад өнөөдөр Хилийн 0277, 0311 дүгээр ангийн хэсэгт үүрэг гүйцэтгэхэд бэлэн болоод байна. 

-Давуу тал?

-Хүний хөдөлмөрийг бүхэлд нь хөнгөвчилж өгсөн. Өмнөх шиг машины доогуур орж засдаг үе өнгөрсөн шүү дээ. Энэ нь цаг хугацааг хэмнэх давуу талтай. Тухайлбал, моторын тосыг гараар 15 минут шахдаг байсан бол таван минутад хийгээд шахчихна. Машины дээвэр дээр суурилуулсан нарны дэлгэц аккумлятороо цэнэглээд тог цахилгаанаа гаргана. Наргүй бүрхэг үед генератор нь ажиллаад тогоо гаргана. Дотор нь яваа бүрэлдэхүүний тав тухыг харгалзан үзэж машинаа тоноглосон. 

Ахлагч Х.ОрозБай: Хилийн ангийн автомашинуудыг бүсийн өнгөнд оруулсан

-Танай бүлгийн тоноглосон автомашины ямар үйлчилгээг үзүүлэх вэ?

-Хилийн 0253 дугаар ангийн суудлын автомашин засварын нэгдсэн бүлэг ГАЗель маркийн авто машиныг 12 сая төгрөгийн багаж тоног төхөөрөмжөөр тоноглон зүүн бүсийн хилийн ангиудад үүрэг гүйцэтгэхэд бэлэн болоод байна.  

-Засварын ямар үйлчилгээг үзүүлэх вэ?

-Машины хөдөлгүүр, хроп зэрэг хоёр тонн даацтай эд зүйлийг өргөнө. Мөн хөдөлгөөнт байдлаар засвар үйлчилгээг үзүүлнэ. Манай бүлэг хилийн ангиас ирсэн гурав, ХХЕГ-ын үйлчилгээнд явдаг дөрөв, нийт долоон нэгж техникийг энэ онд засварласан. 

-Автомашиныг хөдөлгөөнт байдлаар үүрэг гүйцэтгэх зориулалтаар тоноглох санаачилгыг хэрхэн гаргасан бэ?

-Ангийн удирдлагаас санаачилга гарган дотооддоо засаж тохижуулсан. ХХЕГ-аас 20 сая төгрөг гаргаж өгснөөр багаж тоног төхөөрөмжөө авч тоноглосон. Нийт долоон хүн суугаад үүрэг гүйцэтгээд явах боломжтой. Өмнө нь манай засварчид орон нутгийн шуудангийн унаагаар хилийн ангиудад хүрч ажилладаг байсан. 

-Танай бүлэг өмнө нь хилийн ангиуддаа ямар үйлчилгээг үзүүлсэн бэ?

-Хилийн анги, салбарын автомашиныг бүсийн өнгөөр будаж, урсгал засварыг хийсэн. Энэ онд Хил хамгаалах байгууллагад шинээр авах Ланд крузер 76, 78 машиныг бүсийн өнгөөр будахаар төлөвлөсөн.