Улсын хилээр нэвтэрсэн зорчигч, тээврийн хэрэгслийн талаарх мэдээлэл, лавлагаа өгөх журмаас
  • 14:21
  • 10668

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1.  Улсын х илээр нэвтэрсэн зорчигч, тээврийн хэрэгслийн талаарх мэдээлэл, лавлагаа хүссэн төрийн эрх бүхий байгууллага, иргэдээс ирүүлсэн өргөдөл, албан хүсэлт /цаашид хүсэлт гэх/-ийг Хил хамгаалах байгууллагаас шийдвэрлэж, хариу өгөхөд энэхүү журмыг мөрдөнө.

1.2. Хувь хүний хууль ёсны ашиг сонирхол, нууц, нэр төрд хохирол учруулахгүй байх зорилгоор улсын хилээр нэвтэрсэн зорчигч, тээврийн хэрэгслийн талаарх мэдээлэл, лавлагаа хүссэн өргөдөл, хүсэлтийг шийдвэрлэхдээ “Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хууль”-ийн 13 дугаар зүйл, ”Хувь хүний нууцын тухай хууль”-ийн 5.3, “Төрийн болон албаны нууцын тухай хууль”-ийн 21.5 дугаар заалтуудыг удирдлага болгоно.

1.3 Улсын хилээр нэвтэрсэн лавлагаа гэдэг нь иргэн, эрх бүхий төрийн байгууллагын хүсэлтээр тухайн хүний Монгол Улсын хилээр гарсан, орсныг нотлох Хил хамгаалах байгууллагаас гаргасан мэдээлэл бүхий албан бичиг юм.  

1.4. Лавлагааг хуулиар тусгайлан эрх олгогдсон төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтанд, хувь хүнд өөрт нь эсхүл түүнтэй хамаарал бүхий хууль ёсны этгээдэд мөн түүнийг төлөөлөх эрх бүхий итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчид  хууль тогтоомжид заасан журмын дагуу өгнө.

Хоёр. Хүсэлтийг хүлээн авах

2.1. Улсын хилээр нэвтэрсэн зорчигч, тээврийн хэрэгслийн талаарх лавлагаа хүссэн өргөдөл, хүсэлтийг Хил хамгаалах ерөнхий газрын Хилийн цэргийн штабт гарган ирүүлнэ.

2.2. ХХЕГ-ын өргөдөл гомдол хариуцсан офицер, бичиг хэргийн эрхлэгч  нь:  “Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хууль”-ийн 9, 10 дугаар зүйл, “Мэдээллийн ил тод байдал, ба мэдээлэл авах эрхийн тухай хууль”-ийн 11.2, 11.3, 11.4, 12.2 дугаар зүйлүүдийг баримтлан өргөдөл, хүсэлтийг хүлээн авна.

Гурав. Өргөдөл, хүсэлтэд тавигдах шаардлага

3.1. Улсын хилээр нэвтэрсэн зорчигч, тээврийн хэрэгслийн талаарх мэдээлэл, лавлагаа хүссэн өргөдөл, хүсэлтэд:

- тухайн хүний эцгийн болон өөрийн нэр;
- регистер эсхүл төрсөн он, сар, өдөр;
- хил нэвтрэх эрхийн баримт бичиг /гадаад паспорт/-ийн дугаар;
- лавлагаа гаргуулах шалтгаан, ашиглах зорилго;
- нэвтэрсэн боомтын нэр, огноо, шүүлгэх хугацаа;
- хувь хүний оршин суугаа газар, харилцах утасны дугаарыг тодорхой тусгаж, иргэний үнэмлэхний хуулбарыг хавсаргана.

3.2. Иргэн өөрийн биеэр лавлагаа авах боломжгүй бол түүнийг төлөөлөн авах этгээд нь тухайн хүнтэй хууль ёсны хамааралтай гэдгээ нотлох бичиг баримтын хуулбар, тухайн хүнийг төлөөлөх эрх бүхий хүнд өгсөн итгэмжлэлийн нотариатаар баталгаажуулсан хуулбар, өмгөөллийн гэрээг өргөдөл, хүсэлтдээ хавсаргана. 

3.3. Гадаадын иргэн, харьяалалгүй хүний өргөдөл, хүсэлтийг тухайн иргэн өөрөө эсхүл түүний хууль ёсны итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч мөн дипломат төлөөлөгчийн газраар дамжуулан албан бичгээр ирүүлж болно. Өргөдөл, хүсэлтэд:

-тухайн иргэний паспорт дахь овог нэр /латин галигаар/;
-төрсөн он, сар, өдөр;
-хил нэвтрэх эрхийн баримт бичиг /паспорт/-ийн дугаар;
-иргэншил;
-мэдээлэл, лавлагаа гаргуулах шалтгаан, ашиглах зорилго;
-нэвтэрсэн боомтын нэр, огноо, шүүлгэх хугацаа;
-харилцах хаяг, утасны дугаарыг тодорхой тусгаж, шаардлагатай тохиолдолд паспортын хуулбарыг хавсаргана.

3.4 Улсын хил нэвтэрсэн тээврийн хэрэгслийн талаар мэдээлэл, лавлагаа гаргуулах хүсэлтэд:

- тээврийн хэрэгслийн төрөл, өнгө;
- улсын дугаарыг үнэн зөв, тодорхой тусгана.

Дөрөв. Өргөдөл, хүсэлтэд хариу өгөх

4.1. Хилийн боомтуудын зорчигч, тээврийн хэрэгслийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн сангийн бүрдэлээс шалтгаалан Замын-Үүд боомт 2000, Буянт-Ухаа, Алтанбулаг, Сүхбаатар боомтуудаар 2001 оноос, Монгол Улсын хилийн нийт боомтуудаар 2007 оноос хойш улсын хилээр нэвтэрсэн зорчигч, тээврийн хэрэгслийн талаарх лавлагааг шүүж гаргана.

4.2. Өргөдөл, хүсэлтийн хариуг шүүлгэх хүний тоо, хамаарах хугацаанаас шалтгаалан ажлын 3-5 хоногт багтаан хариуг өгнө.

4.3. Хүндэтгэх шалтгаанаар дээрхи хугацааг 7 хүртэл хоног сунгаж, энэ тухайгаа хүсэлт гаргагчид мэдэгдэнэ.

4.4. Өргөдөл, хүсэлтэд шүүлгэх хугацаа тодорхойгүй тохиолдолд хамгийн сүүлд улсын хилээр нэвтэрсэн эсэх талаарх лавлагааг шүүж хариу өгнө.

4.5. Хууль, журамд заасан үндэслэлгүй, тухайн иргэнтэй хууль ёсны хамааралтай эсэхээ тодорхойлсон бичиг баримтгүй, мэдээлэл нь буруу, дутуу, бичигдсэн тохиолдолд лавлагааг гаргаж өгөх боломжгүй талаар хүсэлт гаргагчид хариу мэдэгдэнэ. 

ХИЛИЙН ЦЭРГИЙН ШТАБ

Хил хамгаалах байгууллагаас гаргасан өргөдлийн загвар: 

ХИЛ ХАМГААЛАХ ЕРӨНХИЙ ГАЗРЫН ХИЛИЙН ЦЭРГИЙН ШТАБТ

Өргөдөл гаргах учир нь:
Миний  /нөхөр, ах, дүү, хүү, ач хүү, зээ хүү/ ........................................... овогтой .................................................. /регистрийн дугаар/:.................................... нь ............................ улсад /суралцах, ажиллах, амьдрах, эмчлүүлэх, бусад/ 20...... онд .................................. боомтоор улсын хилээр гарсан.
2017 оны II ээлжийн цэрэг татлагатай холбогдуулан ................................. дүүргийн цэргийн штабт Монгол Улсын хилээр нэвтэрсэн тухай лавлагаа гаргаж өгнө үү.

Жич: Иргэний үнэмлэхний хуулбар эсвэл цэргийн зарлан дуудах хуудсыг хуулбарлан хавсаргана.

Өргөдөл гаргасан:  ................................../                    /
Овог нэр, гарын үсэг
Гэрийн хаяг:
Утасны дугаар:
20..... оны ...... сар ...... өдөр