АНГЛИ ХЭЛНИЙ БҮСЧИЛСЭН СУРГАЛТ ВАКУМЖУУЛСАН ХЭЛБЭРЭЭР ЯВАГДАЖ ЭХЭЛЛЭЭ
  • 11:40
  • 3675
Хил хамгаалах байгууллагын алба хаагчдын англи хэлний мэдлэгийн түвшинг дээшлүүлэх, орчуулга хийх чадвар эзэмшүүлэх сургалт үе шаттайгаар бүсчилсэн хэлбэрээр явагдаж эхэллээ. Хилийн 0243 дугаар ангид ой тайгын бүсийн сургалт зохион байгуулагдаж байгаа бөгөөд хилийн 0257, 0277, 0286, 0101, 0243 дугаар ангиудаас нийт найман алба хаагч тус англи хэлний анхан шатны сургалтад хоёр сарын хугацаанд суралцахаар хичээллэж байна. Сургалтыг вакумжуулсан орчинд эрчимжүүлсэн хэлбэрээр явуулж байгаа нь суралцагчдад богино хугацаанд англи хэлний чадварыг үр дүнтэй эзэмшүүлэх зорилгыг агуулжээ.

Хилийн 0243 дугаар ангийн ЦССАЗБТ-ийн англи хэлний ахлах багш, ахлах дэслэгч Э.Алтантүлхүүр:

-Дэлхийн 195 орны 67 улсын албан ёсны, 27 улсын хоёр дахь албан ёсны хэл бол англи хэл юм. Тэгэхээр 600 сая гаруй хүн энэ хэлээр ярьж буй өнөө үед Хил хамгаалах байгууллага боловсон хүчнээ бэлдэж гадаад хэлтэй болгоход ихээхэн ач холбогдол өгч буйд нийт хилчин офицер, ахлагч нарынхаа өмнөөс маш их баяртай байна. 2020 он Хил хамгаалах байгууллагын албан хаагчдын боловсролд ихээхэн өөрчлөлт авчирсан жил болж байна. Бүсийн төвүүдийн англи хэлний багш нарт маш их итгэл хүлээлгэж байгаа. Энэхүү нөхцөл бололцоог олгож өгсөн Хил хамгаалах байгууллагын удирдлагууд болон хилийн 0243  дугаар ангийн захирагч, хурандаа Б.Гантөмөр, ангийн удирдлага, хамт олондоо суралцагчдынхаа өмнөөс талархал илэрхийлж, сурлагын амжилт гаргахын төлөө хичээх болно гэдгээ хэлэхэд таатай байна.

Хилийн 0101 дүгээр ангийн 0338 дугаар салбарын тээврийн хэрэгслийн шалгагч, ахлагч Б.Ариунзаяа:

-Би 2020 оны аравдугаар сарын 26-аас арванхоёрдугаар сарын 25-ны өдөр хүртэл англи хэлний анхан шатны сургалтад хамрагдах болсондоо туйлын их баяртай байна. Энэхүү сургалтад хамрагдсанаар миний хувьд англи хэлний анхан шатны мэдлэгтэй болоод зогсохгүй цаашид бие даан суралцах боломжтой болж байгаа юм. Биднийг суралцах бүхий л боломжоор хангаж өгсөн нийт удирдлагууддаа маш их баярлаж байгаагаа илэрхийлье. Ийм сургалтыг үргэлжлүүлэн зохион байгуулснаар Хил хамгаалах байгууллагын хэмжээнд англи хэлний мэдлэггүй нэг ч албан хаагч байхгүй болно гэдэгт итгэлтэй байна.

Хилийн 0286 дугаар ангийн 0294 дүгээр салбарын сургалт эрхэлсэн орлогч, дэслэгч О.Мөнхбаасан:

-Орчин үеийн залуусын нэн тэргүүнд сурч мэдэх зүйл бол дэлхийн хэл буюу англи хэл юм. Энэ хэлийг сурах боломж олгосон ХХЕГ-ын удирдлага, хилийн 0286 дугаар ангийн удирдлага болон сурах таатай орчин нөхцлөөр хангасан хилийн 0243 дугаар ангийн удирдлага, хамт олонд талархал илэрхийлье. Манай ангийн бие бүрэлдэхүүн өөрийгөө хөгжүүлэх чин хүсэл эрмэлзэлтэйгээр нэг зорилго, тэмүүлэл дор алба үйл ажиллагаагаа явуулж байна. 

Хилийн 0243 дугаар ангийн тусгай томилгоот бүлгийн усчин, холбоочин, ахлагч Л.Эрдэнэбаяр:

-Хил хамгаалах байгууллагаас дэвшүүлсэн зорилтын хүрээнд хилчдэд англи хэлний анхан шатны сургалт зохион байгуулах нөхцөл бололцоогоор хангаж буй хилийн 0243 дугаар ангийн удирдлага хамт олондоо маш их талархаж байгаагаа илэрхийлье. Сургалт төлөвлөгөөний дагуу ярилцлага болон хөгжөөнт тоглоом хэлбэрээр орж байгаа нь таатай санагдаж байна.

Хилийн 0257 дугаар ангийн 0335 дугаар салбарын баримт бичгийн шалгагч Ч.Эрчмаа:

-Энэхүү бүсчилсэн англи хэлний анхан шатны сургалтыг санаачлан зохион байгуулж буй ХХБ-ын удирдлагууд, хилийн 0243 дугаар ангийн нийт хамт олонд чин сэтгэлийн талархал илэрхийлье. Мөн суралцах орчин, амьдрах байраар хангаж буй тус ангийн нийт хамт олондоо баярлаж байгаагаа хэлэхэд таатай байна. Хэлтэй бол хөлтэй гэдэг та бүгд ч бас энэ сургалтад хамрагдаж суралцах боломжтой байг шүү.

 Хилийн 0101 дүгээр ангийн 0336 дугаар салбарын баримт бичгийн шалгагч, ахлах дэслэгч А.Ариунбилэг:

-Хил хамгаалах байгууллагаас зохион байгуулж буй англи хэлний бүсчилсэн сургалтад хамрагдаж байгаадаа баяртай байна. Сургалт маань нэг танхимд цөөхөн суралцагчтай, үр дүнтэй, онцлог давуу тал ихтэй явагдаж байна. Энэхүү сургалтад суралцах боломжийг олгосон ангийн удирдлага, хамт олондоо маш их баярлалаа. Хэлтэй бол хөлтэй гэгчээр англи хэлийг хичээн сайн суралцах болно.

Хилийн 0243 дугаар ангийн нууц, мэдээллийн аюулгүй байдлын албаны мэдээллийн аюулгүй байдлын офицер, дэслэгч А.Баттогтох:

-Юуны өмнө энэ гайхалтай боломжийг олгосон ХХЕГ-ын болон хилийн 0243 дугаар ангийн удирдлагууд болон цэргийн сургалт, сахилга албаны зохион байгуулалтын тасгийн хамт олондоо анги хамт олныхоо өмнөөс болон өөрийн зүгээс чин сэтгэлийн талархал илэрхийлье. Англи хэлний анхан, дунд шатны сургалтанд оролцож байгаа бид суралцах хугацаандаа хичээл зүтгэлтэй суралцаж өндөр үр дүнд хүрсэнээр цаашид энэхүү сургалтад илүү олон хилчин хамрагдах үндэслэл болно гэдэгт итгэж байна. Хийвэл хийсэн шиг хийж хамт олноо манлайлан цаашдын сургалтад мөн хамрагдаж, дэлхийд Монгол Улсаа төлөөлөх хилчин болох зорилготой суралцаж явна. Хамт олондоо сурлагын өндөр амжилд хүсье.

Хилийн 0257 дугаар ангийн 0335 дугаар салбарын тээврийн хэрэгслийн шалгагч, дэд ахлагч М.Эрдэнэчимэг:

-Хилчдийн англи хэлний мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор ХХБ-аас зохион явуулж буй энэхүү англи хэлний сургалтад хамрагдаж байгаадаа туйлын их баяртай байна. Суралцах таатай орчин бүрдүүлж өгсөн хилийн 0243 дугаар ангийн нийт бие бүрэлдэхүүнд чин сэтгэлээсээ талархаж байна. Ингээд торгон хилээ нүд цавчилгүй манаж буй бүх хилчдэдээ хандаж та нарт ч бас сурах боломж гарвал алдалгүй суралцаарай гэж хэлье. Бид ч гэсэн анги, салбарынхаа нэрийг өндөрт гарган чармайн суралцах болно.