АХЛАХ ТҮРҮҮЧ Д.БАЗАРВААНЬ: ЦЭРГЭЭС ХАЛАГДАХДАА АМЬДРАЛЫН АРГА УХААНД СУРАЛЦААД ОЧНО
  • 09:25
  • 1841
Хилийн 0130 дугаар ангид 2018 оны II ээлжээр татагдан ирж хугацаат цэргийн алба хааж байгаа ахлах түрүүч Д.Базарвааньтай ярилцлаа.

Ахлах дэслэгч Б.Энхцэцэг

-Юуны өмнө өөрийгөө танилцуулаач?

-Би 1996 онд Говь-Алтай аймгийн Цогт суманд төрсөн. 2018 онд МУБИС-ийг Сэтгэлзүйч мэргэжлээр төгсөөд Хилийн 0130 дугаар ангид хугацаат цэргийн алба хаахаар ирсэн.    

-Цэргийн алба хаах сонирхол яагаад төрөв?

-Миний аав гурван жилийн цэргийн алба хаасан. Аав минь надад эр хүн болж төрснийх заавал цэргийн алба хаагаарай гэж захидаг байсан. Тиймээс аавынхаа захиасыг биелүүлэхээр, мөн өөрийн сонирхолдоо хөтлөгдөн ирсэн. Бас их сургуулиа төгсөөд ажлын байран дээр гарахад заавал цэргийн алба хаасан байх шаардлага ч давхар тулгарсан. 

-Анх цэргийн албанд ирэхэд төрсөн сэтгэгдэл? 

-Хамгийн анх цэргийн албанд татагдаж ирээд орчиндоо дасахгүй хүндрэлтэй байсан ч өөрийн хүсэл сонирхолдоо хөтлөгдөн ирсэн болохоор тийм ч хэцүү санагдаж шантрах зүйл байгаагүй. Харин ч удалгүй сонирхолтой санагдсан.

-Цэргийн алба хааснаар юуг сурч мэдэж авч байна вэ? 

-Хүн хүнээ хүндэтгэнэ гэдэг ямар эрхэм нандин чухал зүйл болохыг би эндээс сурч мэдсэн. Бас амьдралын ухаанд суралцсан. Цэргийн алба гэдэг тэр чигээрээ амьдралын их сургууль гэдгийг өдөр бүр мэдэрч байна. 

-Ирээдүйнхээ зорилгын талаар нууц биш бол хуваалцаач?

-Цэргийн албаа хаагаад мэргэжлээрээ ажиллах нь миний хамгийн том зорилго. Мэргэжлээрээ ажиллахад цэргийн алба хаасан байх нь миний мэргэжил болон амьдралд хэрэгтэй гэж бодсон.

-Хамт алба хааж байгаа  дайчиддаа хандаж хэлэх үг байна уу?

-Нийт онжавууд болон Монгол Улсын өнцөг булан бүрт эх орныхоо дархан хилийг хамгаалж, эр цэргийн албаа нэр төртэй хааж байгаа эрэлхэг дайчиддаа өргөсөн тангарагтаа үнэнч байж, дархан хилийг батлан хамгаалах ариун үүргээ үнэнчээр биелүүлээрэй. Монгол хүн болж төрснөөрөө бахархан эх орон, газар нутаг ямар үнээр олдож, хэрхэн хамгаалж өдгөө хүрснийг ухаарч, эх орноо хайрлан хамгаалж яваарай гэж захимаар байна. Мөн эр цэрэг болж эх орноо хамгаалах ховорхон завшаан олгосон Хил хамгаалах байгууллагаараа бахархаж яваарай гэж хэлмээр байна. 

-Энэ завшааныг ашиглаж гэр бүлийнхэнтэйгээ мэндчилэхгүй юу? 

-Баярлалаа. Анх цэрэгт ирэхэд ээж минь уйлаад үлдэж байсан дүрийг өчигдөрхөн мэт тодхон санаж байна.Тэр үед ээж, ах хоёрыгоо орхиод явахдаа хэрэггүй явж байна уу даа гэж бодсон. Гэвч би цэргийн албанд ирээд их зүйл сурч бас ойлгож байна. Эндээс сурсан зүйлс маань насан туршийн амьдралд хэрэг болно. Хэрвээ би цэргийн алба хаагаагүй бол хожим нь харамсана гэж бодсон. Миний бодол зөв байсан. Ээж, ах хоёр дээрээ амьдрал олон арга ухаанд суралцаад аяны богц дүүрэн очно гэж хэлмээр байна. Баатарлаг түүхтэй Хилийн 0130 дугаар ангид алба хааснаараа насан туршдаа бахархаж явах болно.