ЭМЧ Б.ТҮВШИН: ХОРТ ХАВДАР ГЭДЭГ ЦААЗЫН ЯЛ БИШ
  • 18:47
  • 5558
Монгол Улсад хавдрын өвчлөл түүгээр нас барж буй тохиолдлууд эрс нэмэгдсэн. Тиймээс хилчдийнхээ эрүүл мэндийн боловсролд мэдээлэл өгөх үүднээс Хавдар судлалын үндэсний төвийн Ерөнхий мэс заслын тасгийн эмч Б.Түвшинтэй ярилцлаа.

Дэслэгч М.Уранбайгаль

-Ерөнхий мэс заслын тасгийн үйл ажиллагааг танилцуулахгүй юу?

-Манай тасаг ходоодны болоод бүдүүн гэдэсний хорт хавдрын эмчилгээ, мэс заслыг хариуцан ажилладаг. 

-Монголчуудад энэ төрлийн хорт хавдрын тохиолдол ямар байна вэ?

-Дэлхий нийтийн хэмжээнд авч үзвэл элэгний хорт хавдар нэгдүгээрт, ходоодны хорт хавдар хоёрдугаарт бүртгэгдэж байна. Нас баралтын түвшингээрээ манай улс нэгдүгээрт жагсаж байна. Тэгэхээр ходоодны хорт хавдар монголчуудын хувьд нийгмийн эрүүл мэндийн томоохон асуудал болоод байгаа гэсэн үг. Цаашид энэ төрлийн өвчлөл буурахгүй дүн мэдээтэй байгаа юм. Учир нь жилд дунджаар 800-900 шинэ тохиолдол бүртгэгдэж байна. 

-Ходоодны хорт хавдраар ихэвчлэн хэдэн насны хүмүүс өвдөж байна вэ?

-Нийт тохиолдлын 95 хувь нь 45 болон түүнээс дээш насныхан бүртгэгдэж байна. Хүйсийн хувьд эрэгтэйчүүдэд хоёр дахин илүү илэрч байгаа. Дэлхийд ходоодны хорт хавдраар Солонгос, Монгол, Япон, Хятад улсын иргэд тэргүүлдэг судалгаа бий.

-Өвчлөгсөд ямар шатандаа оношлогдож байна вэ?

-Хорт хавдар бол цаазын ял биш. Эрт шатандаа оношлогдвол эдгэрэх магадлал маш өндөр. Хорт хавдрыг дөрвөн шат болгон ангилж үздэг. Эхний үе шатандаа оношлогдсон ходоодны хорт хавдрын 80 хувь нь эдгэх магадлалтай. Гэтэл манайхны дунд эсрэгээрээ 80 гаруй хувь нь хожуу шатандаа оношлогдон ирж байна. Хожуу шатандаа оношлогдсон хавдар дахилт, үсэрхийлэл өгөх эрсдэл өндөртэй.  

-Хэрхэн эрт үед нь илрүүлэх вэ?

-Хорт хавдар эхний үе шатандаа хүний биед зовиур өгдөггүй. Тиймээс хүмүүс өөрийгөө хорт хавдартай гэж огт төсөөлдөггүй. Эрт үед оношлох ганц арга нь урьдчилан сэргийлэх үзлэг юм. 

-Оношлуулах арга нь? 

-Шинжилгээний хамгийн батлагдсан арга ходоод дурандуулах. Тиймээс 40 наснаас дээш хүмүүс жилд дор хаяж нэг удаа дурандуулж байх шаардлагатай. Ходоодоо дурандуулснаар хорт хавдрыг эрт үед нь илрүүлэх, оношлох, эмчлэх ач холбогдолтой. 

-Дурандуулахад сөрөг нөлөө гэж бий юу?

-Эрсдэл маш бага, ач холбогдол өндөртэй шинжилгээнд ордог. 

-Хавдрыг мэс заслаас өөрөөр эмчлэх арга бий юу?

-Хавдрыг эмчлэх үндсэн хэдэн арга бий. Үүнд мэс засал, хими, туяа, бай эмчилгээ гэж бий. Бай эмчилгээ гэдэг нь зөвхөн хавдрын эс рүү чиглэсэн өндөр нарийвчлалтай химийн эмчилгээ юм. Өвчний хүндрэлээс шалтгаалаад олон улсын зөвлөмжийн дагуу эмчилгээнийхээ дарааллыг бид тогтоодог. 

-Хүмүүс хавдарт энэ ургамал сайн гэх зэргээр ярьж, хэрэглэдэг шүү дээ? 

-Шинжлэх ухаан талаасаа уламжлалт эмчилгээ, элдэв ургамал хорт хавдарт огт нөлөөлдөггүй. Гэтэл манайхан буурын бохь, гишүүгэнэ сайн гэх мэтээр эдгэрэх найдлага тавьж, цаг хугацаа алддаг. 

-Мэс заслын арга нь хэр найдвартай вэ?

-Ходоодны хорт хавдрын үндсэн гол эмчилгээ нь мэс засал. Гэхдээ дээр хэлсэнчлэн хавдрын үе шат, үсэрхийллийн зэрэг, ямар эсээр үүсгэгдсэн гэдгээс шалтгаалж эмчилгээний тактик өөр байна. 

-Дахих тохиолдлын тухайд?

-Эрт үедээ оношлогдвол дахих магадлал бага. Мэдээж хожуу шатандаа оношлогдож байвал дахих магадлал тэр хэрээр нэмэгднэ гэж ойлгож болно. Дэлхий дахинд дунджаар хожуу үедээ оношлогдсон хүмүүсийн 28 хувь нь таван жилийн дараа амьд, 72 хувьд хавдар дахисан судалгаа бий. Харин эрт үедээ оношлогдсон хүмүүс 80 хувь нь таван жилийн дараа эдгэрсэн байхад үлдсэн 20 хувьд нь хавдар дахисан судалгаа бий. . 

-Ходоодны хорт хавдрыг үүсгэгч?

-Маш олон хүчин зүйл нөлөөлдөг. Нэн тэргүүнд хелико бактертай хүмүүс хавдар тусах өндөр эрсдэлтэй. Мөн давсны хэрэглээ, даршилсан, нөөшилсөн хүнсний бүтээгдэхүүн хавдрыг үүсгэдэг. Нитрит гэх бодис нь хавдар үүсгэгч бас нэгэн хүчил зүйл гэж ойлгож болно. 

-Та шинж тэмдэг илрэх нь бага гэсэн. Гэхдээ биед ямар зовиур ажигладсан тохиолдолд эмнэлгийн байгууллагад хандах ёстой вэ?

-Хожуу шатандаа орсон хүнд ч ямар нэгэн шинж тэмдэг илрэхгүй байж болно. Ходоодны хорт хавдрыг шинж тэмдэг дээр үндэслэж оношлох нь цаг алдахад хүргэдэг гэдгийг ойлгох хэрэгтэй. Илрэх зовиурын хувьд хоол идэхэд горойж өвдөх, нэг удаад идэх хоолны хэмжээ багасах, цустай зүйлээр бөөлжих юм. Ийм зовиур илэрсэн өвчтнүүдийн дийлэнх нь хожуу шатандаа орсон байдаг. Мөн хүмүүсийн анзаарахгүй өнгөрч болохгүй хоёр шинж тэмдэг бий. Тэр нь ходоод, аюулхай орчим харлаж өвдөх, шалтгаангүйгээр жин хаях явдал. Эдгээр тохиолдлуудад ходоодоо үзүүлэхэд илүүдэхгүй гэдгийг зөвлөмөөр байна. 

-Хилчдийн хувьд алс хязгаар нутагт үүрэг гүйцэтгэдэг учир урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах боломж хомс. Мөн бүсийн онцлогоос шалтгаалаад хооллолтын хэв маяг нь буруу байх тохиолдол бий?

-Монгол Улсын дархан хилийг хилчид манаж, төв суурин газраас алслагдмал нөхцөлд үүрэг гүйцэтгэдэг. Тиймээс тэдэнд амьдралын тогтсон нэг хэв маягийг барих нь хүндрэлтэй байдаг болов уу. Гэхдээ жилд нэг удаа ээлжийн амралтаараа аймаг, хот орохдоо урьдчилан сэргийлэх үзлэгт заавал орж байгаарай. Өвдөхийг хүлээх юм бол цаг хугацаа хэдийнэ алдчихсан байна гэдгийг санах хэрэгтэй. 

-Хоргүй хавдрын тухайд?

-Үсэрхийлэхгүй хавдрыг л хоргүй хавдар гээд байгаа юм. Цөөн тохиолдолд хортой хавдарт шилжих нь бий. Хоргүй гэж оношлогдсон хэдий ч санаа амарч болохгүй. Ямар нэгэн арга хэмжээ авах л хэрэгтэй. Гэхдээ ходоодны хавдрын 90 хувь нь хортой байдаг. 

-Ходоодны бусад эмгэг, өвчлөлийн талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Ходоодны үрэвсэл, хатангаршил, ургацаг гарах зэрэг маш олон өвчлөл бий. Тиймээс тогтмол урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаж хэвших хэрэгтэй. 

-Хавдар судлалын үндэсний төвд жилд хичнээн хүн хагалгаа хийлгэж байна вэ?

-Жилдээ 400 гаруй хүн хагалгаанд орж байна. Манай эмч нарын ур чадвар, оношилгоо, эмчилгээ нь гадны улс орныхноос дутах зүйлгүй. Тоног төхөөрөмжийн хувьд харин дутагдалтай зүйл бий. Үндсэн менежментийн хувьд бол яг адил.

-Хорт хавдартай гэх оношийг сонссон хүн сэтгэл зүйн гүн хямралд ордог байх. Та өвчитнүүддээ хэрхэн зөвлөдөг вэ?

-Дээр хэлсэнчлэн хорт хавдар гэдэг цаазын ял биш. Өндөр наслалттай улс орны иргэд эрүүл саруулаар урт насалдаг гэж бодож байна уу. Тэд амьдралынхаа хугацаанд хэд хэдэн удаа хорт хавдар тусаж, цус харвасан, зүрхний шигдээс туссан тохиолдол их байдаг. Тиймээс энэ оношийг сонсоод бууж өгөлгүй даван туулахын төлөө хичээх хэрэгтэй. 

-Эмчийн хувьд өгөх зөвлөгөө?

-Таргалалт гэдэг хавдар үүсгэдэг маш том хүчин зүйл болдог. Таргалалт нь тамхинаас илүү хорт хавдрыг үүсгэх магадлалтай гэсэн судалгаа бий. Тиймээс таргалалттай тэмцэх нь шууд бус аргаар хорт хавдартай тэмцэж байгаа нэг хэлбэр.