ДОКТОР, ПРОФЕССОР, ХУРАНДАА Ц.ГАНБОЛД: ЭНЭ АРХИВЫН ҮНЭТ МАТЕРИАЛ ХУВЬ ХҮНИЙ БИШ, ХИЛЧДИЙН ӨМЧ БАЙХ ЁСТОЙ
  • 18:36
  • 1451
Доктор, профессор, хурандаа Ц.Ганболд өөрийн хувийн архивт хадгалагдаж байсан есөн материалыг ХХЕГ-ын дарга, Хилийн цэргийн командлагч, бригадын генерал Ж.Бямбасүрэнд хүлээлгэн өглөө. Эдгээр түүхэн материалуудын эртнийх нь 1946 онд Дотоод явдлын яамны Хязгаарын газрын штабаас уйгаржин монгол бичгээр хэвлэн гаргасан “Цэргийн газрын зургийн суралцах заавар” байлаа. Мөн 1953 оны арваннэгдүгээр сард батлагдсан “БНМАУ-ын Дотоод явдлын яамны хилийн комиссар төлөөлөгч, пунктийн дарга нарын гүйцэтгэх ажлын түр заавар”, “СССР, БНХАУ-тай хил нийлсэн БНМАУ-ын хилийг хамгаалах тухай түр заавар”-ыг бичгийн машинаар цохиж, улаан тамгаар тамгалсан эх хувиуд багтжээ. Хамгийн “залуу” нь “Эх орны манаа” сонины 1978 онд анх удаа өнгөтөөр хэвлэгдэн гарсан дугаар байсан юм.

Ахлах дэслэгч Л.НОМИНГЭРЭЛ

-Хил хамгаалах байгууллагын архивт үнэт эх сурвалж материал хүлээлгэн өгсөнд баярлалаа. Таны гарт байх багагүй хугацаанд шинжлэх ухааны эргэлтэд оруулсан гэж хэллээ. Энэ талаараа тайлбарлахгүй юу?

-Эдгээр материалууд миний гар дээр ирээд 20 гаруй жил болж байгаа. Архивын энэхүү үнэт материалыг хувь хүний биш, хилчдийн өмч байх ёстой гэж үзсэн. Энэ өдрийг сонгосон нь ч учиртай юм. Одоогоос 297 жилийн өмнө буюу 1727 оны наймдугаар сарын 20-нд тэр үеийн Хаант Орос, Манж Чин улс Буурын хилийн гэрээг байгуулсан байдаг. Энэ гэрээг олон янзаар тайлбарлан ярьдаг ч миний хувьд эерэг талаас нь хардаг. Буурын гэрээ байгуулагдсаны хүчинд бид хилтэй, өнөөгийн нутаг дэвсгэртэйгээ байгаа. Миний бие 2004 онд “Монгол Улсын Хилийн төлөөлөгчийн үйл ажиллагаа, түүнийг боловсронгуй болгох нь” сэдвээр докторын зэрэг хамгаалсан. Нэгдүгээр бүлэг нь хилийн төлөөлөгчийн ажиллагааны үүсэл хөгжил. Энэ ажлын эх материалийг одоо хүлээлгэн өгч байна. Тиймээс би шинжлэх ухааны эргэлтэд оруулсан гэж хэлээд байгаа хэрэг. Миний докторын ажил Хил хамгаалах байгууллагын практикт ч нэвтэрсэн. 

Эрдэмтэн хүнийг үнэлэх гурван үзүүлэлт байдаг. Нэгдүгээрт, бүтээл туурвилаас нь судлаачид иш татсан байх. Хоёругаарт, бүтээл туурвил нь практикт нэвтэрсэн байх. Гуравт, гарын шавьтай байж, удирдаж доктор хамгаалуулсан байх гэдэг. Миний хувьд хоёр дахь асуудалд их анхаардаг. 2000 он хүртэл хилийн төлөөлөгчийн ажиллагаа хилийн албаны дайвар зүйл мэт явж ирсэн. Хил хамгаалалтын дүрмийг боловсруулах ажлын хэсэгт ажиллахдаа хилийн төлөөлөгчийн албыг хил хамгаалах бие даасан арга болгон дүрэмд тусгаж өгсөн. Дараа нь Монгол Улсын Хилийн төлөөлөгчийн зааврыг боловсруулахад ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж батлуулсан. Одоо ч энэ заавраар хилийн төлөөлөгчийн ажиллагааг явуулж байна. Оюуны бүтээлийг маань үнэ цэнэтэй болгож, архивын бие даасан сан хөмрөг нээж өгье гэж байгаад маш их баярлаж байна.

-Та ямар судалгаан дээр ажиллаж байна вэ?

-ҮАБЗ-өөс “Шалган нэвтрүүлэх боомтын өнөөгийн байдал, тулгамдаж байгаа асуудал, шийдвэрлэх арга зам” судалгааны ажлыг хийгээч гэж ДХИС-ийн Хил судлалын төвд хандсан. Судалгааны ажилд оролцох судлаачаар томилогдсон. Энэ үүргийнхээ дагуу Ханги, Гашуунсухайт, Алтанбулаг боомтоор яваад ирлээ. Өмнө нь олон удаа явж байсан ч судалгаа хийгээд явахад анзаарч, харж байгаагүй олон нарийн зүйл байдаг юм байна. Олон ч судалгаа хийгдсэн. Судалгаануудаа баримтжуулах, нарийвчлан судлах, төсөлд тусгах асуудлаа боловсруулах ажилд ороод байна.

-Хилээр судалгаа хийгээд явахад анхаарах ямар асуудал байна?

-Газар зүйн шинжлэх ухааны салбар олон чиглэлээр тэр дундаа хилийн газар зүй, түүхэн газар зүй гэсэн салбар чиглэлд хөгжиж байна. Хилчдэд энэ хоёр салбар шинжлэх ухаан маш их хамааралтай. Бид оршин байгаа газар орон, нутаг дэвсгэрийн уламжлалт нэрийг өөрчлөхгүй, хэвээр нь хадгалах хэрэгтэй. Өөрчлөгдсөн байвал засаж залруулахад бодлогоор анхаарах ёстой. Тухайлбал, Баян-Өлгий аймаг онцгой анхаарал татаж байна. Тухайн газар нутгийн монгол нэрийн 85 хувийг нь казак болгож өөрчилчихсөн. Жишээлбэл, Чулуут голыг казакаар орчуулчихаад буцаагаад монгол руу орчуулахдаа Хайргат гол гэж бичсэн байх жишээтэй. Энэ бол улсын хилийн түүх, уламжлалт газар усны нэрийг баллуурдаж байгаа хэрэг. Манайхны хэлдэгчлэн Сергал нь монголоор Ээмэгт гэсэн нэртэй байсан. Ер нь уламжлалт казак нэртэй нэг ч газар ус байгаагүй. Увс аймгийн Давст сумын нутагт урсдаг Торхилогийн голыг Тохилог гол гээд л газрын зурагт тэмдэглэсэн байх жишээтэй. Мөн Номт байна. Уг нь Нумтын гэх нь зөв. Эрт дээр үед Нумт булагийн эхэнд том нум байсныг нь тахин шүтэж байсан домогтой юм билээ. Мөн Халзан Бүргэдэй уул байна. Уг нь түүхэнд Бүрхтэй уул гэж тэмдэглэгдсэн байх жишээтэй. Анх монгол бичгээс галиглаж буулгахдаа л буруу буулгасан байгаа юм. Энэ нь манайхны өөрсдийн мэдлэггүй, хайнга, анхааралгүйгээс өөрчлөгдсөн байна. Уг нь газар орны нэргүй бол тоот өндөрлөгөөр нь нэрлэдэг. Одоо цагт хилийн аль ч хэсэгт хурандаагийн, ахмадын, жолоочийн, моби толгой гэх мэтээр зохиомол нэрээр нэрлэсэн газруудтай болжээ. Энэ байж боломгүй асуудал. Уламжлалт газар орныхоо нэрээр зөв нэрлэгдэнэ гэдэг нь хилийн түүх юм. Түүхт газар усны нэрийг өөрчлөх нь газар нутгийн бүрэн бүтэн байдалд аюул учруулж байгаа гэдгийг ойлгож, түүний төлөө тэмцэх ёстой. Миний нэг бодол байдаг. Эрдэмтэн судлаачдын багийг хилийн хэсгээр явуулж,  газар орны нэр ус, түүх дурсгалыг судлуулах хэрэгтэй.