МОНГОЛ УЛСЫН ХИЛИЙН БООМТУУДЫН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА
  • 12:34
  • 32128

Хилийн асуудлаар хөрш улсуудтай байгуулсан Монгол Улсын олон улсын гэрээ, хэлэлцээр болон тогтоолын дагуу улсын хилд нийт 39 боомт ажиллахаар тусгагдсан бөгөөд ердийн үед 24 боомт байнгын үйл ажиллагаа явуулдаг.

Үүнд:

  • Агаарын замын боомт 6
  • ОХУ-тай хиллэдэг хэсэгт 16
  • БНХАУ-тай хиллэдэг хэсэгт 17

Нэг: Агаарын замын хилийн боомтууд

Засгийн газрын тогтоолын дагуу агаарын замын 6 боомт ажиллахаас боомт (Чингис хаан) ажиллаж, 5 боомт (Өлгий, Ховд, Мөрөн, Даланзадгад, Чойбалсан ) ажиллахгүй байна.

 

Хоёр: Монгол-Оросын хилийн боомтууд

“Хилийн боомт болон Монгол-Оросын улсын хилийг хялбарчилсан журмаар нэвтрэх тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын 1994 оны хэлэлцээр”-ийн дагуу Монгол, Оросын хилд авто замын 14, төмөр замын 2, нийт 16 боомт ажиллахаас 10 боомт ажиллаж, дэд бүтэц хөгжөөгүй, бүтээн байгуулалт хийгдээгүйн улмаас 6 боомт ажиллахгүй байна.

 Оросын Холбооны Улсын Засгийн газрын 2022 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 656 дугаар тоот захирамжийн дагуу Орос, Монголын хилийг хуурай замын хэсгээр Монгол Улсын иргэд Оросын Холбооны Улсад, Оросын Холбооны Улсын иргэд Монгол Улсад нэвтрэх хөдөлгөөнийг хязгаарласан байсныг цуцлан хоёр улсын хилийн боомтоор иргэд харилцан зорчих хөдөлгөөнийг нээсэн.

 

Гурав: Монгол-Хятадын хилийн боомтууд

“Монгол, Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын 2004 оны хэлэлцээр” (Монгол Улсын ГХЯ 2020.9.15-ны өдрийн А/20-1008, Монгол Улс дахь БНХАУ-ын ЭСЯ мөн өдрийн 218/2020 тоот ноот бичиг солилцож, хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулсан)-ийн дагуу Монгол, Хятадын хилд авто замын 13, төмөр замын 4, нийт 17 боомт ажиллахаас 13 боомт ажиллаж, 4 боомт шинээр нээхээр тусгасан.

Коронавирус (КОВИД-19)-т халдварын цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан Монгол, Хятадын хилд хилийн 4 боомт (авто замын Замын-Үүд, Булган, Гашуунсухайт, Ханги, төмөр замын Замын-Үүд) ажиллаж байна.