ХИЛЧИД ГЕНЕРАЛДАА, ГЭРГИЙД НЬ ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
  • 14:26
  • 5237
Монгол Улсын Ерөнхийлөгчийн аравдугаар сарын 21-ний өдрийн 129 дүгээр зарлигаар Хил хамгаалах ерөнхий газрын Тэргүүн дэд дарга бөгөөд Хилийн цэргийн штабын дарга, хурандаа Н.Ганболдод бригадын генерал цол хүртээв. Тус өдөр ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, хурандаа С.Дашзэвэг, Бодлого, стратеги төлөвлөлтийн газрын дарга, хурандаа Ч.Цогтжаргал нар мөн төрийн дээд цолыг хүртсэн юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн аравдугаар сарын 21-ний өдрийн 129 дүгээр зарлигаар Хил хамгаалах ерөнхий газрын Тэргүүн дэд дарга бөгөөд Хилийн цэргийн штабын дарга, хурандаа Н.Ганболдод бригадын генерал цол хүртээв. Тус өдөр ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, хурандаа С.Дашзэвэг, Бодлого, стратеги төлөвлөлтийн газрын дарга, хурандаа Ч.Цогтжаргал нар мөн төрийн дээд цолыг хүртсэн юм.

Монгол Улсын хилийн алтан эмжээр болсон Монголын мянга мянган хилчдийн дундаас 27 дахь генерал төрнө гэдэг дэндүү сайхан бахархал билээ. Тиймээс ч хилчид эгнээнээсээ төрөн гарсан эрхэм генералдаа хүндэтгэл үзүүлэх ёслолын ажиллагааг аравдугаар сарын 26-ны өдөр ХХЕГ-т зохион байгуулав. Тус ёслолын ажиллагаанд ХХЕГ-ын бие бүрэлдэхүүн, төвийн бүсийн ангийн захирагч нар зарим алба хаагчдын төлөөлөл оролцсон.  

Хүндэтгэл үзүүлэх ёслолын ажиллагааг нээж Тамгын хэлтсийн дарга, хурандаа Д.Мэндсайхан Монгол Улсын Ерөнхийлөгчийн цэргийн дээд цол хүртээсэн зарлигийг уншиж сонордуулав. ХХЕГ-ын дарга, Хилийн цэргийн командлагч, бригадын генерал Ж.Бямбасүрэн, Захиргааны удирдлага эрхэлсэн дэд дарга, хошууч генерал Ш.Лхачинжав, Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудит эрхэлсэн дэд дарга, бригадын генерал Х.Лхагвасүрэн, Ар тал, зэвсэглэл, инженер техник эрхэлсэн дэд дарга, хурандаа Д.Ганбаатар нар шинэхэн генералдаа хүндэтгэл үзүүллээ. 

Энэ үеэр алд цэнхэр хадаг, цалин цагаан мөнгөн аяга, цагаан идээний дээжийг өргөн барьсан юм. Монгол жанжны ёсоор иртэй хүчтэй явахыг бэлгэдэн түүнд сэлэм дурсгав. Энэ үеэр хөтлөгч, ахлах ахлагч Н.Шажинтөрийн хэлсэнчлэн “Мянган цэргийг олохуй дор хялбар, нэг жанжныг олохуй дор бэрх” гэх их эзэн Чингис хааны сургаалийн дор бие бүрэлдэхүүн халуун алга ташилт илгээн эрхэм генералд баяр хүргэлээ. 

Мөн тус өдрийн хүндэтгэлийн арга хэмжээний нэгэн шигтгээ нь генералын гэргийд давхар хүндэтгэл үзүүлсэн явдал байлаа. Сайн яваа эр хүний ард халамжит бүсгүй байдаг гэдэг. Тиймээс ч цэргийн хүүгийн сэтгэлд нь ааль жаахнаасаа багтан, хайр халамжит түшиг багана нь байсаар ирсэн гэргийн үүрэг хариуцлага их болохыг хилчид хүндэлж басхүү үнэлж байгаа нь энэ юм. Хилчин залуутай хамт дархан хилээ маналцсаар ирсэн хилчин гэргий гэгдэх алдрыг хамт алдаршуулан сайхан цэцгийн баглааг өргөн барилаа.  

Хил хамгаалах ерөнхий газрын дарга, Хилийн цэргийн командлагч, бригадын генерал Ж.Бямбасүрэн, ”Монгол Улсын Хил хамгаалах байгууллага 87 жилийн түүхтэй. Байгууллага 87 жилийн түүхэндээ шинэ генерал цолтонтой болно гэдэг сайхан үйл явдал. Тэр болгон, өдөр бүр төрдөг цол биш. Тиймээс ч онцлохуйц сайхан баяр тохиож байна. Хилчин байлдагчаас эхлэн 35 жилийн туршид Монгол Улсын хилийн халдашгүй дархан байдал, хилчдийнхээ төлөө хоёргүй сэтгэлээр хүчин зүтгэж, Хил хамгаалах байгууллагын шат шатны албан тушаалд ажиллан цэргийн дээд генерал цол хүртсэнд Монголын нийт хилчид болон ХХЕГ-ын даргын зөвлөлийн нэрийн өмнөөс чин сэтгэлийн баяр хүргэе. Таны цаашдын ажилд өндөр амжилт хүсье. Мөн гэр бүлд нь аз жаргал, эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөе” гэв. 

Мөн энэ үеэр ХХЕГ-ын дарга, Хилийн цэргийн командлагч, бригадын генерал Ж.Бямбасүрэн 2021 онд Монголын нийт генерал цолтнуудыг хүлээн авч, хүндэтгэл үзүүлэх болсныг уламжлав. Хүндэтгэлийн ёслолын төгсгөлд эрхэлхэг хилчдээрээ овоглосон Төрийн хошой шагналт, ардын жүжигчин, зууны манлай хөгжмийн зохиолч Л.Мөрдоржийн нэрэмжит, Цэргийн гавьяаны одонт ХЦДБЧ-ын уран бүтээлчид уран бүтээлийн дээжээс өргөн барьж мэндчилсэн юм. 

Ийнхүү хилчдийн дундаас алтан мөрдэстөн нэгээр нэмэгдлээ. Тэрбээр  Монгол Улсын 189, Хилийн цэргийн 27 дахь генерал цолтон болж байгаа юм. Хилчид ч эрхэм генералаа хүндэтгэн баяр хүргэсэн бяцхан сурвалжлага энэ юм. Энэ үеэр эрхэм генералын сэтгэгдлийг бид хуваалцлаа. 

ХХЕГ-ЫН ТЭРГҮҮН ДЭД ДАРГА БӨГӨӨД ХИЛИЙН ЦЭРГИЙН ШТАБЫН ДАРГА, БРИГАДЫН ГЕНЕРАЛ Н.ГАНБОЛД: ОЛОН МЯНГАН ХИЛЧДИЙНХЭЭ ТӨЛӨӨ ХИЧЭЭЖ АЖИЛЛАНА

-Монгол Улсын 189, Хил хамгаалах байгууллагын 27 дахь генерал гэдэг эрхэм цолонд хүрч энэ сайхан өдрийнхөө баярыг та бүхэнтэй хуваалцахдаа таатай байна. Энэ мэдээг сонсоод анх итгэж өгөхгүй байлаа. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс батламжаа гардах мөчид харин итгэсэн. Ийнхүү цэргийн дээд цол хүртэхэд намайг төрүүлж өсгөсөн аав ээж, түшиж тулсан нутаг ус, Хил хамгаалах албанд 35 жил тууштай зүтгэсэн нь нөлөөлсөн болов уу. Тиймээс ч Монгол Улсын Хил хамгаалах байгууллагын мянга мянган хилчдэдээ өөрийн болон гэр бүлийнхээ өмнөөс баярлалаа гэж хэлье. Анх цэргийн сургуульд орж сонсогч болохдоо өөрийгөө генерал болно гэж бодож байсангүй. Түүнээс хойших жилүүдэд хариуцсан ажлаа сайн хийх юмсан, нуруутай ажиллахсан гэдэг бодол л тээж өдийг хүрсэн. Үе үеийн олон сайхан дарга нар, мундаг хурандаа нарыг хүндэлж суралцсаар ирсэн. Монголын хилчдийн манлайд нь явах эрхэм генералуудаараа ч бахархдаг. Энэ эрхэм цолыг хүртэхдээ шагнал биш гэж харж байна. Хил хамгаалах ерөнхий газрын Тэргүүн дэд дарга бөгөөд Хилийн цэргийн штабын даргын зэрэг дэвд оногдож байгаа өндөр хариуцлага юм болов уу. Хамгийн түрүүнд цаашид хэрхэн ажиллах ёстой вэ гэдэг бодол тархинд буулаа. Олон мянган хилчдийнхээ төлөө хичээх ёстой, дуугарах ёстой гэж бодож байна. Цаг үе, нийгмээ даган Хил хамгаалах байгууллага хөгжиж байгаа ч бидэнд шийдвэрлэх олон асуудал өмнө бий. Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод Хил хамгаалах байгууллага өөрийн бодлогын асуудлаа тусгуулж чадсан. Хилчдийнхээ нийгмийн асуудлыг сайжруулах, Монгол Улсын хил хамгаалалтыг цаашид хөгжүүлэх, бэхжүүлэх, орчин үеийн техник технологийг нэвтрүүлэх, гадаад харилцааг хөгжүүлэх зэрэг олон асуудал бий. Тиймээс ч хөгжлийн бодлогод тусгагдсан эдгээр зорилго, зорилтыг хэрэгжүүлэхийн төлөө зүтгэх болно, зорих болно. Монгол Улсын хил хамгаалах, шалган нэвтрүүлэх алба, боомтын аюулгүй байдлын төлөө нэгдсэн нэг ойлголтоор удирдлагын түвшинд хамтран ажиллах болно.