Дэд хурандаа Д.Идэрбат
Монгол Улсын “Онц хилчин” тэмдэг хилчин хүн бүрийн энгэр дээр тэр бүр гялалзаад байдаггүй. ХХЕГ-ын даргын баталсан шагналын журамд “Улсын хил хамгаалалтад онцгой амжилт гаргасан болон хил зөрчигчийг албаны өндөр ур чадвар гарган саатуулсан хилчдийг /хил хамгаалалтад туслах хүчний гишүүн/ шагнана” гэж заасан байдаг. Тэгвэл энэхүү нэр хүндтэй тэмдэг хэрхэн хилчидтэй анх золгосон талаарх түүхийг сөхье.
Анх 1945 оны аравдугаар сарын 17-ны өдрийн БНМАУ-ын Бага хурлын тэргүүлэгчдийн 90 дүгээр тогтоолоор ДЯЯ-ны Хязгаарын цэргийн байлдагч, түрүүч, офицеруудыг шагнахын тулд “Онц хилчин” хэмээх энгэрийн тэмдгийг баталсан байна. Ингээд мөн онд сайдын тушаал гарч хилийн отряд бүрээс улсын хил хамгаалалтад амжилт гаргасан арав гаруй хүнийг шагнажээ. Тухайн үед ардын зураач А.Сэнгэцохиогийн бүтээсэн “Онц хилчин” тэмдгийн загвар өнөөдрийг хүртэл хэвээр хадгалагдаж байгаа юм. Харин 1969 онд тэмдгийн дээд талд байрлах ОХ гэсэн үсгийг онц хилчин болгон задалсан байдаг. Хилчид ертөнцийн найман зүгийг харж, хамгаалдаг гэсэн утгыг бэлгэдэн найман өнцөг гаргаж, винтов үүрсэн хилчний дүрсийг тэмдгийн голд бүтээсэн байна. 1970 оноос “Онц хилчин” тэмдгээр хил зөрчигч барьсан энгийн иргэд болон улсын хил дээр насаараа эр нөхрөө даган амьдарч буй эмэгтэйчүүдийг шагнах болжээ. Тухайлбал, зүүн хязгаарт насаараа алба хаасан дэд хурандаа Д.Лавдангийн гэргий Долгорсүрэн болон дэд хурандаа Гомбодоогийн гэргийд өгч байсан удаатай. Ийнхүү 1945 онд батлагдсан Монгол Улсын “Онц хилчин” тэмдэг өнөөдрийг хүртэл үнэ цэнээ алдалгүй хадгалж, үе үеийн хилчдийн эрхэм дээд шагнал хэвээр байгаа юм.
Ийм л эрхэм түүхтэй хилчдийн хүсэн хүлээдэг шагналын эздийн тухай өгүүлэх гэж нуршсан билээ. Тиймээс ч таван “Онц хилчин”-ээр гоёсон хилийн салбарыг уншигчиддаа танилцуулж байна. Хилийн 0277 дугаар ангийн 0292 дугаар салбарт таван “Онц хилчин” үүрэг гүйцэтгэж байна. Тэдний нэг нь дэслэгч Д.Энхбаяр. Тэрбээр 2017 онд Хууль сахиулахын их сургуулийг төгсөөд тус салбарт сургалт эрхэлсэн орлогчоор томилогдон ажиллаж байгаа юм. Дэслэгч Д.Энхбаяр хилийн манаанд үүрэг гүйцэтгэж явахдаа Монгол Улсын хилийг зөрчин орж ирсэн морьтой хоёр хүнийг албаны ур чадвар гарган саатуулсан амжилтыг үзүүлснээр ХХЕГ-ын даргын тушаалаар “Онц хилчин” болсон байна. Харин заставын дарга, ахмад Э.Нямзагд нь Завхан аймгийн Алдархаан суманд төрсөн. Тус заставын даргаар гурав дахь жилдээ ажиллаж байгаа юм. Ахмад Э.Нямзагд хоёр удаагийн хилийн зөрчлийг илрүүлэн саатуулж “Онц хилчин” болжээ. Хилийн зөрчлийг илрүүлэх үед нь байлдагч Т.Отгонбат хоёр морины мөр илрүүлсэн. Хилчин байлдагч хил зөрчигчийг саатуулах үеийн үйл ажиллагаанд маш сайн ур чадвар гарган ажилласан тул алба хаах хугацаандаа “Онц хилчин” тэмдэг, ангийн захирагчийн тушаалаар түрүүч цолоор шагнуулсан юм. Байлдагч Т.Отгонбат нь 2019 оны II ээлжээр Улаанбаатар хотын Хан-Уул дүүргээс тус ангид татагдсан юм. Тэрбээр хил зөрчигчийн мөрийг илрүүлж, мөрдөж явахдаа дарга нарынхаа захиж сургасан зүйлийг ягштал биелүүлэх, сонор сэрэмж алдалгүй хариуцлагатай байхыг өөртөө анхааруулж явсны хүчинд хил зөрчигчдийг богино хугацаанд саатуулсан аж. Хилчин байлдагч энэ баярт мөчөө хамгийн түрүүнд ээждээ дуулгажээ. Мөн “Онц хилчин” хэмээх нэр хүндтэй шагнал авсан талаар ангиас Хан-Уул дүүргийн Засаг даргад “Талархлын захидал” явуулсан байна.
Салбарын дараагийн “Онц хилчин” бол ахлах ахлагч Б.Болд. Увс аймгийн Зүүнхангай суманд төрсөн. Хил хамгаалах байгууллагад 16 жил ажиллахдаа жолооч, харуулын даргын албан тушаалд ажиллаж байгаа юм. Тэрбээр 2018-2019 онд хилийн болон хил орчмын дэглэмийн хоёр удаагийн зөрчлийг илрүүлснээр Монгол Улсын “Онц хилчин” тэмдгээр шагнагдсан. Тус салбарын ололт амжилтыг бататгахад түүний оруулсан хувь нэмэр их гэдгийг салбарын хамт олон нь хэлсэн юм. Мөн тус салбарын хариуцсан хэсэгт амьдардаг ХХТХГ Ю.Наянбуу 1995 онд анх ХХТХГ-ээр томилогдсоноос хойш 20 гаруй жилийг хилийн 0292 дугаар салбарын хариуцсан хэсэгт өглөөний нарыг үдэж угтсан буурал юм. Тэрбээр олон удаагийн хилийн эрэл болон хил зөрчигчийг эрж саатуулах үед гар бие оролцож явсныг Хил хамгаалах байгууллагын удирдлага өндрөөр үнэлж Монгол Улсын “Онц хилчин” тэмдгээр шагнасан юм. Тэрбээр жилийн дөрвөн улиралд хилчидтэйгээ ойр байж хил хамгаалалтад оролцох, нутгийн ард иргэдэд адуу малаа хариулгатай байх талаар ухуулга яриа хийх зэрэг ажлуудыг өөрийн санаачилгаар зохион байгуулдаг гишүүдийн нэг юм.
Цаашид хилийн зөрчлийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх ажлуудыг улам сайжруулан олон “Онц хилчин”-ийг эгнээнээсээ төрүүлэн гаргана гэдэгт итгэлтэй байна. Ийнхүү ололт амжилтаар дүүрэн тус салбар онц хилчдээрээ гоёж, улсын хил хамгаалалтыг тасралтгүй, найдвартай зохион байгуулсаар байгаа юм.