ШИНЭ МОНГОЛЫН ХҮҮХДҮҮД ХИЛИЙН ЗАСТАВТ
  • 09:20
  • 2366
"Шинэ Монгол Харүмафүжи" сургуулийн 130 сурагч, багш нарынхаа хамт Монгол Улсын баатар ахмад С.Лхагвадоржийн нэрэмжит Цэргийн гавьяаны одонт Хилийн 0129 дүгээр ангид саатсан юм.

Хошууч Д.Баяржаргал

“Дэлхийн дэвжээнд өрсөлдөх Монгол сургууль

Дэлхийн боловсролыг эзэмших Монгол иргэн” хэмээн алсын хараагаа тодорхойлсон "Шинэ Монгол Харүмафүжи" сургуулийн 130 сурагч, багш нарынхаа хамт Монгол Улсын баатар ахмад С.Лхагвадоржийн нэрэмжит Цэргийн гавьяаны одонт Хилийн 0129 дүгээр ангид саатсан юм. Их хотын шуугиант амьдралын хэмнэлээс хэсэгхэн зуур хөндийрч эзгүй талд орших хилийн хотхонтой танилцах сурагчдын аялал таньж мэдсэн, ухаарч ойлгосон үйл явдлаар өрнүүн байлаа.  Хэн ч халдашгүй дархан хилийн торгон шугам, хилчдийн албатай танилцах хүсэл зорилгоор дүүрэн ирээдүй хойч болсон хүүхэд багачуудаа хилчид бид ч таатай хүлээн авсан юм. Учир нь эх орны залгамж халаа болсон залуустаа эх оронч, хилч үзэл төлөвшүүлэх нь нийгмийн өмнө бидний хүлээсэн үүрэг гэлтэй. Тиймээс  тусгай төлөвлөгөөний дагуу бүх үйл ажиллагааг сахилга бат, дэг журамтай, аюулгүй ажиллагааг ханган зохион байгууллаа.

Үүрийн 04.30 цагт галт тэрэгнээс буусан хүүхдүүд хилчдийн бэлтгэсэн хээрийн байрлалд саатан нүдний хор гаргав. Өглөөний 07.00 цагт бүрээн дуугаар сэрцгээж, тогооч эгч нарынхаа гараа гаргаж бэлтгэсэн хоолыг амтархан зооглоцгоосон юм. Тэдний хувьд цэргийн ангид хоносон, хооллосон гээд бүх зүйл анхны бас шинэхэн байсан нь дамжиггүй. Ингээд хүүхдүүдийг дөрвөн салаа болгон хувааж, төлөвлөгөө ёсоор Монгол Улсын баатар, ахмад С.Лхагвадоржийн хөшөөнд цэцэг өргөв. Уг үйл ажиллагаанд Дорноговь аймгийн Эрдэнэ сумын ИТХ-ын дарга С.Энхтуяа, ахмад хилчин, бэлтгэл дэд хурандаа В.Баярсайхан, С.Цогзолмаа, хошууч С.Баярхүү нар уригдан оролцсон юм. Үүний дараа ангийн алдрын танхимаар зочилж алба тасгийн тусгайлан бэлтгэсэн үзүүлэн таниулах хичээлд хамрагдсан бөгөөд хилчдийн хувцас, зэвсэг, техниктэй нэг бүрчлэн танилцаж гараар барьж үзэв. Мэдээж энэ бүхэн тэдний хувьд бас л анхных байсан нь илхэн. Хүүхэд багачууддаа Хил хамгаалах байгууллага, хилчдийн гүйцэтгэдэг үүргийг бага ч болов ойлгуулах үүднээс штабын дарга, дэд хурандаа Я.Түвшинбаатар “Хилийн үүсэл хөгжил”, СМССА-ны дарга, дэд хурандаа Н.Бумцэнд “Ангийн түүхэн замнал”, “Монгол Улсын баатар С.Лхагвадоржийн гүйцэтгэсэн үүрэг”, ахмад хилчин бэлтгэл хурандаа Х.Ранжинням “Эх орноо хайрлах нь” сэдвээр хичээл орсон юм. Мөн ангийн ахмад хилчид, одоогийн ажиллаж байгаа бие бүрэлдэхүүн, хүүхэд багачуудын хамтарсан “Эх орны үнэ цэнэ” сэдэвт уулзалт ярилцлагыг зохион байгууллаа. Хилчид зочин багтайгаа нөхөрсөг сагсан бөмбөгийн тэмцээн зохион байгуулсан бөгөөд үдэш нь “Эх орны хил тайван байна” цэнгүүнээр үргэлжиллээ. 

Үдшийн цэнгүүнд хилчдийн хүүхдийн цахилгаан хөгжмийн “Бүрдэнийн аяс” хамтлаг оролцсон бөгөөд авъяаслаг бяцхан хилчид ая дуугаа өргөсөн нь зочдын талархлыг хүлээсэн бөгөөд хотын багачууд ч ая дуугаа өргөсөн юм. 

Маргааш өглөө нь эртлэн боссон хүүхдүүд хилийн дугаар салбар луу хүлгийн жолоо залан хүсэн хүлээсэн торгон хилтэйгээ танилцлаа. Мөн гэрээт хилчин ах нарынхаа бэлтгэсэн биеийн тамирын болон хилийн албаны үзүүлэх тоглолтуудыг үзэн бахдав. Энэ бүхнээс хилийн алба гэж юу болох, хилчид ямар үүрэг гүйцэтгэдэг болохыг мэдэрсэн нь лавтай. Хилийн отряд руу буцах замдаа Цавчирын ам гэгдэх байгалийн үзэсгэлэнтэй өвөрмөц тогтоцтой газарт буудаллан хээрийн хоол зооглолоо. Хамгаас нандин эх орныхоо алтан босго, эх орны эрэлхэг харуул хилчдийн талаар багагүй мэдлэгтэй болсон хүүхдүүд энэ газар нутгийн үнэ цэнийг өөр хоорондоо ярилцаж явсныг тэмдэглэхгүй байхын аргагүй. Ирсэн зочин болгондоо хүндэтгэл үзүүлдэг хилчдийн уламжлал ёсоор хүүхдүүддээ хүндэтгэлийн зоог барьж аяллын явцын үйл ажиллагаа, тэмцээн уралдаанд тэргүүлсэн салаанд шилжин явах цомыг гардуулж, аяллын туршид авсан зургаар цомог хийн бэлэглэлээ.

Аяллын богц дүүрэн бяцхан эх орончдыг галт тэрэгний буудал болох Улаан-Уулын өртөөнд хилчид дуун цацлаар үдэн гаргаж багш, сурагчдад сурлага, хөдөлмөрийн амжилтыг хүсэн үдэн мордуулсан юм.