ЭХ ОРОНЧ ХҮҮХДҮҮДИЙН ИРЭЭДҮЙ БИДНИЙ ГАРТ
  • 11:50
  • 3925
Эх оронч хүүхдүүдийн сурч боловсрох орчинг бүрдүүлэх ажлын хүрээнд хилийн 0306 дугаар ангийн дэргэдэх “Янзагахан” холимог бүлгийн цэцэрлэгийн өргөтгөлийн ажлыг Дорнод аймгийн Матад сумын хөрөнгө оруулалтаар тус ангийн алба хаагчид барьж, 2020 оны арваннэгдүгээр сарын 01-ний өдөр нээлтийн үйл ажиллагааг зохион байгууллаа.

Ахлах дэслэгч М.ЗОЛЗАЯА

 Эх оронч хүүхдүүдийн сурч боловсрох орчинг бүрдүүлэх ажлын хүрээнд хилийн 0306 дугаар ангийн дэргэдэх “Янзагахан” холимог бүлгийн цэцэрлэгийн өргөтгөлийн ажлыг Дорнод аймгийн Матад сумын хөрөнгө оруулалтаар тус ангийн алба хаагчид барьж, 2020 оны арваннэгдүгээр сарын 01-ний өдөр нээлтийн үйл ажиллагааг зохион байгууллаа. Мөн хилчдийн хүүхдүүдийн сурч боловсрох, хөгжих асуудлыг шийдвэрлэх зорилгоор “Нэг алба хаагч-Нэг тоглоом” аяныг өрнүүлж, 2-5 настай хүүхдүүдийн сэтгэхүйд тохирсон 12 төрлийн 25 ширхэг монтессори модон тоглоомыг бүлгийн багшид гардуулан өглөө.

Хилийн 0306 дугаар ангийн Захирагчийн I орлогч, штабын дарга, дэд хурандаа Г.Билэгбаяр:

-Хилчин бидний үр хүүхэд эрүүл саруул сайхан орчинд сурч боловсорч, ирээдүйд ээж аавдаа ачлалтаи, улс эх орондоо ихийг хийж бүтээх зөв хүн болж төлөвшихөд зориулан энэ цэцэрлэгийг өргөтгөх ажлыг хийж дуусгаад ашиглалтад оруулж байгаадаа баяртай байна. Энэ дашрамд Матад сумын удирдлага, "Нарлагхан" цэцэрлэгийн эрхлэгч Р.Пүрэвдорж нарт гүнээ талархаж байгааг бие бүрэлдэхүүн болон даргын зөвлөлийн гишүүдийн нэрийн өмнөөс илэрхийлье. Үр хүүхдийнхээ оюун ухаан сэтгэхүйг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж тоглоом бэлэглэсэн эцэг эхчүүддээ маш их баярлалаа. Цаашид хилчдийн хүүхдийн төлөө, тэдний эрүүл орчинд амьдрах, сурч боловсрох эрхээ эдэлж, хүүхдийн эрхийг хамгаалахын төлөө мөн сум орон нутгийнхаа хөгжлийн төлөө хамтын ажиллагаа маань улам өргөжин хөгжих болно гэдэгт итгэлтэй байна.

Хилчдийн хүүхдүүд сургуулийн өмнөх боловсрол эзэмших цоо шинэ орчин бүрдэнэ

 Нээлтийн арга хэмжээний үеэр Дорнод аймгийн Матад сумын цэцэрлэгийн эрхлэгч Р.Пүрэвдоржтой ярилцлаа.

-"Янзагахан" бүлгийг хэзээ байгуулж байв?

-2004 онд Хилийн 0306 дугаар ангийн удирдлага, албан хаагчид “Дэлхийн зөн” Олон улсын байгууллагад хандаж санал гарган төсөл хөтөлбөр боловсруулан, төслийн шугамаар хоёр гэр авч цэцэрлэгийн “Янзагахан” бүлэг анх байгуулагдаж найман жил ажилласан. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар цэцэрлэгтэй болох саналыг ангийн удирдлага, албан хаагчид, эцэг эхчүүд аймаг, сумын удирдлагад байнга санал болгосноор 2012 оноос Матад сумын цэцэрлэгийн харьяа салбар бүлэг болон одоог хүртэл ажиллаж, сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээг хүргэж байна.

-Хэдэн хүүхдэд сургуулийн өмнөх насны боловсролыг олгосон бэ?

-Жил бүр хилчдийн 20-25 хүүхэд хамрагддаг. 2012 оноос хойш хилчдийн 160 гаруй хүүхдэд сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээг хүргэж ажиллалаа.

-Хүүхдийн сурч боловсрох орчин, нөхцлийг сайжруулах хүрээнд хилчидтэй, хилийн ангитай хамтран өмнө нь ямар ажлууд хэрэгжүүлж байв?

-Хүүхдийн сурч хөгжих орчин нөхцлийг бүрдүүлэхэд 2008 онд Матад суманд хэрэгжсэн "Нийгмийн цогц суурь үйлчилгээ" төсөл хөтөлбөрийн хүрээнд гэр цэцэрлэгийн нэг гэрийг иж бүрэн тавилга, эд хогшил, тоглоомын хамтаар авч байсан. 2012 онд Улсын төсвөөс 20 хүүхдийн зөөлөн эдлэлээр хангасан. 2014 онд хилийн ангийн удирдлага тус багийн цэцэрлэгийн барилгын цонхыг вакум болгож, барилгын дээврийг шинээр төмөрлөж өгсөн. Орон сууцны хажуу өрөөнд үйл ажиллаагаа явуулж байсныг өргөтгөж хилийн цэргийн ангийн орон сууцны нэг барилгыг бүхэлд нь цэцэрлэг болгон өргөжүүлж их засвар хийсэн. 2015 онд сумын цэцэрлэгийн захиргаанаас гал тогооны тоног төхөөрөмж, хөлдөөгч зэргийг өгсөн. 2018 онд хилчдийн хүчээр гадна хашаажуулалт, тоглоомын талбайн тохижилтыг хийж өгсөн. Мөн 2018-2019 онд мэргэжлийн багш, туслах багш нарыг тус салбар бүлэгт багш солилцоогоор ажиллуулж СӨБ-ын чиг хандлага, үйл ажиллагааны талаар сурталчлах түгээн дэлгэрүүлэх ажлыг зохион байгуулсан.

2020 онд сумын орон нутгийг хөгжүүлэх сангийн хөрөнгөөр 22,2 сая төгрөгөөр барилгын өргөтгөл, их засвар, халаалт, ариун цэврийн байгууламжийн асуудлыг шийдэж өгч их засвар хийснээр сургалтын ая тухтай орчныг бүрдүүлсэн. Уг ажлыг хийж гүйцэтгэхэд Хилийн 0306 дугаар анги хамтарч ажилласан. Мөн эцэг, эхчүүд 500 гаруй мянган төгрөгөөр хүүхдийн сургалтын хэрэглэгдэхүүн, тоглоом наадгай авч өглөө.

-Цаашид төлөвлөж буй ажлуудаасаа дурдахгүй юу?

-Мэнэн багт цэцэрлэгийн зориулалтын барилга баригдаж, мэргэжлийн багш, туслах багшаар хангагдан хилчдийн үр хүүхдүүд сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж сурч хөгжих цоо шинэ орчин бүрдэнэ гэдэгт итгэлтэй байна.

 

БИ ЗУРГАА, ДОЛОО, АРАВЫН ТОО СУРСАН

Блиц

Овог: Пүрэвням

Нэр: Есүй

Нас: 4

Дуртай хоол: Банш

Дуртай амттан: Торт, зайрмаг

Дуртай өнгө: Ягаан, цэнхэр

-Чамайг хэн гэдэг вэ. Өөрийгөө танилцуулаач?

-Намайг Пүрэвнямын Есүй гэдэг. Би дөрвөн настай.

-Цэцэрлэгтээ ямар хувцас өмсөх дуртай вэ?

-Би цэцэгтэй плааж өмсөх дуртай. Надад цэцэгтэй плааж зөндөө байдаг. Ээж гэхдээ надаа дандаа ягаан плааж авч өгөөд байдаг.

-Цэцэрлэг нь олон гоё тоглоомуудтай болсон байна. Таалагдаж байна уу?

-Манай багш авч өгсөн юм. Гэхдээ энэ тоглоомуудыг би ээжийнхээ ажил дээр хамт очихдоо харсан. Надаар тоглуулаагүй, манай цэцэрлэгт өгнө гэсэн. Би хэзээ өгөх бол гээд зөндөө хүлээсэн.

-Чамд аль нь илүү таалагдаж байна вэ?

-Ягаан морь, гал тогоо, бөмбөрөөр тоглох дуртай. Өөр зөндөө олон тоглоом байгаа боловч би мартчихжээ. Оюун-Эрдэнэ бид хоёр мориор уралдаж байгаа.

-Том болоод ямар хүн болох вэ?

-Би том болоод эмч болно.

-Эмч болохын тулд зөндөө их зүйл сурах ёстой. Есүй цэцэрлэгтээ юу сурсан бэ?

-“Багшдаа баярлалаа” , “Баатар хот”, “Төрийн дуулал” гэдэг дуу сурсан. Бас би зургаа, долоо аравын тоо сурсан.

-Мундаг эмч болоорой.

 

ТОМ БОЛООД ТУГИЙН ХАЖУУД ЁСОЛДОГ ХҮН БОЛНО

Блиц

Овог: Бат-Орших

Нэр: Аз-Арвин

Нас: 5

Дуртай хоол: Бууз, бантан

Дуртай амттан: Зайрмаг, алим, чипс

Дуртай өнгө: Цэнхэр, цагаан

-Чамайг хэн гэдэг вэ. Өөрийгөө танилцуулаач?

-Намайг Бат-Оршихын Аз-Арвин гэдэг. Би таван настай.

-Аз-Арвин аав, ээждээ яаж тусалдаг вэ?

-Хоол хийхэд тусалдаг.

-Том болоод ямар хүн болох вэ?

-Том болоод тугийн хажууд ёсолдог хүн болно.

-Тугийн хажууд ёсолдог хүн гэж ямар хүнийг хэлдэг юм бол?

-Аав, ээж шиг хүнийг хэлнэ.

-Цэцэрлэгт явах гоё байна уу?

-Найзуудтайгаа тоглохоор гоё байдаг. Би нөгөө жижигхэн цэцэрлэгтэй байхад жоохон дургүй байсан. Одоо гоё том цэцэрлэгтэй бас  гоё тоглоомтой болсон. Гоё л байна.

-Аав, ээж шигээ ёсолдог хүн болоорой.

-За.