Ахлах дэслэгч Б.АЛТАНЦЭЦЭГ
-Өөрийгөө танилцуулахгүй юу?
-Хэнтий аймагт 1995 онд төрж, Багануур дүүрэгт ерөнхий боловсролын сургуулийг төгссөн. Арван жилдээ волейболын спортоор хичээллэж улсын аварга, бүх ард түмний спартикад, Монгол туургатны тэмцээн зэрэг олон уралдаан тэмцээнд амжилттай оролцож байсан. Волейболын спортын дэд мастер цолтой. ҮБХИС-д радио холбооны инженер мэргэжлээр 2013-2017 онд суралцан төгссөн. Өөрийгөө товчхон танилцуулахад ийм байна.
-Шүхрийн спортоор хичээллэдэг гэсэн. Анх энэ спортод хэрхэн хөл тавьсан талаар ярилцлагаа өрнүүлье?
-2014 оноос эхлэн хичээллэж эхэлсэн. Эхлээд Зэвсэгт хүчний 084 дүгээр ангид дадлага сургуулилт хийж үргэлжлүүлэн БХТН-ийн Монголын шүхрийн спортын нийгэмлэгт бэлтгэл сургуулилтаа хийснээр шүхэрчин болсон. Шүхрийн спортын III зэрэгтэй. 2019 оны есдүгээр сарын 11-13-ны хооронд Улаанбаатар хотын аварга шалгаруулах цэгт уналтын тэмцээнд оролцлоо.
-Цэгт уналт гэдэг нь ямар учиртай вэ?
-Тайлбарлаж хэлвэл тодорхой заасан цэгийг онож бууна л гэсэн үг. Таван хүн нэг баг болж 1300 метрийн өндрөөс багийн ахлагчийн зааварчилгаа болон тооцооллоор ажиллах ёстой. Өндрийн болон газрын салхи зэрэг хүчин зүйлсийг тооцоолж багийн ахлагч үсрэх зааварчилгаа өгдөг. Багийн ахлагчийн араас гурван секундын зайтай бусад гишүүд үсэрдэг. Багаараа 10 метр хүртэлх радиустай тойрогт хэрхэн газардахаас дүгнэгддэг. Тухайн тойргийн 0 цэгт гишгэж чадах юм бол хамгийн дээд оноог авна. Үндэсний аврах тусгай бригадтай хамтарсан дадлага буултыг эхний хоёр өдөр хийж, 1300 метрийн өндрөөс зургаан удаагийн буулт хийсэн. ОХУ-д шүхрийн дараагийн шатны сургалтад хамрагдаад ирсэн авьяаслаг гурван залуу, нийгэмлэгийн нэг тамирчинтайгаа тавуулаа нэг баг болон оролцсон. Миний бие хувийн дүнгээр 20 дугаар байр, харин багийн төрөлд тааруу оролцлоо. 2017 оноос хойш шүхрээр буугаагүй учраас бага зэрэг төсөөрсөн байна. Тэмцээний эхний аравт орсон хүмүүс дандаа спортын мастерууд байсан. Гэхдээ энэ удаагийн тэмцээнд оролцон буултынхаа тоог нэмэгдүүлж, түвшингээ ахиулж чадлаа. Миний хувьд Герман улсад үйлдвэрлэгдсэн RL18 шүхрээр буулт хийсэн. Энэ үеэр Хил хамгаалах байгууллага болон ангийн логотой тугийг намируулж буусан.
-Шүхрийн талаар ярьж өгөөч, түрээслэдэг үү?
-Монгол Улсад хоёроос гурван төрлийн шүхрийг ашиглаж байна. Цэргийн зориулалттай буюу Зэвсэгт хүчний 084 дүгээр ангид ашиглагддаг HUР хэт өндрийн шүхэр гэж бий. Энэ нь цэргийн алба хаагч бүх аранз зэвсэгтэйгээ байлдааны үед буулт хийх зориулалттай 120 кг хүртэлх даацтай шүхэр юм. Харин миний буулт хийсэн шүхэр цэргийн зориулалттай шүхрээс даруй дөрөв дахин хурдтай. Ер нь спорт шүхэр маш хурдтай гэдгээрээ онцлог. Үндэсний аврах тусгай бригадаас шүхрээ түрээслэсэн. Монголд хувийн шүхэртэй тамирчин маш цөөн бий. Ихэвчлэн Герман улсаас тамирчид шүхрээ авдаг. Доод тал нь 3500 орчим еврогийн үнэтэй байдаг юм билээ.
-Энэ удаагийнх хэд дэх буулт чинь вэ?
-80 дахь удаагийнхаа буултыг амжилттай хийлээ.
-Анх шүхрийн спортыг яагаад сонгон хичээллэв. Тус спортоор хичээллэсний ач холбогдол, давуу тал юу болох талаар уншигчдад ярьж өгөөч?
-Миний бусдад хэлэхийг хүсдэг, хариулахыг эрмэлздэг сайхан асуулт байна. Сагсан бөмбөг болон волейболоор арван жилдээ хичээллэдэг байсан учраас оюутан болоод өөр ямар нэгэн чиглэлд өөрийгөө хөгжүүлэхээр эрмэлзсэн. Хүн бүрт нисэж үзэх нууцхан хүсэл байдаг шүү дээ. Тэнгэрт халин дүүлж байгаа шувууг хараад атаархах үе ч бий. Надад яг ийм хүсэл байсан. Нисэж үзэх хүслээ бодит болгож чадсан гэх үү дээ. Задгай салхийг мэдэрч, шүхрээ удирдаж буухыг хүссэн. Манай дээд курсын сонсогч Энхбаяр гэж залуу хаана, хэнтэй уулзах ёстой чиглэлийг анх гаргаж өгсөн юм. Ингээд агаарын дессантынхан буюу Зэвсэгт хүчний 084 дүгээр анги дээр анх очсон. Манай Хилийн цэргийн 0303 дугаар тусгай анги шиг мундаг хамт олон байдаг юм билээ. Гурван сарын хугацаанд газрын болон онолын бэлтгэл хийж өөрийгөө бэлдсэн. Ингээд хамгийн анхны буултаа хийсэн. Налайх дахь Зэвсэгт хүчний 337 дугаар ангид Ми-8 нисдэг тэргээр нисэж гурван удаагийн буулт хийсэн анхны тохиолдлыг дурсахад сайхан байдаг.
-Айдас бол мэдээж байсан байх?
-Айлгүй яахав. Гэхдээ шүхрээр үсрэхээс илүүтэйгээр МИ-8 нисдэг тэрэгнээс айсан. /Инээв.сур/ Учир нь Минжийн хангайд болсон МИ-8 нисдэг тэрэгний осол сэтгэлд үлдчихсэн хэрэг. “Үсэр” гэсэн командаар 800 метрийн өндрөөс бүтэн автомат задаргаатай шүхрээр үсэрч байлаа. Үсэрсний дараах таван секунд орчимд айдас, догдлол зэрэгцсэн амьдралдаа өмнө нь хэзээ ч үзээгүй тэс өөр мэдрэмж байсан. Хүн болсоор олон мэдрэмжийг авдаг ч шүхрээр буухтай адил мэдрэмжийг мэдэрч байгаагүй юм билээ. Ингээд шүхэр задарсан. Өндрөөс юмсыг харж, шүхрээ залах тэр сайхан мэдрэмжид хөтлөгдөн улмаар татагдсан гэх үү дээ. Ингээд үргэлжлүүлэн спорт шүхрээр 2015 оноос хичээллэх болсон.
-Спорт шүхрийн төрлийн талаар тайлбарлаж өгөөч?
-Тодорхой хэмжээний шалгуур гэж бий. Цэргийн зориулалттай шүхэр 99 хувийн магадлалтай задардаг бол спорт шүхрийн задрах магадлал арай бага гэсэн үг. Цэргийн зориулалттай шүхрийг удаан явган алхаж буй хүнтэй зүйрлэж болно. Харин спорт шүхрийг агаарт мотоцикльтой явж байгаа мэт адилтгаж болох юм.
-Олон мянган хилчдийн дунд шүхрийн спортыг сонирхогчид бий нь дамжиггүй. Юу гэж зөвлөх вэ?
-Шүхрийн спортыг эр зоригийн спорт гэдэг. Энэ спортоор хичээллэх залуусын тоо сүүлийн жилүүдэд эрс нэмэгдэж байна. Тиймээс ч энэ удаагийн тэмцээнд гэхэд үндэсний аврах тусгай бригадаас гурван баг, Монголын шүхрийн спортын нийгэмлэгээс нэг, Зэвсэгт хүчний анги, ахмад шүхэрчид зэрэг олон баг тамирчид өрсөлдлөө. Та сонирхож байгаа бол хичээллээд үзээрэй. Түүний дараа энэ спортын сайхныг мэдрэх болно гэж зөвлөх байна. Гэхдээ шүхрийн сургалтууд бүгд төлбөртэй байдаг. Миний бие 2014 онд 550 мянган төгрөгөөр сургалтад хамрагдаж байсан. Шүхрийн спортын нийгэмлэг жилийн татвар гэж 120 мянган төгрөг авдаг. Энэ нь тухайн жилд зохион байгуулагдаж байгаа нислэг буултад хамрагдах боломжийг нээж өгнө. Энэ удаагийн тэмцээний мандат гэхэд 500 мянган төгрөг байх жишээтэй. Ер нь бол санхүүгийн асуудал шаарддаг спорт шүү.
-ДХИС-ийн Хилийн албаны сургуульд яагаад суралцахаар шийдэв?
-2018 онд зохиогдсон хилчдийн урлагийн наадамд Баян-Өлгий аймагт оролцож байлаа. Тэр үед ДХИС-ийн Хилийн албаны эчнээ ангид суралцах хөтөлбөр зарлагдсан байсан юм. Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газар очиж онлайнаар шалгалт өгсөн нь тэнцсэн. Одоогоор ДХИС-ийн Хилийн албаны сургуулийн эчнээ II курсэд суралцаж байна. 2021 онд төгснө. Эрдэмтэн багш нараасаа мэдэхгүй, чадахгүй олон мэдлэгийг олж авч байгаа. Энэ дашрамд хурандаа Д.Мөнгөнжин захиралтай сургуулийн хамт олондоо баярлаж талархаж явдагаа илэрхийлье. Хүнд шинэ мэдлэг олгоно гэдэг сайхан. Ажиллаж байгаад суралцаж байгаа тул учраас практик мэдлэгт тулгуурлан онолыг хослуулах нь илүү ойлгомжтой байдаг юм байна.
-Таны цаашдын зорилго юу вэ?
-Миний зорилго их гоё. ҮБХИС-ийг төгссөн учраас зэвсэгт хүчний үйл ажиллагаа, сургалт, үндсэн чиглэлийг судалж мэдсэн. Харин төгсөөд Хилийн цэрэгт ажилд орсон нь надад олон зүйлийг судалж мэдэх давуу тал болсон. Тиймээс ч цаашид илүү ихийг онолын дагуу мэдэхийн тулд суралцаж байгаа юм. Эх орныхоо хилийг манана гэдэг үнэхээр сайхан гэдгийг энэ хугацаанд мэдэрсэн. 2017 онд дэслэгч цолтойгооор Хилийн 0277 дугаар ангид холбооны инженерээр томилогдсон ажиллаж байгаа. Богино хугацаа ч гэлээ бахархал дүүрэн байлаа. Учир нь хилчид бодит цагийн байдал дээр ажилладаг нь ихэд таалагдсан. Цаашид сайн хилчин офицер болохын төлөө хичээнэ.
-Шүхрийн спортоор хичээллэснээр хүрэхийг хүссэн зорилго мэдээж бий байх?
-Улсын баяр наадам зэрэг томоохон арга хэмжээн дээр Хил хамгаалах байгууллагынхаа тугийг мандуулж буух юмсан гэж хүсдэг. Боломжит хүчин зүйл учраас биелэх байх. Шүхрийн спортоор үргэлжлүүлэн хичээллэж Монгол Улсын шигшээ багт багтах, хилчин шүхэрчний нэрийг өргөсөн томоохон тэмцээн уралдаанд амжилттай оролцох юмсан гэсэн хүсэл бий. Ингэхийн тулд өндрийн сургалтад хамрагдсан байх ёстой. Би хамгийн дээд тал нь 1800 метрийн өндрөөс буулт хийсэн. Тэмцээн уралдаанд оролцоход 4000 метрээс дээш өндрөөс үсэрч, чөлөөт уналтыг удаан хугацаанд хийсэн байх шаардлагатай. Тиймээс энэ төрлийн сургалтад цаашид хамрагдахыг хүсэж байна. ОХУ болон БНХАУ-д хамрагдах боломжтой юм билээ. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн А лиценз олгодог сургалтад хамрагдсанаар дэлхийн хаана ч хүлээн зөвшөөрөгдөх боломжтой. Миний эзэмшсэн шүхрийн спортын III зэрэг болон цэргийн мэргэжлийн шүхэрчин гэдэг нь гадаадад хүчингүй гэсэн үг л дээ. Энэ төрлийн сургалтад хамрагдсанаар ур чадвар нэмэгдэж, илүү амжилт гаргах боломжтой гэсэн үг. Хэтдээ Хилийн 0303 дугаар тусгай салбар шүхэр десантын нэг салаатай болох ч юм билүү. Тэр цагт би үүрэг гүйцэтгэхэд бэлэн.
-Ингэхэд гэр бүлтэй юу?
-Гэр бүлтэй. Манай хүн Хятадад олон улсын харилцааны чиглэлээр магистрын зэрэг хамгаалаад ирсэн. Тун удахгүй амаржих гэж байгаа. Ингээд энэ дашрамд Хилийн 0277 дугаар ангийн хамт олон болон ХХЕГ-ын Холбоо, мэдээллийн технологийн хэлтсийн хамт олонд, нийт хилчдэдээ 86 жилийн ойн баярын мэндийг хүргэе.