Ахлах дэслэгч Б.АЛТАНЦЭЦЭГ
-“Шинэ танил” буланд тавтай морил.
-Баярлалаа. Би Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын харьяат. Хөнгөн атлетикийн спортын мастер цолтой. 200 болон 400 метрийн зайд гүйдэг.
-“Хөнгөн атлетикийн насанд хүрэгчдийн Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээн-2020”-д ямар амжилт үзүүлэв?
-Улсын аварга шалгаруулах тэмцээний 400 метр зайн төрөлд алт, 200 метр, 4х100 метр зайн төрөлд мөнгө, 4х400 метр зайн төрөлд хүрэл медаль хүртсэн. Энэ жил өсвөр, насанд хүрэгчид, ахмадын тэмцээн нэг дор зохион байгуулагдснаараа онцлогтой байв. Хамрах хүрээ өргөн тэмцээн болж өнгөрлөө.
-Буухиа төрөлд ямар тамирчидтай баг бүрдүүлэн оролцсон бэ?
-Хилийн 0208 дугаар тусгай салбарын тамирчин, ахлах ахлагч Д.Гантулга, хилийн 0243 дугаар ангийн тамирчин, ахлах ахлагч Н.Мөнхбаяр, хилийн 0151 дүгээр ангийн тамирчин, дэд ахлагч О.Болдоо нартай нэг баг болж амжилттай оролцлоо. Бид бие биенээсээ суралцах зүйл их байдаг. Энэ дашрамд хилчин тамирчиддаа илүү их амжилтыг хүсэн ерөөе.
-Ажил мэргэжил, хүсэл сонирхол нэг учраас та хэд нэгдэж чаддаг байх?
-Мэргэжлийн тамирчдын хувьд байнгын бэлтгэл сургуулилттай байдаг. Энэ удаагийн улсын аварга шалгаруулах тэмцээнд орох гэж нэг сарын чөлөө авч бэлтгэлээ базаасан. Ер нь хүчний болон кроссын бэлтгэлээ ганцаарчилж хийдэг. Хурдны бэлтгэлийг хамтрагч нартайгаа хийх нь үр дүнтэй. Цэцэрлэгт хүрээлэнд багийнхантайгаа хамтарсан бэлтгэлд гардаг. МУГТ Б.Сэр-Од багшийн эхнэр О.Оюунтуяа дасгалжуулагч багшийн хяналтан дор бэлтгэл сургуулилтаа базаадаг юм.
-Тамирчин хүн ажил болоод бэлтгэл сургуулилтыг зэрэг хослуулна гэдэг амаргүй байдаг болов уу?
-Манай тусгай салбар бэлтгэлийн цагуудтай. Тэр цагтаа тааруулж бэлтгэлээ хийнэ. Налайхад монголын ганц стандарт зам бий. Тиймээс тус зам дээр бэлтгэлээ хийдэг. Зарим үед бэлтгэл сургуулилт цалгардах үе байдаг л даа. Гэхдээ аль болох зохицуулахыг боддог. Аливаа тэмцээн уралдааны үед ажлаасаа бүрэн чөлөөлөгдөх нь сэтгэл зүйн хувьд амжилт үзүүлэхэд нөлөөлдөг тал бий.
-Ингэхэд таны үндсэн мэргэжил?
-Үндэсний биеийн тамирын дээд сургуулийг багш дасгалжуулагч мэргэжлээр суралцан төгссөн.
-Хилийн 0303 дугаар тусгай салбарт орох болсон шалтгаан?
-Тус салбарт 2018 онд орсон. Энгийнээр нэг жил ажилласан. Гүйлтийн тамирчин учраас бэлтгэл сургуулилт хийхэд дөхөм байх болов уу гэж бодсон. Тусгай салбарын тамирчин байна гэдэг их сонирхолтой. Тусгай бэлтгэлийн янз бүрийн сургалтад хамрагдах боломжтой. Өөрийгөө шинээр сорьж үзнэ. Бусдын чадаж байгааг адилхан сурах, чадах гэж хичээнэ. Удаа дараагийн маршид орж байсан. Туршлага хуримтлуулж л явна.
-Хэдэн онд спортын мастер цолны болзлыг хангаж байв?
-2017 онд спортын мастер цолны болзлыг 400 метрт 49.4 секунд гүйсэн амжилтаар хангасан. Ер нь 49.5 секундыг хагалж байж спортын мастерийн болзол хангадаг.
-Энэ удаагийн улсын аварга шалгаруулах тэмцээнд ямар үзүүлэлттэй гүйсэн бэ?
-49 секунд 39 долийн үзүүлэлтээр нэгдүгээр байранд орсон. Энэ амжилтаа сүүлийн гурван жил барьж байгаа. Монгол Улсын 400 метрийн рекорд 48 секунд 15 доли юм билээ.
-Тамирчдын амжилт секунд, долиор хэмжигдэх нь та бүхний хөлс хөдөлмөрийн үнэ цэнийг илүү бататгах юм даа?
-Маш их хөлс хөдөлмөр, сэтгэл зүтгэл, тэсвэр тэвчээр гээд бүгдийг бид зориулдаг. Хүн бүр амжилтаа урагшлуулж ахиулья гэж бодолгүй яахав. Гэхдээ тамирчдын амжилтын цаана олон нарийн зүйл бий.
-Хөнгөн атлетикаар хэд дэх жилдээ хичээллэж байна вэ?
-2012 оноос хичээллэж эхэлсэн. Хамгийн гол нь өөрийн сонирхол чухал юм билээ. Уг нь арван жилээсээ хичээллэж эхэлсэн. Гэхдээ бэлтгэлээ сайн хийхгүй, амжилт ч төдийлөн үзүүлэхгүй байхаар нь нэг хэсэг тус спортыг орхисон. Оюутан болоод буцаад хичээллэж эхэлсэн. Ер нь найм дахь жилдээ улсын аварга шалгаруулах тэмцээн болон бусад тэмцээн уралдаанд оролцож байна. 2016 онд Бүх ард түмний спартикадад түрүүлээд их урамшиж байлаа. Азийн наадамд улсаас шалгаран оролцож байсан. Улсын аваргын 400 метрийн дөрвөн удаагийн аварга. Улаан-Үүд, Эрхүүгийн нээлттэй тэмцээнүүдэд оролцож байсан.
-Харьцангуй хожим хичээллэсэн юм байна шүү дээ. Тус спортоор хичээллэхийн сайхнаас хуваалцаач. Та юуг мэдэрдэг вэ?
-Хатан хаан спорт шүү дээ. Гүйхгүйгээр хичээллэх спорт гэж байхгүй. Олон ч давуу талтай. Хүний биеийн бүхий л эд эс, эрхтэн нэгэн зэрэг ажилладаг. Тэсвэр тэвчээр шаарддаг. 42 км-ийн холын бүтэн марафонд гүйж байгаа тамирчдаас ч илүү тэсвэр тэвчээрийг ойрын зайд шаарддагийг хүмүүс төдийлөн мэдэхгүй. Гэхдээ гүйлтийн төрөл олон янз. Энэ спортын манай улсад үнэлэгдэх үнэлэмж бага. Бусад улсад шинжлэх ухаанчаар хөгжиж байгаа спорт л доо. Тухайн тамирчны амжилтад нөлөөлөх хүчин зүйл ч олон. Дор хаяж өмсөж байгаа пүүз, хэрэглэх уураг нь хүртэл шинжлэх ухаанчаар хандах ёстой зүйлүүдийн нэг. Манай улсын тамирчид эгэл бороор хичээж явна.
-Чи амжилтын гол хүчин зүйлийг юу гэж тодорхойлох вэ?
-Тууштай чанар. Сайн багш дасгалжуулагчийн үр нөлөө байна. Дээрээс нь тамирчны хичээл зүтгэл юм болов уу.
-Таны давуу тал?
-Хөдөлмөр. Хүнд заяасан авьяас гэж байдаг. Би өөрийгөө онцгой авьяастай нэгэн гэж боддоггүй. /Инээв.сур/ Харин хөдөлмөрийнхөө үр шимээр урагшилж явна гэж боддог. Би өөртэйгөө их ярьдаг. Сэтгэл зүйгээ бэлддэг гэсэн үг л дээ. Магадгүй бясалгадаг гэж хэлж болох байх. Тэмцээн уралдаан дөхөх тусам дасгалжуулагч багшийн өгч байгаа зөвлөгөөг хэрхэн үйлдэл болгох вэ гэдэг чухал. Хувийн спорт учраас өөртэйгөө ярилцах нь ч чухал. Гэхдээ бэлтгэл сургуулилт ид ороод ирсэн үед бие хөнгөрөөд мэдрэгддэг л дээ. Ер нь тэмцээнээс тэмцээний хооронд явах сайхан байдаг. Бэлтгэл сургуулилт яг таардаг гэж болно.
-Таны өндөр хэд вэ. Гүйлтийн спортод өндөр нөлөөлөх байх?
-Миний өндөр 180 см. Нурууны өндөр намаас хамаарч алхамтын зөрүү гарна л даа.
-Цаашдын зорилго?
-2021 онд Бүх ард түмний спартикад, 2022 онд Азийн наадамд амжилттай оролцохын тулд бэлтгэл сургуулилтаа хийнэ. Аливаа спортод амжилт гаргахын тулд сууриа л сайн тавих хэрэгтэй.
-Өөр ямар спорт сонирхож хичээллэдэг вэ?
-Сагс, волейбол сонирхдог. Хилчдийн спортын их наадамд дээрх төрөлд тусгай салбараа төлөөлөн оролцож байсан. Гэхдээ үндсэн бэлтгэлээ гүйлтдээ л зориулдаг. Энэ дашрамд хилийн 0303 дугаар тусгай салбарын удирдлага, хамт олонд үргэлж дэмждэгт нь баярлаж явдаг шүү гэдгээ уламжилья. Илүү хичээх болно. Өвлийн улиралд манай улсад бэлтгэл хийх боломжгүй учраас Хөх хот, Улаан-Үүдэд стандарт замтай зориулалтын зааланд бэлтгэл базаах шаардлагатай болдог. Тиймээс ажлаасаа чөлөө авах үе олон гардаг юм. Миний сүүлийн амжилтыг урамшуулж ангийн захирагчийн тушаалаар ахлагч цолоор шагнасанд маш их баяртай байна.