МУСГЗ Ү.ХҮРЭЛБААТАР: УРАН БҮТЭЭЛЭЭРЭЭ ЦЭРГИЙН АЛБА ХААЯ ГЭЖ БОДОЖ ЯВДАГ
  • 11:04
  • 2340
Та бидний дуулах, сонсох дуртай олон сайхан дууны зохиолч, утга зохиол судлаач, шүүмжлэгч, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, хэл бичгийн ухааны доктор Үржингийн Хүрэлбаатар хэмээх эрхэм хүмүүн “Уран бүтээлчид улсын хилд” төслийн хүрээнд Хилийн 0214 дүгээр ангид зочлох үед хэсэг хором хөөрөлдсөнөө одоо хүргэе.

Ахлагч С.Уранчимэг

-Танай төслийн багийн зорилго юу вэ?

-“Уран бүтээлчид улсын хилд” төсөл нь Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор, ХХЕГ-ын дэмжлэгтэйгээр зохион байгуулагдаж байна. Энэхүү төслийг МҮОНТ-ийн сэтгүүлч, яруу найрагч, МУСТА Ч.Ууганбаяр санаачилж, уран бүтээлчдийг эх орны хилийн дагуу аялуулж байна. Уран бүтээлчдийн гол сэдэв нь ихэвчлэн эх орон, ээж аав байдаг. Тийм болохоор эх орон гэдэг бидэнд их ойрхон сэдэв. Манай төслийн хамт олон таван баг болж таван чиглэлд аялж, эх орныхоо хилийг бүтэн тойрох юм. Миний хувьд Говь-Алтай аймгийн төгрөг сумын хүн болохоор эхний багт нь явъя, төрсөн нутаг усаараа ч оръё гэж зорьсон юм. Нутгийнхаа хилийн дагуу ерөөсөө явж үзээгүй юм билээ. 

-Төслийн үр дүнг хэрхэн харж байна вэ?

-Мэдээж уран бүтээлчидтэй гэрээ хийсэн байгаа. Миний хувьд ч тодорхой уран бүтээлийн гэрээтэй ажиллаж байна. Уран бүтээлийн үндсэн чиглэл мэдээж эх орон, тусгаар тогтнол, хилчдийн амьдрал, дархан хил гэсэн сэдвийн хүрээнд туурвигдана. Гэхдээ залуу үе рүүгээ чиглүүлэх бодолтой байгаа. Тухайн уран бүтээлийг сонсогч, үзэгчид насны ангилалтай байдаг шүү дээ. Ингэж залуу үе рүү анхаарч байгаа нь ч учиртай. Эх оронч сэтгэлгээг багаас нь төлөвшүүлж байж, эх орноо хайрлах, харамлах сэтгэлтэй иргэн болж төлөвшинө. Тиймээс  манай төслийн багт төрөл бүрийн салбарын залуучууд багтсан байгаа. Энэ удаагийн баг зураач, жүжигчин, дуучин, бүжигчин, зураглаач, зохиолч, хөгжимчин гэх мэтчилэн 37 хүний бүрэлдэхүүнтэй явж байна. Эдгээр уран бүтээлчдийн бүтээлийг залуу үеийнхэн үзэж, сонсож, даган дуурайн төлөвшиж байдаг учраас ирээдүй хойч руугаа хандсан ажил хийж байна гэж ойлгож болно. 

-Таны туурвисан уран бүтээлд эх орны сэдэвт бүтээл хэр их байдаг вэ?

-Би цэргийн алба хаагаагүй хүн шүү дээ. Үүндээ одоо хүртэл жаахан харамсаж явдаг. Эх орныхоо хилийг биеэр хамгаалаагүй ч гэсэн уран бүтээлээрээ эх оронч гэдгээ харуулж, цэргийн алба хаах хүсэлтэй явдаг. Сургууль төгсөөд шинжлэх ухааны академи, сонин, сэтгүүл дамжиж ажилласаар цэрэгт явж амжаагүй. Хэдэн жилийн өмнө хөгжмийн зохиолч Алтангэрэл аялгууг нь, би шүлгийг нь тэрлэж “Хилийн цэрэг” хэмээх дуу хийсэн байдаг. Мөн Хаянхярваа гуайтай хамтраад “Халх голын марш”-ийг бүтээсэн. Одоо Халхын голын ойгоор тоглогдох байх. Энэ мэтчилэн хэд хэдэн бүтээл туурвисан. Гэхдээ уран бүтээлч хүн уран бүтээлдээ сэтгэл ханана гэж байдаггүй. Илүү ихийг хийх зорилго тавин ажилладаг. 

-Өмнө нь хилийн отрядод ирж байв уу? 

-Хилийн 0168 дугаар ангид очиж байсан. Ерөнхийдөө хилийн амьдралыг мэднэ гэж бодож байна. Энд нэг гайхалтай жишээг дурдъя гэж бодлоо. Манай дүүгийн хүү гадаадад сурч байгаад Монголдоо ирээд АУИС-д сурсан юм. Тэгсэн хавар бидэнд хэлэхгүйгээр цэрэг татлагад ороод цэргийн албанд явахаар болчихсон. Тэгэхээр нь би, “Миний хүү сургуулиа төгсчихөөд явбал дээр юм биш үү гэсэн чинь” надад, “Би Хилийн цэрэгт явмаар байна. Хилийн зурвас, багана дээр очиж алба хаамаар байна” гэж хэлсэн. Энэ хүү чинь гадаадад олон жил болчихсон эх орны үнэ цэнийг илүү сайн ойлгосон юм болов уу гэж бодоод олон үг хэлээгүй орхисон. Одоо Дорнод аймагт цэргийн алба хааж байна. Анзаараад байхад одоогийн залуучууд цэрэгт явах их дуртай болчихож, тэр тусмаа Хилийн цэрэгт алба хаах сонирхол их болжээ. Мөн цэргийн штабаар ороод хасагдсан залуус их л сэтгэл гундуу гарч байгаа нь анзаарагдсан. Энэ чинь л эх оронч сэтгэлгээний илрэл юмуу даа. Одоо уран бүтээлчид бид уран бүтээлээ шинэчилж, шинэ зууны цэргүүд, залууст зориулсан уран бүтээл хийх зайлшгүй шаардлага тулгарч байна гэж ойлгосон. 

-Эх оронч үзэл гэдгийг юу гэж тодорхойлох вэ?

-Эх орноо хайрлах хайр, эх орондоо итгэх итгэлийг хэлнэ. Монгол эх орон миний болоод өвөг дээдэс, үр хүүхдийн маань үнэт зүйл гэдгийг ойлгох ёстой. Монгол эх орон гэж монгол хүн, монгол газар шороо, монголоо гэх сэтгэл гурваас тогтоно. 

-Тэгвэл монгол бахархал гэж юуг хэлээд байна вэ?

-Манай залуучууд гадагшаа их гарч ажиллаж, сурч байна. Тэднийг эргэж эх орондоо татах хүч хэрэгтэй. Миний зохиосон “Сар шиг хол нутаг” гэдэг дуу бий. Яг энэ дуун дээр гардаг шиг амьдралын төлөө мөнгө хөөж гадагшаа явдаг үе байсан. Одоо илүү их боломж нээгдсэн. Амьдрал өөр болсон байна. Монголоо гаднаас нь харсан хүмүүс монгол бахархалыг илүүтэйгээр тээдэг юм болов уу гэж бодогдсон. 

-Та сүүлийн үеийн уран бүтээлийнхээ сонин сайхнаас хуваалцаач?

-Би дууны яруу найрагч хүн. Олон сайхан дуу бүтээж, сэтгүүл зүйн чиглэлийн бичвэрүүд бичиж байна. Мөн японы хайку хэмээх гурван мөрт шүлгийн төрөл байдаг. Энэ чиглэлээр уран бүтээл туурвиж, ном гаргасан.

-Тусгаар тогтнол юун дээр оршин тогтноод байна вэ?

-Гэр бүл итгэл, итгэлцэл дээр оршин тогтнодог шиг улс орон ч мөн адил итгэл дээр оршин тогтнодог гэж боддог. Монгол хүн төрдөө итгэж байж улс орон оршин тогтноно. Гэтэл төрд итгэх иргэдийн итгэл сул, ард иргэд бухимдалтай  байна. Төр, төрийн түшээд өөрсдөө ойлгомжгүй байдалтай байна. Анх иргэд УИХ-ын гишүүдийг сонгохдоо итгээд сонгодог. Гэтэл нөгөө түшээд маань үйл ажиллагааны үр дүнгээрээ ард иргэдийнхээ итгэлийг алдаж байна. Хувь хүн, гэр бүл, уран бүтээл, дарга цэрэг, төрийн алба гээд аль ч түвшинд итгэл хамгийн чухал асуудал. Төрд итгэх итгэл буурч байна гэдэг ард иргэдээ алдана гэсэн үг. Ард иргэдгүй төр гэж байхгүй шүү дээ. Энэ нь тусгаар тогтнолын хамгийн том тодорхойлолт гэж би бодож байна. Сүүлийн үед би итгэлийн тухай уран бүтээл, дуу хийж байгаа.  Дээр үед Ш.Сүрэнжав гуай “Итгэлийн дуу” гэж хийж байсан. Энэ хайр сэтгэлийн итгэлийн тухай дуу юм. Ер нь хүн хүндээ итгэхгүй, төр улсдаа итгэхгүй, ард иргэд нь гадагшаа тэмүүлэлтэй болчихвол улс орныг хэн хөгжүүлэх вэ гэх асуудал гарч ирнэ. 

-Залуу гэр бүлүүдэд гэр бүлийн үнэ цэнэ, эвтэй сайхан амьдрах зөвлөгөө өгөөч?

-Амьдрал бол итгэл, хайр дээр тогтдог. Хайр гэж өөрийгөө марттал өрөөлд уусахыг хэлнэ гэж би тодорхойлно. Итгэлээ эвдэж болохгүй. Итгэсэн шиг итгэж, нэг нэгэндээ уусаж хайрлах хэрэгтэй. Итгэл дүүрэн байсан цагт хүн ямар ч асуудлыг өнгөрөөж, уучилж амьдралаа аварч үлдэж чадна. Нарийн ярих юм бол хосуудын муудалцаад байгаа асуудал ялихгүй зүйл  байдаг. Хамтдаа амьдарсан хугацаа, цаашид амьдрах хугацаатайгаа харьцуулаад үзвэл шалихгүй зүйл шүү дээ. Ийм жижиг зүйлээр том зүйлээ нураах хэрэггүй гэж залуустаа хэлье. 

-Нийт хилчдэдээ хандаж хэлэх үг?

-Би хилчдэдээ хандаж ганцхан үг хэлье гэж бодож байна. Монгол хүн өөрөө монгол эх орон байдаг. Тэр дундаа хилчин хүн эх орныхоо эрэлхэг хамгаалагч, эзэн нь юм шүү. Өөрийнхөө ажилд бардам байгаарай гэж хэлье. Мөн энэ төслийн хүрээнд хийсэн нэвтрүүлэг маань есдүгээр сарын 01-нээс МҮОНТ-ээр гарна. Тэр үед нэвтрүүлгээр уулзацгаая.