ХУРАНДАА Ч.ДЭЛЭГ: ОХУ-Д СУРАЛЦАЖ БУЙ СОНСОГЧ НАРЫГ ТАТАН АВАХ АЖИЛЛАГАА ХҮНД НӨХЦӨЛД ЯВАГДСАН
  • 09:18
  • 3587
Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суугаа Элчин сайдын яамны I нарийн бичгийн дарга, Хилийн албан ёсны төлөөлөгч, хурандаа Ч.Дэлэгтэй ярилцлаа. Цаг үеийн асуудлаар болон цар тахлын улмаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар түүнээс тодруулсан юм.

Ахлах дэслэгч Б.АЛТАНЦЭЦЭГ

-Эрхэм хурандаагийн амрыг эрье. Сайхан зусч байна уу?

-Амрыг эрье. Сайхан, та нарын маань зуслан тарган уу?

-2020 он гарсаар дэлхий нийтийг цочроосон цар тахал дэгдэсний улмаас онцгой нөхцөл үүссэн. ОХУ-д цаг үеийн байдал ямар байна вэ?

-Дэлхий нийтийг цочроосон цар тахал ОХУ-д хоёрдугаар сараас эхлэн эрчтэй тархаж эхэлсэн. ОХУ-ын Засгийн газрын зүгээс гуравдугаар сарын 16-нд 635 тоот тогтоол гаргаж гуравдугаар сарын 18-ны 00.00 цагаас эхлэн хилээр нэвтрэх хөдөлгөөнийг хязгаарласан. Уг тогтоолд гуравдугаар сарын 29-ний өдөр нэмэлт өөрчлөлт оруулж гуравдугаар сарын 30-ны 00.00 цагаас хилээ бүрмөсөн хаасныг та бүхэн мэднэ. Өнөөдрийн байдлаар нөхцөл байдал дээрдэж байгаа боловч өвчлөлийн хэмжээ мэдэгдэхүйц буурахгүй байна. ОХУ-д өвчлөл өдөртөө найман мянга, Москва хотод мянга гаруй илэрч байгаа боловч хорио цээрийн дэглэмээ нэлээд сулруулсан. Гэхдээ олон нийтийг хамарсан арга хэмжээ, сургууль, цэцэрлэг, зоогийн газар, кино театруудын үйл ажиллагааг хориглосон хэвээр байна. Дэлхийн хэмжээнд ОХУ өвчлөлийн хэмжээгээр дөрөвдүгээр сарын сүүлч тавдугаар сарын эхээр Испани, АНУ-ын дараа гуравт бичигдэж байсан үе бий.

-ОХУ-ын Засгийн газраас авч хэрэгжүүлсэн томоохон зохицуулалтын арга хэмжээнүүдээс дурдвал?

-ОХУ-ын Засгийн газар солигдоод удалгүй цар тахалтай нүүр тулж эхэлсэн. Цар тахлын эсрэг олон дорвитой арга хэмжээнүүд авсан. Үүнд хилээ хаасан, ажлын байраа хадгалж буй аж ахуйн нэгжүүд болон албан хаагчдад ажиллаагүй үеийн тэтгэмж олгосон, коронавирусээр өвчилсөн өвчтнүүдийг эмчлэх олон эмнэлгийг богино хугацаанд барьсан, өөрөө өөрийгөө тусгаарлах арга хэмжээг (самоизилоции) сайтар хэрэгжүүлсэн, метро болон нийтийн тээврээр үйлчлүүлэхэд хязгаарлалт тавьсан, хот хооронд зөвшөөрөлтэй зорчих, олныг хамарсан арга хэмжээг зохион байгуулахгүй байх гэх мэт арга хэмжээг авсны үр дүнд хохирол багатай өнгөрч байгаа талаар Ерөнхийлөгч В.В.Путин болон Москва хотын дарга С.С.Собянин нар онцолсон.

-ОХУ-д суралцаж буй офицер, сонсогч нарыг эх оронд нь эргүүлэн татан авах арга хэмжээг зохион байгуулсан шүү дээ. Тус арга хэмжээг хэрхэн зохион байгуулсан бэ?

-ОХУ-д суралцаж буй сонсогч нарыг татан авах ажиллагаа нэлээд хүнд нөхцөлд явагдсан. Хамгийн гол нь төгсөлтийн арга хэмжээг хэрхэн зохицуулах тал дээр хугацааны хувьд академи, сургуулийн удирдлагуудтай багагүй ярилцаж байж шийдвэрлэсэн. Энэ асуудлыг шийдвэрлээгүй тохиолдолд төгсөх курсын сонсогч нар үлдэж төгсөлт хийж болзошгүй байсан. Академи, сургуулийн удирдлагуудад нөхцөл байдалтай холбогдуулан төгсөлтийн арга хэмжээг зургадугаар сарын 01 гэхэд хийж өгөх хүсэлтийг долоо хоногийн өмнө тавьсан. Гэтэл тавдугаар сарын 26, 27-нд сонсогч нарыг татаж авах шийдвэр гарсан. Дахин сургуулийн удирдлагуудад нөхцөл байдлыг танилцуулахад нааштайгаар хүлээн авч төгсөлтийн арга хэмжээг шуурхай зохион байгуулснаар манай төгсөгч нар диплом, энгэрийн тэмдэгтэй буцсанд баяртай байна. Гэтэл зарим сургуулийн сонсогч, оюутнууд дахин ирэх болон онлайнаар шалгалт өгөх үүрэгтэй буцсаныг дурьдах нь зүйтэй.

-Ирэх хичээлийн жилд сургуулиуд хэрхэн хичээллэх нь одоогоор тодорхойгүй байгаа юу?

-Хил хамгаалах байгууллагын албан хаагчдыг ОХУ-ын цэргийн академи, дээд сургуульд суралцуулах талаар хоёр байгууллагын хооронд хийсэн гэрээ байдаг. Тэр гэрээний дагуу манай сонсогч нар суралцана. Харин өнгөрсөн жилээс эхлэн уг гэрээнд тодотгол оруулах талаар ажиллаж байгаа. Хэрэв тодотгол оруулсан тохиолдолд манай сонсогч нар Оросын курсантуудын нэгэн адил хангамж авах боломжтой болох юм. ХХЕГ-ын дарга Ялалтын баярын үеэр ОХУ-д албан ёсны айлчлал хийх, айлчлалын үеэр уг гэрээнд гарын үсэг зурах байсан ч коронавирустэй холбоотойгоор хойшилсон. Гэхдээ цахим хэлбэрээр хоёр тал хоорондоо гэрээг солилцож, гарын үсэг зурахаар тохирч үйл ажиллагаа зогсолтгүй явагдаж байгаа.

-Монгол Улсын Хил хамгаалах байгууллагаас суралцаж буй офицер, сонсогч нар эх орондоо бүрэн ирсэн үү?

-Хил хамгаалах байгууллагын захиалгаар ОХУ-ын Батлан хамгаалах яамны цэргийн академи, сургуулиудад болон ХАБА-ны Хилийн академи, дээд сургуульд суралцаж буй сонсогч нар бүгд эх орондоо очсон. Сонсогч нарыг нутаг буцах үед халдвар авахаас урьдчилан сэргийлэх зорилгоор хамгаалалтын хувцас авч өгөх мөнгөний асуудлыг ХХЕГ-ын удирдлага шийдвэрлэж өгсөн нь цагаа олсон чухал арга хэмжээ болсон. Манай сонсогч нар халдвар аваагүйд баяртай байна. Мөн Элчин сайдын яамнаас сонсогч нар буцах үед амны хаалт, бээлийгээр хангасан явдалд талархал илэрхийлмээр байна.

-Энэ онд хийгдэхээр төлөвлөгдсөн ямар ажлууд байгааг тодруулаад ярилцлагаа өндөрлөе?

-Ирэх есдүгээр сард ХХЕГ-ын дарга ОХУ-д албан ёсны айлчлал хийхээр төлөвлөгдсөн байгаа. Мөн Монгол Улсын Хил хамгаалах байгууллага, ОХУ-ын ХАБА-ны Хилийн алба хооронд 2017-2020 оны хооронд хамтран ажиллах гэрээ дуусгавар болж байгаатай холбогдуулан 2021-2024 онд хамтран ажиллах гэрээг байгуулах бэлтгэл ажлыг хангах, албан хаагчдыг сургах гэрээнд орох нэмэлт өөрчлөлтийг эцэслэн баталгаажуулах ажлууд бий.