Хугацаат цэргийн алба хаагчдад чөлөө авах болон хугацааны өмнө чөлөөлүүлэхэд бүрдүүлэх материал
  • 14:29
  • 10526

Цэргийн жинхэнэ алба хааж байгаа байлдагч, түрүүчийг хугацаат цэргийн жинхэнэ албанаас чөлөөлөх, халах журмыг Монгол Улсын “Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хууль”-ийн холбогдох заалтын дагуу зохицуулна.

Байлдагч, түрүүчийг эрүүл мэндийн байдал, ар гэрийн гачигдал зэрэг хүндэтгэн үзэх шалтгаанаар хугацаанаас өмнө цэргийн жинхэнэ албанаас чөлөөлж болно.

Хугацаанаас өмнө чөлөөлөх, халах асуудлыг орон нутгийн төрийн захиргааны байгууллагын тодорхойлолт, цэргийн эмнэлгийн магадлагаа, шүүхийн шийдвэрийг үндэслэн шийдвэрлэнэ.

Ар гэрийн гачигдал зэрэг хүндэтгэн үзэх шалтгаанаар хугацаанаас өмнө цэргийн албанаас чөлөөлөхөд:

-Ар гэрийн гачигдал, аргагүй байдлыг өгүүлсэн өргөдөл
-Баг, хорооны (даргын) тодорхойлолт
-Өвчилсөн бол түүнийг батлах эмнэлгийн комиссын шийдвэр
-Тухайн орон нутгийн цэргийн штабын албан бичиг зэргийг үндэслэн ХХЕГ-ын даргын тушаалаар шийдвэрлэнэ.

Ар гэрийн гачигдал:

1/ Эцэг, эх нь хоёулаа, эсхүл ганц бие эцэг буюу эх нь хөдөлмөрийн чадваргүй (60-аас дээш настай эцэг, 55-аас дээш настай эх, энэ насанд хүрээгүй боловч тахир дутуугийн 1, 2 дугаар зэрэгт орсон эцэг, эхийг хөдөлмөрийн чадваргүйд тооцно) бөгөөд тэднийг хууль ёсоор асран хамгаалах, харгалзан дэмжих өөр хүнгүй бол хамт амьдардаг эсэхийг харгалзахгүйгээр;

2/ Хоёр буюу түүнээс дээш хүүхэдтэй;

3/ Эхнэр нь жирэмсэн бөгөөд сургуулийн өмнөх насны нэг хүүхэдтэй;

4/ Эхнэр нь тахир дутуугийн 1, 2 дугаар зэрэгт орсон;

5/ Хууль ёсоор асран хамгаалах, харгалзан дэмжих өөр хүнгүй 16 хүртэлх насны төрсөн дүүтэй, эсхүл 16-гаас дээш настай боловч тахир дутуугийн 1, 2 дугаар зэрэгт орсон төрсөн ах, эгч, дүүтэй.

Дээр дурдсан гачигдлыг аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг даргын тодорхойлолт, төрсний болон үрчлэлтийн гэрчилгээ, иргэний паспорт, гэрлэгсдийн баталгаа, тахир дутуугийн дэвтэр, эмнэлгийн магадлагааг үндэслэн тогтооно.

Орон нутгийн чөлөө:

1. Хугацаат цэргийн алба хаагчдад сайшаалын журмаар буюу ар гэрийн гачигдлын учир орон нутгийн түр чөлөө олгоно.

2. Цэргийн жинхэнэ албыг үлгэр жишээч идэвхи зүтгэлтэй хаасан хугацаат цэргийн алба хаагчид алба хааж байх үед нь нэг удаа сайшаалын журмаар 10 хүртэл хоногийн хугацаагаар орон нутгийн түр чөлөөг хилийн отряд /анги/-ийн дарга  /захирагч/ тушаал гаргаж олгож болно.

3. Хээрийн сургуульд оролцоогүй, тусгай үүрэг гүйцэтгэхээр томилогдоогүй, ХЦАХ-дын түр чөлөөг хаагаагүй үед ар гэрийн гачигдлын орон нутгийн чөлөөг 10 хүртэл хоногоор Хилийн цэргийн штаб олгоно.

Ар гэрийн гачигдалд: Хугацаат цэргийн алба хаагчийн анкетад тусгагдсан төрсөн ба үрчлэн авсан эцэг, эх, гар дээр нь өсөж бойжсон өвөг  эцэг,  эмэг эх, баталгаатай    гэр    бүл,    хүүхэд    нь    хүнд    өвчтэй   буюу   нас   барсан,        ар гэр нь байгалийн гамшиг, осолд нэрвэгдсэн зэрэг тохиолдлуудыг тооцно.

4. Ар гэрийн гачигдлаар олгох орон нутгийн түр чөлөөг аймаг нийслэл, дүүргийн цэргийн штаб, орон нутгийн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагын тодорхойлолт, эмнэлгийн магадлагаа зэргийг үндэслэн хуулинд нийцүүлэн Хилийн цэргийн штаб олгож, энэ тухай хилийн отряд /анги/-уудын штабт албан мэдэгдлээр мэдэгдэнэ.

 

ХИЛИЙН ЦЭРГИЙН ШТАБ