ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫН ХИЛЧДЭД ӨГСӨН ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ
  • 12:12
  • 1603
Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн Сайд Х.Нямбаатар долдугаар сарын 17-ны өдөр Хил хамгаалах байгууллагын алба хаагчидтай уулзалт хийхдээ өгсөн үүрэг, чиглэлийг та бүхэнд хүргэж байна.

1. Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа 2050”, “Төрөөс хилийн талаар баримтлах бодлого”, “Бүсчилсэн хил хамгаалалт хөтөлбөр”, “Хил хамгаалах байгууллагын хөгжлийн стратеги хөтөлбөр”, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг үе шаттайгаар хэрэгжүүлэн ажиллах.

2. Монгол Улсын засгийн газар, Хууль зүй, дотоод хэргийн яамнаас сахилга, хариуцлагыг сайжруулах талаар гаргасан тогтоол, шийдвэрийг ажилтан алба хаагч, хугацаат цэргийн алба бүр ухамсарлан, сахилга хариуцлагыг дээшлүүлэх.

3. Цэргийн алба хаагчдын харилцааны зөрчил, гэмт хэрэг гарах нөхцөл байдлаас урьдчилан сэргийлэх ажлыг улам эрчимжүүлэн шинэлэг хэлбэр, арга хэмжээг хэрэгжүүлэх, дотоод аюулгүй байдал, хяналтыг чангатгах тал дээр байгууллагын удирдлага тодорхой ажлыг зохион байгуулах.

4. Хил хамгаалах байгууллагад ажиллаж байгаа цэргийн алба хаагч, тэдний гэр бүлийн нийгмийн асуудлыг сайжруулах талаар бодлого боловсруулан санал танилцуулах. Төвийн бүсийн хилчдийн нийгмийн асуудлаас гадна хилийн 14 аймагт ажиллаж, амьдарч байгаа хилчдийн орон сууц, нийгмийн асуудлыг сайжруулах тал дээр засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хүрээнд тодорхой ажлуудыг зохион байгуулах. 

5. Монгол Улсын Гадаад харилцааны яам уламжлан ОХУ-тай 20 жил тутамд хийгддэг хилийн дэглэмийн гэрээг шинэчлэн баталгаажуулах шаардлага бий. Энэ ажлыг тогтсон цаг хугацаанд хийхгүй бол тодорхой хугацаагаар хойшлох эрсдэлтэй. Миний бие засгийн газрын гишүүний хувиар энэ чиглэлийн ажлыг эрчимжүүлэн анхаарч ажиллах болно. Тиймээс Монгол Улс, Оросын Холбооны улс хоорондын улсын хилийг хоёр дахь удаагаа хамтран шалгах бэлтгэл ажлыг хангах чиглэлийг өгч байна. 

6. Хилийн шалган нэвтрүүлэх албаны үйл ажиллагааны эрх зүйн орчинг хангаж, хүн болон ачаа, тээврийн хэрэгслийн хяналт, шалгалтыг найдвартай болгох бодлого барих. БНХАУ-ын шилжсэн жишгийн дагуу мэргэжлийн хяналтын байгууллагын зарим чиг үүргийг Хил хамгаалах байгууллагад шилжүүлэх замаар бараа, тээврийн хэрэгсэл улсын хилээр нэвтрүүлэх үйл ажиллагааг хялбаршуулах, төрийн тодорхой чиг үүрэг бүхий байгууллагуудын давхар хяналт шалгалтыг цэгцлэх эрх зүйн орчинг бий болгоход анхаарна. 

7. Энэ жилийн улсын төсөв хүнд байгаа. Үүнийг хилчдэд дуулгах ёстой. Үнэнийг эртхэн дуулж мэдэж хүлээлт үүсгэх ёсгүй. Улсын төсвийг 4.5 их наяд төгрөгөөр тодотгох ажил явагдаж байна. ХЗДХЯ-ын харьяа агентлаг, байгууллагуудын төсвийг танахгүй гэдгийг засгийн газрын хуралдаанаар ярьсан. Тиймээс Хил хамгаалах байгууллагад нэн тэргүүнд тулгамдаж байгаа шийдвэрлүүлэх асуудлуудын тооцоо судалгааг гарган шуурхай танилцуулах. 

8. Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд шатлан дэвших зарчмын дагуу төрийн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас эсхүл удирдах албан тушаалтны нөөцөд байгаа иргэдээс сонгон шалгаруулж томилох хуулийн заалтыг баримтлах. Цэргийн алба хаагчдад Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны гуравдугаар сарын 13-ны өдрийн 41 дүгээр зарлигаар батлагдсан “Цэргийн цол олгох” журмын 1.3, 3.2, 3.3, Цэргийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.7-д заасныг тус тус үндэслэн цол олгох зарчмыг баримтлан олгох. Хэн нэгэн албан тушаалтан, дарга, улстөрчийн танил тал, нөлөөгөөр албан тушаал ахихтай миний бие санал нэгдэхгүй. Төрийн албанд мерит зарчмын дагуу мэргэшсэн тогтвортой байх зарчмыг баримтлах ёстойг анхаарах. 

9. Хил хамгаалах ерөнхий газрын хүний нөөцийг мэргэжлийн боловсон хүчнээр бэхжүүлэхэд анхаарч, ажлын байр /албан тушаал/-ын тодорхойлолтод тавигдах шаардлагыг хангасан цэргийн алба хаагчийг томилох зарчмыг баримтлах. Сүүлийн жилүүдэд албанд ялангуяа төрийн захиргааны байгууллагад чадварлаг хүний нөөцийн хомсдол үүссэн. Энэ нөхөн хангалтыг хэрхэн хийх, бусад нарийн мэргэжлийн боловсон хүчнийг хэрхэн бэлтгэх, сургахад анхаарах. 

10. Авилгын гэмт хэрэг, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд эрсдэл бүхий хилийн анги, тусгай салбаруудын үйл ажиллагаанд дүгнэлт хийж, болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх, илэрсэн зөрчил дутагдлыг таслан зогсоох, арилгах чиглэлээр Авлигын эсрэг хуульд заасан үүргийн хүрээнд цэргийн алба хаагчдад зөвлөмж өгч ажиллах. 

11. Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн дагуу иргэд, аж ахуй нэгж, ажилтан алба хаагчдаас гаргасан өргөдөл, гомдлыг шуурхай шийдвэрлэх.

12. Төрийн байгууллагын ажилчдын амралт эхэлсэнтэй холбоотойгоор хил хамгаалалт, шалган нэвтрүүлэх албаны үйл ажиллагаа сулрах, ажилтан, алба хаагчид, гэрээт болон хугацаат цэргийн алба хаагчдын ачаалал нэмэгдэж, албанаас бэрхшээж болзошгүй эрсдэл байгааг анзаарч ажиллах.

13. Туурга тусгаар улсын хувьд хилийн торон саад, инженерийн байгууламжийг төрийн болон өөрсдийн нөөц бололцоонд тулгуурлан бүхэлд нь барьж байгуулах, сайжруулах талаар онцгойлон анхаарахыг чиглэл болгож байна. Парк шинэчлэл, техник технологи, холбоо дохиоллын хангамжийг үе шаттай хийж хэрэгжүүлнэ. 

14. Найдвартай, хариуцлагатай хил хамглаалтыг бий болгохын төлөөх асуудлын гарцыг эрэлхийлж ажиллах. 

15.Сахилга, хариуцлагыг онцгой анхаарч ажилла. Хилийн зөрчил гаргахгүйн төлөө онцгой анхаар. Ажлын байранд архи уух ёсгүй. Төрийн тусгай алба хаагч ч гэлээ та бүхний ард амьдрал бий. Тиймээс тодорхой цагт, тогтсон цаг хугацаанд үүргийг чанартай хэрэгжүүлэн ажиллах удирдлагын арга барилд анхаар. Хэдийгээр цэрэгжсэн байгууллага ч гэлээ сахилга хариуцлага, дэг журмыг хослуулан ажиллахыг хүсье.