Улсын хилийн зурвас, боомт, бүсэд нэвтрэх зөвшөөрөл олгох
  • 14:13
  • 16889

 

Монгол Улсын Хилийн тухай хуулийн 25 дугаар зүйл.

Улсын хил орчмын дэглэмийн агуулга

      25.1.Улсын хил орчмын дэглэмийн агуулга нь хилийн зурвас, боомт, бүсэд мөрдөх журмаас бүрдэнэ.

   25.2.Энэ хуулийн 26.2.3-т заасан зөвшөөрлийг улсын хилийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас нэг жил хүртэл хугацаагаар, энэ хуулийн 30.2.3-т заасан зөвшөөрлийг тухайн орон нутагт байрлах хилийн анги /салбар/ 30 хүртэл хоногийн хугацаагаар олгож, хяналт тавина.

    25.3.Улсын хилийн зурвас, бүс, боомтод нэвтрэх зөвшөөрөл хүсэгч иргэн өргөдөлд дараах баримт бичгийг хавсаргана:

                   Иргэд

    25.3.1.хүний тоо, зорилго, хугацаа, замнал, байрлах газар;

    25.3.2.иргэний үнэмлэх, түүнтэй адилтгах баримт бичиг, гадаадын иргэн бол хүчин төгөлдөр паспортын хуулбар, Монгол Улсад түр оршин суух үнэмлэх;

    25.3.3.тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар.

                 Хуулийн этгээд

     25.4.Улсын хилийн зурвас, бүс, боомтод нэвтрэх зөвшөөрөл хүсэгч хуулийн этгээд өргөдөлд дараах баримт бичгийг хавсаргана:

     25.4.1.үйл ажиллагаа явуулах зорилго, хугацаа, замнал, байрлах газрыг тусгасан, бүдүүвч зураг;

     25.4.2.байгууллагын гэрчилгээ, тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа эрхлэх бол тусгай зөвшөөрөл, гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;

     25.4.3.тээврийн хэрэгсэл, тусгай зориулалтын техникийн жагсаалт, тэдгээрийн гэрчилгээний хуулбар;

    25.4.4.ажилтны нэр, иргэний үнэмлэх, гадаадын иргэн бол хүчин төгөлдөр паспортын хуулбар, Монгол Улсад түр оршин суух үнэмлэх, Монгол Улсад хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн хуулбар.

    25.5.Энэ хуулийн 26.2.2-т заасны дагуу Засгийн газраас олгосон эрх, тусгай зөвшөөрлийн дагуу улсын хилийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас хилийн зурвас, бүс, боомтод нэвтэрч үйл ажиллагаа явуулахад энэ хуулийн 25.4-т заасан баримт бичгийг бүрдүүлж, энэ хуулийн 25.2-т заасан байгууллагад хүргүүлнэ.

    25.6.Энэ хуулийн 25.3, 25.4-т заасан баримт бичиг нь эрх бүхий байгууллагад байгаа, эсхүл Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд заасан үндсэн болон дэмжих системээс татан авах боломжтой бол иргэн, хуулийн этгээдээс шаардахгүй.

   25.7.Хил хамгаалах ерөнхий газар болон орон нутагт байрлах хилийн анги /салбар/ холбогдох баримт бичгийг үндэслэн улсын хилийн зурвас, бүс, боомтод нэвтрэх зөвшөөрлийг тухай бүр шуурхай олгох бөгөөд нэмэлт тодруулга авах тохиолдолд ажлын таван өдрийн дотор шийдвэрлэнэ.

  25.8.Хилийн агаарын бүсэд нислэг үйлдэх нислэгийн бүрэлдэхүүнд хилийн зурвас, бүсэд нэвтрэх зөвшөөрлийг Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлалын зөвшөөрлийг үндэслэн олгоно.

   25.9.Улсын хилийн зурвас, бүс, боомтод нэвтрэх зөвшөөрөл нь эрх бүхий албан тушаалтны гарын үсэг, тэмдгээр баталгаажуулсан хэвлэмэл хуудас бүхий байна.

  25.10.Зөвшөөрөл эзэмшигч үйл ажиллагаагаа явуулахдаа хилийн дэглэмийн гэрээ, энэ хууль, бусад хууль болон холбогдох дүрэм, журам, хил хамгаалах байгууллагын ажилтны хууль ёсны шаардлагыг биелүүлэх үүрэгтэй.

  25.11.Энэ хуулийн 25.10-т заасныг зөрчсөн тохиолдолд улсын хилийн зурвас, бүс, боомтод нэвтрэх зөвшөөрлийг түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгохтой холбоотой харилцааг Зөвшөөрлийн тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийдвэрлэнэ.

Жич: Албан тоот болон өргөдөл дээр холбоо барих дугаараа бичих.

Зөвшөөрлийн талаар бичиг хэрэг 51+266638
Хилийн бүс, зурваст нэвтрэх зөвшөөрөл 51+266788
Хилийн боомтод 
нэвтрэх зөвшөөрөл 51+263477 дугаарын утсаар холбоо барина уу.