Сул хээрийн нутагт бороо асгарч, аранзал улаан тугнаа хос одон гэрэлтэв
  • 15:00
  • 4799
Зуны эхэн сарын шинийн гуравны өдөр. Догшин хутагтын мэлмий гийсэн нутаг, Хатанбулаг сумын нутаг дэвсгэрт байрлах домогт Сулинхээрийн ангид түүхэндээ алтан үсгээр бичигдэх үйл явдал тохиолоо. Хилийн 0168 дугаар анги нь 1945 оны наймдугаар сарын 09-ний өдөр дээд командлалын тушаалаар Чөлөөлөх дайнд оролцож, Өвөр Монголын Улаан цав чуулганы долоон хошууг чөлөөлж баатарлаг гавьяа байгуулсан 81 жилийн дайчин түүхтэй анги билээ. Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн, эрэлхэг хилчин, хурандаа Э.Халтарын нэрэмжит домогт Сулинхээрийн анги Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны гуравдугаар сарын 18-ны өдрийн 32 дугаар зарлигаар Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнагдаж, хос одонт анги болж байгаа нь энэ юм Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Цэргийн гавьяаны улаан тугийн одонг гардуулахаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын төрийн цэргийн байгуулалт хариуцсан ахлах референт, бригадын генерал Ч.Сайнтөр, ҮАБЗ-ийн ажлын албаны ахлах референт, хурандаа С.Энхзориг нар хүрэлцэн ирсэн юм. Бардамнал, бахархлын дээд одон медалиа гардан авах энэ сайхан өдөр байгаль дэлхий хураа харамгүй хайрласан нь цагаа олсон шагнал ирлээ хэмээн хилчид бид билэгшээв. Ангийн жагсаалын талбайд одонгоо хүлээн авахаар бие бүрэлдэхүүн эгнэн жагсаж, хойч ирээдүй болсон бяцхан хүүхдүүд цэргийн хувцсаар ижилдэн гоёж, ахмад хилчдийн төлөөлөл залуу насаа санагалзан дүрэмт хувцас, одон медалиа гялалзуулан ёслол төгөлдөр хүндэтгэл үзүүлэн хүрэлцэн ирсэн байлаа. Ийнхүү хүсэн хүлээсэн одон гардуулах ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаа эхлэв. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг ҮАБЗ-ийн ажлын албаны ахлах референт, хурандаа С.Энхзориг уншиж танилцуулсны дараа тус ангийн захирагчаар таван жил ажилласан Монгол Улсын 168 дахь генерал, бригадын генерал Ч.Сайнтөр аранзал улаан байлдааны туганд Цэргийн гавьяаны улаан тугийн одонг зүүж өгөн, батламжийг гардуулав. Тус ангийн захирагч, дэд хурандаа Я.Түвшинбаатар хос одонт байлдааны тугаа гурвантаа намируулахад бие бүрэлдэхүүн ура цуурайтуулан Монгол Улсын төрийн дуулалыг ёслол хүндэтгэлтэйгээр эгшиглүүлсэн юм. Энэхүү үйл ажиллагаанд Дорноговь аймгийн Засаг даргын орлогч С.Одбаяр, Хатанбулаг сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга З.Чимэдцэрэн, Засаг дарга С.Эрдэнэболд, сум орон нутгийн харилцан ажиллагаатай байгууллагуудын удирдлага хүрэлцэн ирсэн байлаа. Дорноговь аймгийн цэргийн хүрээний байгууллагуудын дундаас домогт Сулинхээрийн анги анх удаа хос одонгоор шагнагдаж байгааг аймгийн Засаг дарга О.Батжаргал энэ үеэр цохон тэмдэглэж хил амар амгалан, хилчдийн ажил үйлс дардан байхыг ерөөв. Ангийн захирагчийн тушаалаар томилогдсон одон хүлээн авах комиссын бүрэлдэхүүн дайчин баатарлаг уламжлалтай ангийнхаа аранзал улаан туганд хослон ирсэн улаан таван хошуут алтан шаргал одонгоо говийн догшин ноён хутагт Д.Данзанравжаагийн бүтээн байгуулсан Хамрын хийд, Энергийн төвд аравнайлуулан, Хүслийн хар уул, Баянзүрх хайрханд хилчдийнхээ цаашдын ажил үйлсийг сүслэн даатгалаа. Одон гардуулах үйл ажиллагааны үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор ахмад хилчин, бэлтгэл дэд хурандаа Д.Эрдэнэбат, Цэргийн гавьяаны одонгоор бэлтгэл дэд хурандаа Б.Мөнхцэцэг, ахлах ахлагч Б.Ганзориг, “Алтангадас” одонгоор Д.Бурмаа, Цэргийн хүндэт медалиар дэд хурандаа Б.Эрдэнэбат, ахмад Ш.Наранбаатар, ахлах ахлагч Н.Алтангэрэл, бэлтгэл дэд хурандаа Б.Батсайхан, С.Уламбаяр, Хөдөлмөрийн хүндэт медалиар Т.Жаргалсүрэн нарыг тус тус шагнасан нь баяр дээр баяр нэмсэн үйл явдал боллоо. Ангийн уран бүтээлчдийн дайны үеийн болон энх цагийн хилчдийн аж байдлыг харуулсан “Бид мартах учиргүй” урлагийн тоглолтыг өргөн барьснаар ирсэн зочид нь бахархсан, хамт олон нь баярласан үйл ажиллагаа өндөрлөлөө. Бригадын генерал Ч.Сайнтөр: -Би Монгол Улсын Хил хамгаалах байгууллагад 40 гаруй жил ажиллаж байна. Энэ түүхт ангийн захирагчаар 2003-2007 оныг хүртэл ажиллаж байлаа. Домогт отрядынхоо 81 жилийн ойн босгон дээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Цэргийн гавьяаны улаан тугийн одон гардуулж байгаад маш их баяртай, бахархалтай байна. Намайг ажиллах үед Ханги-Мандалын боомт шинээр нээгдэж байлаа. Одоо Монгол Улсын томоохон боомтуудын нэг болтлоо хөгжиж байгаад баярлаж байна. Хилийн цэргийн жишиг анги гэгдэж хил хамгаалалтад оролцож байгаа нь бидний бахархал юм. Ангийнхаа нийт хамт олонд хос одонт отряд болсонд дахин баяр хүргэе. Дэд хурандаа Я.Түвшинбаатар: -81 жилийн түүхтэй хилийн 0168 дугаар анги Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны гуравдугаар сарын 18-ны өдрийн 32 дугаар зарлигаар Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнагдаж байна. Цаашид хос одонт анги хэмээн нэрээ мөнхлөн дуудуулах болсонд баяртай байна. Эх орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын төлөө халуун амь, бүлээн цусаа урсгаж өнөөгийн энх цагийг бидэнд авчирсан эрэлхэг дайчдынхаа суу алдар, үйл хэргийг бид мартах учиргүй. Тэднийхээ байгуулсан гавьяаг үеийн үед дурсан бахархаж, улсын хилийнхээ халдашгүй дархан байдлыг өнөд мөнх хамгаалж явна гэдгээ бид бүхэн нэр төрөөрөө андгайлж байна. Улсын минь хил амар амгалан байж, хилчдийн минь цог золбоо мөнхөд мандан бадарч байх болтугай.

Дорноговь аймгийн орлогч дарга С.Одбаяр: -Өнөөдөр манай аймгийн хэмжээнд түүхэнд тэмдэглэх сайхан үйл явдал болж байна. Байгуулагдсан цагаасаа эх орон, орон өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж ирсэн мянга мянган хилчдийн өлгий хилийн анга маань хос одон гардаж байгаад Засаг даргын болон Дорноговьчуудынхаа нэрийн өмнөөс баяр хүргэе Энэ анги улсын хил хамгаалах үйлсийг 81 жил нэр төртэй гүйцэтгэж ирсэн дайчин уламжлалтай. Бид хилийн халдашгүй дархан байдлыг хангах, Хилчдийнхээ нийгмийн асуудлыг шийдвэрлэх хүрээнд хамтран олон сайхан үйл ажиллагааг зохион байгуулсан. Цаашид ч бидний хийх ажлууд аймгийн Засаг даргын төлөвлөгөөнд хэрэгжихээр тусгагдсан байгааг дуулгая.Хатанбулаг сумын Засаг дарга С.Эрдэнэболд Хилийн 0168 дугаар анги сумын төвд нүүж ирээд хэдэн жилийг ардаа үджээ. Эрэлхэг хилчин хурандаа Э.Халтарын нэрэмжит анги болсон тэмдэглэлт үйл ажиллагаа 2018 онд тохиож байсан бол энэ жил хос одонтой анги болж бид энэ бахархалт үйл яюдалын гэрч болсондоо баяртай байна. Хилийн 0168 дугаар анги нутгийн үйл ажиллагаанд байнга хамтран ажиллаж, туслаж дэмждэг харилцан ажиллагаа сайтай. Миний хувьд ч хилийн цэргийнхэнтэй ойр дотно ажиллахыг эрмэлзэж явдаг. Ахмад хилчин Д.Эрдэнэбат:-Төрөлх анги болон миний бие Цэргийн гавяаны одонгоор тус тус шагнагдлаа. Мөр зэрэгцэн хамт ажиллаж байсан алба хаагчид маань төрийн дээд одонгоор шагнууллаа. Баяртай байна бас бахархаж байна. Залуу халуун насаа энэ ангидаа зориулан хамт олонтойгоо гар сэтгэл нийлэн ажиллаж байсан үеэ дурсахад сайхан байна. Залуу хойч үедээ хандаж хэлэхэд хүн юу тарина, түүнийгээ хураана гэж сайхан үг бий. Үүнийг л ажил амьдралдаа хэрэгжүүлж яваарай гэж захья.