ХОШУУЧ Д.БАТСҮМБЭРЭЛ: BELLATOR БОЛОН UFC-Д ГАРЧ ТУЛАЛДАХ, БИЕ ХАМГААЛАХ УРЛАГТ СУРАЛЦАХ ГЭЭД АМЖУУЛАХ ЗҮЙЛ ИХ БАЙНА
  • 10:34
  • 1962
Холимог тулааны MGL-1 Fighting Championship холбооны гурван удаагийн аварга, Хилийн 0303 дугаар тусгай салбарын ЦСАЗБТ-ийн гардан тулааны сургагч, хошууч Д.Батсүмбэрэлтэй ярилцлаа.

Б.Алтанцэцэг

Холимог тулааны MGL-1 Fighting Championship холбооны гурван удаагийн аварга, Хилийн 0303 дугаар тусгай салбарын ЦСАЗБТ-ийн гардан тулааны сургагч, хошууч Д.Батсүмбэрэлтэй ярилцлаа. 

-Сүүлийн үед амжилт арвин байх шиг байна?

-Үйл явдлаар дүүрэн өдрүүдийг үдэж байна. Өнгөрөгч гуравдугаар сард АНУ-ын Сан Франциско хотноо “Dragon house” холбооны холимог тулааны аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцсон. Америкийн тулаанч Жоакин Лопез гэх мундаг тамирчинтай тулалдлаа. Тус тамирчин бүх Америкийн боксын хоёр удаагийн аварга, мэргэжлийн боксод хүч үздэг, нэг ч удаагийн хожигдолгүй 5:0 гэсэн үзүүлэлттэй сайн тулаанч. Хэрвээ намайг хожих юм бол UFC холбоо руу гэрээ байгуулан тамирчнаар орох гэж байсан юм билээ. Бидний хооронд ширүүн өрсөлдсөн, гал гарсан тулаан болсон. Мэргэжлийн боксчны эсрэг өөрийн барилдааны техникээ ашиглан хэвтээ байрлалд илүүрхэж шүүгчдийн саналаар ялсан. Ийнхүү аваргын бүсийг өөрийн болгосон. Тавдугаар сарын 10-нд томоохон тулаанд тоглооч гэсэн санал ирсэн. Ингээд аваргын бүсний төлөөх тулааны дараа үргэлжлүүлэн бэлтгэлдээ орсон. Гэтэл өрсөлдөгч тамирчин маань бэртсэн тул тулаан цуцлагдсан. Дараагийн тулаан наймдугаар сарын 15-нд товлогдоод байна. URCC болон “Dragon house” холбооны хамтарсан томоохон тулаанд тулалдах санал тавьсан. Мэдээж зөвшөөрсөн. 

-Аваргын бүсийг өөрийн болгочихлоо. Дараагийн алхам юу байх вэ?

-Цаашид Bellator болон UFC зэрэг мэргэжлийн холбоонд орох боломжийг эрж хайна. "Dragon house" холбоотой байгуулсан гэрээ маань дуусгавар болсон. Мэргэжлийн тамирчдын амжилтын үзүүлэлт гэж чухал зүйл байдаг. Түүнийгээ маш сайн хадгалж авч явах хэрэгтэй. Америкад холимог тулааны мэргэжлийн олон холбоод бий. Сан Францискод ойрхон хамгийн том нь "Dragon house" болон Bellator холбоо юм. Тиймээс ч удаа дараагийн тоглолтоо сайн хийж дээрх холбоод руу ойртох боломжийг эрж хайж байна. Харин АНУ-аас ирснээс хойш Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит буудлагын тэмцээн, ХХБ-ын төвийн бүсийн цэрэг, спортын наадам зэрэг тэмцээн уралдаанд оролцсон. Хилийн 0101 дүгээр ангид зэвсэг, тусгай хэрэгсэл хэрэглэх заавар олгох сургалтад оролцсон гээд өрнүүн байна. 

-Та сая ХХЕГ-ын даргад амжилтаа илтгэчихээд гарч ирлээ шүү дээ. Хэрхэн хүлээж авав? 

-ХХЕГ-ын дарга, Хилийн цэргийн командлагч, хошууч генерал Ц.Сэргэлэнтэй уулзаж амжилтаа илтгэлээ. Тэрбээр АНУ руу 2017 онд тэмцээнд анх явахад дэмжиж их сайхан хүлээж авсан. Тэр үед заавал амжилт гаргаад эргээд илтгэнэ гэж цэргийн болоод тамирчин хүний хувьд дотроо бодол тээсэн. Тиймээс ч аваргын бүсийг өвөртөлснийхөө дараа генералд илтгэхэд их сайхан хүлээж авсанд нь баяртай байна.    

-Наймдугаар сард товлогдсон тэмцээнийхээ бэлтгэлд гарчихсан уу?

-Наймдугаар сарын эхээр АНУ-ыг зорих төлөвлөгөөтэй байна. Цагийн зөрүү их учраас нойрны дутагдалд ордог. Тиймээс 7-14 хоногийн өмнө очиж цагийн зөрүүнд дасан зохицох шаардлагатай. Хамгийн гол нь тухайн орчинд мэргэжлийн баг тамирчидтай сэргэлтийн бэлтгэл хийнэ гэдэг их чухал. Зуны дэлгэр цагт байгальд бэлтгэл хийх нь сэргэлт хурдан байж, эрч хүч энергийг авдаг. Хүн өөрөө байгалийн амьтан. Тиймээс ч зуны дэлгэр цагт байгальд ойр бэлтгэлээ базааж байна.

-Их гүрэнд Монгол Улсаас холимог тулааны төрөлд тоотой хэдхэн тамирчин хөл тавиад байгаагийн нэг нь та гэдгийг энэ спортыг сонирхогчид мэднэ. Энэ спортод хөл тавиад удаагүй ч гаргаж байгаа амжилтыг тань онцлох юм билээ?

-Тэмцээнээс тэмцээн, тулаанаас тулааны хооронд чадвар чансаа ахиж байна. Хамгийн гол нь энэ эрчээрээ хожигдохгүйгээр дараа дараагийн тулаанаа хийгээд байх юм бол чансаа ахин том холбоонд орох боломж нээлттэй. Томоохон тулаан хийж эх орныхоо, хилчдийнхээ нэрийг гаргах зорилго өвөртөлсөн. Түүндээ ч зорьж явна. UFC, Bellator зэрэг томоохон зах зээл рүү Монгол тамирчин хөл тавиагүй байсан цаг саяхан. Харин Монголоос “Ширэн бээлий” клубын тамирчин Х.Амартүвшин Bellator холбоонд тоглож байна. Одоогийн байдлаар UFC-д Монгол байтугай Азиас цөөн хэдэн тамирчин хөл тавиад байгаа. 

-Таны тулааны давуу талыг олон хүчин зүйлээр тодорхойлдог юм билээ. Тухайлбал, чөлөөт болон үндэсний бөхөөр хичээллэж байсан мөн цэргийн хүн, тусгайгийн алба хаагч гэдэг нь ч давуу тал болдог байх? 

-Яг үнэндээ энэ том мэргэжлийн спортод ажлаа хийхийн хажуугаар амжилт үзүүлнэ гэдэг хүнд. Америкт нэг тамирчны ард бүхэл бүтэн баг ажилладаг. Тэгж байж тус тамирчин амжилт үзүүлдэг. Гэхдээ миний бие багаас нь өгсөж л явна. АНУ-д мэргэжлийн холбоотой гэрээ байгуулна гэдэг нь өөрөө амжилт. Ийнхүү хөл тавьснаар мэргэжлийн хүмүүстэй харилцан туршлага солилцох сайхан боломж нээгдсэн. Тулаанаас тулааны хооронд харах өнцөг болоод нүд минь тайлагдаж байна. Тулаан бүрт харьцуулалт хийхээс гадна өөрийгөө хөгжүүлж байгаа. Сурсан мэдсэнээ хилчиддээ, тусгай салбарынхандаа хуваалцаж хүргэх нь миний үүрэг. Тулааны спорт гэдэг цаг хугацаатай. Тиймээс өөрийнхөө карьерт үлдсэн богино хугацааг 100 хувь гэж тооцвол 99 хувьд нь хүртэл өөрөөс шалтгаалах үр дүнд хүрч, хожим харамсахгүй байх юмсан гэж хүсдэг.  

-Санхүүгийн асуудлаа хэрхэн зохицуулж байна вэ?

-Санхүүгийн асуудал мэдээж хүндрэлтэй байсаар ирсэн. Мэргэжлийн спортыг дэмжиж бодит хөрөнгө оруулалт хийх хувь хүн, пүүс компани төдийлөн алга. "Zorky's MMA" клубын Зорки багш маань багийн дасгалжуулагч, менежерээр ажилладаг. Тэр хүн замын зардал болоод бүхий л асуудлыг зохицуулсаар ирсэнд ихэд талархдаг. Хүмүүс тулаанд ялсны дараа хэр их мөнгөтэй болсныг сонирхдог. Яг үнэндээ аваргын бүсийг дагалдаж 1200 ам.доллар ирсэн. Онгоцны зардал маань 4-5 сая төгрөг болох жишээтэй. Тэгэхээр тэр мөнгө юунд зарцуулагдсан нь ойлгомжтой байх. Тамирчинд хүнд хоол хүнс, байр гээд дагалдах олон зардал бий. Гэхдээ энэ бүхнийг зохицуулахыг хичээдэг. Учир нь хэн нэгний төлөө би яваагүй. Энэ миний хүсэл сонирхол, сонгосон зам. Миний хийх дуртай зүйл учраас хэн нэгнээс өөрийгөө хамааруулахыг хүсдэггүй. Хүнд хүсэл сонирхол, зорилго тэмүүлэл байвал болохгүй бүтэхгүй зүйл байхгүй. Хүн гол нь эрүүл л байх ёстой. Зорилгодоо үнэнч тууштай байх ёстой. Бэлтгэл сургуулилтаа тасралтгүй хангах ёстой. Ар гэрээ, ажил албаа хаяхгүй авч явах ёстой. Би энэ зарчмаар олон ачааг аль болох үүрч, зохицуулахыг эрмэлздэг. Нөгөө эхийг нь эцээж, тугалыг нь тураахгүйн тухай хэлц байдаг даа. Ер нь бүхий л зүйлд болно бүтнэ гэж итгэдэг. Нэг үеэ бодоход энэ спортыг хөгжөөн дэмжиж, ойлгох хүн олон болж байгаад баяртай байна.  

-Нээрээ ч монголчууд жүдо, чөлөөт, үндэсний бөх зэрэг цөөн хэдэн спортыг хөхиүлэн дэмжиж, бусад төрлийг төдийлөн ойшоохгүй байгаа тал ажиглагддаг шүү? 

-Ялалт байгуулж, аваргын бүс авах нь амархан харагдаж болох юм. Гэвч нэг тулааны ард маш олон хүний хүч хөдөлмөр, хичээл зүтгэл бий гэдгийг төдийлөн мэддэггүй. Чөлөөт болон үндэсний бөхөөр хичээллэж байсны хувьд энэ спортыг хүндэтгэнэ, ойлгоно. Гэхдээ их спортоос тулааны спорт гэдэг өөр. Мэргэжлийн спорт учраас асар өндөр сэтгэл зүйн болон бие бялдрын бэлтгэлжилт шаарддаг. Холимог тулаан хурд хүч, авхаалж самбаа, ачаалал даах чадвар, сэтгэлгээний хурд, авьяас шаардсан спорт. 

-Та 77 кг-ын жинд тулалдаж байгаа юу?

-Тийм. Сая амраад бараг 10 кг жин нэмсэн. Хилчдийн цэрэг, спортын наадмын зуны таван төрөлтөд оролцох гэж багагүй гүйж харайж жингээ буулгалаа. 

-Хилчин тамирчны хувьд эрхэмлэдэг чанар гэвэл?

-Би цэргийн алба хаагч тэр тусмаа хилчин хүн. Хилийн 0303 дугаар тусгай салбар үүсэн байгуулагдахад орсон анхдагчдын нэг. Энэ хугацаанд нэлээдгүй зүйлийг үзэж харж, суралцаж, хөгжсөн. Цэргийн хүн гурван зүйлийг чухалчилж яваасай гэж хүсдэг. Нэгдүгээрт, тэвхийсэн өв тэгш бие бялдартай байх. Сайхан бие хааг зөв авч явахын хэрээр өөртөө итгэх итгэл, сэтгэл зүйн бэлтгэл дүүрэн хангагдаж байдаг. Цэргийн хүн гардан тулаан, тусгай бэлтгэлийн чадвартай байгаасай гэж боддог. Ажил үүргээ гүйцэтгэж байхад хил зөрчигчтэй учирлаа гэхэд өчиж боогоод аюулгүй болгон саатуулах чадвар, чадамж гэсэн үг. Цэргийн хүн мөн буудлагын ямар ч төрлөөр аюулгүй, оновчтой бууддаг байх нь их чухал. Гэхдээ энэ бол миний эрхэмлэдэг бодол юм шүү. 

-Холимог тулааны спортыг сонирхогчид болон ХЦАХ-дад хандаж юу гэж хэлэх вэ?

-Конор Макгрегор тулааны спортыг дэлхий нийтэд гайхамшигтай таниулсан. Н.Төгсцогт гавьяат монгол гэх нэрийг өндөрт гаргаж байна. "King Tug" гэж түүнийг таньж, хүлээн зөвшөөрч, үнэлж байна. Хэдэн жилийн дараа монгол тамирчид энэ спортын дэлхийн тавцанд хүссэн хүсээгүй гарч ирнэ. Тиймээс монгол тулаанчдаа та бүхэн ямагт дэмжээрэй. Аав ээжийн хүү эх орны хүү болсон нэг жилийн хугацааг завгүй өнгөрүүлэх хэрэгтэй. Хийморьтойгоор эх орноо хамгаалаарай. Ер нь нэг жилийн алба ч бай, хэдэн ч жил ажилласан цэргийн алба гэдэг эргээд харахад сайхан дурсамж үлдээдэг. Дарга нараа, онжавуудаа үргэлж эргэн дурсдаг. Хайрлах, хүндлэх сайхан нөхөрлөлийг үлдээдэг. Хүний үг сонсож чаддаг, өл даадаг, хариуцлага даадаг байх хэрэгтэй. Цэргийн албанд ч, амьдрал дээр ч энэ чанарыг өөрийн болгон төлөвшүүлэх нь чухал. Залуус бид их өрсөлдөөний нийгэмд ажиллаж, амьдарч байна. Ганц сургууль төгссөн мэдлэгээр амьдрал ахуйгаа залгуулна гэдэг бэрх. Тиймээс аль болох өөрийгөө хөгжүүлж, чадваржуулж, хэлний мэдлэгээ ахиулах зэргээр ямагт суралцах хэрэгтэй. Нэг жилийн цэргийн албыг хийморь лундаатай, эргээд ярихад гэгээлэг дурсамж дүүрэн хаагаарай. Цэргийн алба хаана гэдэг бие бялдар болоод оюун санааны хувьд төлөвших боломж юм шүү. 

-Зөвлөгөөг нь эргүүлээд асуучих уу. Та өөрийгөө аль чиглэлээр хөгжүүлж, ойрын үед юунд суралцах төлөвлөгөөтэй байна?  

-Дэлхий дахинд хөгжиж байгаа Бразилийн жи-жицүгээр хичээллэхээр зорьж байна. Хэвтээ жүдо гэж ойлгож болно. Өчиж боох, түүний эсрэг хамгаалалт гээд сурах зүйл их байна. Тусгай албад болон цэргийнхний дунд их хөгжиж байгаа жи-жицүгийн акидо болон бусад чиглэлээр ихийг сурах хүсэл бий. Дэлхий дахинд хурдтай хөгжиж байгаа бие хамгаалах урлагийн урсгал чиглэл юм. Америкт энэ чиглэлийн академиуд олон бий. Хутгатай, буутай зэрэг төрөл бүрийн хэрэгсэлтэй этгээдийг асар богино хугацаанд аюулгүй болгох арга техникийг заадаг. Манай байгууллагад энэ чиглэлээр мэргэжлийн сургуулийг нь төгссөн хүн байхгүй. Надад боломж гарах юм бол энэ чиглэлийн мэргэжлийн сургуульд суралцах юмсан гэж хүсдэг. 

-Та гадаад хэлний мэдлэгээ хэрхэн хөгжүүлж байна вэ?

-Мэргэжлийн тулаанаар хичээллэж эхэлсэн цагаас хойш алхам тутамд хэлний бэрхшээл надад тулгарсан. Хэлний хувьд бие даан өөрийгөө хөгжүүлж байгаа. Гэхдээ гадаад хэлийг эзэмших нь асар өргөн боломжийг нээж өгдөг юм билээ. Ажилдаа ирж буцах замдаа сонсголын хичээлээ давтдаг. 2017 онд АНУ-д анх хөл тавьж байснаа бодоход биеэ аваад явчих хэмжээний хэрэглээний түвшинд англи хэлийг эзэмшсэн. Мэдээж үргэлжлүүлэн сурах зүйл их байна. 

-Ажил болоод гэрийнхээ хооронд дугуй унадаг хэвээрээ юу. Таван толгойд болсон Ерөнхийлөгчийн нэрэмжит марш тактикийн тэмцээнд та дугуйгаар ирж байгаа харагдсан?

-Ер нь бол дугайтай сайн “найзладаг” шүү. Манай гэрээс ажил хүртэл нэг талдаа 50 орчим км замыг туулдаг. Өдөрт нийт 100 орчим км замыг ийнхүү туулах нь надад бэлтгэл сургуулилт болдог. Тулааны спортод өвдөг, тохой, бугуй, шагайны холбоос шөрмөс бэртэх, гэмтэх магадлал өндөр байдаг. Тиймээс үе хоорондын холбоосыг чангалах, сайжруулах дасгалын нэг нь дугуй унах юм. Тамирчин хүн бэртэл авчих юм бол амжилтад шууд сөргөөр нөлөөлнө. Цаг хугацаа ч алдах эрсдэлтэй. Тиймээс байнгын бэлтгэл, сургуулилттай байх нь чухал.

-Таны дараа дараагийн тулаанд хилчдийнхээ өмнөөс амжилт хүсэн ерөөе. Өөрийгөө бүрэн дайчилж байгаа таны дайчин чанар амжилт дагуулна гэдэгт итгэлтэй байна?

-Энэ дашрамд тусалж дэмжсээр ирсэн байгууллагын болон тусгай салбарын удирдлага, хамт олонд баярлаж явдагаа илэрхийлье. Мөн гэр бүлдээ, багийнхандаа, хилчдэдээ баярлалаа. Та бүхний итгэлийг алдахгүй дэлхийн тавцанд гарах зорилгодоо хүрэхийн төлөө хичээнэ. Тулааны спортынхон 27-35 насанд бүхий л зүйл нь жигдэрч, оргил амжилтаа үзүүлдэг. Ерөнхийдөө 35 наснаас хойш зодог тайлж, тамирчдыг бэлтгэж дасгалжуулж эхэлдэг. Тиймээс нас маань 30 гарсан учраас үлдсэн хэдэн жилийн хугацаанд бэлтгэл сургуулилтаа чамбайруулж, амжилтаа ахиулахын төлөө хичээнэ. Харин ганцхан энэ зорилгоо эрхэм болгох боломж надад хомс байдаг. Аливаад эргээд харамсахгүй байх нь чухал гэж би дээр хэлсэн шүү дээ. Ийм сэтгэлээр алсыг харж, дотроо бодсон зүйл олон бий.