ХИЛ ХАМГААЛАХ БАЙГУУЛЛАГЫН ӨНӨӨГИЙН НӨХЦӨЛ, ХЭТИЙН ТӨЛӨВИЙГ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮДЭД ТАНИЛЦУУЛАВ
  • 12:20
  • 5033
Хууль зүй, дотоод хэргийн Сайд Х.Нямбаатар хилийн анги, салбарын хариуцсан хэсгийн инженерийн байгууламж, дэд бүтэц, хилийн хэсгийн хэтийн төлөвлөлт, төсөөллийг үзэж танилцсан талаар бид өмнөх дугаартаа мэдээлсэн. Тэгвэл Хууль зүй, дотоод хэргийн Сайд өөрийн яаман дээр БНХАУ болон ОХУ-тай хил залгаа Монгол Улсын 14 аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүдийг хүлээн авч, Монгол Улсын Хил хамгаалах байгууллагын өнөөгийн нөхцөл байдлын талаар танилцуулга хийлээ. Энэ үеэр Монгол Улсын 8252.6 км урт хилийн хэсгийг бүрэн хэмжээнд инженерийн торон саадаар төхөөрөмжлөх, Хил хамгаалах байгууллагын техник тоног төхөөрөмж, хилчдийн ажиллаж, амьдрах орчин нөхцлийг сайжруулах, ХХЕГ-т Хил хамгаалалтын удирдлагын төвийг шинээр барих асуудлыг УИХ-ын гишүүдэд танилцуулж, шаардлагатай төсөв хөрөнгийн асуудлыг улсын төсөвт суулгах талаар санал солилцов. Тус уулзалтад оролцсон УИХ-ын гишүүд бодит нөхцөл байдалд дүгнэлт хийж, дэмжиж ажиллахаа илэрхийлсэн юм. УИХ-ЫН ГИШҮҮН Б.ДЭЛГЭРСАЙХАН: БИД ДЭМЖИЖ АЖИЛЛАНА -Энэ удаагийн танилцуулгаас Хил хамгаалах байгууллагын ирээдүйн хөгжлийг хэрхэн төсөөлж байна вэ? -Би Дорноговь аймгийн уугуул. Ерөнхий боловсролын дунд сургуулиа төгсөөд Дорноговь аймаг дахь хилийн 0129 дүгээр ангид хугацаат цэргийн алба хаасан. Өөрийн биеэр алба хаасан учраас Хилийн цэргийн амьдралыг мэднэ. Манай аймагт хилийн анги байдаг учраас хилчидтэйгээ нягт хамтран ажилладаг. Өнгөрсөн хугацаанд Нутгийн зөвлөл болон аймгийн олон нийтийн байгууллагуудын дэмжлэгтэйгээр нийт 1.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Хил хамгаалах байгууллага өөрчлөгдөх хэрэгцээ шаардлага бий. Хилчид хэцүү орчин, нөхцөлд амьдардаг. Нэгдүгээрт, хилчдийн ажиллаж, амьдрах орчин нөхцлийг сайжруулах хэрэгтэй. Хоёрдугаарт, хилийн анги, салбаруудыг бүгдийг нь тог цахилгаантай болгох хэрэгтэй. Өнгөрсөн таван жилийн хугацаанд би гурав, дөрвөн хилийн салбарыг тог цахилгаантай болгож өгсөн. Төсвийн бус аргаар шийдсэн тул нэлээд их хүч тавьж ажилласан. Гуравдугаарт, техник технологийг шинэчилж өгөх хэрэгтэй. Би сайдын ярьж байгаатай санал нэг байна. Улсын хилийг цаашид дрон болон орчин үеийн техник хэрэгслээр манах хэрэгтэй гэдгийг ойлгосон. Орчин үед хөдөлгөөн илэрсэн газар камер нисээд оччихдог болсон. Ирээдүй ийм л байх ёстой. Бахь байдгаараа хэдэн төгрөг зарж тор татаад, хэдэн хүн өдөр шөнөгүй хилийн манаанд явах биш, заримыг нь камержуулаад, заримыг нь дроноор хамгаалах боломж бүхий дохиолол хяналтын системийг нэвтрүүлэх хэрэгтэй. Ойрын дөрөв, таван жилд бидний өнөөдрийн төсөөлөл биелэгдэх боломжтой. Техникийн хөгжил маш хурдацтай явагдаж байна. Тэр хэмжээгээр өндөр үнэтэй байгаа учраас арай үнэ багасах үед нь шинэчилэхэд асуудалгүй. -Та УИХ-ын гишүүний хувьд хил дээр үүрэг гүйцэтгэж байгаа хилчин байлдагчид хандаж юу хэлэх бол? -Биднийг хил хамгаалж байх үед байлдааны тушаал аваад гардаг байсан. Тэр одоо ч хэвээрээ болов уу. Тэр цаг, минут хил хамгаалалтад үүрэг гүйцэтгээд ирсэн цаг минуттайгаа бүртгэлд ордог, архивт хадгалагддаг байсан. Хил манах үед хаагуур хэн орж ирсэн, түүнийг яагаад мэдээгүй вэ гэдэг асуудал хэзээ нэгэн цагт гардаг учраас хилчдэдээ хандаж хэлэхэд эх орноо хамгаалах үүргээ сайн биелүүлээрэй, бидний зүгээс сайн дэмжиж ажиллах болно гэж хэлье. УИХ-ЫН ГИШҮҮН Г.АМАРТҮВШИН: ТУСГААР УЛСЫН ХИЛИЙГ ЭЛИТҮҮД ХАМГААЛДАГ -Эх орон, хил, хилчдийн талаар та ямар бодол, сэтгэгдэлтэй байдаг вэ? -Монгол Улсын дархан хилийг өдөр шөнөгүй хамгаалж байгаа хилчид маш чухал үүргийг гүйцэтгэж байна. Аливаа тусгаар тогтносон улсын хилийг хамгаална гэдэг хамгийн нэр хүндтэй ажил. Жишээлбэл АНУ, Европын хил хамгаалах албад нь элит цэргийн байгууллагадаа ордог. -Өнөөдрийн танилцуулгаас харахад шийдвэрлэх ёстой чухал асуудал нь юу байв? -Манай улсын хил хамгаалалтын өнөөгийн байдлыг харахад тоног төхөөрөмж, дэд бүтцээр дэмжих нь чухал болохыг гишүүд маш сайн ойлгож авлаа. Ялангуяа XXI зуунд мориор юм уу явганаар хил хамгаалдаг байдлыг өөрчилж, сүүлийн үеийн дэвшилтэт техник хэрэгслийг ашиглах нь чухал юм байна. Хил зөрчигчийн арга, тактик жилээс жилд нарийсч байгаа байх. Тэдэнтэй уралдаж манай хилийнхэн өөрсдийн бэлэн байдлыг хангах нь чухал. Мөн аялал жуулчлал, бизнесийн шугамаар манай улсад зорчин ирж байгаа гадаадын иргэдийн хувьд тухайн улсын талаарх анхны сэтгэгдэл, мэдрэмж нь хилээр нэвтрэх үед төрдөг. Хэр найрсаг байна, шинэ техник технологитой байна уу, дараалал үүсч байна уу, эсвэл хурдан шуурхай үйлчилж байна уу, өнгө үзэмж нь ямар байна гэдгийг хилчдээс харж, анзаардаг. Энэ бол зүгээр нэг өнгө үзэмжийн асуудал биш юм. Бид олон улстай өрсөлдөж аялал жуулчлалаа нэмэгдүүлье гэвэл энэ тал дээр ч мөн анхаарах нь зүйтэй. Сайдын танилцуулсан цахимаар виз бүртгэл хяналтын систем маш зөв санагдлаа. УИХ-ЫН ГИШҮҮН Л.МӨНХБААТАР: ХИЛ ХАМГААЛАЛТЫН ШИНЭЧЛЭЛИЙГ ДЭМЖИНЭ -Та өнөөдрийн арга хэмжээг хэрхэн дүгнэж байна? -Монгол Улсын хил хамгаалалтыг бэхжүүлэх бодлогыг илүү тодорхой болгох, эрх зүйн шинэчлэл хийх, үйл ажиллагаагаа саадгүй явуулахад орчин үеийн техник, тоног төхөөрөмжөөр хангагдах зайлшгүй шаардлагатай. Энэ хүрээнд УИХ-ын гишүүд Хил хамгаалах байгууллагын үйл ажиллагаатай танилцлаа. Хил хамгаалалтын чиглэлээр хийгдэж байгаа ажлуудтай танилцаад цаашид хийж, хэрэгжүүлэх ажлынхаа гол бодлого төлөвлөлтийг сайтар гаргасныг нь хараад миний хувьд сэтгэгдэл өндөр байна. Улсын хил хамгаалалтыг зохион байгуулахдаа техник технологийн шинэчлэлийг хийж, түүний үндсэн дээр хил хамгаалалтыг зохион байгуулах нь чухал юм. Тиймээс УИХ-ын гишүүд хил хамгаалалтын шинэчлэлд дэмжлэг үзүүлж ажиллахаар тогтсон. Миний сонгогдсон тойрог болох Хөвсгөл аймагт хилийн шинэ анги байгуулахаар төлөвлөжээ. Ингэснээр улсын хил хамгаалалт нягтаршина. Түүнээс гадна гарч буй хилийн зөрчлүүд ч багасах юм. Хил хамгаалах албанд ажиллаж буй алба хаагчдын хувьд ч үйл ажиллагаагаа явуулах дөхөмтэй шийдлүүд болно гэж харж байна. УИХ-ЫН ГИШҮҮН Т.ЭНХТҮВШИН: ХАМГИЙН САЙН АВТОМАШИН, ТЕХНИК ХЭРЭГСЛИЙГ ХИЛЧИД АШИГЛАХ ЁСТОЙ -Хил хамгаалалтыг сайжруулах ажлууд хэрхэн төлөвлөгдсөнийг үзэж танилцлаа. Улсын Их Хурлын гишүүний хувьд таны санал бодлыг сонсъё? -Орчин цагийн хил хамгаалах албатай танилцлаа. Монгол Улсын хамгийн том, чухал салбарын нэг бол улсын хил хамгаалалт. Тийм учраас тусгаар улсын хувьд ялангуяа хил хамгаалж буй анги, салбаруудын хүчин чадлыг нэмэгдүүлэх, амьдрах орчныг нь сайжруулах, шинэ техник технологийг нэвтрүүлэх зайлшгүй шаардлагатай. Тиймээс 2022 оны төсөвт анги, салбарын хүчин чадлыг нэмэгдүүлэх асуудлыг тусгах нь чухал. Хилчдийн ажиллаж, амьдрах таатай орчин нөхцлийг бий болгох хэрэгтэй. Ардаа санаа зовох зүйлгүйгээр хил хамгаалах албандаа хүчин зүтгэх боломжийг нь бид бүрдүүлж өгөх ёстой. Аймгийн засаг дарга ХХТХ-ний зөвлөлийн дарга байдаг. Бид аймаг орон нутаг, улсын төсвөөс ч тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлэх ёстой гэсэн байр суурьтай байна. Ялангуяа өндөр хүчдэлтэй, 24 цагийн гэрэл цахилгаантай болгох, хилийн тороо шинэчлэх, амьдарч буй байр орон, унаж байгаа унаа тэргээ сайжруулах зайлшгүй шаардлага байгаа гэж бодож байна. 2022 оны төсөв яригдах үеэр энэ асуудал дээр онцгой анхаарч ажиллана. -Хил хамгаалалтад техник технологийн дэвшлийг нэвтрүүлэх зайлшгүй шаардлага бий болоод байгаа. Энэ тал дээр таны бодол? -Зайлшгүй шаардлагатай. Улсын хил хамгаалалтад камерын хяналтыг сайжруулах хэрэгтэй. Хилийн торыг мөн мэдрэгчтэй, дохиолол бүхий байдлаар төхөөрөмжлөх шаардлагатай гэж бодож байна. Авто техникийн хувьд ч хилчид сүүлийн үеийн хамгийн сайн автомашиныг унах ёстой шүү дээ. Улаанбаатар хот эсвэл аймаг орон нутгийн төв, хилийн ангиуд гэхээс илүү хилийн салбар дээр хамгийн сайн хүчин чадалтай автомашин, техник хэрэгслийг ашиглах ёстой.