2.1 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХОХИРЛООС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЛЭЭ
  • 09:33
  • 1121
Хошууч Т.Нямчимэг

Хилийн 0132 дугаар ангийн хариуцсан хэсэгт  цаг агаар муудаж, 18-24 метр секунд хүртэл хүчтэй шороон болон усан шамарга шуурсны улмаас хилийн 0127, 0249, 0103 дугаар салбаруудын хариуцсан хэсгээр нийт 3715 тооны бод, бог мал улсын хилд тулсныг хилчид хилийн шугамаас 0.5 километрт илрүүлэн тогтоов. Дээрх чиглэлүүдэд ангийн төв, хилийн салбаруудаас 14 бүлэг шуурхай ажиллан, ард иргэдэд учирч болох 2.1 тэрбум төгрөгийн хохирлоос урьдчилан сэргийлж, хилийн салбар болон харуулын байрлалд татан хамгаалалтад авч, хилийн дэглэмийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг яаралтай авч хэрэгжүүллээ. Уг зөрчлийн талаар Дорнод аймгийн цагдаагийн газар, Чойбалсан, Баянтүмэн сумдын Засаг даргын Тамгын газарт мэдэгдэж, малын эзэн холбогдогчийг тогтоох арга хэмжээг авч, зүсмийн бүртгэлээр эздэд нь хүлээлгэн өгөх мөн хилийн тухай хуулийн холбогдох заалтуудыг танилцуулж, байгаль цаг агаарын гэнэтийн өөрчлөлтийн үед малыг хаших, байнгын хариулгатай байлгаж, хил орчмын дэглэмийн зөрчил дахин гаргахгүй байх талаар баталгаа авч ажиллав. Малын эздийн зүгээс байгалийн давагдашгүй хүчин зүйлийн улмаас улсын хилд тулсан малыг хил дээр тогтоон барьж ажилласан хилийн салбарын бүрэлдэхүүн, тэнд үүрэг гүйцэтгэсэн нийт алба хаагчдад талархсан сэтгэлээ илэрхийлсэн юм.